Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2017/0225/з |
Дугаар | 433 |
Огноо | 2017-11-06 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 433
“М и” ХХК-ний нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Сүхбаатар нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2017/456 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2017/0571 дүгээр магадлалтай, “М и” ХХК-ний нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Мөнхтамирын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2017/456 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “М и” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын хайгуулын .....Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болсныг бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, .....Х тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоон, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэхийг болон хугацаандаа төлсөн 7 дахь жилийн ээлжит төлбөрийг хавсралтанд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2017/0571 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2017/0456 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Мөнхтамир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “М и” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0456 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2017/0571 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах хяналтын гомдлыг гаргаж байна.
Нэг. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгт “Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулалгүй, нотлох баримтыг бүрэн цуглуулалгүй хэргийг шийдвэрлэсэн шийдвэр нь хууль ёсны бөгөөд нэхэмжлэлийн шаардлага хангагдсангүй гэж дүгнээд ашигт малтмалын хайгуулын ХВ-13616 тоот тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон маргаан бүхий акт хэрэгт авагдаагүй байна гэж дүгнэжээ.
“М и” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХҮ-….. тоот тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн дотор гаргаагүйн улмаас 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгон бүртгэсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан тохиолдолд тусгай зөвшөөрөл дуусгавар болно гэж хуульчилсан ба тусгай зөвшөөрлийг дуусгавар болгоход Төрийн захиргааны байгууллагаас захиргааны акт гаргах талаар болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх үүрэгтэй талаар хуульчлаагүй болно.
Хоёр. Ашигт малтмалын тухай хуулийн 32, 34 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөес эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж тус тус зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх нь тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг хадгалах нэг нөхцөл ба төлбөр төлснөөр тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа сунгагдах үндэслэлгүй болно.
Дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь хууль буруу хэрэглэсэн гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа тул нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0456 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2017/0571 дүгээр магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “М и” ХХК нь Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг, Баянцогт нэртэй газарт, 1160 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын Х\/-…..Х тоот тусгай зөвшөөрөл эзэмшдэг, уг тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар (тухайн үеийн нэрээр)-аас 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “М и” ХХК-нд 3 жилийн хугацаагаар анх олгосон, талууд уг үйл баримттай маргаагүй, нэхэмжлэгчээс “...манай тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр дуусна” гэж, хариуцагчаас “...тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр дуусна” гэж маргажээ.
Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрээр “М и” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацааг “2011 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр дуусч, 5 дугаар сарын 16-ны өдрөөр” тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг бүртгэсэн, уг шийдвэрийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 73 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 115 дугаар магадлалаар хүчингүй болгож, “тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгасан”, уг шийдвэрүүдийг үндэслэн мөн даргын 2012 оны 737 дугаар шийдвэрээр “М и” ХХК-ийн эзэмшлийн Х\/-…..Х тоот тусгай зөвшөөрлийн хугацааг “2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх” хугацаагаар сунгасан байна.
Анхан шатны шүүх “... тусгай зөвшөөрлийн хугацаа 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болох ... /тул/ 2015 оны 06 дугаар сарын 23-ны дотор хугацаа сунгуулах өргөдлөө гаргах /ёстой/, ... /энэ хугацааны/ дотор өргөдлөө гаргаагүй ... /тул/ 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болгосон ... нь хууль зөрчөөгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ, хэрэгт авагдсан маргаан бүхий тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад тэмдэглэгдсэн “... тусгай зөвшөөрлийн /4, 5, 6 дахь/ жилийн төлбөрийг /жил бүрийн/ 04 дүгээр сарын 29-ний өдрөөр тооцож” төлүүлсэн баримтад дүгнэлт өгөөгүй нь буруу, хэргийн оролцогчдоос маргаж буй үйл баримтад холбогдох, хэрэгт цугларсан зөрүүтэй баримтуудад шүүх зайлшгүй дүгнэлт хийсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх ёстой.
Өөрөөр хэлбэл, хариуцагчаас “... шүүхийн шийдвэрийг биелүүлж, тусгай зөвшөөрлийн хугацааг 2012.07.23-ны өдрөөс 2015.07.23-ны өдөр хүртэл сунгасан, 2015.07.23-ны өдөр хугацаа дуусахаас өмнө сунгуулах тухай хүсэлтээ гаргаагүй, төлбөрөө төлөөгүй” гэж маргасан, нэхэмжлэгч нь “2015.04.29 - 2016.04.29 өдөр хүртэлх 6 дахь жилийн төлбөрийг төлсөн” баримт хэрэгт авагдсан байх тул энэ баримтад дүгнэлт өгөлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ “... хэрэгт маргаан бүхий акт авагдаагүй”, “...тусгай зөвшөөрлийн төлбөрийг гэрчилгээний хавсралтад тэмдэглэхдээ 2013.04.29-2014.04.29 хүртэлх хугацааныхыг алгасаж алдаатай бүртгэсэн...-ийг тодруулах шаардлагатай” гэж дүгнэсэн, нэхэмжлэгч талаас уг магадлалд гомдол гаргаагүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “... магадлалд дурдсан асуудлуудыг тодруулах шаардлагатай, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлж өгнө үү” гэх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргаж байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан “...Ашигт малтмалын тухай хуулийн 32, 34 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөес эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж тус тус зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх нь тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг хадгалах нэг нөхцөл ба төлбөр төлснөөр тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа сунгагдах үндэслэлгүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдлоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Иймд, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2017/0571 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА