Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2017/0189

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Г.Туяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар, гуравдагч этгээд Э.Дашдамба, Д.Түвшинбаяр, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нарыг оролцуулан хийж, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Дундговь аймгийн Баянжаргалан сумын Монгол ардын намын хорооны даргын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Баянжаргалан сумын Сонгуулийн хорооны даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 161 дүгээр зүйлийн 161.1, 161.3-т заасныг баримтлан гуравдагч этгээд Б.Цогтгэрэл, Б.Цэрэндолгор, Д.Ундрах, Б.Золзаяа, Д.Оюунхүү, П.Амарсанаа, Г.Болдбаатар, Д.Түвшинбаяр, О.Оюунбат, Э.Дашдамба нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Баянжаргалан сумын МАН-ын хорооны дарга Г.Туяагийн Дундговь аймгийн Баянжаргалан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Санал хураалтын дүнгийн тухай 05 тоот тогтоолын хавсралтын Б.Цогтгэрэл, Б.Цэрэндолгор, Д.Ундрах, Б.Золзаяа, Д.Оюунхүү, П.Амарсанаа, Г.Болдбаатар, Д.Түвшинбаяр, О.Оюунбат, Э.Дашдамба нарыг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож түр үнэмлэх олгосугай гэснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дундговь аймгийн Баянжаргалан сумын Монгол ардын намын хорооны дарга Г.Туяа давж заалдах гомдолдоо: “...Аймгийн Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга нь 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 81 дүгээр албан бичигтээ “2016 оны орон нутгийн сонгуульд нэр бүхий 14 сумын Ардчилсан нам нь аймгийн мөрийн хөтөлбөрөөр оролцох боллоо. Уул хөтөлбөрт эдгээр сум тус бүрт Ардчилсан намаас хэрэгжүүлэх үйл ажиллагаа нэр зааж тусгагдсан болно” гэсэн. Үүний дагуу аймгийн Аудитын газар Сайнцагаан сумаас бусад 14 суманд аймгийн мөрийн хөтөлбөрөөр орон нутгийн сонгуульд оролцох болсноо мэдэгдсэн.

Иймд орон нутгийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцох Ардчилсан намын хувьд сум тус бүрээр сонгуулийн мөрийн хөтөлбөрийн дүгнэлт гаргаагүй болно. 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 251 дүгээр албан бичгийг аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн.

Аймгийн Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга нь албан бичигтээ “Сумдад хэрэгжүүлэх үйл ажиллагаа нэр зааж тусгагдсан болно” гэж тодорхой дурдаад байхад сумын Ардчилсан нам аудитын дүгнэлт гарсан мөрийн хөтөлбөрт нэр бүхий 4 заалтыг нэмж оруулж Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3, 67.5, 70 дугаар зүйлийн 70.5.4 дэх заалтуудыг зөрчсөн.

Сонгуульд оролцож буй намууд мөрийн хөтөлбөрөө иргэд сонгогчдод ойлгомжтой байдлаар хүргэх зорилгоор үг, үсгийг өөрчилж, нэмж дэлгэрүүлэн тайлбарлаж болно гэж хуульд заагаагүй тайлбар гаргаж байгаа нь хууль бус юм. Ардчилсан намын нэр дэвшигч тус бүрийг мөрийн хөтөлбөр гаргасан гэж нэхэмжлэл, тайлбар гаргаагүй.

Харин эдгээр нэр дэвшигчид хууль бус сурталчилгааны материал сурталчлан түгээж сонгуульд оролцсон нь эрүүгийн хэргийн 2 шатны шүүх хуралдаанаар тогтоогдож эцэслэн шийдвэрлэгдсэн тул Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2 дахь заалтын дагуу хариуцлага тооцогдоно гэж ойлгож байна. Ардчилсан нам нь “Сумын Ардчилсан намын мөрийн хөтөлбөрөөс тусдаа бие даасан ямар нэгэн мөрийн хөтөлбөр боловсруулан иргэд сонгогчдод түгээгээгүй” гээд байгаа нь аймгийн Ардчилсан намын дүгнэлт гарсан мөрийн хөтөлбөрөөс өөр сумын мөрийн хөтөлбөр гаргасан гэж хүлээн зөвшөөрч, улмаар Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь заалтыг зөрчсөн.

Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь заалтыг хэрэгжүүлж, Ардчилсан намын аудитын дүгнэлт гаргуулсан мөрийн хөтөлбөрөөр сонгуульд оролцох ёстой. Гэтэл сумын Ардчилсан намын мөрийн хөтөлбөрөөр сонгуульд оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрч тайлбарлаад байхад яагаад хууль зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна.

Бид аймгийн Аудитын газар Ардчилсан намын аймгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хууль, дүрэмд нийцсэн гэж дүгнэснийг үгүйсгэж нэхэмжлэл гаргаагүй. Сумын Ардчилсан нам яагаад дүгнэлт гарсан мөрийн хөтөлбөрийг өөрчилж, дур мэдэн нэр бүхий 4 заалтыг нэмж оруулан “Бидний мөрийн хөтөлбөр” гэж сурталчлан хууль зөрчсөн талаар ярьж байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт аймгийн Ардчилсан намын аудитын дүгнэлт гаргуулсан мөрийн хөтөлбөрөөс сум, багийн хэмжээнд хийж хэрэгжүүлэх боломжтой ажлуудыг түүвэрлэн авч дэлгэрүүлэн тайлбарласан гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, аудитын дүгнэлт гарсан аймгийн Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй нэр бүхий 4 заалт яагаад хууль зөрчөөгүй гэж, эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрүүд Ардчилсан намын хууль зөрчсөнийг тогтоосоор байтал тэр хууль зөрчсөн материалыг тараасан, ашигласан, цахим сүлжээгээр цацсан Ардчилсан нам яагаад холбогдолгүй, маргаан бүхий актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах үндэслэлд хамаарахгүй гэж вэ.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн дагуу шийдвэрлэж, сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Шүүх нэхэмжлэгч Дундговь аймгийн Баянжаргалан сумын Монгол ардын намын хорооны даргын “Дундговь аймгийн Баянжаргалан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Санал хураалтын дүнгийн тухай” 05 дугаар тогтоолын Б.Цогтгэрэл, Б.Цэрэндолгор, Д.Ундрах, Б.Золзаяа, Д.Оюунхүү, П.Амарсанаа, Г.Болдбаатар, Д.Түвшинбаяр, О.Оюунбат, Э.Дашдамба нарыг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, түр үнэмлэх олгосугай гэсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгчээс “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчид орон нутгийн сонгуульд аймгийн Ардчилсан намын мөрийн хөтөлбөрөөс өөр мөрийн хөтөлбөртэй оролцож Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3, 67.5, 70 дугаар зүйлийн 70.5.4-д заасныг зөрчсөн” гэх үндэслэлээр маргаан бүхий актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж, мөн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргажээ.

Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-д “Нам, эвслээс нэр дэвшигч нь тухайн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс өөр бие даасан сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байхыг хориглоно”, 67.5-д “Дараах этгээд сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Төсвийн тогтвортой байдлын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцсэн байдалд болон хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаарх тооцоо, судалгааг төрийн аудитын байгууллагаар хянуулсан байна”, 67.5.1-д “нам, эвсэл” гэж тус тус заасан байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцох Дундговь аймгийн Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн талаар тус аймгийн Аудитын газраас 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 163 дугаар дүгнэлт[1]-ийг гаргасан байх ба Дундговь аймгийн Ардчилсан намаас 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 81 дүгээр албан бичиг[2]-ээр тус аймгийн Аудитын газарт Баянжаргалан сумын Ардчилсан нам нь 2016 оны орон нутгийн хурлын сонгуульд оролцсон аймгийн мөрийн хөтөлбөрөөр оролцох талаар мэдэгдсэн тул дахин нийцлийн дүгнэлт гаргаагүй байна.

Нэхэмжлэгчээс “Баянжаргалан сумын Ардчилсан нам нь “Бидний мөрийн хөтөлбөр” нэртэй сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Сайн багшийн сайн шавь хөтөлбөрийг үргэлжлүүлж, амжилт бүтээл гаргасан багш сурагчдыг бодитоор урамшуулна, Баянжаргалан сумын есөн гайхамшгийг тодруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталгаажуулна, Байгалийн баялаг, уул уурхайг түшиглэн орон нутгийн иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлнэ, Гудамж хорооллыг гэрэлтүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж ажиллана” гэх ажлуудыг оруулсан нь Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-д заасныг зөрчсөн” гэж маргах боловч дээрх 4 заалтыг үндэслэн Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардчилсан намын нэр дэвшигчдийг тухайн намын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс өөр бие даасан мөрийн хөтөлбөртэй байсан гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчээс “эдгээр нэр дэвшигчид нь хууль бус сурталчилгааны материал сурталчлан түгээж, сонгуульд оролцсон нь эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” гэх гомдох боловч энэ байдал нь нотлогдохгүй байна.

Харин шүүх гуравдагч этгээд Б.Цогтгэрэл, Б.Цэрэндолгор, Д.Ундрах, Б.Золзаяа, Д.Оюунхүү, П.Амарсанаа, Г.Болдбаатар, Д.Түвшинбаяр, О.Оюунбат, Э.Дашдамба нарын Дундговь аймгийн Баянжаргалан сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Дундговь аймгийн Баянжаргалан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоол, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолуудыг хууль ёсны болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргахыг тус сумын Сонгуулийн хороонд даалгах” тухай бие даасан шаардлагыг хүлээн авч, шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэл, бие даасан шаардлагыг шийдвэрлэнэ.

Гэтэл гуравдагч этгээдүүд нь захиргааны ямар хууль бус үйл ажиллагааны улмаас /хууль бус акт, эс үйлдэхүй буюу захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүй/ эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй гэж үзэж, бие даасан шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл, зөвхөн “нэхэмжлэгчийн маргаж буй тогтоолыг” хууль ёсны болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргахыг шаардсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасан шүүхээс гарах шийдвэрийн хэлбэрүүдийн чухам алиныг гаргуулахыг хүссэн нь тодорхойгүй, нэхэмжлэлд тавигдах шаардлагыг хангахгүй байна.

Тиймээс гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлага нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байх тул анхан шатны шүүх уг шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх бус харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу хүлээн авахаас татгалзах байжээ.

Үүнээс гадна шүүх шийдвэрийнхээ Тогтоох хэсэгт Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсгийг баримталсан нь уг маргааныг шийдвэрлэхэд хамааралгүй байна.

Дээрх байдалд үндэслэн гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан болон баримталсан хуулийн зүйл, заалтыг зөвтгөсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийг 1 дэх заалтыг “Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1, 161.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Дундговь аймгийн Баянжаргалан сумын Монгол ардын намын хорооны дарга Г.Туяагийн “Дундговь аймгийн Баянжаргалан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Санал хураалтын дүнгийн тухай” 05 дугаар тогтоолын Б.Цогтгэрэл, Б.Цэрэндолгор, Д.Ундрах, Б.Золзаяа, Д.Оюунхүү, П.Амарсанаа, Г.Болдбаатар, Д.Түвшинбаяр, О.Оюунбат, Э.Дашдамба нарыг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож түр үнэмлэх олгосугай гэсэн хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, Тогтоох хэсэгт “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд Б.Цогтгэрэл, Б.Цэрэндолгор, Д.Ундрах, Б.Золзаяа, Д.Оюунхүү, П.Амарсанаа, Г.Болдбаатар, Д.Түвшинбаяр, О.Оюунбат, Э.Дашдамба нарын “Дундговь аймгийн Баянжаргалан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоол, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолуудыг хууль ёсны болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргахыг тус сумын Сонгуулийн хороонд даалгах” тухай бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.” гэсэн заалт нэмж, Тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтын дугаарыг “4, 5” болгон өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                                 ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

                                 ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН 


[1] 2 дугаар хавтаст хэргийн 13-14 дүгээр тал

[2] 2 дугаар хавтаст хэргийн 2 дугаар тал