Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 167

 

Ц.У-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 598 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 168 дугаар магадлалтай, 1705001120109 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 9-ний өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Ц.У нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ц.У-ас 260.000 төгрөг гаргуулж хохирогч Р.Ууганцэцэгт олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 168 дугаар магадлалаар 598 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Ц.У-ын гэм бурууг эргэлзээгүйгээр бүрэн нотолсон болох нь учир дутагдалтай байна. Хохирогчид учруулсан гэмтлийг Ц.У учруулсан эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаар эргэлзээ бүхий байгаа. Хохирогч Р.Ууганцэцэг, гэрч Б.Азбилэг нар хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлэхдээ “өөр хүн толгойд нь 2-3 удаа цохьсон” гэж мэдүүлсэн байтал хохирогчид учирсан гэмтлийг Ц.У учруулсан байна гэж шууд буруутган ял оногдуулсан нь үндэслэлгүй болно. Ц.У-г буруутгаж байгаа гол нотлох баримт нь хохирогчтой хамт байсан гэр бүлийн гишүүдийн мэдүүлэг бөгөөд эдгээр гэрчүүд нь энэ хэрэгт ямар нэг байдлаар хувийн сонирхолтой байгаа. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хохирогчийг цохиж байсан эмэгтэйг олж байцаах ажиллагаа огт хийгдээгүй, энэ хэрэгт хамгийн ач холбогдолтой зүйл болох тухайн үеийн болсон нөхцөл байдлыг бичсэн камерын бичлэгийг нотлох баримтаар бэхжүүлж хэрэгт хавсаргаагүй. ...Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа өмгөөлөгчийн гаргасан үндэслэлүүд хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар огт тусгаагүй орхигдуулсан байна. Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авч, бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй гэх үндэслэл болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгох ёстой. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Энэ хэрэг 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр гарсан бөгөөд тухайн үеийн гудамжны камерын бичлэг устсан байгаа. Ц.У хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан болох нь гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон ба өөр хэн нэгэн хүн хохирогчид гэмтэл учруулсан байдал тогтоогдоогүй. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Ц.У-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ц.У нь 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пицца Хат” хоолны газрын гадна хохирогч Р.Ууганцэцэгийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх Ц.У-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний гэм буруу, хувийн байдал, учруулсан хохирлын шинж чанарт тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэв.

Хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, хэргийг дахин шалгуулахаар мөрдөн байцаалтад буцаах эрх хуулиар олгогдоогүй болно.

Мөн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчөөгүй тохиолдолд хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх, хэргийн үйл баримтыг шинээр тогтоож прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнээс хальж тухайн хэрэгт өөр этгээдийг гэм буруутайд тооцох хууль, эрх зүйн үндэслэл байхгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “хохирогчид учруулсан гэмтлийг Ц.У учруулсан нь эргэлзээтэй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэцэцэгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 598 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 168 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэцэцэгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН