Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 280

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум Голомт бизнес төв байранд байрлах “Голомт банк” ХХК-ийн Замын-Үүд салбар /УБД:..., РД:.../-ын нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сум ... дугаар баг ... тоотод оршин суух хаягтай, одоогоор Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг ... дугаар хороо ... тоотод оршин суух, Б овогт Ө.Ж /РД:.../,

Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сум ... дугаар баг ... тоотод оршин суух, Б овогт Б.О /РД:.../ нарт холбогдох

“Зээлийн 17,407,709.86 төгрөг, зээлийн хүү 3,342,940.46 төгрөг, торгуулийн хүү 4,427.90 төгрөг нийт 20,755,078.21 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө, хариуцагч Б.О, хариуцагч Ө.Ж /онлайн/, нарийн бичгийн дарга М.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн Замын-Үүд салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Ө.Ж, Б.О нар нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ1915105447 тоот зээлийн гэрээ байгуулан 16,500,000 /арван зургаан сая таван зуун мянган/ төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ1915105447-01 тоот зээлийн гэрээ байгуулан 3,700,000 /гурван сая долоон зуун мянган/ төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ1915105447-03 тоот зээлийн гэрээ байгуулан 7,800,000 /долоон сая найман зуун мянган/ төгрөгийн зээлийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар тус тус цалингийн зээлийн бүтээгдэхүүнээр авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4, 2.5, 2.6, 2.1 дэх хэсэгт заасан заалтуудыг удаа дараа зөрчсөн ба зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийн байдлаар 172 хоног хугацаа хэтэрч байна. Иймд банкны санаачилгаар гэрээг цуцалж зээлийн үлдэгдэл төлбөрийг Ө.Ж Б.О нараар төлүүлэхээр нэхэмжилж байна. Цалингийн зээлийн төлбөр үндсэн зээл 17,407,709.86 төгрөг, зээлийн хүү 3,342,940.46 төгрөг, торгуулийн хүү 4,427.90 төгрөг нийт 20,755,078.21 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө шүүх хуралдаанд: “...Зээлдэгч нар зээлээ хугацаанд нь төлөхгүй байсан учраас гэрээнд зааснаар банк санаачлагаараа гэрээний хугацааг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 17,407,709.86 төгрөг, зээлийн хүү 3,342,940.46 төгрөг, торгуулийн хүү 4,427.90 төгрөг нийт 20,755,078.21 төгрөгийг нэхэмжилж байна. 3 сарын хугацаанд 3 хувааж төлөхөөр эвлэрэх боломжтой... Зээлдэгч Ө.Ж, Б.О нар нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ1915105447 тоот зээлийн гэрээ байгуулан 16,500,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ1915105447-01 тоот зээлийн гэрээ байгуулан 3,700,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ1915105447-03 тоот зээлийн гэрээ байгуулан 7,800,000 төгрөгийн зээлийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар тус тус цалингийн зээл авсан. Зээлдэгч нар нь зээлээ төлөхгүй 172 хоног өнгөрсөн учир банк нэхэмжлэл гаргасан... 3,342,940 төгрөгийн хүү нь өмнөх жилийн хуримтлагдсан хүүнүүд болон одоо хугацаа хэтэрсэн хоногуудын нийлбэр юм. 2021 оны 01 сарын 15-ны өдөр зээлийг хойшлуулахад зээл хугацаа хэтрэлттэй байсан. 2021 оны 01 сарын 15-ны өдрийн байдлаар нийт хуримтлагдсан хүү нь 1,163,018 төгрөг, уг хуримтлагдсан хүүг нэмэлт өөрчлөлтийн гэрээн дээр хойшлуулаад 3 сарын хугацаанд 3 хувааж төлүүлэхээр болсон боловч төлөөгүй юм. 2021 оны 01 сарын 25-ны өдрөөс 03 сарын 25-ны хооронд дахь 3 сарын хүү 1,163,018 төгрөг дээр гурван сарын хүүг 669,600 төгрөг нэмэхээр 1,832,618 төгрөг үүн дээр шүүхэд өгөх хүртэл 5 сар 7 хоногийн хугацаа буюу 169 хоногийн хугацаа хэтэрсэн хүүг нэмж хүүг тооцсон...” гэв.

Хариуцагч Ө.Ж шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд: “...Миний бие Голомт банкны нэхэмжилсэн 20,755,078.21 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Биеийн байдлын улмаас ямар нэгэн ажил эрхлэх боломжгүй байгаа учир 2022 оны 05 сараас хойш зээлийг төлж дуусгах хүсэлттэй байна. 3 сарын хугацаанд төлөх боломжгүй...” гэв.

Хариуцагч Б.О шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд: “...Миний бие нь Голомт банкны нэхэмжилсэн 20,755,078.21 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Ө.Ж-ийн гаргасан саналын дагуу 2022 оны 05 сараас эхлээд боломж бололцоогоороо төлөлцөөд Голомт банкийг хохиролгүй болгоно. Одоогийн цаг үе, цар тахал ямар байгаа билээ үүнийг харгалзаад мөн Ж-ийн биеийн байдлыг харгалзан үзэж 5 сараас төлөхөөр шийдвэрлэж өгнө үү ...” гэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ний Замын-Үүд салбар нь Ө.Ж, Б.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 17,407,709.86 төгрөг, зээлийн хүү 3,342,940.46 төгрөг, торгуулийн хүү 4,427.90 төгрөг нийт 20,755,078.21 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ө.Ж, Б.О нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй, харин ”...3 сарын хугацаанд төлөх боломжгүй, 5 сараас эхлэн төлөх боломжтой...” гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрөөгүй болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэв.

Зээлдэгч Ө.Ж, Б.О нар нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ1915105447 тоот зээлийн гэрээ байгуулан 16,500,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар авч 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ1915105447 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан өмнөх гэрээний 16,786,774 төгрөгний үлдэгдэл дээр 3,700,000 төгрөгийг нэмж жилийн 20,4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ1915105447-03 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан 23,601,177.06 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 7,800,000 төгрөгийн зээлийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар цалингийн зээлийн бүтээгдэхүүнээр авсан, мөн 2021 оны 01 сарын 15-ны өдөр зээлийн гэрээндээ дахин өөрчлөлт оруулж, зээлийн хуримтлагдсан хүү 1,163,018 төгрөгийг 3 сарын хугацаанд хувааж төлөх, үлдэгдэл зээл 17,407,710 төгрөгийг  2021 оны 04 сарын 25-ны өдрөөс эхлэн 2024 оны 09 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд төлж барагдуулахаар  зээлийн гэрээг байгуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээнүүд, эргэн төлөлтийн хуваариуд, зохигчдын тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна. /хх-ийн 4-17/

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2024 оны 09 сарын 25-ны өдөр дуусахаар боловч зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч зээлийн гэрээний үүргийг зөрчсөн тохиолдолд зээлийн гэрээний 3.3.4-т гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын буюу банкны санаачилгаар гэрээг цуцлах нөхцөлийг заасан байх бөгөөд 3.3.4-т “...энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй...” гэж заасны дагуу банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг цуцлах эрхтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч зээлдэгч нарыг зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан, зээлээ төлөхгүй хугацаа хэтэрсэн учраас банк гэрээний дагуу гэрээг өөрийн санаачлагаар цуцалж шүүхэд хандсан гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нар энэ талаар маргаагүй.

Зээлдэгч Ө.Ж, Б.О нар нь зээлийн гэрээний 3.1.1-т “зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу зээл, зээлийн хүүг гэрээ болон эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, 169 хоногийн хугацаа хэтрүүлж зөрчсөн байх бөгөөд энэ талаар зээлдүүлэгч удаа дараа зээлийн төлбөрийг шаардаж байсан талаар зохигчид маргаагүй ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдон тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч үүргээ гүйцэтгэхийг урьдчилан сануулж байсан гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд зээлийн гэрээний 3.1.1, 3.3.4 дэх заалтуудыг зөрчиж, гэрээг нэг талын санаачилгаар цуцлах нөхцөл бий болсон байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч “үүргийг ялимгүй зөрчсөн” гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээг цуцлах эрхтэй бөгөөд мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл үндсэн зээл 17,407,709.86 төгрөг, зээлийн хүү 3,342,940.46 төгрөг, торгуулийн хүү 4,427.90 төгрөг нийт 20,755,078.21 төгрөг гэснийг, мөн хүүг бодохдоо урьд зээлийн гэрээний хуримтлагдсан хүү 1,163,018 төгрөг, уг хүүг 3 сарын хугацаанд төлөх байсан боловч төлөөгүй 3 сарын хүү, хугацаа хэтэрсэн 169 хоногийн талаар хариуцагч нар маргаагүй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байх тул нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Замын-Үүд салбар хариуцагч нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

Зохигчид Иргэний хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтаа өөрсдөө гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг үндэслэн үндсэн зээлийн үлдэгдэл 17,407,709.86 төгрөг, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг 169 хоногийн хугацаа хэтэрсэн гэж үзэж, тооцон хүү 1,274,824.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,427.90 төгрөг, урьд гэрээний хуримтлагдсан хүү 1,163,018 төгрөг болон 3 сарын хүү 678,900.68 төгрөг нийт 20,528,881.05 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Замын-Үүд салбарт олгож, үлдсэн 226,197.16 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ө.Ж, Б.О нараас 20,528,881.05 төгрөгийг гаргуулан  “Голомт банк” ХХК-ийн Замын-Үүд салбарт олгож, үлдэх 226,197.16 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261,725.39 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Ж, Б.О нараас 260,594.40 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн Замын-Үүд салбарт олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.Н