Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 25

 

 

Д.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Б даргалж, шүүгч Б.А, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор А.О,

Шүүгдэгч Д.М, түүний хууль ёсны төлөөлөгч П.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Н нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч П.Д-гийн давж заалдах гомдолоор Д.М-д холбогдох 2016000000045 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 2004 оны 07 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 16 настай, эрэгтэй, ам бүл 6, аав, ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нар Ванчин гэгээний хийдэд шавилан суудаг, Говь-Алтай аймаг, Есөнбулаг сумын Харзат 4-р баг, 5-22 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ДЖ04270211 регистрийн дугаартай, Г овогтой Д.М нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд 2-р баг, 10-39 тоот хашаанаас иргэн Я.Х-гийн өмчлөлийн 57-40 ГАЗ улсын дугаартай "Мустанг 200" маркийн улаан өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч Г овогт Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Өсвөр насны шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Д.М-гын эдлэх ялыг 2 дахин багасгаж 3 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.М-д оногдуулсан 3 сарын хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1, 7.6 дугаар зүйлийн 1-д, 7.3 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Д.М-д хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд оршин суух газар ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд өсвөр насны шүүгдэгч нь санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулах болохыг өсвөр насны шүүгдэгч Д.М-д сануулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт хураагдсан 02064121 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 1142322 дугаартай авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Я.Х-д буцаан олгож, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Д.М түүний хууль ёсны төлөөлөгч П.Д шүүхэд гаргасан давж заалдах гомдол тайлбартаа: Манай хүү Д.М нь 15 нас 10 сар 20 хоногтой байх хугацаандаа 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дээд талд хүүхэдтэй уулзах гэж яваад уг хүүхэдтэйгээ уулзаж чадаагүй гэрлүүгээ буцах замдаа хашаанд мотоцикль харагдмагц хойноос нь хашаа давж орж хүзүүний түгжээг нь мултлан 14 цагийн орчим өдрийн цагаар мотоцикл унах дур хүсэлдээ хөтлөгдөн хүүхэд насны гэнэн зангаар уг мотоциклийг унаж байгаад буцаан эзэнд нь хүргэж өгнө гэсэн бодолтой бусдын өмчийг дур мэдэн авсан нь үнэн билээ. П.Д намайг зодно гэж үерхэж нөхөрлөдөг Б-д Д.М үг зааж надад худлаа хэлсэн. 2020 оны 05 дугаар сарын 22-нд намайг орой гэртээ ирэхэд уг мотоциклийг гэрийн хажууд авчирч тавьсан. 05 сарын 23, 24, 25-нд Б мотоциклийг хашаанаас авч гарч Д.М-гын хамт ойр зуур унаж байгаад хашаанд тавьдаг байсан. 2020 оны 06 дугаар сарын 01, 02-нд уг мотоциклийг ойр зуур унаад хашаанд тавьсан. 2020 оны 06 дугаар сарын 03-нд би уг мотоциклийн хойд дугуйг нохойны гинжээр цоожлоод утсан дээрээ зургийг нь дарж аваад цагдаагийн мөрдөгч Д-д үзүүлж хулгайд алдагдсан мотоциклийг нь мэдсэн. Хохирогчийн хүссэнээр 170.000 төгрөг данс руу нь би шилжүүлсэн. Уг хэргийг прокурор А.О хянаж байгаад анхан шатны шүүх хуралд прокурор Б.О оролцсон. Д.М буруугаа гэмшиж мотоциклийг буцаан эзэнд нь өгч уучлал гуйна гэж олон хоног бодож байснаа анхан шатны шүүх хурал дээр хэлсэн. Манай хүүхэд хөнгөн ангилалын хэрэгт тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас үүссэн анх хэрэг холбогдсон, дур хүсэлдээ хөтлөгдөж хүүхдийн гэнэн зангаар хүсэл сонирхолдоо хөтлөгдсөн тухайн хэрэг нийгэмд хор уршиг тариагүй билээ. Д.М хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хийд рүүгээ намар суралцахаар явна. Цаашид өөрөө Энэтхэг улс руу явж суралцах хүсэлтэй байгаа юм. Насанд хүрээгүй хүмүүсийг эрүүгийн ял шийтгэлээс чөлөөлөх нөхцөл хуулинд байдаг тул шударга шүүх хэлэлцэн хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.    

 

ХЯНАВАЛ:

 

Д.М нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд 2-р багийн 10-39 тоот хашаанаас Я.Х-гийн өмчлөлийн 57-40 ГАЗ улсын дугаартай "Мустанг 200" маркийн улаан өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн учруулсан байна.

 

Энэ нь хохирогч Я.Х-гийн: “2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн үед 57-40 ГАЗ улсын дугаартай улаан өнгийн Мустанг-200 маркийн мотоциклоо хашаандаа үлдээгээд 22 цагийн үед гэртээ ирэхэд хашаанд байсан мотоцикль алга болсон байсан” тухай мэдүүлэг,

 

Гэрч Ц.Н-ийн: “Хашаандаа мотоциклоо хүзүүг нь түгжиж орхиод гадуур яваад ирэхэд нь алга болсон байсан” тухай мэдүүлэг,

Өсвөр насны гэрч Б.Б-ний: “Д.М түүнд “Би энэ мотоциклийг талаас хулгайлсан. Аав намайг хулгай хийсэн гэдгийг мэдвэл ална. Тиймээс чи энэ мотоциклийг хүнээс худалдаж авсан гээд аавд хэлчих гэж хэлсэн” тухай мэдүүлэг,

Гэрч П.Д-гийн: “Тухайн мотоцикл дээр шинээр нөмрөг авч хийсэн, кундактор болон банкны түгжээг сольсон, хөгжимний хоёр ширхэг дипузерийг хугалсан байсан, номерийг тайлаад амбаар дээр нь хаясан байсан” тухай мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харзат багийн 5-22 тоот хашаанд хулгайд алдагдсан мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, уг мотоциклийг П.Д-гээс хураан авч Я.Х-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Ашид билгүүн ХХК-ы мотоциклийг 1 000 000 төгрөгөөр үнэлсэн тухай үнэлгээний тайлан зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон байна.

Өсвөр насны шүүгдэгч Д.М нь “Хашааны араар уруудаж яваад залхуу хүрээд мотоциклийг унаад явмаар санагдаад хаалгаар нь гаргаад унаад явсан. Аавыгаа орой гэртээ ирэхэд нь Б-ний мотоцикл хүнээс авсан гэж хэлсэн” тухай мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдсэн болохыг давхар нотлож байна.

Өсвөр насны шүүгдэгч Д.М-гын үйлдэл нь бусдын эд хөрөнгө болох мотоциклийг хашаанаас нь унан явж өөрийн мэдэлд авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах бодит боломж бүрдүүлснээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх шүүгдэгчийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор, хэрэгт авагдаж анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ 15 нас 10 сар 20 хоногийн настай байсан байна.

Өсвөр насны шүүгдэгч Д.М-гын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал, өсвөр насны хүүхэд анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг тус тус харгалзан үзэж давж заалдах шатны шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, түүнд  хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь өсвөр насны шүүгдэгчийн нас, ёс суртахуунд тохирох бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах зорилгод нийцнэ гэж үзлээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, өсвөр насны шүүгдэгч Д.М болон түүний хууль ёсны төлөөлөгч П.Д-гийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг:

 “Өсвөр насны шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял  оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.” гэж,

Шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг:  “Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.М-д оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

Шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Өсвөр насны шүүгдэгч Д.М-д авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх үүргийг Говь-Алтай аймгийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эцэг П.Д, эх Ц.Н нарт даалгасугай.

Шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг: “Өсвөр насны шүүгдэгч Д.М-д авсан албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Говь-Алтай аймгийн прокурорын газарт, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгож, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар заалтуудын дугаарыг 6, 7, 8, 9, 10, 11 болгож өөрчилсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ш.Б

   ШҮҮГЧИД                               Б.А

                                   Ч.Э