| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 164/2024/0142/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/138 |
| Огноо | 2024-08-15 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/138
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,
Улсын яллагч Б.Түвшинтөр,
Шүүгдэгч Н.Г.Э, Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Х овгийн Н-н Г-Э, Х овгийн Гийн Б нарт холбогдох 2416001320150 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2000 оны 8 дугаар сарын 07-ны өдөр **** аймгийн **** суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт **** аймгийн **** сумын **** тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ***** регистрийн дугаартай, Х овгийн Н-н Г-Э,
Монгол Улсын иргэн, 1998 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр **** аймгийн **** сумд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ***** компанид инженер ажилтай, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт ***** аймгийн ***** сумын **** багт оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, урьд ***** аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан хүмүүжиж байсан, ***** регистрийн дугаартай , Х овгийн Г-ийн Б,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Б, Н.Г нар бүлэглэн согтуурсан үедээ ***** аймгийн **** сумын **** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулах **** баарны гадна 2024 оны 05 дугаар сарын 07-ноос 08- нд шилжих шөнийн 02 цагийн үед хохирогч Ж.Б-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Г.Г.Э нь хохирогч Ж.Б-ны эрүү рүү нэг удаа цохиж унагах үед нь Г.Б хохирогчийн нүүр рүү өшиглөж түүний эрүүл мэндэд доод эрүүний 2 хэсгийн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Г.Б, Н.Г нар бүлэглэн согтуурсан үедээ **** аймгийн ***** сумын **** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулах **** баарны гадна 2024 оны 05 дугаар сарын 07-ноос 08- нд шилжих шөнийн 02 цагийн үед хохирогч Ж.Б-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Г.Г-Э нь Ж.Б-ны эрүү рүү нэг удаа цохиж унагах үед нь Г.Б түүний нүүр рүү өшиглөсөн үйл баримт тогтоогдлоо.
Дээрх үйл баримтын улмаас шүүгдэгч Г.Б, Н.Г нар нь Ж.Б-ны эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр доод эрүүний 2 хэсгийн хугарал гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Г.Б, Н.Г нар гэм буруутай болох нь:
1.Хохирогч Ж.Бны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 05 дугаар сарын 07-ний шөнийн 02 цагийн үед найз А, О нарын хамтаар *** бааранд орсон тэгээд баарны гадна очиход баарны үүдэн дээр хэдэн залуучууд маргалдаад байж байсан. Тэгээд тэнд байсан залуучуудын дунд байсан У гэх залуу намайг таниад ахаа эд нар намайг зодоод байна гээд тэгсэн. Тэгээд тэнд байсан залуучуудад хандаад та хэд одоо больцгоо гээд хэлсэн. Тэгэхэд тэнд байсан Бек гэх залуу У-тай маргалдсан байсан. Би У-ыг өмөөрөөд Бек гэх залууг нэг удаа цохисон. Тэгээд байж байхад Г гэх залуу миний зүүн талын шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд юу болсон талаар санахгүй байна. Би тухайн үед 0,5 литртэй 2 ширхэг лаазтай пиво уусан байсан. Тухайн үед миний биед Г гэх залуу нэг удаа цохисон тэрнээс өөр зүйл санахгүй байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Одоо надад гомдол санал байхгүй ...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-35-р хуудас/,
2.Гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 08-ны шөнийн 01 цагийн үед **** сумаас аймгийн төвд орж ирсэн. Тэгээд шөнийн 01 цагийн үед шууд орж ирээд найз Ж.Б руу чатаар залгаад хаана байгаа талаар нь асуусан. Тэгэхэд надад М баар луу орж байна гэж хэлсэн. Тэгээд би тухайн газарт нь очсон. Тэгээд баарны гадаа машин дотроо найз Ж.Б-г гарч ирэхийг нь хүлээж байгаад 02 цагийн үед найз Ж.Б баарнаас гарч ирсэн. Гарч ирэхдээ нэг залуутай цуг гарч ирсэн. Тэр залуугаа манай дүү гэж хэлж байсан. Тэгээд машиндаа суулгаад хаашаа явах вэ? гэхэд доошоо **** баар луу явна гээд тийшээ явсан. Тэгээд ***** баарны гадаа ирэхэд баар хаасан, үүдэнд нь баахан залуучууд хоорондоо маргалдаад зодолдоод байсан. Тэгээд машинаас Ж.Б буугаад тухайн залуучууд дээр очсон. Би тэгээд машинаасаа буугаад араас нь очсон. Тэгээд манай найз Бад тэнд байсан Учка гэх залуу нь намайг эд нар зодоод байна гээд хэлж байсан. Тэгээд манай найз та хэд юунаас болоод маргалдаад байгаа юм гээд тэнд зогсож байсан залуучуудад хэлсэн. Тэгэхэд тэнд байсан улаан малгайтай Бэк гэх залуу Баыг та хэн бэ гээд байсан. Тэгээд Б улаан малгайтай Бэк гэх залууг дагуулаад цаашаагаа баарны баруун талд байх блокон хашааны булан руу дагуулаад явж байхад Бэк гэх залуу манай найз Б-г шууд эргэж хараад нэг удаа цохиод авсан. Тэгээд манай Ба өө энэ бацаан намайг цохиод авч байна гээд тэгсэн. Тэгээд манай найз зөрүүлээд тэр залууг нэг удаа алгадаад авсан тэгсэн Бэк гэх залуугийн найз нь болох өндөр том биетэй залуу ирээд яагаад манай найзыг цохиод авч байгаа юм гэсэн. Тэгээд Бэк гэх залуугийн найз болох өндөр том биетэй залуу тэгж хэлээд машиныхаа араас данхраад гаргаж ирээд манай найз болох Баыг цохих гэхээр нь би боль гээд тэр хүмүүсийг салгасан. Тэгээд би найз Баыг машиндаа суулгаад хөдлөх гэтэл Баы дүү болох залуу машинд суугаагүй байсан. Тэгээд тэр залууг машинаасаа буугаад хайтал баарны гадаа байхгүй байсан. Тэгээд буцаж машиндаа суугаад хөдлөх гэтэл баарны гадна байсан залуучуудын нэг нь болох Учка гэх залуу машины араас чулуу шидээд байсан. Тэгээд ахиад эргэж очоод Ба бид хоёр машинаасаа буугаад яагаад машин луу чулуу шидээд байгаа юм гэхэд Бэк гэх залуу машин луу ахиад чулуу аваад шидсэн. Тэгэхээр нь машины шил хагалах юм байна гэж бодоод машиндаа суугаад машинаа холдуулаад машинаа эргүүлж тэр хэд рүү харуулаад зогстол Баыг Бэк гэх залуугийн найз болох өндөр том биетэй залуу цохиод унагаж байсан. Тэгээд унасан дор нь Бэк гэх залуу нүүрэн хэсэг рүү нь өшиглөөд авсан. Тэгээд тэр өндөр том биетэй залуу нь манай найзыг унасан байхад нь чирээд цохиод байсан. Тэгээд тэр дор нь цагдаа руу залгаад дуудлага өгсөн. Тэгтэл манай найз босоод цаашаа ганцаараа алхаад явсан. Тэгэхээр нь би машинаа асаагаад цагдаагийн газар луу явсан. Тэгээд явж байтал цагдаа нар урдаас машинтайгаа ирж байсан. Тэгээд буцаад баарны тэнд очоод найз Ба руу залгахад би эмнэлэг дээр ирсэн байна гэж хэлсэн...эхэлж махлаг өндөр залуу нь Ж.Баыг цохиж унагаасны дараа Бек гэх залуу Ж.Баы нүүр рүү өшиглөж харагдсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 43-45-р хуудас/,
3.Гэрч А.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн *** аймгаас аймгийн төвд ирсэн байсан юм. Тэгээд манай найз Б, Г.Э нар 21 цагийн үед биллиард тоглож байна хүрээд ир гээд намайг дуудсан юм. Тэгээд би найзуудын хамт биллиард тоглож байгаад аймгийн төв талбайн хажуу талын *** нэртэй баар руу ороод бааранд архи ууж байгаад шөнийн 01-02 цагийн хооронд *** баарнаас гараад *** нэртэй баар орсон юм. Тэгээд манай найз Г.Э, Б бид гурав **** бааранд архи ууж байгаад гадаа гарч Б бид хоёр тамхи татаж байхдаа урдны хэрүүл маргаанаас болж хоорондоо маргалдсан юм. Б бид хоёрыг маргалдаж байхад *** баарны гадаа нэг машин ирээд зогссон ба машин дотроос нь манай нутгийн ах Ба буугаад ирсэн. Тэгээд би нутгийн ахдаа Б намайг зодох юм яриад байна гэхэд Ба нь Быг дуудаад кензо баарны хажуу талын блокон хашаа руу дагуулж яваад Ба нь Быг 1 удаа алгадаж авахад Г.Э баарнаас гарч ирж таараад Г.Э нь Бад чи яагаад манай найзыг цохиж авч байгаа юм гээд баарны гаднаа хэрүүл маргаан эхэлсэн. Намайг нэг харахад Г.Э нь Баыг цохиход Ба газарт унах үед би Г.Э, Ба хоёр дээр очиход тэнд байсан хүмүүс намайг түлхээд блокон хашаа руу аваад явсан. Би газраас чулуу аваад Ба ахын баарны гадаа ирсэн машин руу шидэхэд жолооч нь машинаасаа буучхаад буцаад машиндаа суухад Б дахиад нөгөө машин руу чулуу шидэхэд машины жолооч машинаа асаагаад яваад өгсөн. Энэ үед баарны гадаа Ба байгаагүй. Г.Э нь Баы зүүн талын шанаа хэсэг рүү гараараа 1 удаа цохиход Ба газарт унасан. Би Б Ж.Баыг цохиж байхыг хараагүй ” гэх мэдүүлэг/хх-ийн 53-54-р хуудас,
4.Иргэний нэхэмжлэгч Б.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Ж.Ба нь 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн яаралтай тусламжийн тасаг, амбулаторийн үзлэг шинжилгээ, мэс засал 05 дугаар сарын 22-ны өдөр амбулаторийн үзлэг зэрэг зэрэг 3.788.015 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Энэ хэрэгт холбогдуулан Ж.Ба нь эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан тусламж үйлчилгээний мөнгө болох 3.788.015 төгрөгийг гаргуулан авах хүсэлттэй байна. 100900020080 тоот төрийн сангийн дансанд төлбөрийг хийлгэж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 39-40-р хуудас/,
5.Шинжээч Д.Даваахүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн шинжээчийн томилсон тогтоолын дагуу 2024 оны 05 дугаар сарын 27- ний өдөр 143 дугаартай дүгнэлтийг гаргасан. Ж.Баы биед үүссэн доод эрүүний 2 хэсгийн хугарал нь нэгээс дээш удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн...Ж.Баы биед үүссэн гэмтэл нь шинэ гэмтэл мөн бөгөөд өөрийн үзлэг болон эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн гаргасан дүгнэлт...” гэх мэдүүлэг/хх-ийн 57-58-р хуудас/,
6.2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ***** баарны гадна талын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 19-23-р хуудас/,
7.Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 143 дугаартай “ 1. Ж.Баы биед доод эрүүний 2 хэсгийн хугарал, зүүн бугалга, 2 шуунд цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл болно. 4. Дээрх гэмтлүүдээс доод эрүүний 2 хэсгийн хугарал нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 64-65-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Хохирогч Ж.Ба нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаанд хууль зөрчигдөөгүй, тус мэдүүлэг нь давхар гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон, эдгээр нотлох баримт нь хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй, шийдвэрийн үндэслэл болгоход хангалттай байна.
Шүүгдэгч Г.Б, Н.Г нар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдсан идэвхтэй үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр атлаа зориудаар хийж хохирол учрахад хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.
Г.Б, Н.Г нар үйлдлийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдсон бөгөөд үйлдэл, хор уршиг, хохирол хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол” гэж гэмт хэргийн шинжийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “Энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хүндрүүлэх нөхцөл байдлыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад “бүлэглэж” гэж хүндрүүлэх шинжийг тус тус хуульчилжээ.
“Бүлэглэж” гэдгийг “гэмт хэргийг хоёр, түүнээс дээш олон хүн санаатай нэгдэж үйлдсэн” байхыг ойлгоно.
Говь-Алтай аймгийн прокурорын газраас Г.Б, Н.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирчээ.
Иймд Г.Б, Н.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бүлэглэж “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Б, Н.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103, 104 дүгээр хуудас/, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2018/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх110-113/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх110, 127-128/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Г.Бын хувь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Г.Б, Н.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад 2700 (Хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (Хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Б, Н.Г нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тэдэнд оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Ба эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд хохирлын баримт гаргаж өгөөгүй.
Хохирогч Ж.Ба нь “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй” /хх07/, “надад гомдол санал байхгүй” /хх35/ гэсэн баримтууд хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Г.Б, Н.Г нараас хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 30,000,000 (Гучин сая) төгрөг төлсөн байна. Харин иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 3,788,015 (Гурван сая долоон зуун наян найман мянга арван тав) төгрөгийг шүүгдэгч Г.Б, Н.Г нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 1,894,008 (Нэг сая найман зуун ерэн дөрвөн мянга найм) төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэлээ.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ж.Бад шүүгдэгч нараас 30,000,000 (Гучин сая) төгрөг төлсөн, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овгийн Н-ийн Г.Э, Х овгийн Гийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Бд 2700 (Хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (Хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Г-Э-д 2700 (Хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (Хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Н.Г нарт тус бүрд оногдуулсан 2700 (Хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (Хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 6 (Зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид Г.Б, Н.Г нарт мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Н.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 3,788,015 (Гурван сая долоон зуун наян найман мянга арван тав) төгрөгөөс шүүгдэгч Г.Б, Н.Г нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 1,894,008 (Нэг сая найман зуун ерэн дөрвөн мянга найм) төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ж.Бад шүүгдэгч нараас 30,000,000 (Гучин сая) төгрөг төлсөн, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Б, Н.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР