Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2265

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/01904 дүгээр шийдвэртэй, Д.Цгийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ү” ХХК-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээний гэрээний үүрэгт 40 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндаваа, хариуцагчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ц би гоо сайхны өндөр зэрэглэлийн салон ажиллуулахаар Баянгол мед ХХК-тай эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулж АНУ-д үйлдвэрлэгдсэн Collagen Jet 02 Pot гоо сайхны аппаратыг 33 000 ам.доллараар, Франц улсад үйлдвэрлэгдсэн Integral орыг 41 000 еврогоор тус тус худалдан авсан. Эрүүл мэндийн байдлаас болж гоо сайхны салоноо ажиллуулах боломжгүй болсон. Иймээс 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр “Ү” ХХК-тай гэрээ байгуулж Collagen Jet 02 Pot гоо сайхны аппаратыг 40 000 000 төгрөгөөр, Integral орыг 55 000 000 төгрөгөөр, нийт 95 000 000 төгрөгөөр үнэ бууруулан, эрхийн болон биет байдлын доголдолгүй тоног төхөөрөмжүүдийг холбогдох баримт бичгийн хамт худалдан авагч “Ү” ХХК-ийн захирал Б.Дэлгэрмаад шилжүүлж хүлээлгэн өгсөн. Уг 2 аппаратыг Б.Дэлгэрмаа анх худалдан авах санал гаргаж, түүний үнийн саналаар худалдсан, мөнгийг шууд өгөхгүйгээр саналынх нь дагуу график хийж, цувуулж өгөхөөр тохирсон. Ямар нэг доголдолгүй аппарат учир Б.Дэлгэрмаа гомдол гаргаагүй бөгөөд гоо сайхны салондоо ашиглан үйл ажиллагаа явуулж, үр шимийг нь хүртсээр байна.

Тухайлбал, LPG аппаратны нэг удаагийн үйлчилгээний үнэ 79 200 төгрөг, Collagen Jet 02 Pot гоо сайхны аппаратыг 86 900 төгрөгөөр үйлчилгээ хийж байгаа. Гэрээнд заасан хуваарийн дагуу “Ү” ХХК нь Collagen Jet 02 Pot аппаратны үнэ болох 40 000 000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 20 000 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 20 000 000 төгрөг, Integral гоо сайхны аппарат болон LPG орны үнэ болох 55 000 000 төгрөгийг 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 10 000 000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 15 000 000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 15 000 00 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 15 000 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Худалдан авагч Integral гоо сайхны аппарат болон LPG орны төлбөр 55 000 000 төгрөгийг тохирсон хуваарийн дагуу төлөөгүй ч 2015 онд төлж дуусгасан. Харин Collagen Jet 02 Pot гоо сайхны аппаратын үнэ 40 000 000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бүрэн төлж дуусгах үүргээ биелүүлээгүй хохироож байна. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 262 дугаар зүйлийн 262.1-д заасны дагуу “Ү” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 40 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Ц нь дээрх 2 аппаратыг “Ү” ХХК-д худалдан авах санал тавьсан атлаа манайхыг санал тавьсан мэтээр худлаа бичжээ. Анх “Эй Би Эйч” ХХК-ийн захирал гэх Д.Ц нь өөрийн салоныг ажиллуулах боломжгүй болчихлоо, өндөр үнэтэй аппарат учраас бусад салон авахгүй байна. Танайх л энэ аппаратыг ашиглах боломжтой учраас авчих хэмээн удаа дараа гуйж байсан. Мөн нэхэмжлэлд “...Ү ХХК нь одоо хүртэл тус аппаратаар үйл ажиллагаа явуулж, ашиг шимийг нь хүртсээр ирсэн...” гэжээ. Манай компани уг аппаратыг анх хүлээн авахдаа гурав дахь салбараа нээсэн бол худалдан авч төлбөрийг төлөх нөхцөлтэйгээр ярьж тохиролцож авсан. Гурав дахь салбараа нээгээгүй тул аппаратыг худалдан авах болзол биелээгүй, ашиглах хэрэгцээ гараагүй. Хэрэв нэхэмжлэлд дурьдсанчлан ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр худалдан авсан бол тус аппаратыг агуулахад хадгалах биш, харин ямар нэг хэлбэрээр ашиглаж, үнэ цэнийг нь гаргах байсан бөгөөд аппаратыг ашиглаагүй тул тохиролцсон ёсоор аппаратыг ирж авах талаар нэхэмжлэгчид удаа дараа хэлж ярьсаар ирсэн.

2014 онд манай байгууллага Хүүхдийн 100, Түмэн төвд тус тус нэг салбартай, нийт 2 үйлчилгээний салбартай ажиллаж байсан. Анх Collagen Jet 02 Pot, LPG гэсэн хоёр аппаратаас LPG аппаратыг авахаар зөвшөөрсөн бөгөөд Collagen Jet 02 Pot-ыг авахгүй гэдгийг хэлсэн. Учир нь Collagen Jet 02 Pot гэсэн аппаратыг авах хэрэгцээ шаардлага байгаагүй. Тухайн үед манайх шинээр баригдаж байсан Шангри-Ла төвд гурав дахь салбараа нээхээр ажиллаж байсан бөгөөд хэрэв гурав дахь салбарыг нээвэл Collagen Jet 02 Pot аппаратыг 40 000 000 төгрөгөөр, LPG аппаратыг 55 000 000 төгрөгөөр авна гэж тохирч, эхний ээлжинд аппаратын үнийг харилцан батлаад, худалдаж авах тухай тохиролцоог гэрээнд оруулахаар ярилцсан. Манай байгууллага хуулийн зөвлөхгүй учраас энэхүү тохиролцоог бичгээр байгуулаагүй, гэрээ боловсруулдаг хүнээр дээрх тохиролцоог бичгээр буулгуулахаар Д.Цтэй ярилцан, салбараа нээсэн тохиолдолд мөнгөө авч эхлье гэж зөвшөөрсөн юм. Гэвч 2016 онд салбараа нээж чадалгүй Түмэн төвд байсан салбараа Шангри-Ла төв рүү нүүлгэсэн. Иймээс уг аппаратыг авах тухай тохиролцсон болзол биелээгүй бөгөөд аппаратаа авахыг удаа дараа хэлсэн ч хүлээн зөвшөөрөөгүй. Харин ч анх тохиролцсон тохиролцооноос буцаж, гэрээний хавсралтыг гэрээ байгуулсан мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн Д.Ц гэх хувь хүнтэй тохиролцсон асуудал байхгүй учир түүнийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Хэрэгт “Эй Би Эйч” ХХК нь Баянмонгол мед ХХК-тай 06а/06/2012, 08а/05/2012 дугаартай Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулан дээрх тоног төхөөрөмжийг худалдан авсан байх ба нэхэмжлэлд дурьдсан LPG аппарат, Collagen Jet 02 Pot аппарат нь Д.Цгийн өмчлөлийнх бус, “Эй Би Эйч” ХХК-ийн өмчлөлийнх болох нь харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ү” ХХК-иас 40 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Цд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Ү” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 357 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Д.Ц нь худалдах, худалдан авах гэрээний дагуу 40 000 000 төгрөгийг нэхэмжилсэн. “Ү” ХХК нь нэхэмжлэгчтэй буюу хувь хүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Харин “Эй Би Эйч” ХХК-тай “гурав дахь салбараа нээсэн тохиолдолд тухайн аппаратыг худалдан авах” болзолтой гэрээг байгуулсан. Маргаан бүхий төхөөрөмжийг тухайн компани нь Баянмонгол мед ХХК-тай эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулан худалдан авсан байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн эд хөрөнгө нь “Эй Би Эйч” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө байх тул Д.Ц нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Гэвч шүүхээс Collagen Jet 02 Pot аппарат нь Д.Цгийн эсхүл “Эй Би Эйч” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө эсэхэд дүгнэлт өгөөгүйгээс гадна, Д.Ц нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэхийг тодруулаагүй болно.

Манайх хоёр үйлчилгээний салбартай, анх уг аппаратыг 40 000 000 төгрөгөөр, LPG аппаратыг 55 000 000 төгрөг гэж үнийг харилцан тохирч батлаад, шинэ салбар нээсэн тохиолдолд Collagen Jet 02 Pot аппаратыг худалдаж авах тохиролцоог гэрээнд оруулахаар ярилцаж, бичгээр хийгээгүй боловч салбарыг нээснээр мөнгөө авч эхлье гэж зөвшөөрсөн. 2016 онд салбар нээж чадаагүй тул аппаратыг ашиглаагүй, нэхэмжлэгчид тохиролцсон ёсоор аппаратаа авах талаар удаа дараа хэлж ярьсан боловч аваагүй. Collagen Jet 02 Pot аппарат одоог хүртэл манай агуулахад хайрцаг сав, баглаа боодолтойгоо хадгалагдаж байгаа. Нэхэмжлэгчийн дурдсан шиг ямар нэг нөхцөлгүйгээр худалдан авсан бол хадгалах биш, ямар нэг хэлбэрээр ашиглах байсан. Гэрээний дагуу аппаратыг худалдан авах нөхцөл бүрдээгүй, энэ талаар гэрч Б.Сүрмандах “... гурав дахь салбараа нээх юм бол үндсэн аппаратыг авъя гэсэн тохиролцоог хийсэн” гэх мэдүүлгээр тухайн үйл баримт тогтоогдож байхад шүүх дүгнэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй.

Мөн маргаан бүхий аппарат хэний өмч болохыг тодруулахаар “Эй Би Эйч” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах, компанийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулах, худалдах, худалдан авах гэрээний болзол хангагдаагүй тул тухайн төхөөрөмжийг анхны байдлаар хадгалагдаж байгааг нотлохын тулд үзлэг хийлгэх тухай хүсэлтийг удаа дараа гаргасан ч шүүх хүсэлтүүдийг хангахгүй, шүүх хуралдааныг явуулсан нь мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэж үзэж байна. Хэргийг үнэн бодитой шийдвэрлүүлэхийн тулд хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах хуульд заасан эрхийн хүрээнд гаргасан хүсэлтүүдийг хангаагүй нь нэг талыг хэтэрхий барьж талуудын эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан.

2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны үед хариуцагчаас гаргасан нотлох баримт хасуулах хүсэлтийг шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хангаж шийдвэрлэсэн атал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах эсэхийг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журам зөрчөөгүй, талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч “Ү” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 40 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн 16 дахь талд авагдсан баримтаас үзвэл хариуцагч “Ү” ХХК нь нэхэмжлэгч Д.Цгээс SPA аппаратыг 40 000 000 төгрөгөөр, LPG аппаратыг 55 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, төлбөр төлөх хуваарийг харилцан тохиролцсон байна.

 

Шүүх талуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн дээрх баримтыг зохигчдын тайлбартай харьцуулан дүгнээд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээний хувьд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлснээр гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

Нэхэмжлэгч нь тухайн гэрээний зүйл болох гоо сайханы зориулалт бүхий төхөөрөмжийг худалдан авагчийн өмчлөлд бүрэн шилжүүлсэн атал хариуцагч 40 000 000 төгрөгийн төлбөрийг тохиролцсон хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгч мөнгөн төлбөрийн үүргийг шаардах эрхийн үндэслэл болжээ.

 

Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ тайлбарлахдаа “уг төхөөрөмжийг худалдан аваагүй, түр хадгалж байсан”, “гурав дахь салбараа нээсэн тохиолдолд төхөөрөмжийг худалдан авахаар тохиролцсон, нэхэмжлэгч үүнийг зөвшөөрсөн” гэх боловч хэргийн баримтаар тухайн нөхцөл байдал тогтоогдоогүйн гадна, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар дээрх тайлбар татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

Хэрэгт авагдсан буюу маргааны зүйл болох төхөөрөмжийн үнийг тодорхойлон, төлбөр төлөх хуваарийг тохиролцож, худалдан авагч “Ү” ХХК-ийг төлөөлж захирал Б.Дэлгэрмаа гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тамгаар баталгаажуулж, борлуулагч тал гэх хэсэгт нэхэмжлэгч Д.Ц гарын үсэг зурсан баримтаас үзвэл хариуцагчийн тайлбар болон давж заалдах гомдолд дурдагдаж буй ирээдүйд бий болох нөхцөл байдлаас хамаарч SPА төхөөрөмжийг худалдан авах байсан гэж эргэлзээгүйгээр дүгнэх үндэслэлгүй юм.

 

Хариуцагч өөрийн татгалзал, тайлбар болон тухайн төхөөрөмж ашиглагдаагүй, анхны байдлаар хадгалагдаж байгаа учир тухайн газарт үзлэг хийлгэх хүсэлтийг /хх139-140, 160-161/ удаа дараа гаргасан боловч шүүх хүлээн аваагүй, /хх143, 168/ хэргийн оролцогчийн мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэж давж заалдах гомдол гаргасан. Хэргийн баримтаас үзвэл маргааны зүйл болох төхөөрөмжийг нэхэмжлэгч тал “Ү” ХХК-д шилжүүлсэн, хариуцагч үүнийг аваагүй гэж маргаагүй тул шүүх дээрх агуулгаар гаргасан хүсэлтийг хангаагүйг буруутгахгүй. Өөрөөр хэлбэл, төхөөрөмжийг ашиглах, бусдад шилжүүлэх, хадгалах буюу хэрхэн захиран зарцуулах нь өмчлөлийг өөртөө шилжүүлэн авсан этгээдийн эрх учраас шүүх үзлэг хийх шаардлагагүй байжээ.

 

Түүнчлэн, “Эй Би Эйч” ХХК-ийн лавлагаа гаргуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах тухай хариуцагчийн хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв гэж үзнэ. Тодруулбал, нэхэмжлэгч нь дээрх хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний дагуу өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан эд хөрөнгийг хариуцагчид худалджээ. Иймд “Эй Би Эйч” ХХК-ийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан Г.Цэрэннадмидын мэдүүлгийг хуульд заасан шаардлага хангаагүй гэх үндэслэлээр нотлох баримтаас хасах тухай хариуцагчийн хүсэлтийг 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШЗ2018/10272 дугаар захирамжаар /хх169/ хангаж шийдвэрлэхдээ уг захирамжид гомдол гаргах эрхгүй гэж заажээ. Хариуцагч уг захирамжид гомдол гаргах эрхийг шүүх хангаагүй гэж давж заалдах гомдол гаргасан боловч тухайн гэрчийн мэдүүлгийг хэргийн нотлох баримтаас хассантай холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрчээр  асуугдсан этгээдийн мэдүүлгийг нотлох баримтаас хассантай холбоотой гомдлыг Д.Ц гаргаагүй бөгөөд шүүх хариуцагчийн хүсэлтээр уг ажиллагааг хийсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/01904 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 357 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Т.ТУЯА