| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 164/2024/0141/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/140 |
| Огноо | 2024-08-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/140
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,
Улсын яллагч Б.Түвшинтөр,
Шүүгдэгч А.Ц нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Е овгийн Аийн Ц-д холбогдох 2416000000151 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ***** аймгийн ****** суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын хамт ****** аймгийн ***** сумын ****** багийн ***** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор А.Ц-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан, ***** регистрийн дугаартай, Е овгийн А-ийн Ц,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.Ц нь 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 06 дугаар сарын 03-нд шилжих шөнө ***** аймгийн ***** сумын **** багийн 1-20 тоот хашаанаас Б.О-н эзэмшлийн цэнхэр өнгийн **** улсын дугаартай мустанг-150 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.О-т 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн А.Ц нь согтуурсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 05-ны шөнийн 04 цагийн үед Говь-Алтай аймгийн ***** сумын **** багийн нутаг дэвсгэрт гудамжинд хохирогч А.Д-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож улмаар түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Нэг.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч А.Ц 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 06 дугаар сарын 03-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн **** сумын *** багийн *** тоот хашаанаас Б.О-н эзэмшлийн цэнхэр өнгийн **** улсын дугаартай мустанг-150 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдлоо.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч А.Ц гэм буруутай болох нь:
1.Хохирогч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Говь-Алтай аймгийн *** сумын *** ****тоот хашаанд хоёрдогч түүхий эд мотоцикл машин авч зарж борлуулдаг ажил хувиараа хийдэг юм. 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Ц гэх залуу миний дугаар руу залгаад мотоцикл авах уу гэж асуугаад үзэж хараад авъя гэтэл манай хашаанд унаад хүрээд ирсэн юм. Би тухайн цэнхэр өнгийн мустанг-150 маркийн мотоциклийг үзэж хараад тухайн залуугаас 1,000,000 төгрөгөөр худалдан авсан юм. Худалдаж авахдаа тухайн мөнгийг өөрийн ******* дугаартай данснаасаа ****** данс руу интернэт банк ашиглаж шилжүүлж авсан. Авахдаа мотоциклийн гэрчилгээ нь байхгүй байсан болохоор дараа нь авч ирээд өгөөрэй гэж хэлээд наймаагаа хийгээд явуулсан юм. Хашаан дотор байсан мотоциклуудаа 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр бүртгэж үзэхэд нөгөө авсан мотоцикл байхгүй болчихсон байсан болохоор хашаан дотор байдаг хяналтын камераа шүүж үзтэл 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны шилжих шөнө хашааны зүүг хойд хаалгаар хүн орж ирээд тухайн алга болсон мотоцикл дээр очоод эргэж хашааны баруун хойно байх хаалга онгойлгоод буцаж очиж түрж хашаанаас гаргаад унаад явсан дүрс камерт бичигдсэн байсан юм. Тухайн хүний царай нь харанхуй учир харагдахгүй байгаа бөгөөд ажлын гэрэл ойлгогчтой канттай цамцтай болох нь харагддаг. Мөн хип хоп загварын малгайтай эрэгтэй хүний дүрс бичигдсэн байсан. Хамгийн гол нь хашаан дотор олон мотоцикл байхад тухайн хүн нь шууд тэр мотоцикл дээр мэддэг хүн шиг очоод хашаанаас гаргаад асааж аваад явсан байгаагаас харахад Ц гэх залуу надад зарсан мотоциклио өөрөө хулгайлсан байх гэж бодож сэжиглэж байгаа юм. Цэнхэр өнгийн мустанг-150 маркийн 69-99 ГАЗ дугаартай 2021 онд үйлдвэрлэгдсэн байсан мотоцикл юм. Шинэвтэр өнгө үзэмж сайтай мотоцикл байсан. Би тухайн өдрийн 11 цаг 30 минутын орчимд *** сумын 3 дугаар сургуулийн дээд засмалаар дээрээсээ доошоо уруудаад явж байтал миний хажуугаар Ц цэнхэр өнгийн мотоцикл унаад гараад явах шиг болохыг гэнэт таньж хараад араас нь өөрийнхөө машинаар аажуухнаар дагасан. Тэгтэл дээшээ чигээрээ явсаар байгаад тасархай гудамжаар өгсөөд ногоон дэлгүүрийн урдуур гарч ирээд дээшээгээ дахиад өгсөөд засмалаас гараад явахаар нь араас нь давхиж очоод хөөш зогс гэтэл намайг харснаа шууд зугтаагаад аймгийн төв рүү яваад өгсөн юм. Би араас нь хэсэг дагаж явж байгаад алдчихсан юм. Цэнхэр өнгийн мустанг-5 маркийн мотоцикл байсан. 69-99 ГАЗ улсын дугаартайгаа, давхар кирлонтай яг надад зарсан би хашаанаасаа алдсан мотоцикл яг хэвээрээ байсан. Би хараад шууд таньсан юм. Ц буюу Тоогоо гээд надад мотоцикл зарсан залуу өөрөө унаад явж байсан юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-17-р хуудас/,
2.Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай нөхөр 2024 оны 06 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө *** ****тоот хашаанаас Ц мустанг-5 маркийн мотоциклоо хулгайд алдсан юм. Тэр мотоциклийг өмнө нь Ц гэх залуугаас авч байсан. Тухайн залуу нь мотоцикл хулгайд алдагдсаны дараагаар буюу 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр аймгийн дээд талд тухайн алдагдсан мотоциклийг унаж явж байгаад манай нөхөр таарсан талаараа надад хэлсэн юм. Би өөр зүйл сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-26-р хуудас/,
3. 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр цэнхэр өнгийн мустанг-150 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 4-5-р хуудас/,
4.Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол/хх-ийн 9-р хуудас/,
5.“Ашид-билгүүн” ххк-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъяны 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 921/135 дугаартай “..нийт үнэ, 1.400.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан дүгнэлт/хх-ийн 37-39-р хуудас/,
6.Хаан банкны 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 5315/24/03/46 дугаартай албан бичгээр ирсэн А.Цын эзэмшлийн ***** тоот харилцах дансны хуулга /хх 11-131 хуудас/,
7.Хохирогч Б.О-оос гаргаж өгсөн цэнхэр өнгийн мустанг-150 маркийн мотоциклийн зураг, 1,000,000 төгрөгийг А.Цын данс руу шилжүүлсэн гэх шилжүүлгийн мэдээлэл/хх-ийн 28-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүний шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч А.Цын үйлдэл нь “Бусдын 1,000,000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хохирогчид материаллаг хохирол учруулсан” нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгч А.Ц нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасан гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй үйлджээ.
Иймд шүүгдэгч А.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хоёр:Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч А.Ц нь согтуурсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 05-ны шөнийн 04 цагийн үед Говь-Алтай аймгийн *** сумын Баянхайрхан багийн нутаг дэвсгэрт гудамжинд хохирогч А.Д-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр хэсэг рүү нь цохисон үйл баримт тогтоогдлоо.
Дээрх үйл баримтын улмаас шүүгдэгч А.Ц нь А.Д-ийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр хамар ясны хугарал гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч А.Ц гэм буруутай болох нь:
1.Хохирогч А.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 06 дугаар сарын 04-ний орой 19 цагийн орчим *** багт байрлалтай *** дэлгүүрийн үүдэн дээр Ц гэх залуутай таарсан. Сайн муу мэдээд би дэлгүүр орж 1 Сэнгүр нэртэй 2,5 литрийн пиво аваад гэр лүүгээ явсан. Намайг гэртээ байж байхад араас Ц ирсэн. Ирэхдээ бас 1 Сэнгүр нэртэй 2,5 литрийн пиво авч ирсэн манайд бид хоёр сууж байгаад нөгөө хоёр пивоо ууж дуусгаад бид хоёр манайхаас гараад караоке баар орсон. Тэнд 1 шил пиво уугаад тэгээд тог ч тасарсан. Бид хоёр баарнаас гараад надад 3500 төгрөг байсан. Тэр мөнгөөр такси аваад ****-д Цын таньаг айлд хүн байхгүй байсан. Тэр айлын ширээн доороос хоёр том пиво гаргаж ирсэн. Тэрийг нь бид хоёр 1 пивыг нь хувааж уугаад гадаа гараад тамхи татаж байгаад Ц хоёулаа **** гэх айлд очих уу танай эхнэр тэр айлд байж магадгүй гэхээр нь бид хоёр цуг яваад тэр айлд ороход манай эхнэр байхгүй байсан тул тэр айлаас гараад явж байх замдаа Ц чи их том гэсэн хоёулаа үзэх үү гээд намайг боож унагаагаад миний дээр гарч суугаад нүүрэн тус газар учир зүггүй цохиод байхаар нь би толгойгоо хамгаалаад Цын нүүр рүү нэг удаа алгадсан. Тэгээд би Цод хэлсэн. Ах нь толгойдоо хүнд хагалгаанд орсон байгаа шүү ахыгаа босгочих гэж хэлээд би боссон. Тэгээд гэр рүүгээ зугтаасан юм. Би хашаандаа ирээд ээжийндээ ирээд 1 өвчин намдаах эм уугаал цусаа арилгаж чадалгүй хэвтсэн. Өглөө нь манай эхнэр орж ирээд намайг харсан. Тэгээд цагдаа өргөдөл гарсан юм. Миний хоёр нүд хөхөрч хавдсан. Мөн хамар хавдсан. Дээд талын нэг үүдэн шүд сэтэрсэн. Доод талын нэг үүдэн шүд хөдөлсөн. Уруул хацар дотор талдаа язарсан байна..” гэх мэдүүлэг/хх-ийн 61-р хуудас/,
2.Гэрч Ж.С-Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн"... 2024 оны 06 дугаар сарын 05-ны өглөө ээжийнд ороход манай нөхөр Д-н нүүр нь цус болж хавдсан байдалтай хэвтэж байхаар нь би юу болсон талаар асуухад урьд шөнө А.Ц гэх залуутай зодолдсон талаар архи уусан. Тэгээд намайг зодоод би зугтаж ирлээ гэсэн. Тэгээд би цагдаагийн газарт нөхөр Д-г дагуулж ирээд өргөдөл гаргаж өгөөд эмнэлэгт нөхрөө үзүүлсэн. Манай нөхөр урьд нь тархины хагалгаанд орж байсан болохоор толгой нь өвдөөд байна гэхээр нь үзүүлж харуулсан. Манай нөхрийн хамрын яс хугарсан, мурийсан байна гэсэн. Одоо манай нөхрийн толгой байнга өвдөөд саяхан Улаанбаатар хот руу явсан..” гэх мэдүүлэг/хх-ийн 67-р хуудас/,
3.Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч Д.Даваахүүгийн2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 170 дугаартай “А.Д-н биед хамар ясны хугарал, дээд үүдэн 1, доод үүдэн 1 шүдний ганхалт, доод үүдэн 2 шүдний цөгц хэсгийн эмтрэл, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн хацар, хамарт зулгаралт, дээд уруулын дотор талд өнгөц язрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүдээс хамар ясны хугарал гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэргийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73-74-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд шүүгдэгч А.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч А.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101 дугаар хуудас/, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 15, 20218 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар /134-137/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч А.Ц-н тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч А.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 (Арван нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (Нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх ялыг нэмж нэгтгэн 1 (Нэг) жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоолоо.
Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг **** аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар хэрэгжүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.
Хохирлын тухайд Б.О-т учруулсан хохирлоо биет байдлаар буцаан өгсөн /хх10/ хохирогч хохирол нэхэмжлээгүй, сэтгэцэд учирсан хохирол тогтоолгох шаардлагагүй /хх89/ гэх хүсэлт хэрэгт авагдсан баримтууд байх тул шүүгдэгч нь хохирогч Б.О-т төлөх төлбөргүй байна.
Харин хохирогч А.Д нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хохирлын 2 дугаар зэрэглэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан /хх91/ байна.
Иймд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, 3,300,000 (Гурван сая гурван зуун мянга) төгрөгийг шүүгдэгч А.Ц-с гаргуулж А.Д-д олгох, мөн Эрүүл мэндийн даатгалын санд гэмт хэргийн улмаас гарсан зардалд 135,226 (Нэг зуун гучин таван мянга хоёр зуун хорин зургаа) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгуулж шийдвэрлэлээ.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Е овгийн А-н Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч А.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 (Арван нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (Нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 11 (Арван нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (Нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 (Нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг ***** аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар хэрэгжүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Цод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Хохирогч А.Д-н сэтгэцэд учирсан хохиролд 3,300,000 (Гурван сая гурван зуун мянга) төгрөгийг шүүгдэгч А.Ц-с гаргуулж хохирогч А.Д-д олгож, энэ гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардалд 135,226 (Нэг зуун гучин таван мянга хоёр зуун хорин зургаа) төгрөгийг шүүгдэгч А.Ц-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
8.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР