Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/695

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Билгүүн даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн,

улсын яллагч Б.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ө.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2411009930829 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цагдаагийн ажил-эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, төрсөн дүү, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Өнөр хотхоны 45б-10 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Хярын тайж овогт Доржсүрэнгийн Бат-Эрдэнэ /регистрийн дугаар: УП99021016/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “Залилах гэмт хэрэгт  холбогджээ.

Гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт түүний өгсөн мэдүүлэг, хохирогч Г.Энхсаруулын мэдүүлэг /1хх-ийн 70-73 дахь тал/, гэрч  Э.Дэлгэрмаагийн мэдүүлэг /1хх-ийн 75-77 дахь тал/, хохирогч Б.Батсайханы мэдүүлэг /1хх-ийн 78-81 дэх тал/, гэрч  С.Энхбаярын мэдүүлэг /1хх-ийн 82-84 дэх тал/, хохирогч Б.Отгонзаяагийн мэдүүлэг /1хх-ийн 85-88 дахь тал/, хохирогч Ё.Отгонбаярын мэдүүлэг /1хх-ийн 89-92 дахь тал/, гэрч  Б.Болдсайханы мэдүүлэг /1хх-ийн 94-95 дахь тал/, хохирогч Б.Анударийн мэдүүлэг /1хх-ийн 96-99 дэх тал/, гэрч  Г.Содбаярын мэдүүлэг /1хх-ийн 100-101 дэх тал/, хохирогч Г.Бямбадоржийн мэдүүлэг /1хх-ийн 102-104 дэх тал/, гэрч  Н.Хосбаярын мэдүүлэг /1хх-ийн 105-106 дахь тал/, гэрч  Б.Ган-Өсөхийн мэдүүлэг /1хх-ийн 107-108 дахь тал/, хохирогч Б.Ган-Өсөхийн мэдүүлэг /1хх-ийн 107-108 дахь тал/, хохирогч Б.Оюунболдын мэдүүлэг /1хх-ийн 109-111 дэх тал/, гэрч  Б.Пүрэвбаярын мэдүүлэг /1хх-ийн 112-113 дахь тал/, гэрч  У.Мөнхсоёмбын мэдүүлэг /1хх-ийн 114-115 дахь тал/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний компанийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 24-97 дугаартай дүгнэлт /1хх-ийн 128-132 дахь тал/, хохирогч Н.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг /2хх-ийн 2-5 дахь тал/, хохирогч Х.Наранбаярын мэдүүлэг /2хх-ийн 12-15 дахь тал/, гэрч Б.Намуунзаяагийн мэдүүлэг /2хх-ийн 18-19 дэх тал/, Хаан банкны гүйлгээ хийсэн депозит дансны хуулга зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан яллах дүгнэлтэд тусгасан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар өөрийн мэдэлд авах, уг эд хөрөнгийг хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох шууд санаа зорилготой, өмчлөх эрхийг хууль бусаар өөртөө олж авах хэлбэрээр илэрдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд залилах гэмт хэргийн үндсэн шинжийг: “...хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол” гэж гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг заажээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Д.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан Залилах гэмт хэргийг  бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв.

           Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь бусдад 82.500.000 (наян хоёр сая таван зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан ба хохирлын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын хэмжээ нь түүний гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээнд тохирсон байх бөгөөд шүүгдэгч эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналыг баталж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

  Иймд шүүгдэгч Д.Бат-Эрдэнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгийн торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 2411009930829 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон 21 хоногтой, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хярын тайж овогт Доржсүрэнгийн *********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан Залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнийг 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон нийт 21 хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15.000 төгрөгөөр дүйцүүлэн тооцож гурван зуун арван таван нэгж буюу 315.000 (гурван зуун арван таван мянга) төгрөгийг шүүхээс оногдуулсан торгох ялаас хасаж түүнд оногдуулах торгох ялыг 9.685.000 (есөн сая зургаан зуун наян таван мянга) төгрөгөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Бат-Эрдэнэ нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Бат-Эрдэнэ нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар сольж болохыг дурдсугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон 21 хоногтой, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бат-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон хилийн хязгаарлалт тогтоох таслан саргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                     ШҮҮГЧ                                             Б.БИЛГҮҮН