| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 164/2024/0120/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/141 |
| Огноо | 2024-08-16 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,
Улсын яллагч Б.Түвшинтөр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, М.Энхзаяа,
Шүүгдэгч Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Х овгийн Ж-н Г-д холбогдох 2416000000083 дугаартай эрүүгийн эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ***** аймгийн **** суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, **** аймгийн **** сумын, ***** багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, **** регистрийн дугаартай, Х ургийн овгийн Ж-н Г
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.Г нь 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 13-14 цагийн үед **** аймгийн *** сумын *** багийн нутаг дэвсгэрээс хохирогч Н.Д-н өмчлөлийн **** улсын дугаартай мустанг-150 маркийн мотоциклийг замын хажууд байхад нь өөрийн өмчлөлийн **** улсын дугаартай портер маркийн автомашинд ачиж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 460,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Н Ж.Г нь 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 13-14 цагийн үед **** аймгийн **** сумын **** багийн нутаг дэвсгэрээс хохирогч Ж.Д-н өмчлөлийн ***** улсын дугаартай мустанг-150 маркийн мотоциклийг замын хажууд байхад нь өөрийн өмчлөлийн ***** улсын дугаартай портер маркийн автомашинд ачиж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримтууд тогтоогдлоо.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ж.Г гэм буруутай болох нь:
1.Хохирогч Ж.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2024 оны 03 сарын 27-ны өдөр гэртээ байхад Э.Б-Э миний мотоциклийг мал руу яваад ирье гэж авч явсан. Тэгээд өнөөдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр миний мотоцикл алга болсон талаар Э.Б-Э надад хэлсэн. Миний Э.Б-Э д өгч явуулсан мотоцикл улаан алаг өнгийн Мустанг-150 маркийн, **** улсын дугаартай, 2015 онд үйлдвэрлэгдсэн мотоцикл байсан. Уг мотоциклийг тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь байгаа. 2015 онд үйлдвэрлэгдсэн, 2015 онд *** сумаас цоо шинээрээ тухайн үед 1,500,000 төгрөгөөр худалдаж авч байсан. 2019 онд моторын сольж байсан. 2 дугуйг 2023 онд шинээр авч тавьж байсан. Би алга болсон гэх мотоциклио олж авмаар байна.” гэх мэдүүлэг, /хх-ийн 84-85 дугаар тал/,
2.Гэрч Э.Б-Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 03 дугаар сарын. 27-ны өдөр Б-У сумаас аймгийн төв рүү мал тууж яваа хүмүүсийн өмнөөс тосох гээд манай ажлын Ж.Д-д гэдэг хүний мотоциклийг гуйж аваад ажлын газрын М гэдэг залуугаар унуулж, би өөрөө машинтай гэж явж байхад аймгийн төвөөс гарч замын 44 дэх тэмдэг дээр очиж мотоцикл унтарсан. Тэгэхээр нь замын хажуу талд мотоциклоо тавьчхаад миний мотоциклийг унаж явсан залуу М-г машинд суулгаж аваад малын өмнөөс очсон. Би тухайн үед машинтай явж байсан. Тэгээд цаанаас тэмээгээ туугаад буцаад эргээд мотоцикл дээр хүрээд ирж мотоциклоо асаах гээд оролдоход асахгүй байсан. Тэгээд байж байхад нэг тэмээ нь гараад гүйчихээр нь машинтай бүгдээрээ тэмээний ардаас яваад 2 цаг орчим хөөцөлдөөд тэмээгээ машинтай хөөгөөд мотоцикл дээр хүрээд ирэхэд мотоциклийн 2 дугуй, мөн банканд байсан бензин байхгүй болсон байсан. Тухайн үед харанхуй болж байсан, 21 цагийн үед байсан байх. Тэгээд би үлдэгдлийг нь хүн аваад явах байх гэж бодоод шөнөжин харж хоноод өглөө 10 цаг 30 минутын үед аймгийн төв рүү явж цагдаад хэлээд мотоциклоо ачиж явах портер маркийн тээврийн хэрэгсэл аваад буцаад 14 цагийн үед очиход миний мотоцикл алга болсон байсан...улаан алаг өнгийн **** гэсэн улсын дугаартай мустанг- 150 маркийн манай ажлын газрын Д гэдэг хүний эзэмшлийн мотоцикл байсан.” гэх мэдүүлэг, 88-89 дүгээр тал, /хх-ийн 25-56 дугаар тал/,
3.Гэрч Ж.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ж.Г *** сумын *** багт манай гэрт эхнэр, 2 хүүхдийн хамт ирсэн. Хэдэн сарын хэдний өдөр ирснийг санахгүй байна. Цагаан сараас хойш манайд ирээгүй байсан. Манайд золгох гээд аймгаас эхнэр, хүүхдүүдийн хамт өөрийн цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг санахгүй байна. Ж.Г манайд тухайн өдөр аймгаас эртхэн ирсэн. Өглөө 08 цагийн орчим танайх руу очих гэж байна, аймгаас захих юм байна уу, гэж утсаар ярьсан. Манайд ирэхдээ зам дээр байхад нь аваад ирлээ гэж улаан өнгийн Мустанг-150 маркийн мотоцикл ачиж ирсэн. Манай гэрийн гадаа ирж машинаас буулгаж мотоциклоо задлаад мотороо аваад, рамыг үлдээчхээд явсан. Дараа нь хэд хоногийн дараа би гэртээ байхгүй үед рамын ирж аваад явсан байна.” гэх мэдүүлэг, /хх-ийн 92-93 дугаар тал/,
4.“Ашид билгүүн" ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъяны 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 921/205 дугаартай үнэлгээний тайлан дүгнэлт, /хх- ийн 3-11 дүгээр тал/,
5.2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 133-134 дүгээр тал/,
6.2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр **** аймгийн хойд постны хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 17-23 дүгээр тал/,
7.Эд зүйлийг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын 23, 26, 27 дугаартай тогтоолууд, /хх-ийн 24-46 дугаар тал/,
8.Эд хөрөнгө битүүмжилсэн тухай прокурорын тогтоол /хх-ийн 67 дугаар тал/,
9.“Угалз мэргэн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Р.Цанжидмаагийн 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 24/05 дугаартай “Хьюндай портер-2 дүн. 5,299,200 төгрөг “ гэх үнэлгээний тайлан, /хх-ийн 122-128 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т ямар гэмт хэргүүд хамаарахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломжийг бүрдүүлсэн санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч Ж.Г-ийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг заасан бөгөөд 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхдээ “...машин механизм ашиглаж үйлдсэн...” бол хүндрүүлэхээр заасан.
“Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарах бөгөөд “машин механизм ашиглах” гэдэгт хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх малын бэлчээрт зорьж очих, малыг хөөж туух зэрэгт хэрэглэснийг хамааруулан үздэг.
Шүүгдэгч Ж.Г нь Н.Д-н өмчлөлийн **** улсын дугаартай *** өөрийн өмчлөлийн *** маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан зөөж авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “хулгайлах гэмт хэргийг, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэх шинжийг бүрэн хангаж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Ж.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “хулгайлах гэмт хэргийг, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 156 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Ж.Г-н тухайд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа: “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар ялын доод хэмжээний 2/1 хувиас багагүй байхаар ял оногдуулж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм: “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хуульд заасан ялын доод хэмжээг оногдуулж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан хуульд заасан доод хэмжээний 2/1-с багагүй ял шийтгэлийг оногдуулах боломж нь байгаа учраас шүүх бүрэлдэхүүн аль эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хувилбараар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтүүдийг тус тус гаргаж оролцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 11 дэх заалтад “Эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан ял оногдуулахад саад болохгүй” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Ж.Г нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “… би 2024 оны 04 сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай аймгийн прокурорын газрын тогтоолтой танилцлаа. Би эрүүгийн хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна…” /хх151/ гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 11 дэх заалт нь эрүүгийн хэргийг ердийн журмаар шийдвэрлэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаж болохоор хуульчилсан байна.
Гэтэл шүүгдэгч Ж.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа зөвшөөрөхгүй маргадаг бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа зөвшөөрч оролцсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлах боломжгүй гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүхээс шүүгдэгч Ж.Гн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д тус тус зааснаар 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-д оногдуулсан 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5,299,200 (Таван сая хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуу) төгрөгийн үнэ бүхий **** маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгох хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.Г хохирогч Ж.Д-н мотоциклийг авч 460,000 (Дөрвөн зуун жаран мянга) төгрөгийн хохирол учруулсан. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байна.
4.Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мотоциклийн мотор 1 ширхэг, хөл тавиур, ричак, димократ, свече, ***** арлын дугаартай мотоциклийн рам, ур 2 амартизатор, карлан, хянах самбар, урд 2 гэрлэн дохио, урд их гэрэл, толгойны хамгаалалт, руль, аккумлятор, хойд ачаа, хойд 2 гэрлэн дохио, бөгсний гэрэл, хойд 2 амартизатор, тоормозны пидаль 1, мотоциклийн яндан 1, мотоциклийн гинж 1, өвдөгний хамгаалалт 1, XY150 гэсэн бичиглэлтэй улаан өнгийн хажуугийн таг 1, мотоциклийн суудал 1, улаан өнгийн банк 1 ширхэг зэргийг хохирогч Ж.Д-д олгох, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ***** улсын дугаартай **** маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож тээврийн хэрэгслийг биет байдлаар Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх, шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 460,000 (Дөрвөн зуун жаран мянга) төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овгийн Ж-н Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Ж.Г-д 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-д оногдуулсан 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5,299,200 (Таван сая хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуу) төгрөгийн үнэ бүхий 62-66 ГАҮ улсын дугаартай **** тээврийн хэрэгслийг улсын орлого болгосугай.
6.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан мотоциклийн мотор 1 ширхэг, хөл тавиур, ричак, димократ, свече, ***** арлын дугаартай мотоциклийн рам, ур 2 амартизатор, карлан, хянах самбар, урд 2 гэрлэн дохио, урд их гэрэл, толгойны хамгаалалт, руль, аккумлятор, хойд ачаа, хойд 2 гэрлэн дохио, бөгсний гэрэл, хойд 2 амартизатор, тоормозны пидаль 1, мотоциклийн яндан 1, мотоциклийн гинж 1, өвдөгний хамгаалалт 1, XY150 гэсэн бичиглэлтэй улаан өнгийн хажуугийн таг 1, мотоциклийн суудал 1, улаан өнгийн банк 1 ширхгийг хохирогч Ж.Д-д олгох, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц **** улсын дугаартай **** маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож тээврийн хэрэгслийг биет байдлаар Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх, шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 460,000 (Дөрвөн зуун жаран мянга) төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР