Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/718

 

 

 

 

 

 

 

2024       06          19                                    2024/ШЦТ/718

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж, шүүгч А.Батмандах, шүүгч С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

 

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөртэ-Үжин,

            иргэдийн төлөөлөгч Л.Цэрэннадмид,

улсын яллагч Р.Энх-Оюун,

хохирогч Э.У, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ***** овогт Б*ийн Бт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 00000 2461 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт **** дүүргийн **** дугаар хороо, **** дугаар хороолол **** байрны **** тоотод оршин суух,

Урьд, Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн **** дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосон,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,800,000 төгрөгийн торгох ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хохирлоо нөхөн төлөх үүрэг хүлээлгэсэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан,

****** овогт Б*ийн Б /регистрийн дугаар: **********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн ****** улсын дугаартай ***** загварын тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, цэвэр жин нь 147,3494 грамм, “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 20 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн ***** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*********” нэртэй тоглоомын газрын үүдэнд хохирогч Э.Уыг “хойшоо зогс, хана налаад суу, инээгээд байна уу” гэх зэргээр дарамтлан хутга гарган далайж, улмаар 21 цаг 10 минутын үед уг тоглоомын газар орж ирэн тодорхой шалтаг, шалтгаангүйгээр хохирогч Э.У руу 4-5 удаа хутгатай гараараа хүчтэй савчиж, түүний зүүн суганы доод хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хохирогчийг алахыг завдсан шууд чиглэсэн үйлдлээ санаатай хийсэн боловч хохирогчийн эсэргүүцэлтэй тулгаран хүнийг алахыг завдсан,

2023 оны 08 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** дугаар байрны гадна хууль сахиулагч болох Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Н.Б****ын “хутгаа хаячих” гэсэн хууль ёсны шаардлагыг “би шийдсэн хүн шүү, бүгдийг чинь ална шүү” гэж хүч хэрэглэхээр заналхийлэн эсэргүүцэж, гартаа барьсан хутгаараа далайх оролдлого хийн хүч хэрэглэж зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Быг хүнийг алах гэмт хэргийг завдсан, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2306000002461 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.

 

Хохирогч Э.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... 08 дугаар сарын 07-ны өдөр би эхнэртэйгээ ажил дээрээ гараатай байсан... тухайн үед Б гэдэг хүн өдөр надтай хамт ажилладаг найз М гэж хүнийг асууж байсан. Орой нь дахиж асууж орж ирсэн, тухайн үедээ намайг гадаа тамхилъя гэж дуудаад писи тоглоомын газрын үүдэн дээр над руу эхэлж дайрсан хана налаад суу гэхээр нь би эсэргүүцсэн юм. Манай М найз маань хутгатай байна гээд шууд гарыг нь татаж аваад тухайн үед би писи рүүгээ ороод найз маань зугтсан. Би дотор ороод зааланд байгаа хүүхдүүдийг гаргах хооронд араас ороод ирсэн. Камер дээр орж ирж байгааг нь хармагцаа би шууд сандал бариад дайрсан, өөрийгөө хамгаалж, тэр үед эхнэр маань хажууд байсан...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 08 дугаар сарын 07-ны өглөө би Баянхонгороос ирсэн. 08 дугаар сарын 04-нд Баянхонгор луу явсан. Ирэх замдаа хөдөө гадаа явахдаа авч явдаг 2 ширхэг хутга байсан тэрийгээ аваад явж байсан. Наашаа ирж байгаад эмээлт дээр 22 дээр машины дугуй хагарсан учир машинаа үлдээчхээд хутгаа гэр рүүгээ аваачаад тавьчихъя гэж бодоод  аваад явсан тэндээс. Тэгээд явж байгаад өдөр ээжтэйгээ яриад хол замд яваад ирсэн байсан. Би зүүн талаараа машинаа барьж явдаг 1000 гаруй км машинаа бариад явчхаад ирсэн байсан. Тэгээд гэр рүүгээ очоод усанд орчхоод гарсан юм. Гараад писи тоглоомын газарт очсон. Бид нар нээж байхад нь дүү нартайгаа нийлж эхэлж байсан газар, гэрийн яг хажууд байдаг. Тийшээ ороод дүү нартайгаа тамхилчхаад ээжтэйгээ очоод амарчихъя даа гэж бодож байсан. Тэгээд очиход У байсан, ахиад нэг дүүтэйгээ тамхилаад зогсож байсан чинь ах яагаад байна гэсэн тэгээд муудалцаад яагаад байгаа юм дүү нар гэсэн чинь миний баруун гараас бариад авсан, бариад авахаар нь яадаг юм надад 2 хутга байсан 1 хутгаа аваад зүүн гар руугаа шилжүүлсэн тэгээд Х гээд найз нь зугтчихсан, тэгэхээр нь за за харья ээж дээрээ очъё гээд, машин эвдэрчихсэн, бэлэн мөнгө байхгүй утсаараа таксины мөнгө шилжүүлнэ гэж бодоод такси барих гээд цаашаа алхаж байсан. Тэгээд явж байтал утасны цэнэг дуусчихаар нь ер нь энэ чигтээ яваад очоод ээжээс мөнгө аваад таксиндаа өгчихье гэж бодоод нэг дүүтэй тааралдаад утсаар нь писи тоглоомын газрын дүү рүү залгаад ах нь сая ийм юм болчихлоо очоод утсаа цэнэглэчихье тэгээд гараад явчихна У гээд дүүдээ хаалгаа онгойлгоорой гээд хэлчхээрэй гэхэд тэгье тэгье ахаа би угаасаа очиж байна та байж байхгүй юу гэсэн. Тэгээд яваад очсон чинь утсаар ярьсан дүүд утсаа цэнэглүүлэх гээд оруулсан юм тэгээд гадаа нь тамхи татчихаад одоо цэнэг орсон байх гэж бодоод утсаа авах гээд орж суусан юм, тэгсэн чинь У араас сандал бариад босоод ирсэн. Тэгээд тэндээс гараад эхнэр хүүхдүүдтэйгээ уулзчихаад ээж дээрээ очоод амарчихъя даа гэж бодоод явж байхад араас 2 цагдаа хүрээд ирсэн. Араас 2 цагдаа хүрээд ирэнгүүт нь би... цаашаа алхаад ***** байрны зүүн талын буланд очоод... гэхдээ гартаа бол скочдоогүй байсан би. Зурган дээр бол байгаа миний зөвхөн зүүн гар скочтой байсан, намайг буудаад унагааж байхад 2 хутга газарт унаж байсан. Хутга бол скочны гадна талаар байсан. Учир нь Баянхонгор луу явчхаад ирэхэд өглөөнөөс хойш гар чилж өвдөөд байсан тэгэнгүүт нь өөрөө гараа чанга ороочихсон өвдөөд байсан... Хар тамхины хувьд би ерөөсөө хэрэглэхгүй байж байгаад гадуур нэг хэрэглэсэн юм. Гадуур хэрэглээд хайж олоод аягүй их юм билээ тэгэхээр нь за нэг мөсөн аваад хэрэглэж байя гэж бодсон яг үнэндээ. Тэгээд хайгаад явж байсан чинь Ви чатаар нэг хүн холбогдсон юм. Холбогдоод тамхи авах уу гэхээр нь авъя гээд, хэдэн грамм байгаа юм гэхэд 150 грамм байгаа гэхээр нь яаж авах юм гээд 1 граммыг нь 50.000-аар өгнө гэсэн. Хаана байгаа юм очиж авчхаад мөнгөө шилжүүлчихье гэсэн. Тэгээд очиж нөгөөхийг нь аваад л мөнгөө шилжүүлээгүй Ви чатаа устгачихсан. Тэгээд тэндээсээ Да Хүрээ рүү явсан. Тэнд би япон машин оруулж ирж зардаг. Ажил руугаа оччихоод ажлынхаа нэг газрын буланд зогсож байхад цагдаа нар ирээд барьсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Баянзүрх дүүргийн **** дугаар хороо, Бөхийн өргөөнөөс урагш яваад ***** маркетын ойролцоо “ПиСи” тоглоомын газрын гадна тал болон дотор талын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 14-20-р хуудас/,

2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Баянзүрх дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” нэртэй “ПиСи” тоглоомын газарт буюу хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 21-27-р хуудас/,

2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Б.Бын биед үзлэг хийсэн буюу Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 28-33-р хуудас/,

Хохирогч Э.Уын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 39-41, 2-р хх-ийн 16-18-р хуудас/,

Гэрч Н.Бдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 44-45-р хуудас/,

Гэрч С.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 47-р хуудас/,

Гэрч А.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 49-р хуудас/,

Гэрч Н.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 99-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 102-103-р хуудас/,

Мөрдөгчийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 127-130-р хуудас/,

Мөрдөгчийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Б.Бын биед үзлэг хийсэн буюу хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 131-136-р хуудас/,

****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос нэгжлэг хийж хураан авсан 147.3 грамм цэвэр жинтэй цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, хар өнгийн жижиг гар жинг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 138-140-р хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ***** дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 154-156-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ***** дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 164-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ***** дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 164-166-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 190-196-р хуудас/,

Хохирогч Н.Баын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 14, 124-125-р хуудас/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ***** дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 31-32-р хуудас/,

Шинжээч эмч Я.Ганхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 129-р хуудас/,

Гэрч В.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 133-134-р хуудас/,

Гэрч А.Х-тын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 137-р хуудас/,

***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа /3-р хх-ийн 97-106-р хуудас/,

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын бүхий баримтыг /3-р хх-94-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой шинжлэн судалсан нотлох баримтууд:

Гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... миний үеэл ах болох Б-ийн Б нь эхээс 4-лээ дээрээ ах, эгчтэй, доороо нэг эмэгтэй дүүтэй... гэр бүлийн хувьд эхнэр, 4 охины хамт *** дүүргийн **** дугаар хороо, ********** тоотод амьдарч байгаа... зан байдлын хувьд даруу төлөв хүн. Сэтгэн бодох чадварын хувьд хэвийн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 146-р тал/,

Гэрч Э.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... миний нөхөр Б нь 1984 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн... 13 дугаар хороололд өсөж торнисон. 2019 оноос хойш одоог хүртэл ********* зах дээр машин зарж байгаа. Зан байдлын хувьд тогтвортой гэр бүлсэг, хүүхдэд хайртай. Сэтгэн бодох чадварын хувьд маш сайн. Миний мэдэхийн муу зуршилгүй хүн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 150-р тал/,

Түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, хүүхдүүдийн төрсөний гэрчилгээний хуулбарууд, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 94-97, 199-200, 201-208, 2-р хх-ийн 78-79-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Р.Энх-Оюун шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн ****** улсын дугаартай ********** загварын тээврийн хэрэгсэлд НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2-р жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, цэвэр жингээр 147.3494 граммын мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаадах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг, 2023 оны 08 дугаар сарын 07-ны 20 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах писи тоглоомын газрын үүдэнд хохирогч Э.Уыг “хойшоо зогс, хана налаад суу, инээгээд байна уу?” гэх зэргээр дарамтлан энгэрээсээ хутга гарган далайж улмаар 21 цаг 10 минутын үед уг тоглоомын газар орж ирэн тодорхой шалтаг шалтгаангүйгээр хохирогч Э.Уыг 4-5 удаа хутгатай гараараа хүчтэй савчиж түүний зүүн суганы доод хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хохирогчийг алахыг завдсан шууд санаатай чиглэсэн үйлдлийг санаатай хийсэн боловч хохирогчийн эсэргүүцэлтэй тулгаран хүнийг алахыг завдсан гэмт хэргийг, 2023 оны 08 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 22б байрны гадна хууль сахиулагч болох Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтсийн эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч Н.Баын “хутгаа хаячих” гэсэн хууль ёсны шаардлагыг “би шийдсэн хүн шүү, бүгдийг чинь ална шүү” гэж хүч хэрэглэхээр заналхийлэн эсэргүүцэж, гартаа барьсан хутгаараа далайх оролдлого хийн хүч хэрэглэж зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж, хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэргийг тус бүр үйлдсэн болох нь гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтууд, мөн шинжлэн судалсан эд мөрийн баримтууд, хохирогч Уын мэдүүлэг, шүүгдэгч Б.Бын өөрийнх нь өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Тиймээс шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу НҮБ-н “сэтгэцэд нөлөөт бодис”-ын жагсаалтад багтсан мөс гэх нэршилтэй бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дэх зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хохирогч Уыг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг буюу хохирогч Ба буюу цагдаагийн хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг зэвсэг хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцуулах саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна. Хохирогч Баын хувьд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Б.Б нь хохирогч Н.Бад төлөх төлбөргүй, хохирогч Э.У нь шүүгдэгч Б.Баас сэтгэл санааны хохирол 7,000,000 төгрөгийг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Эмчилгээний зардлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан. Шүүгдэгч Б.Баас хохирогч Э.Ут учирсан сэтгэл санааны хохирол болох 7,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Ут олгуулахаар шийдвэрлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Өмгөөлөгчийн хөлс болох 2,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна гэж улсын яллагчийн зүгээс үзсэн. Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчлэн хохирогч Э.Уын хохирсон гэмт хэргээр шүүгдэгч Б.Быг зүйлчилсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн завдалтаар журамлаж орж ирсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан заавал өмгөөлөгчтэй байх, заавал өмгөөлөгч авах зүйл заалтад хамаарахгүй байна. Харин хохирогч нь сайн дурын үндсэн дээр өмгөөлөгч авч, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд оролцож байгаа учир шүүгдэгчээс өмгөөлөгчийн хөлсийг гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь улсын бүртгэлийн лавлагаагаар бусдын өмчлөлд байгаа нь тогтоогдсон учир эрх бүхий байгууллагын үнэлгээгээр тогтоогдсон буюу 42,601,563 төгрөгийг шүүгдэгч Б.Баас гаргуулж улсын орлого болгуулахаар шийдвэрлүүлэх саналтай байна...” гэх дүгнэлтийг.

 

Хохирогч Э.Уын өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож, нотлох баримт шинжлэн судалж, асуулт асууж, шүүх хуралдаанд оролцсон санал дүгнэлтээ хэлье. Прокурорын зүгээс манай үйлчлүүлэгчид учирсан хохирсон үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх зүйлээр зүйлчилж завдсан үйлдэл гэж оруулж ирсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Хутга гэдэг зүйлийг монгол хэлний тайлбар толинд бичихдээ нэг талдаа иртэй ардаа бариултай, огтлох зүсэх багаж хэрэгсэл гэж тайлбарласан байдаг. Хүмүүсийн амьдралд ойр хэрэглэгддэг хэрэглээний зүйл боловч буруугаар хэрэглэвэл хүнд яаж хохирол, хор уршиг учруулж болохыг бүгд ойлгож, мэдэж байдаг. Өнөөдрийн энэ үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан бичлэгт үзлэг хийгдсэн тэмдэглэл байгаа, үүнийг шинжлэн судалж үзвэл манай үйлчлүүлэгч рүү халдаж байгаа энэ халдлагын үйлдэл нь өөрөө шууд амь насанд нь аюултай, манай үйлчлүүлэгчид Үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрхийнх нь эсрэг чиглэсэн үйлдэл болох нь харагдаж байна. Шүүгдэгчийн хувьд энэхүү үйлдлийн улмаас бусдын амь насанд хохирол учруулж болзошгүй гэдэг ийм үйлдлийг ухамсарлах буюу, ухамсарлахгүй байсан нь хавтаст хэрэгт хамгийн тодоор авагдсан байна. Энэ үйлдэлтэй холбоотой шүүгдэгчээс асуух асуулт байсан ч прокурорын асуулттай давхацсан учир асуугаагүй. Тухайн өдөр та ямар санаа зорилгоор ийм үйлдэл гаргаж, зэвсэг агсаж, гартаа скочдож, энгийн хүн рүү дайраад зогсохгүй, хууль сахиулагчийн эсрэг үйлдэл гаргасан юм бэ?, хэрвээ өнөөдөр ийм үйлдэл гаргаагүй, та тухайн үед ямар нэгэн байдлаар сэтгэл санаагаа жолоодоод өнгөрсөн байсан бол таны өнөөдрийн эрх зүйн байдал, оногдуулах ялын асуудал өөр байх байсан. Энэ үйлдлийн улмаас миний үйлчлүүлэгчид ч мөн цаашид амьдралд нь арилж болшгүй, сэтгэл санаанаас нь арчигдахгүй, иймэрхүү аймшигтай нөхцөл байдалтай тулаад өнгөрөхгүй байсан. Энэ нөхцөл байдлыг бодолцож үзээд Монгол улсын хууль тогтоомж энэ аюултай зүйлийг хориглодог шүү гэдгийг ойлгож үзээд тухайн үед энэ үйлдлийг гаргахгүй байж болоогүй юм уу? гэж хэлмээр байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан завдах үйлдэл байна гэж үзэж прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэн үйлдлийн гэм буруугийн асуудал өөрөө маргаангүй байна гэж үзэж байгаа. Хохирол төлбөрийн асуудал яригдаж байгаа. Сэтгэцэд учирсан зовуурь шаналалын үнэлгээ хийлгэх асуудал нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хийгдэж үүний дагуу шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс дүгнэлт гараад 2-р зэрэгт хамаарч байна гээд дээд шүүхийн 2023 оны 07 сарын 03-ны 25-р тогтоолын хавсралтад батлагдсан байгаа. Манай үйлчлүүлэгчид өнөөдөр шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хөнгөн, 2-р зэрэг гэж үзэж байгааг шүүх шийдэх байх. Зүйлчлэл дээр маргаангүй гэж үзэж байгаа энэ тохиолдол дээр иргэний хуулийн 511.4-р зүйл дээр хохирогчид учирсан сэтгэл санааны хохирлыг шууд шүүхээс тогтоож болохыг заасан байгаа. Нэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг буюу тухайн үед үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, үгүй бол тухайн үеийн монгол улсын эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтыг үндсэн насалсан наснаас нь хасаад  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-аар үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнд үржүүлж аль ашигтай байдлаар шүүх тогтоодог ийм зарчим байгаа. Энэ зарчмыг хэрэглэж болох юм гэж би харж байгаа. Тиймээс шүүх сэтгэцэд учирсан зовуурь шаналлыг шүүх тогтоож өгөөч гэсэн саналтай байна. Манай үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр хохирол учирсан, цаашдаа үзлэг шинжилгээ хийлгээд тогтмол хугацаанд явах эсэхийг үгүйсгэхгүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн асуудлуудаа нэхэмжлэх боломж байж болно. Энэхүү гэмт хэрэгтэй хамааралтай байдлаар учирсан хохирол төлбөрөө нэхэмжлэх боломжийг нээлттэй байлгаж шийтгэх тогтоолд дурдаж өгөөч гэж хүсэж байна. Тухайн үед ажил орлого олдог байсан боловч энэ хэрэгтэй холбоотойгоор цалингаа авч чадаагүй, эмчилгээ, үзлэг хийлгээд ажлаа тасалсан асуудлууд байдаг. Цаашдаа эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэхэд учрах хохирол зардлыг нэхэмжлэх боломжийг нээлттэй үлдээлгэх хүсэлтэй байна...” гэх дүгнэлтийг.

 

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ж.Гантулга шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дэх зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдэх гэмт хэргийг мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлаад гэм буруутайд тооцож байгаа дүгнэлтийг гаргалаа. Хэрэгт цугларсан баримтын хүрээнд шүүгдэгч Б.Б хохирогч Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн зааварлах шинжид байсан үйлдлийг завдалтаар хийсэн үйл баримт нь эргэлзээгүйгээр тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай үйлдсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаар тухайн гэмт хэрэг төгсөөгүй бол завдалт гэнэ. Хэрэгт цугларсан баримтаар тухайн үед хэрэг үйл явдал болсон 2023 оны 08 сарын 07-ны өдрийн 21 цагийн үед шүүгдэгч Б, хохирогч У нар нь уулзахдаа урьд өмнө нэгнээ таньдаг байсан, харилцааны хэвийн байдалтай байсан. Тухайн үед ахуйн хүрээний маргааны улмаас хоорондоо маргалдсан, энэ үед Б зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хохирогчийн биед шинжээчийн дүгнэлтэд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.6 дугаар зүйлийн, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Б.Б нь Э.Уыг алах санаа сэдэл, зорилгоо мэдээд үүнийгээ өөрөө хүсэж үйлдлээ төгсгөхийг зорьсон үйл баримт тогтоогдохгүй, харин хохирогчид хөнгөн гэмтэл учруулаад энэ үйлдлээ таслан зогсоогоод гарсан нь 2-р хавтаст хэргийн 16-17-р талд өгсөн Э.Уын мэдүүлгээс идэвхтэй үйлдлээ зогсоосон үйл баримт байгаа. Тэгэхээр энэ 10.1 дүгээр зүйлийн завдалт, 2.8 дугаар зүйлийн завдалтаар зүйлчлэх нь хууль хэрэглээ болон хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан байдлыг тогтоохын тулд прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх, цагаатгах, яллахыг эргэлзээгүйгээр тогтоох нөхцөл шаардлагыг завдалтаар тогтоож чадаагүй байна. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2023 оны 08 сарын 08-ны өдрийн яллагдагчаар татсан тогтоолд хутгалсан л гэж байгаа. Хэрэгт цугларсан баримтаар шүүгдэгч Б.Бын үйлдэл хор уршиг буюу хохирогчийн биед учруулсан хөнгөн гэмтэл, хохирол хоёрын хоорондох шалтгаант холбоонд үүссэн гэмтлийн зэрэг нь хөнгөн гэмтэл байгаа. Тэгэхээр санаа зорилгын хувьд үүссэн гэмтлийн зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэх ийм үндэслэлээр санал дүгнэлтээ гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасны дагуу зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэхэд нь хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг байгаа. Би нотлох баримтыг судалсан, анх хэрэг дээр хохирогчоор Баыг тооцсон байгаа. Тэгэхээр хэргийн газар Н.Ба болон цагдаагийн ажилтан Энхбаяр нар очсон. Н.Ба бол Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.3 дугаар зүйлд заасны дагуу мөн гэмт хэрэгт албан үүргээ гүйцэтгэж байх хугацаанд миний хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн ийм үйлдлээр 30.3 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл гаргаагүй. Гэтэл үүнийг хохирогчоор тооцоод шууд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь өөрөө эргэлзээтэй байдалд байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэрэг гарсан нөхцөл байдал цаг хугацаа ямар үйлдлээр эсэргүүцсэн юм гэдэг үйл баримтын хувьд мөн адил эргэлзээгүйгээр тогтоогдоогүй. Хэргийн газрын үзлэг мөн өдрийн 21 цаг 17 минутад ирээд 23 цаг 32 минутад дууссан боловч эд мөрийн баримт болох 3 минутын бичлэгээр баримтжуулсан. Энэ 3 цагийн хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасны дагуу камерын бичлэг хийгээд Б.Бын эсэргүүцээд байгаа, яаж эсэргүүцсэн энэ үйл баримтыг эргэлзээгүйгээр тогтоосон камерын бичлэг байхгүй. Тусгай хэрэгслийн галт зэвсэг ашиглаад хийн буу ашиглаад үйлдлийг таслан зогсоосон 3 минут 3 секундийн л бичлэг байгаа. 3 цагийн хугацаанд үнэхээр энэ хүнийг цагдаагийн байгууллагын нэр бүхий албан хаагчдын үйлдлийг зогсоосон үйл баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдээгүй байна. Б.Быг Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах 2023 оны 08 сарын 08-ны өдрийн Баянзүрх дүүргийн Чимгээ прокурорын тогтоол байгаа. Яллагдагчаар татах тогтоолд бол Б.Б нь баруун зүүн гартаа хутга барьсан скочоор бэхэлсэн, цагдаагийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн гэдэг гэмт хэргийн заавал биелүүлэх шинжийг тогтоолдоо 30.17-оор үйлдэхдээ заасан байна. Тэгэхээр баруун зүүн гартаа гэсэн боловч биед үзлэг хийсэн баримтаар зөвхөн зүүн гараа скочидсон, камерын бичлэгийг үзэхэд хутга газар унасан ийм үйл баримт байна. Яг эсэргүүцсэн үйл баримт нь бас эргэлзээгүйгээр тогтоогдоогүй байгаа учир энэ зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгохоор дүгнэлтээ гаргаж байна. Цагдаагийн ажилтны нотлох ажиллагаа хуульд зааснаар яваагүй байна. Цагдаагийн ажилтан хэргийн газар дуудлагаар очоод энгэрийн камерын бичлэгээ ажиллуулаад хэрэг үйл явдал дуусах хүртэл 3 цаг орчмын бичлэгийг баримтжуулаад өгөх ёстой. Би хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ бичлэгийг гаргаж өгөөч, ийм үйл баримт нь эргэлзээгүйгээр нотлох баримтаар тогтоогдож байвал хэргийн зүйлчлэл дээр маргах үгүй, өөрийн үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дээрдүүлэх байдлаар гэм бурууг хүлээн зөвшөөрөх энэ байдлаар хүсэлт гаргасан боловч биелүүлээгүй. 1-р хавтаст хэргийн 6-р талд Н.Баыг энгэрийн камераар 1 минут гаран бичлэг хийж баримтжуулсан гэсэн байгаа. Бичлэг хийхдээ яагаад эхлэхээс дуустал хийхгүй энэ асуудлыг 1 минутын бичлэг хийсэн. 1 минутын бичлэг нь нотлох баримт дээр оруулаагүй байгаа энэ нь өөрөө эргэлзээтэй байна. Үнэхээр хохирсон бол Энхбаяр хохирогчоор орж ирээгүй вэ гэдэг энэ олон асуудлууд ийм нөхцөл байдлыг үүсгэж байгаа учир Б.Быг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2-ийн заавал байх шинжийг мансууруулах бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдаалсан бол гэсэн байна. Энэ зүйл ангийн заавал байх шинж нь мөн адил эргэлзээгүйгээр тогтоогдоогүй. 2023 оны 08 сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр яллагдагчаар татсан 2023 оны 11 сарын 20-нд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан. Гэхдээ энэ зүйлчлэлийн 2 дахь хэсгийн аль шинжийг хадгалсан гэдгийг яллах дүгнэлт болон тогтоолд дурдаагүй эргэлзээтэй учраас Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх зүйлээр зүйлчлэхийг санал болгож байна. Тээврийн хэрэгслийг бол үнэлгээгээр үнэлээд 42,000,000 төгрөгийг Б.Баас гаргана гэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл нь тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн өмчлөлд байгаа бол хураан авна гэсэн. Мөрдөн шалгах ажиллагаанд байгаа нотлох баримтаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл бол Нэт капитал ХХК өмчлөлд байгаа учраас үүнийг хураан авах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн заалтыг буруу хэрэглэсэн, шүүгдэгчид ял халдааж байгаа үүнийг хүчингүй болгоно. Сэтгэл санааны хохирол дээр шүүх хэрэгт хавсрагдсан баримтаар дүгнэлтээ гаргана. Өмгөөлөгчийн хөлс дээр хохирогч бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг сонгон аваад хүсэл зоригоо илэрхийлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох учраас үүнээс үүдэн гарах зардлаа өөрөө хариуцна. Тиймээс өмгөөлөгчийн зардал 2,000,000 төгрөгийг гаргахгүй байх нь хуульд нийцнэ. Иргэний хуулийн 497 дугаар зүйлээр гаргаж өгөх нь хуульд нийцнэ гэсэн саналыг гаргаж байна...” гэх дүгнэлтийг.

 

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Б.Тэнгис шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Миний хувьд бас завдалттай Эрүүгийн хуулийн 10.1 буюу хэргийн шинж нь яг яаж бүрдсэн юм бэ. бид нар бас хохирогчийн мэдүүлгийг хууль ёсны үндэслэлтэй, мэдүүлэг өгөхдөө худлаа ярихгүй гэсэн нөхцөл байдлаар мэдүүлэг авдаг хэдий ч гэсэн гэрчийн мэдүүлгийг бид нар үнэлэх ёстой байдаг. Хавтаст хэргийн 47 дугаар хуудсанд Батцэцэг гээд хохирогчийн хууль ёсны эхнэрийн мэдүүлэг байгаа “Тэр хүнийг ороод ирэхэд нь манай нөхөр тэр хутгатай хүн рүү текний араас сандал аваад шидсэн” шүүх хуралдааны явцад мэдүүлэг 2 арай өөр яваад байсан тэр үед би эхнэрийгээ хамгаалах зорилгоор сандал авч шидсэн урдуур нь ороод зүсэгдсэн мэтийн зүйл ярьсан. Гантулга өмгөөлөгч бас яриад байгаа гэмт хэргийн шинж маань өөрөө юу билээ, чиглэсэн үйлдэл юу билээ, савчаад байсан савчиж байхад нь би сүүлийн савчаад нь зүсэгдсэн байсан гээд байгаа. Тэгэхээр ална гээд довтолгоо хийсэн зүйл байхгүй. Довтлоод араас нь хөөгөөд байсан юм байхгүй. Ийм учир Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлчлэх нөхцөл байдал хууль ёсны үндэслэлтэй юу гэдэг дээр эргэлзээтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлээр 07 сарын 03-ны өдөр сэтгэцэд учирсан хор хохирлын талаар, зүйл заалтыг нь тодорхой заачихсан. Энэ зүйл заалтыг нэгэнт хууль тогтоогч нар заагаад өгсөн байхад бид нар энийг өөрчлөөд шинж нь ийм байгаа юм чинь энэ хөнгөн гэмтлээр давхар авч үзэж болохгүй байх. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл дээр голцуу практик амьдрал дээр гэнэтийн шинж нь ондоо байдгийг бид мэднэ. Тиймээс зүйлчлэлийг зөвтгөж шийдэж өгөөч. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгтэй асуудал, грамм нь өндөр байж болно, шүүх хуралдааны явцад яаж олж авсан юм, хэдэн сараас хэрэглэсэн юм, үнэ нь ямар болохоор би авъя гэсэн юм, авахын тулд жин авч очсон зэрэг, практик амьдрал дээр баруун зүүнээрээ солилцох асуудал байдаггүй юм. Хар тамхийг би жаахан гадарлана. Заавал эхлээд авч байж дараа нь энэ хүн мөнгөө өгнө, энэ хүн мөнгөө өгөх үү үгүй юу, энэ хүнийг чатаар нь олж авчхаж байгаа юм чинь эргээд уулзаад мөнгөө авч болох үйл баримт үүсчхэж байгаа юм. Ганцхан их граммтай байна, жин байна гэдгээр нь хүндрүүлээд оруулаад ирж байгаа юм. Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарласан тайлбар оруулъя. Үүн дээр худалдан борлуулах үйлдлийг тогтоохдоо ганцхан грамм бол хамаагүй энэ худалдан борлуулах зорилго агуулсан байгаа сав баглаа боодол өөрөө хэрэгтэй. Хэдэн граммыг жижиглэж, хэмжүүрдэж, граммлаж хийсэн байна. Зиплок уутны маань хэмжээ жин хэмжүүрийнхээ урд таслалтай орсон байгаа гэдгийг анхаараарай. Цэг таслал бас энэ хууль хэрэглээн дээр шаардлагатай байдаг. Хадгалсан үйлдэл бол байна, анх ч бас Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж байсан. Бид гэмт хэргийн шинж үйлдэл хэлбэрийг нь яриад байна. Би анх шүүх эмнэлгийн хүрээлэнгийн сэтгэцийн дүгнэлт гарсан, дараа нь Ганхүү эмчийн 06 сарын 15, 06 сарын 24-нд 2 удаа сэтгэцийн эмнэлгээр эмчлүүлчихсэн. Тэрний дараа Ганхүүгээс 10 сард дүгнэлт авсан. Энэ хүний энэ нөхцөл байдал нь ямар юм бэ? дээрх эмгэгтэй хүн нь хүний ухамсар, оюун бодол, мэдрэмж ялангуяа сэтгэц нь хэвийн эрүүл хүмүүстэй харьцуулахад хэтэрхий гажиг байдлаар илэрдэг эмгэг юм. Нийгмийн төрөл бүрийн нөхцөл байдалд уян хатан бус хариу урвалаар илэрдэг. Зан үйлийн эдгээр хэв маяг нь тогтвортой бөгөөд зан төрх, сэтгэлийн үйлийн хямралтай өргөн хүрээг хамардаг, гаднаас харж байгаа энгийн хүмүүс энэ хүний хийгээд байгаа үйлдлийг зүгээр эрүүл ухаантай хүн хийгээд байгаа юм шиг харагдана. Гагцхүү энэ хүний өөрийн дотоод сэтгэхүйд нь бий болчихсон энэ харшил нь буюу сэтгэц нь энэ байдлыг энгийн байдлаар хүлээж авах нөхцөл байдалгүй болчхоод байгаа. Үүн дээр би яагаад илүү анхаарч байна вэ гэхээр, би тусгай сургуульд олон жил багшилсан хүн оюун ухаан сэтгэц 2-н хоорондын ялгааг арай жаахан гадарлана. Энгийн эрүүл ухаантай хүн гараа скочдоод гараараа хутгаа боогоод байх уу? 2, 3 хутга байна, нэг нь унавал нэгийг нь авчихна. Тэгэхээр эхлээд бид энэ хүний дотоод хямрал нь ердийн хүмүүсийн харж байгаа шиг, сэтгэж байгаа шиг ердийн хүмүүсээс гаргаж байгаа 3 удаа буудаад гээд ийм үйл баримтад энэ хүн сэтгэхгүй, хамгийн гол нь энэ хүн гэнэт сэтгэцэд нь орсон өөрчлөлт нь айдас хүйдэс бий болчихвол аливаа юмыг өөрөөр илэрхийлдэг болчихдог юм. Зөв зүйтэй юм ярьж байна гэдгийн яг эсрэг урвалаар нь энэ хүмүүс намайг ямар нэгэн байдлаар айлгах гэж байна, тэгвэл бид энэ хүний тэр байдлыг тогтооё дараа нь 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг дээр хадгалсан, завдсан зүйлчлэлийг журамлаад дараа нь цагдаа онох ёстой газраа онохгүй нуруунд нь буудчихсан энэ үйл баримт дээр нь буруутгаж болоод байгаа. 8 сард энэ хүний холбогдон хэрэгт энэ хүний сэтгэцийг урьд гарсан шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 584 тоот тогтоолоор хэрэг хариуцаж чадна гэж үнэлээд байж болохгүй. 7.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 1.2 дахь хэсэгт тодорхой заагаад өгсөн байгаа, тухайн гэмт хэрэг үйлдэх үед сэтгэц нь ямар байсан юм. Өөрийнхөө үйлдэл, эс үйлдэхүйг хязгаарлаж чадахгүй, буруу зүйл хийж байгаа юу, зөв зүйл хийж байгаа юу гэдгээ ялгаж чадахгүй бусдын гаргаж байгаа авирыг тэр хүмүүсийн шаардлагыг зөв юм уу буруу юм уу гэдгээ илэрхийлж чадахгүй байгаа энэ нөхцөлд нь бид нар өнөөдөр энэ хүнд зүйл заалтуудаар орж ирээд чиний буруутайг гэм буруутайд тооцуулна гээд арай ч ийм нэг талыг барьсан шийдвэр гаргаж болохгүй байх. Үүн дээ би бүрэлдэхүүнийг гэм буруутайд тооцохдоо, тусгай мэдлэгийн хүрээнд гаргачихсан байгаа энэ хүмүүсийн мэдүүлгийг сайн анхаараач, урьд гарсан шинжээчийн дүгнэлтийг одоо гаргаж ирж болох уу үгүй юу. Хохиролтой холбоотой асуудлаар машин хураагдсан. Тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж ашигласан бол тухайн тээврийн хэрэгслийн зориулалт нь өөрчлөгдөх ёстой, дээд шүүхийн тайлбар тийм байгаа. Энэ хүний машинаас 150 грамм хар тамхи гарсан гээд машиныг нь хураая улсын орлого болгоод хохирлыг эсвэл хүнээр гаргуулъя. Орон байранд холбогдсон юмнуудыг орон байрны үнэлгээгээр гаргуулаад авъя гэж ярьдаггүй биз дээ. Энэ 3 зүйл заалтад тавигдаж байгаа эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гэх энэ үйлдлүүд, хохирол хор уршигтай холбоотой асуудлууд маань яг хууль ёсны үндэслэлтэй байна гэдэг ямар талаасаа нотлогдож үнэлэгдэхийг хэлж мэдэхгүй байна. Сэтгэцэд учруулсан хохирол маань 11.6 дугаар зүйл дээр л яригдаад байгаа. Тэгэхээр тэр асуудлыг мөнгийг гаргуулахын тулд дүйцүүлээд хүн амины хэргийг ярьж болохгүй байх. Цагдаа дээр үйлдсэн асуудал болохоор Б.Б буудаагүй, цагдаа буудчихсан 3 удаа буудсан. Тэгэхэд энэ хүн ямар байр байдалтай байсныг бид мэдэхгүй. Авч байгаа грамм маань мөн байна уу гэдгээр энэ хүн дараа нь мөнгөө өгөх гээд байгаа юм. Ийм учраас ганцхан жин хэмжүүрээр бид хүндрүүлж үзэж болохгүй. Өөрөө хэлээд байна би нэг ч удаа зарж үзээгүй. Өөрөө аваад хэрэглэдэг гэж үнэнээ хэлээд байна. Шүүх хуралдааны явцад өгч байгаа мэдүүлэг бусдын тавьсан асуултад хариулж байгаа энэ нөхцөл байдлууд нь энэ шүүгдэгчийн өөрийн нөхцөл байдлаа яаж илэрхийлээд байгаа нь харагддаг. Ийм учир шүүх бүрэлдэхүүнийг хянаад 11.6 дугаар зүйлээр хүнийг алахыг завдсан гэх зүйлчлэлээр сольж өгөөч. Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх зүйн байдалд нь хууль зүйн дүгнэлт хийгээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан ашиглагдахаар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтууд дээр хууль зүйн дүгнэлт хийнэ үү гэсэн. Цагдаагийн албан хаагчдын өөдөөс эсэргүүцэл үзүүлсэн энэ үйл баримтыг бас онцгой анхаараач, энэ хүн чинь үйлдэл, эс үйлдэхүйгээ мэдэхгүй бусдын шаардлагаар Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг гэж болохгүй юм. Ийм болохоор энэ гэмт хэргийн үйлдэл нь бас шууд санаатай харагдахгүй бусад нотлох баримтуудаараа няцаагдаад байгаа болохоор үүн дээр гэм буруугийн асуудлаар хэлэлцэх боломжгүй байна...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг шүүх бүрэлдэхүүн тал бүрээс нь шалгаж, үнэлэхэд:

 

Б.Быг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мөрдөх байгууллагаас саатуулан шалгахад, түүний замын хөдөлгөөнд оролцон жолоодон явсан ******* улсын дугаартай Мерседес Бенз С350 загварын тээврийн хэрэгслээс НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, цэвэр жин нь 147,3494 грамм “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэн хураан авсан,

Мөн Б.Б нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 20 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “********” нэртэй “ПиСи” тоглоомын газрын үүдэнд Э.Уыг “хойшоо зогс, хана налаад суу, инээгээд байна уу” гэх зэргээр дарамтлан хутга гарган далайсан, улмаар энэ үйлдлээ үргэлжлүүлэн 21 цаг 10 минутын үед уг тоглоомын газар орж Э.У руу 4-өөс 5 удаа хутгатай гараараа хүчтэй савчиж, түүний зүүн суганы доод хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

2023 оны 08 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** дугаар байрны гадна гомдол мэдээлэл дуудлагын ирсэн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Н.Ба нь Б.Бын үйлдлийг таслан зогсоох зорилгоор “хутгаа хаячих” гэсэн шаардлага тавихад “би шийдсэн хүн шүү, бүгдийг чинь ална шүү” гэж эсэргүүцэж, гартаа барьсан хутгаараа далайх үйлдэл тодорхой цаг хугацаанд үргэлжлүүлэн хийсэн үйл баримтууд тус тус тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт нь:

Хохирогч Э.Уын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 20 цаг өнгөрч байхад Болдоо ах найз М бид хоёрыг писиний гадна талд дуудсан. Тэгээд бид 3 уулзаж байтал Болдоо ах шууд дүү нар яагаад байгаа юм бэ, инээгээд байгаа юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь та яагаад байгаа юм бэ гэтэл өврөөсөө том хутга гаргаж ирээд гараа далайхаар нь М шатаар доошоо зугтааж би ажил руугаа орж хаалгаа хаасан. 10 гаруй минутын дараа хүн гарах хэрэгтэй болоод хаалга онгойлготол орж ирээд толгой компьютерын ойролцоо байсан над руу хутгаараа далайгаад саваад л байсан. Тэгж байгаад миний зүүн суга хэсгийг дүрсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-р хуудас/,

Хохирогч Э.Уын дахин өгсөн: “... Б ах намайг хана налаад суу гэж тушаасан. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ гэсэн чинь халаасандаа гараа хийгээд юм гаргаж ирэх гэж байх шиг байсан. Энэ үед М шууд Б ахын баруун гарын бугуй хэсгээс нь барьж аваад зогсоох гэж оролдсон, харин Б ах баруун халааснаасаа гаргаж ирсэн хутгаа зүүн гap руугаа шилжүүлээд далайгаад над руу дайрсан. Тухайн үед манай найз М гарыг нь тавиад зугтаасан. Харин би писи тоглоомын газар руугаа ороод үүдний хаалга болон дотор хаалгаа хамт түгжсэн... Б ах баруун гартаа хутга бариад намайг хутгалах гээд дайраад байсан. Энэ үед би сандал бариад Б ахыг холдуулах гэж чичиж зогссон. Текний ард би өөрийн эхнэртэйгээ хамт байсан болохоор айгаад юу ч хийж чадахгүй байсан. Б ах над руу хэд хэдэн удаа далайж савах үед хамгийн сүүлийн савалт нь миний зүүн хавиргыг онож хутгалсан. Б намайг хутгалчхаад хутгаа бариад гараад явчихсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 16-р хуудас/,

Гэрч Н.Бдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б 2 гартаа хутга барьчихсан орж ирээд админ залууг учир зүггүй далайж хутгалаад байсан. Тэгэхээр нь би болиулах гээд очтол наашаа харахаар нь би зугтаагаад гарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-р хуудас/,

Гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 20 цагт ажлаа тарчхаад нөхөр Уын ажилладаг “*****” нэртэй цахим тоглоомын газарт ганцаараа ирсэн. Намайг очиход манай нөхрийн найз Х манай нөхөр хоёр хамт байсан. Намайг ирээд удаагүй байхад гаднаас нэг эрэгтэй хүн орж ирэхэд манай нөхөр тэр хүнийг Б ах юу байна гээд мэнд мэдэхэд тэр хүн аан чи гарч байгаа юм уу гээд гараад явсан. Нөхөр бид хоёр текний ард хоёулаа сууж байхад 21 цагийн орчим Хуягаа гадагш гарахад нь манай нөхөр араас нь тамхилах гэж гарсан. Гараад 5 минут орчмын дараа манай нөхөр ганцаараа буцаж орж ирээд хаалга дотроос нь түгжээд тоглоомын газрынхаа хаягийг зааж өгөөд хутгатай хүн байна гэж цагдаад дуудлага өгсөн. Дуудлага өгч байхад гадна хаалгыг Б гэдэг хүн нүдэж байгаад болиод явчихсан. Явсных нь дараа нөхөр бид хоёр тоглоомын газрын үүдний бичлэгийг шүүж үзэхэд Х манай нөхөр, Б гурав тамхилж зогсож байхад Б гэх хүн цээжнээсээ хутга гаргаж ирэхэд Х гарыг нь бариад авсан. Тэгсэн чинь Б гэх хүн нөгөө гараараа хутгаа аваад далайхад Х зугтчихсан. Манай нөхөр шууд тоглоомын газар руугаа эргэж орж ирсэн байсан. Тэгээд 15 минут орчмын дараа цахим тоглоомын газарт үйлчлүүлж байсан хүн гаръя гэхээр нь хаалгаа онгойлгосон. Тэгээд буцаж түгжээгүй юм шиг байна лээ. Би утсаа оролдоод текний ард сууж байсан чинь манай нөхөр миний хажуугаар текний доогуур ороод ирсэн. Тэгээд би өндийгөөд харсан чинь нөгөө хаалга нүдээд байсан Болдоо гэдэг хүн буцаад ороод ирсэн нэг гартаа хутга барьчихсан манай нөхөр руу далайгаад гараараа савчаад дайраад байсан. Тэр үед би яг хажууд нь зогсож байсан. Миний урдуур гар нь яваад манай нөхөр рүү дайраад байсан. Би текний хойноос гүйгээд гараад ирсэн чинь манай нөхрийн өмссөн байсан цагаан өнгийн футболк зүүн талынхаа суганы хэсэгт цус болчихсон байсан. Нөгөө Б гэх эрэгтэй хүн хутгаа барьчхаад манай нөхөртэй хэрэлдээд ална гээд л зогсоод байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-р хуудас/,

Гэрч А.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өчигдөр орой 21 цагийн үед өөрийн ажилладаг “********” гэх Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах интернэт тоглоомын газраас гадаа гарахад үүдэнд зүс таних Б гэх залуу зогсож байсан. Тэгэхээр нь би очоод сайн уу ахаа гэж мэндлээд тамхи татаад зогсож байхад араас цуг ажилладаг найз У гарч ирсэн. Б хойшоо зогс гэсэн чинь У та яагаад байгаа юм бэ би яасан юм бэ гэсэн чинь Б ах би чамайг хойшоо зогс гэж байна ш дээ гэж хэлээд л өмсөж явсан яакны энгэрийн халааснаасаа том хутга гаргаад ирсэн. Тэгэхээр би нөгөө хутгатай гараас нь бариад авсан чинь нөгөө гартаа хутгаа шилжүүлээд та нар яагаад байгаа юм бэ гээд шууд орилоод эхэлсэн. Тэгсэн У дотогшоо хаалгаар ороод явсан. Тэгэхээр нь би Б ахын гарыг нь тавиад шатаар гүйгээд л зугтаасан. Тэгээд У руу залгаад хаалгаа битгий онгойлгоорой цагдаа дууд гэж хэлээд гэрийнхээ гадаа очоод тамхи татаад тайвширчхаад буцаад ирсэн чинь Б ах гадаа эргэлдээд явж байхад нь би цагдаа иртэл харж байя гээд зогсож байхад над руу У залгаад намайг Б ах хутгалчихлаа гэсэн тэгээд Б ах холдоод явахаар нь би ажил руугаа яваад орсон чинь У нил цус болсон зүүн суганы доороо нэг гараараа дараад байж байсан. Тухайн үед Б.Б ахаас ямар нэгэн архи, согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй байсан. Харин сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байсан үгүйг сайн мэдэхгүй байна. Гаднах төрх нь 2 нүд нь улаанаар эргэлдсэн хараа нь тогтохгүй зүгээр байж байснаа гэнэт л уурлаад эхэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-р хуудас/,

Хохирогч Н.Баын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Анх хэргийн газарт цагдаагийн дэд ахлагч Н.Э-ын хамт ЦЭЦ-115 чиглэлд үүрэг гүйцэтгэж байгаад очсон. Энэ чиглэл нь Баянзүрх дүүргийн 6, 15, 18 дугаар хороог хариуцсан чиглэл юм. Анх писи тоглоомын газарт хүн хутгалуулсан гэсэн дуудлага ирсний дагуу... дуудлагаар очих үед хэргийн холбогдогч гараад зугтаасан гээд хутгалуулсан залуу сууж байсан. Ингээд эмнэлэг дуудчихаад ирэх хугацаанд нь писи тоглоомын газрын хяналтын камерыг шүүсэн. Хяналтын камерыг шүүгээд сууж байх үед эмч ирсэн. Яг энэ үед нэг залуу гаднаас орж ирээд урд угаалгын газар луу явсан байж магадгүй гэж хэлсэн... Тэгтэл *** байрны хажуу талаас нэг танихгүй эмэгтэй хүн “хутгатай хүн байна” гээд гүйж ирсэн. Тэгээд гүйгээд яваад очтол **** байрны *** дугаар орцны үүдэнд камераар харсан хүн мөн байсан. Ингээд бид хоёрыг харчхаад урагшаа чиглэлтэй алхаад явахаар нь араас нь хөөсөн чинь бид хоёроос шууд зугтаасан. Араас нь хөөгөөд 22б байрны үзүүр хэсэгт гүйцэж очих үед Б над руу эргэж хараад үүрч явсан жижиг цүнхээ тайлж хаяад ойртох юм бол ална шүү гээд хутгатай гараараа далайгаад над руу дайрсан. Тэр хүн хутгаа хоёр гартаа скочоор ороосон байдалтай харагдаж байсан. Ингээд би энгэрийн камераа асаагаад гартаа резинэн бороохойгоо бариад хутгаа хаячих гэсэн чинь би хутгаа хаяхгүй би шийдсэн хүн шүү бүгдийг чинь ална шүү гээд шаардлага биелүүлээгүй. Мөн хажуугаар өнгөрсөн хүмүүсийг ална шүү хутгална шүү гэж хэлж байсан. Ингээд Быг тайвшруулах зорилгоор ярилцлага хийсэн. Ятгасан, тамхилсан. Энэ үедээ жижүүрийн бүрэлдэхүүнийг дуудсан. Энэ үед цагдаагийн дэслэгч Бааар ахлуулсан бүрэлдэхүүн хэргийн газар дээр нэмэлтээр ирсэн. Ингээд Быг тойрч зогсоод ярилцлага хийсэн. Б тухайн үед ойртож ирээд үзээрэй та нар баатар болох гэж байж үхэв гээд хутгатай гараараа далайгаад дөхүүлэхгүй байсан. Хутгыг нь булааж авах гээд 2 удаа ойртож оролдлого хийсэн боловч скочтой байсан учраас хутгыг нь булааж авч чадаагүй. Ингээд Бтай 3 цаг орчим ярилцаад амжилтад хүрээгүй. Энэ байдлаа хэлтсийн даргад танилцуулсан. Ингээд Нийслэлийн цагдаагийн газар, манай газар гээд маш олон хүмүүс хэлэлцээр хийхээр ирсэн. Би Бтай ойрхон буланд шахаад зогсож байсан болохоор яг ямар хүмүүс ирснийг мэдээгүй. Харанхуй байсан. Дарга нар хэлэлцээр хийгээд ярилцахад ямар ч хүнд буулт хийхгүй эсэргүүцэж байсан. Бын ганц тавьж байгаа шаардлага нь миний бага хүүхдийг уулзуул би амиа хорлоно гэж байсан. Миний сүүлчийн хүслийг биелүүл гэж байсан. Ингээд хэлэлцээр нь амжилтгүй болоод баривчлах ажиллагаа эхэлсэн. Хэн буудсан эсэхийг мэдэхгүй. Миний ойролцоо зогсож байсан энгийн хувцастай хүн буун дуу гарахтай зэрэгцээд дайрна шүү гэж хэлсэн. Эхний буун дууг Бын дээгүүр буудах үед Б үсэрч босоод орилоод яах гээд байгаа юм бэ? гээд хутгаа далайж эхэлсэн. Ингээд дараалсан дахин 2 удаагийн буудлагаар Быг оносон. Быг дарж байгаад гавласан. Мөн энэ үед скочидсон байсан хутгыг гараас нь салгаж авсан. Ингээд босгож зогсоож байгаад биед үзлэг хийхэд бас нэг хутга гарч ирээд нийт 3 хутга хурааж авсан. Би хамгийн анх очоод хутгаа хаячих гэсэн шаардлага тавих үед хутгаа хаяхгүй ойртвол ална шүү гээд миний тавьсан шаардлагыг биелүүлээгүй. Тухайн үед Баас тавьсан шаардлагыг бүгдийг биелүүлсэн. Б хамар битүүрээд байна, хамрын цацлага авч ир гээд хамрын цацлага авч өгсөн. Ам цангаад байна гээд 2 ч удаа ус авч өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 124-р хуудас/,

Гэрч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б гэх хүн бид хоёрыг хараад гүйчихсэн. Бид 2 хойноос нь гүйгээд нэлээн зэрэгцээд ирэхэд 22б байрны урд талын Хард роктой байрны хашаанд тулаад мухарт шахагдаад тулаад зогссон. Тэгээд барьж явсан цүнхээ газарт хаяад эргээд харахад 2 гартаа хутга бариад тэрийгээ дээрээс нь гартаа скочоор ороож тогтоосон байсан. Бид 2 дөхөж очиход ойртвол ална шүү, би шийдчихсэн хүн шүү, шууд дүрнэ шүү гээд орилоод байсан. Тэгээд бид 2 за чи хутгаа хаячих аа гэж зөндөө хэлсэн. Бид хоёрыг бол эсэргүүцээд ойртвол ална шүү гээд бид хоёрын үгийг авахгүй эсэргүүцсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99-р хуудас/,

Гэрч В.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны ***** гэх газар үер усны гамшиг болсон голомтод ажиллаж байхад 102 дугаарын утсанд Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “-*****” гэх нэртэй тоглоомын газарт хүн хутгалсан хэргийн газарт манай удирдлагууд очиж хүн хутгалсан иргэнтэй ярилцлага хийж хутгыг нь тавиулах гэсэн боловч шаардлага эсэргүүцээд байсан учраас намайг үерийн голомтоос дуудаж хутгатай иргэний үйлдлийг таслан зогсоох үүрэг өгсөн. Үүний дагуу үерийн голомтоос ажил дээрээ ирээд нэг бүрийн тусгай хэрэгсэл болох “****” маркийн резинэн сумаар бууддаг бууг аваад хэргийн газарт очсон. Намайг очих үед хоёр гартаа хутга барьсан, хутгаа гартаа скочидсон байдалтай эрэгтэй хүн мансуурсан байдалтай ойртох юм бол та бүхнийг хутгалаад өөрийнхөө амийг хорлоно гэсэн яриа өгүүлэл гаргаад сууж байсан. Энэ үед цагдаагийн удирдлага болон тухайн хүний ойр орчимд байсан цагдаагийн алба хаагч тэр иргэнийг хутгаа хаячих гэсэн шаардлагыг удаа дараа тавьсан боловч тэр иргэн шаардлагыг биелүүлэхгүй, дөхсөн цагдаагийн алба хаагч руу хутгаа далайсан үйлдлээ үргэлжлүүлж байсан. Ингээд авч ирсэн тусгай хэрэгсэл болох “Ekol” маркийн резинэн сумаар бууддаг бууг удирдлагад танилцуулахад аюулгүй байдлаа хангаад араар нь тойрч очоод хэрэглэ гэсний дагуу хутга барьсан иргэний хойд хашааны цаанаас 5 метр орчим зайнаас Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны А/224, А/102 дугаар тушаалаар баталсан “Биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар”-ын дагуу алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх журмын дагуу нэг удаа анхааруулж хий буудсан. Энэ үед хутга барьсан иргэн босож ирээд довтолгоогоо үргэлжлүүлэх гэхэд нь журамд заасны дагуу зузаан мах хэсэг болох хонго хэсэг рүү нь 2 удаа буудсан. Ингээд дайчлан баривчилсан. Дайчлан баривчилсны дараа хутгатай иргэний биед үзлэг хийхэд зүүн талын хонгоны мах болон хавирганы доод хэсэгт сумны ором гарсан байсан. Би нийт 3 удаа буудсан. Эхний буудалт нь хий буудсан, дараагийн буудсан нь хонго хэсэгт, хамгийн сүүлийн буудалт нь хонго хэсэгт барьсан буудсан боловч хавирга руу буудагдсан байсан. Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, 23.6 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй”, 23.7 дахь хэсэгт Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл хуулийн дагуу явуулж байгаа ажиллагаанд нь саад учруулсан бол албадан гүйцэтгэж, гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 133-р хуудас/,

Гэрч А.Х-тын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт хутгатай хүн алба хаагч эсэргүүцээд байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу тус хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид бие бүрэлдэхүүнээрээ очсон. Очих үед яллагдагч Б.Б нь хоёр гартаа хутга барьж гараа скочоор ороосон байдалтай байсан. Тухайн үед яллагдагч Б.Бт хандан цагдаагийн байгууллагын зүгээс удаа дараа хутгаа газарт тавихыг шаардахад “би шийдсэн хүн, нэг бол би үхнэ, нэг бол насаараа шоронд явна” гэж орилж тогтворгүй байсан. Яллагдагч Б.Бт удаа дараа хутгаа тавихыг цагдаагийн алба хаагчид шаардахад хүүхэдтэйгээ уулзмаар байна гэж байсан. Тухайн үед Б.Б нь хутгаа тавихгүй мөн сэтгэл санааны хувьд тогтворгүй байсан тул хүүхдийг нь уулзуулах боломжгүй аюултай байсан болохоор Б.Бын зүгээс тавьсан шаардлагыг биелүүлээгүй. Гэхдээ эхнэр, хүүхдийг нь бол холоос харуулж байсан. Яллагдагч Б.Б нь амиа хорлох талаар болон шоронд суух талаар чанга орилж шаардлага тавихад үл ойшоож байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 137-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2655 дугаартай “Б.Б гэж хаягласан шээсний дээжээс метамфетамин илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 159-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2656 дугаартай “1 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйлийн цэвэр жин нь 29,1494 грамм, 2 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйлийн цэвэр жин нь 118,2 грамм болов. Г-126 134,5 грамм мөс мэт зүйл гэж хаягласан гялгар ууттай цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйлээс метамфетамин илэрсэн. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 164-165-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 10073 дугаартай “Э.Уын биед цээжний зүүн талд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 31-32-р хуудас/,

Мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Баянзүрх дүүргийн * дугаар хороо, Бөхийн өргөөнөөс урагш яваад ***** маркетын ойролцоо ПиСи тоглоомын газрын гадна тал болон дотор талын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 14-20-р хуудас/,

2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Баянзүрх дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******” нэртэй писи тоглоомын газарт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 21-27-р хуудас/,

Мөрдөгчийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 127-130-р хуудас/,

Мөрдөгчийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Б.Бын биед үзлэг хийсэн буюу хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 131-136-р хуудас/,

****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос нэгжлэг хийж хураан авсан 147.3 грамм цэвэр жинтэй цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, хар өнгийн жижиг гар жинг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 138-140-р хуудас/ зэрэг агуулга бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтуудад хуулийн дүгнэлт хийх нь:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийг тодорхойлсон.

 

НЭГ: 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шүүгдэгч Б.Быг мөрдөх байгууллагаас саатуулан шалгахад, түүний замын хөдөлгөөнд оролцон жолоодон явсан ****** улсын дугаартай ******** загварын тээврийн хэрэгслээс НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, цэвэр жин нь 147,3494 грамм “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэн хураан авсан үйл баримтын тухайд:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол...” гэж уг гэмт хэргийн шинжийг заасан. 

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулсан хуульд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын Конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын Конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгох”-оор тодорхойлжээ.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Эмчийн заалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх жор авсан өвчтөн уг эмийг хэрэглэж болно” гэж, мөн Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... Хувь хүмүүс зохих ёсоор зөвшөөрөл авсны дагуу эмчилгээний буюу эрдэм шинжилгээний чиг үүргийг хэрэгжүүлэхээр II, III, IV жагсаалтад орсон бодисыг хууль ёсоор олж авах, хэрэглэх, олгох буюу хангаж болохоос бусад тохиолдолд эдгээр бодисыг зөвхөн эмчийн жороор хувь хүмүүсийн хэрэглээнд нийлүүлэх буюу олгохыг талууд шаардана...” гэж тус тус зохицуулсан.

 

            Иймд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, энэ төрлийн эм, бэлдмэлийг хууль ёсны зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор онцгой тохиолдолд хэрэглэхэд зориулж эмчийн жороор эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад арга, байдлаар олж авсныг хууль бус гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж ойлгоно.

 

            2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Б.Быг мөрдөх байгууллагаас саатуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шалгахад түүний ****** улсын дугаартай тээврийн хэрэгслээс НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай цэвэр жин нь 147,3494 грамм мөс гэх нэршилтэй бодисыг илрүүлсэн, тэрээр энэ сэтгэцэд нөлөөт бодисыг тухайн тээврийн хэрэгсэлдээ авч явсан үйлдлээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодис хадгалах гэмт хэргийн шинж хангагдана.

 

Харин гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийн хувьд, шүүгдэгч Б.Б нь “мөс” гэх нэршилтэй бодисыг их хэмжээгээр буюу 147,3494 граммыг олж авсан, энэ бодисоо жижиг гар жингийн хамт хадгалж байсан байх ба их хэмжээний бодисыг олж авсан арга, сэдэлт, зорилгын хувьд Б.Б нь өөрт хэрэглэх бус, цаашлаад бодисыг хуваах, хэмжих нөхцөл байдалтай байсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн дүрс бичлэг /1-р хх-127-р хуудас/ зэргээр нотлогдсон байна.

 

Сэтгэцэд нөлөөт бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлэх, хүн өөрийгөө удирдан жолоодох чадвар муудах, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах үйлчилгээ үзүүлэх бодис болохын зэрэгцээ хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, улмаар хүний удмын санд нөхөж баршгүй гэм хортой юм.

 

Иймд шүүгдэгч Б.Б нь нийгмийн хор аюул, уршигтай бодисыг их хэмжээгээр өөрөө хэрэглэх зорилгоор хадгалсан бус худалдаалах зорилгоор хадгалсан гэж үзэж, түүнийг гэм буруутай тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

ХОЁР: Б.Б нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 20 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “************” нэртэй “ПиСи” тоглоомын газрын үүдэнд Э.Уыг “хойшоо зогс, хана налаад суу, инээгээд байна уу” гэх зэргээр дарамтлан хутга гарган далайсан, улмаар энэ үйлдлээ үргэлжлүүлэн 21 цаг 10 минутын үед уг тоглоомын газар орж Э.У руу 4-өөс 5 удаа хутгатай гараараа хүчтэй савчиж, түүний зүүн суганы доод хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримтын тухайд:

 

Мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Баянзүрх дүүргийн **** дугаар хороо, Бөхийн өргөөнөөс урагш яваад ******с маркетын ойролцоо ПиСи тоглоомын газрын гадна тал болон дотор талын камерын бичлэгт үзлэг хийн “...01 минут 05 секундээс эхлэн захын малгайтай эрэгтэй мэт хүн нь энгэр хэсгээсээ нарийн зүйлийг баруун гараараа гаргаж, ирээд далайж голд зогсож байсан залуу руу дайрч байгаа нь бичигдсэн байна. Голд зогсож байсан залуу нь эсэргүүцэл үзүүлэн шатаар буун зугтаж байна... Бичлэгийг цааш үргэлжлүүлэн үзэхэд бичлэг эхлээд 02 секунд дээр өмнөх бичлэгт энгэрээсээ нарийн хутга мэт зүйл гаргаж ирсэн саравчтай малгайтай залуу нь гаднаас орж ирээд писи тоглоомын газрын тек хэсэг рүү явж байгаа нь бичигдсэн байхыг доорх зургаар харуулав... 08 дахь секунд дээрээс өмнөх бичлэгт гарсан саравчтай малгайтай, хутга мэт зүйл барьсан эрэгтэй хүн нь писи тоглоомын газрын тек хэсэг дээр сууж байх залуу руу 5 удаа тухайн хутга мэт зүйлээрээ далайлган довтолж байгаа нь дүрс бичлэгт бичигдсэн байна...” гэх тэмдэглэл болон энэ үйл явдлын талаар хохирогч Э.У, гэрч А.М, Н.Бд, С.Б нар Б.Б нь шалтгаангүйгээр хохирогч Э.Уыг хутгалахаар довтолсон, хутгалах үйлдэл хийсэн талаар мэдүүлсэн байна.

 

Дээрх байдлаас дүгнэвэл Б.Б нь Э.Уыг хутгаар гэмтээж алах зорилгоор үйлдэлдээ санаатай хандсан, уг үйлдлээ туйлд нь хүргэж гүйцэлдүүлсэн боловч хүний амь нас хохироогүй, харин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, хор уршиг учирчээ.            

 

Тодруулбал, шүүгдэгч Б.Б нь тухайн цаг хугацаанд үүссэн ямар нэг таарамжгүй харилцаа үүсээгүй, тодорхой шалтгаангүйгээр “******” нэртэй “ПиСи” тоглоомын газрын үүдэнд Э.Уыг “хойшоо зогс, хана налаад суу, инээгээд байна уу” гэх зэргээр дарамтлан хутга гарган далайх үйлдэл хийх явцад Э.У зугтаасан, тэрээр дахин энэ үйлдлээ үргэлжлүүлэн тоглоомын газарт орж Э.У руу 4-өөс 5 удаа хутгаар далайн савчих үйлдэл хийсэн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүний амьд явах эрхэд зориудаар халдсан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.” гэж тодорхойлсон.

 

Хүнийг алах хүсэл зоригийн дагуу хутгаар гэмтээх үйлдлээ хэд хэдэн удаагийн үйлдлээр хийсэн боловч хохирогч Э.У нь сандал авч, Б.Б довтолгоо, хутгалах үйлдлийг эсэргүүцэх, амь насаа хамгаалсан үйлдлээр Б.Бын хүсэл зориг биелэгдээгүй, хүнийг алах гэмт хэрэг төгсөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар бүлэгт заасан “Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг”-тэй объектив тал болон субьектив талын үндсэн шинж болох гэм буруугийн санаатай хэлбэрээрээ ижил, харин объект болон субьектив талын нэмэгдэл шинж болох зорилгоороо ялгаатай юм.

 

Хүнийг алах санаа зорилгоор халдсан боловч эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд хүнийг алах гэмт хэргийн завдалт гэж зүйлчлэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг болгон өөрчлөх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт үндэслэлгүй байна.

 

ГУРАВ. 2023 оны 08 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****дугаар байрны гадна гомдол мэдээлэл дуудлагын дагуу ирсэн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Н.Ба нь Б.Бын үйлдлийг таслан зогсоох зорилгоор “хутгаа хаячих” гэсэн шаардлага тавихад “би шийдсэн хүн шүү, бүгдийг чинь ална шүү” гэж эсэргүүцэж, гартаа барьсан хутгаараа далайх үйлдэл тодорхой хугацаанд хийсэн үйл баримтын тухайд:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилж, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “энэ гэмт хэргийг галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэж  уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлд хийсэн тайлбар хэсэгт “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно.” гэж тус тус тодорхойлсон тайлбартай.

 

2023 оны 08 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ***** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** дугаар байрны гадна Б.Бын үйлдлийг таслан зогсоохоор шаардлага тавьж ажилласан Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Н.Ба нь “хууль сахиулагч” юм.

 

Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус зааснаар хууль сахиулагч Н.Ба нь гэмт хэргийн талаарх үйлдлийг шалгах, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор шаардлага тавих, түүнийг нь аливаа хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй байна.

 

Хууль сахиулагч Н.Ба нь тухайн цаг хугацаанд хүний амь насанд халдаж, гэмтэл учруулсан, энэ үйлдлээ дахин гаргаж олон нийтийн гудамж талбайд гартаа хутга барьж бусдын амь нас эрүүл, мэнд, хөрөнгөд хохирол учруулж болзошгүй Б.Бын аюултай үйлдлийг таслан зогсоох, зорилгоор хутгаа хаях шаардлагыг түүнд тавьсан, Б.Б нь шаардлагыг үл биелүүлэн эсэргүүцэн үйлдлээ тодорхой цаг хугацаанд үргэлжлүүлэн хийсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Нөгөөтээгүүр цагдаагийн алба хаагч, бүрэлдэхүүн 2-оос 3 цагийн хугацаанд хэлэлцээр хийх, гараас хутгыг авах арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлсэн боловч тэрээр хутга гартаа барьж эсэргүүцэх үйлдлээ таслан зогсоох үйлдэл гаргаагүй, үг хэллэг, бие хүчээр үйлдлээ идэвхтэй үргэлжлүүлсний эсрэг хууль сахиулах байгууллагаас биеийн хүч, тусгай хэрэгсэл галт зэвсэг хэрэглэн түүний үйлдлийг хүчээр таслан зогсоосныг энэ гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн хутга нь бусад биетийг гэмтээх, хөнөөх, устгах зориулалт бүхий зэвсэг учраас түүнийг гартаа барьж хууль сахиулагч руу чиглүүлж сүрдүүлснээр шүүгдэгчийн зэвсэг хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйлдэл төгссөн байна.

 

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Б.Быг хүнийг алах гэмт хэргийг завдсан, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, хууль сахиулагчийг зэвсэг хэрэглэж эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Анхан шатны шүүх хэрэг маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “шүүгдэгчийн гэм буруугийн талаар санал бичих, уншиж сонсгох” гэж тус тус заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Л.Ц нь шүүгдэгч Б.Бын гэм буруугийн талаар түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлт гаргасан болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.

 

Хэрэгт хохирогчоор тогтоогдсон хохирогч Э.У, Н.Ба нар мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөртэй холбоотой баримтыг гаргаж хавтаст хэрэгт бэхжүүлж хохирол баримтаар нэхэмжлээгүй байна.

 

Харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.У энэ хэргээс үүдэлтэйгээр гарсан сэтгэцэд учирсан хор уршигт 7,000,000 төгрөг, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авсан зардал 2,000,000 төгрөг нийт 9,000,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

Хохирогч Э.У нь өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авч төлбөр төлсөн талаарх санхүүгийн анхан шатны болон баримтыг нотлох баримтаар хавтаст хэрэгт бэхжүүлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулаагүй тул тухайн зардлыг төлсөн гэж үзэж шүүгдэгч Б.Баас гаргуулах хууль зүйн боломжгүй юм.

 

Мөн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд... Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг/... гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан.

 

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын 3.6 “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс... /Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл/-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэж, холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэж аргачлалыг баталж, дагаж мөрдсөн.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын хавсралт 1 “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1 “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр... тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.” гэж,

Мөн журмын 2.2 “Энэ журмын 2.1.1-2.1.5... энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно...” гэж тус тус заасан.

 

Эдгээр эрх зүйн зохицуулалтаас үзвэл Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг/ гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг заавал Шүүх шинжилгээний байгууллагаар тогтоолгохоор байна.

 

Гэтэл хохирогч Э.Уын үндэслэл болгон нэхэмжлэл гаргасан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар бүхий баримт нь дээрх хууль, журам, жишиг аргачлалд заагдсаны дагуу хийгдээгүй, түүнчлэн хохирогч Э.У нь Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг/ гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийг хүснэгтээр тогтоосон нь хохирогчид учирсан сэтгэцэд учирсан хор уршгийг бүрэн үндэслэлтэй тогтоосон гэж үзэхэд учир дутагдалтай.

 

Хохирогч Э.У нь энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүх шинжилгээний байгууллагаар тогтоолгож гэм буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэл гаргахад энэ хэргийг шийдвэрлэхэд саад болохгүйн зэрэгцээ түүний эрхийг зөрчихгүй гэж үзэв.

 

Иймд хохирогч Э.У, Н.Ба нар нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол, цаашид хийлгэх эмчилгээний талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагын зорилго бол гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нийгэмшүүлэхэд оршино гэж заасан байдаг. Шүүгдэгч Б.Бын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн, энэ гэмт хэрэг нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэснээр хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотнын хүмүүсээ хэрэглээндээ татан оруулдаг, нийгмийн хор уршиг ихтэй гэмт хэрэг байдаг. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүний амь насыг хохирооход чиглэсэн шууд санаатай үйлдэл байдаг. Ингэснээр хүний амь нас хохирдог. Б.Бын хувьд хохирогчийн эсэргүүцэлтэй тулгарч таслан зогсоогдсон ийм үйлдэл байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж заналхийлсэн байдаг, улмаар цагдаагийн албан хаагч нар тухайн өдөр буюу 2023 оны 08 сарын 07-08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт түүний үйлдлийг таслан зогсоохоор нэлээдгүй цаг хугацаа, хүн хүчийг зарцуулж байж үйлдлийг нь таслан зогсоосон, баривчилсан байдаг. Тиймээс шүүгдэгч Б.Бын хувьд ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргүүдийн шинж, хор уршиг зэргийг нь харгалзаж ял шийтгэлийг нь оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Иймд шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан дээрх хорих ялуудыг нэмж нэгтгээд нийт 15 жилийн хорих ялыг оногдуулах саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна. Шүүгдэгч Б.Бт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлүүлэх, Б.Бын энэ хэрэгт хоригдсон 316 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа сэтгэцэд нөлөөт бодис болох 147,3 грамм бодис болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан хавсрагдан ирсэн 3 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шийдвэрлүүлэх, мөн хэрэгт хавсаргаж ирүүлсэн 3 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргуулахаар, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлүүлэх саналыг гаргаж байна...” гэх,  

 

Хохирогч Э.У эрүүгийн хариуцлагын талаар “... хэлэх саналгүй ...” гэх,

 

Хохирогч Э.Уын өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн эрүүгийн хариуцлагын талаар “...Прокурорын гаргаж байгаа ял оноох саналыг дэмжиж байна, нийгмийн хор аюул болон хохирогчийн хувийн байдалтай нийцүүлж олгож байна гэж үзэж байна. Тиймээс нэмж хэлэх ялын нарийвчилсан санал байхгүй...” гэх,

 

Шүүгдэгч Б.Бын эрүүгийн хариуцлага болон шүүх хандаж эцсийн болгож хэлсэн үгэндээ “...Өнөөдрийг хүртэл гэмт хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгч байсан учир хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж ялыг маань хөнгөрүүлж өгөөч. Би 11 сар хоригдсон, хоригдож байх хугацаандаа маш олон зүйлийг ойлгож ухаарсан. Гэр бүлдээ би ганцаараа ажил хийдэг, 3-17 насны 4 охин хүүхэдтэй. Би 4 хүүхдийн аав байж ийм газар хэрэг хийгээд зогсож байгаадаа маш их ичиж байгаа. Би хүн алъя гэж бодож байгаагүй, хар тамхи заръя гэж аваагүй. Тухайн нөхцөл байдалд ийм зүйл болсон нь үнэн, тэр гэм буруугаа зөвшөөрч байгаа. Надад оногдуулах шийтгэлийг хамгийн хөнгөн хэлбэрээр шийдэж өгөөч гэж чин сэтгэлээсээ хүсэж байна...” гэх,

 

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Б.Тэнгис эрүүгийн хариуцлагын талаар “...Дээд ял нь 3/2-оос хэтрэхгүй гэж байгаа, дээд ялын 3/2-оос хэтрэхгүйгээр, доошоо хязгаарлалтыг нь зааж өгөөгүй, хорих ялын доод хэмжээ 6 сараас юм уу 1 жилээс эхэлдэг. Тэгэхээр доод ялын тэднээс гэсэн бол бид нар ойлгох байх, үүн дээр ч бас бүрэлдэхүүн анхаараарай. Шийдвэрлэхдээ 1 жилийн хугацаагаар ч бас шийдэж болно. Завдсан хэрэг шүү. Нөхцөл байдлын хувьд бид нар ярьсан. Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг бид нар ерөөсөө хадгалаагүй гэж нэг үгээр хэлбэл гэм буруу дээр маргасан юм шиг 6 жил, практик амьдралаа бас бодъё, доод ял нь л 2 жил байгаа. Хэрвээ таны оруулж ирсэн зүйл заалтыг шүүх бүрэлдэхүүн гэм буруутай гэж тооцож байгаа бол 6 жилийг яах гэж, өөрөөр хэлэх юм бол хуульч нар энэ зүйл заалт дээр маргасан болохоор энэ хүнд хугацааг нь өндөрсгөж байгаа юм уу? Бид бүх талаас нь үнэлж, хууль зүйн дүгнэлт хийдэг, яагаад доодох нь байж болохгүй гэж. Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйл заалттай холбоотой зүйлийг ярьж байна. Нэг л зүйлийг хэлээд байгаа боловч шар хадны эмнэлгээр сэтгэц гэсэн дүгнэлт гараагүй болохоор энэ хүний үйлдлийг бид нар буруутгаж үзээд байна. Би эрүүгийн хариуцлага дээр хугацаа тавьж санал хэллээд байгаа. Хууль хэрэглээний хувьд хэргийн үйл баримтад нь гэм буруутайд тооцсон бол бас энэ оногдуулж болох зүйлийг эрүүгийн хариуцлагыг заавал өндөр цэгт тавих ямар шаардлага байгаа вэ? 3/2-оос хэтрэхгүй л гэсэн бол доошоо заалт байхгүй учир энэ 1 жилийн хугацаатай байсан ч болно гэсэн үг. Практик дээр ч ингэж хэрэглэгдсэн асуудал байдаг. Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл дээр хадгалсан гэх үйлдэл дээр бид маргаагүй, гарсан үйлдэл дээр маргаагүй, грамм жин дээр ч бас маргаагүй, зөвхөн худалдан борлуулах гээд таны яриад байсан шиг худалдан борлуулах зорилгоор хадгалсан гэдэг үг нь өгүүлбэрийн утгад байхгүй гэж заалт дээрээ маргасан. 23 дугаар зүйл дээр нэгэнт хууль сахиулагч байгууллагын ажилтнуудын тавьсан шаардлагыг эсэргүүцсэн энэ үйл баримт нь эрүүл ухаанаар бодсон, СиДи дээр байгаа нөхцөл байдлаараа буруутгагдах хэв шинж нь харагдаж байгаа бол доод хэмжээсийг нь бариад өгчхөөч ээ. Өөрсдөө ч бас зогсоохдоо 3 удаа буудчихсан, буруу газраа ч буудсан гэдгээ хэлээд байгаа. Энэ тусгай ангид заагдсан хуулийн заалтуудын доод хэмжээг бариад шийдчихэж болох юм. Өөрөөр бол үйлчлүүлэгч маань буруугаа хүлээгээд байгаа алах бодол, худалдах санаа бодол байгаагүй, 50,000 төгрөгөөр санал болгохоор нь авчихсан гэж үнэнээ яриад байгаа. Уг нь шүүгдэгч нар шүүх хуралдаанд ямар хэмжүүртэй оролцож байна гэдгийг эрүүгийн хариуцлагыг бүх талаас нь бодож дүгнэж тоо хэлэхдээ оролцсон оролцооных нь хэлбэр, хэлж байгаа болон асуусан асуулт бүгдийг нь судалчихвал болно...” гэх,

 

            Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ж.Гантулга эрүүгийн хариуцлагын талаар “...Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй танилцлаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан 7 жилийн хорих ял оногдуулж байна, хууль тогтоогч эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг энэ хуулийн тусгай ангийн тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний 3-ны 2-оос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна гэж байгаа. Энэ хорих ялыг 7 жилээс бага хорих ялаар шүүхэд завдалт дээр 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэхдээ яллагдагчийн гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, энэ гэмт хэрэг үйлдэгдсэн нотлох хэмжээний хүрээ энэ байдлыг харахад гэмт хэрэг үйлдэхдээ байсан сэтгэл санааны байдал, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд хорих ялын хэмжээг 3 жил хүртэл хорихоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг дээр хорих ялын хэмжээ нь 2-8 жил байгаа учир хорих ялын доод хэмжээ 2 жил, 23.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт 1-5 жилийн хорих ял байгаа учир хорих ялын доод хэмжээ 1 жил нийт 5 жил нээлттэй хорих ангийн дэглэмд эдлүүлж өгнө үү. Өөрөөр хэлбэл яллагдагчийн ар гэрийн байдал, өндөр настай эх, бага насны хүүхэдтэй байгаа ээж нь элэгний хорт хавдар тусаад эмчилгээ, тусламж үйлчилгээ аваад байж байгаа байдлыг харгалзан үзээд хорих ялыг оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Б.Бын холбогдсон гэмт хэргийн эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна.” гэж заасан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.

 

Шүүх шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг харгалзан үзэв.

 

            Шүүгдэгч Б.Бын хувийн байдлын хувьд хэрэгт авагдсан баримтаар 39 настай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь 5 удаа ял шийтгүүлж байсан нөхцөл байдал тогтоогдсон бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж их хэмжээний мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хадгалсан, хүний амьд явах эрхийн эсрэг болон хууль сахиулагчийг эсрэг зэвсэг хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас хорих ялыг сонгон, ялыг 6 жилийн хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт зааснаар 3 жилийн хорих оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

 

            Шүүгдэгч Б.Быг тодорхой хугацаанд эрх чөлөөг нь хязгаарлаж, олон нийтээс тусгаарлаж, тусгай хорих байгууллагад байлгах нь түүний хийсэн үйлдэл, хэрэг явдал, тэдгээрээс үүсэх үр дагаврыг өөрийн биеэр хариуцах, хохирогч нарын зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох буюу шударга ёсны зарчимд тохирно гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “... Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна...” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “... гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ...” гэж заасан.

 

“******” financial corporation ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/1033 дугаартай “Б овогтой Б нь 2023 оны 04 сарын 13-нд ***** 2022/ ****** автомашиныг барьцаалан сарын 3,2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай 35,000,000 сая төгрөгийн зээл авсан. Б нь зээл авсан хугацаанаас хойш огт төлөлт хийгээгүй бөгөөд манай байгууллагаас 2023 оны 09 сард уг барьцааг гэрийн гаднаас хураан авсан бөгөөд Б.Бын гэр бүлийн хүн болох эхнэр Э.Одмандахын хүсэлтээр 2023 оны 11 сарын 27-нд барьцаа хөрөнгийг худалдан борлуулж зээл хаагдсан...” гэх тодорхойлолт ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг улсын орлого болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр сэжигтнээр баривчлагдсан болон яллагдагчаар 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 316 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад  зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн 3 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, ажлын хэсэг нь 20 см урттай мөнгөлөг өнгийн 10 см урт иштэй хутга 1 ширхэг, ажлын хэсэг нь 10 см урттай бор өнгийн 9 см урт иштэй хутга 1 ширхэг, ажлын хэсэг нь 7 см урттай бор өнгийн 13 см урт иштэй эвхэгддэг хутга 1 ширхэг нийт 3 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цэвэр жин нь 147,3 грамм цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, хар өнгийн жижиг гар жин зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

                                                                                                

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******** овогт Б-ийн Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алахыг завдсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Бын нийт эдлэх хорих ялын хэмжээг 14 жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Бт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 316 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.

 

            6. Хохирогч Э.У, Н.Ба нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрсдийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох Б.Баас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, ажлын хэсэг нь 20 см урттай мөнгөлөг өнгийн 10 см урт иштэй хутга 1 ширхэг, ажлын хэсэг нь 10 см урттай бор өнгийн 9 см урт иштэй хутга 1 ширхэг, ажлын хэсэг нь 7 см урттай бор өнгийн 13 см урт иштэй эвхэгддэг хутга 1 ширхэг нийт 3 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цэвэр жин нь 147,3 грамм цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, хар өнгийн жижиг гар жин зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

9. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.ОТГОНБААТАР

 

                                    ШҮҮГЧ                                                           А.БАТМАНДАХ

 

                                    ШҮҮГЧ                                                           С.ӨСӨХБАЯР