Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2021/02212

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2021/02212

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ..... дүүрэг, ........ дүгээр хороо, ... дүгээр хороолол, ........ гудамж, 204 байр, .... тоот хаягт оршин суух Б овогт Ц.Ш /РД:............/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ....... дүүрэг, ...дүгээр хороо, ... дүгээр хэсэг,........тоот хаягт оршин суух А.Бт холбогдох

 

1 510 000 төгрөг, G5 гар утсыг гаргуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ш, хариуцагч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Ц.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие танил А.Бт 2021.03.12-ны өдөр 1 100 000 төгрөг, 2021.03.13-ны өдөр 110 000 төгрөг, 2021.03.17-ны өдөр 300 000 төгрөг, нийт 1 510 000 төгрөг зээлдүүлсэн. Бидний хооронд бичгээр зээлийн гэрээ байгуулагдаагүй. А.Б нь дээрх мөнгийг түрээсийн байрны мөнгө хэрэгтэй байна, мөнгө байвал өгөөч, удахгүй чамд өгнө, манай найз хатгаа аваад өвдсөн эм тарианы мөнгө хэрэгтэй байна, дахиад мөнгө зээлээч гэх зэргээр хэлж авсан. А.Б нь мөнгө авснаас хойш мөнгөө удахгүй өгнө гэж хэлсээр төлөөгүй өдийг хүрсэн. Мөн А.Б нь миний эзэмшлийн 250 000 төгрөгөөр үнэлэгдэх 2017 оны G5 утсыг өөрийн барьж байсан Grand гар утсаар солихоор тохиролцож миний гар утсыг мөн өдрөө авч явсан боловч сольсон утсаа авч ирж өгөөгүй. Иймд А.Баас 1 510 000 төгрөг, өөрийн эзэмшлийн 2017 оны самсунг G5 гар утсыг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Ш бид найз нөхдийн харилцаатай хүмүүс. Ц.Ш нь миний найз н.Дтай танилцахыг хүссэн бөгөөд ...танай найзтай танилцмаар байна, танилцуулаад өг... гэж хэд хэдэн удаа асууж байсан. Тэгээд 2021.03.09-ний өдөр Ц.Ш, Д бид гурав хамт уулзсан. Удалгүй тэр хоёр тусдаа хэд хэдэн удаа уулзаж, нэг нэгнээ мэддэг болж эхэлсэн. Тэгээд тухайн үед Д нь хотод байх газар байхгүй, байр түрээсэлмээр байгаа тухайгаа Ц.Шд хэлсэн бөгөөд нэхэмжлэгч нь тухайн үед н.Дд байр түрээслэх мөнгө гэж 1 100 000 төгрөгийг өгөхөөр болсон. Нэхэмжлэгч болон Д нар нь миний дансаар дамжуулан уг мөнгийг нэгэндээ шилжүүлдэг байсан бөгөөд Ц.Шгаас дансаар мөнгө шилжигдэн ирэх үед би Д руу шууд шилжүүлдэг байсан. Тэгээд 2021.03.12-ны өдөр байр түрээслэх мөнгө гэж 1 100 000 төгрөгийг Дд өгөөрэй гэж хэлээд шилжүүлсэн. Удалгүй би ...Д өвдсөн юм шиг байна лээ. Бие нь тааруу байгаа... гэж нэхэмжлэгчид хэлэхэд эм тариа ав гээд өгчих гээд 2021.03.17-ны өдөр 300 000 төгрөгийг өгсөн. Би нэхэмжлэгчийн Дд шилжүүлсэн мөнгөнөөс нэг ч төгрөг хувьдаа зарцуулаагүй, тэр дор нь Дгийн данс руу шилжүүлдэг байсан. Харин 110 000 төгрөгийн шилжүүлэг нь Ц.Ш өөрөө надад өгсөн буюу би нэхэмжлэгчид шигтгээ наамал хийж өгсөнд баярласнаа илэрхийлсэн хариу юм. Гэтэл Дд миний дансаар дамжуулан өөрийн хүслээр өгсөн болон наамал шигтгээн мөнгө гэж надад өгсөн нийт мөнгөө ...надаас зээлсэн... гэж хэлээд шүүхэд гаргасан нэхэмжлэл нь огт үндэслэлгүй. Нэхэмжлэгч хэрэв хохиролтой байна гэж үзэж байгаа бол хэргийн жинхэнэ хариуцагчаар Д гэх хүнийг татаж, хохирлоо барагдуулах ёстой гэж үзэж байна. Харин гар утсыг нь би авсан нь үнэн, утсаар нь авч өгнө гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ш хариуцагч А.Бт холбогдуулан 1 961 433 төгрөгийг, самсунг G5 гар утасны хамт гаргуулахаар шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2021.03.12-ны өдөр 1 100 000 төгрөг, 2021.03.13-ны өдөр 110 000 төгрөг, 2021.03.17-ны өдөр 300 000 төгрөг, нийт 1 510 000 төгрөг зээлдүүлсэн. Бидний хооронд бичгээр зээлийн гэрээ байгуулагдаагүй. миний эзэмшлийн 250 000 төгрөгөөр үнэлэгдэх 2017 оны G5 утсыг өөрийн барьж байсан Grand гар утсаар солихоор тохиролцож миний гар утсыг мөн өдрөө авч явсан боловч сольсон утсаа авч ирж өгөөгүй.. гэх тайлбар гаргасныг, хариуцагч тал ...Би нэхэмжлэгчийн Дд шилжүүлсэн мөнгөнөөс нэг ч төгрөг хувьдаа зарцуулаагүй, тэр дор нь Дгийн данс руу шилжүүлдэг байсан. Харин 110 000 төгрөгийн шилжүүлэг нь Ц.Ш өөрөө надад өгсөн. Гар утсыг нь утсаар нь өгнө, харин Дгаас хохирлоо барагдуулах эрхтэй.. гэх тайлбарыг гаргаж, маргажээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэлд хавсаргасан Д.Ц гэх дансны хуулгаар ....... тоот данс руу 2021 оны 3 сарын 12-ны өдөр 1 100 000 төгрөг, 2021 оны 3 сарын 13-ны өдөр 110 000 төгрөг, 2021 оны 3 сарын 17-ны өдөр 300 000 төгрөг шилжүүлсэн байх ба уг данс нь нэхэмжлэгч Ц.Шгийн ээжийн данс гэж тайлбарлаж, хариуцагч А.Б нь дээрх данс түүнийх болон мөнгө шилжүүлсэн болон уг мөнгийг авсан эсэх асуудлаар маргаагүй байна.

 

Харин хариуцагч А.Б нь уг мөнгийг өөрийн дансаар шилжүүлэн авч, уг мөнгийг найз Дд өгсөн гэж тайлбарлах хэдий ч дээрх мөнгийг буцаан төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байх ба түүнчлэн уг мөнгийг өөрөө авч хэрэглээгүй, бусдад шилжүүлсэн талаараа хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлоогүй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө шаардахаар зохицуулсан байна.

 

Дээрхээс дүгнэхэд хариуцагч А.Б нь өөрийн дансаар нийт 1 510 000 төгрөгийг шилжүүлэн авсан нь хэрэгт авагдсан дансны хуулга болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба дээрх мөнгөнөөс 110 000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, үлдэх 1 400 000 төгрөгийг, Самсунг G5 гар утасны хамт хариуцагч А.Баас гаргуулах нь зүйтэй.

Нөгөөтэйгүүр, хариуцагч А.Б нь 1 400 000 төгрөгийг уг мөнгийг шилжүүлэн авсан гэх Дгаас нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Баас 1 400 000 төгрөгийг, Самсунг G5 гар утасны хамт гаргуулж, нэхэмжлэгч Ц.Шд олгож, илүү нэхэмжилсэн 110 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Шгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 99 310 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А.Баас улсын тэмдэгтийн хураамжид 37 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ