| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2021/04693/И |
| Дугаар | 101/ШШ2021/03985 |
| Огноо | 2021-12-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2021/03985
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива хотхон 519 дүгээр байр, 4-07 тоотод оршин суух, М******* овогт А*******ийн Ц******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Гангар 171В байр, 5 тоот хаягт оршин суух, Х******* овогт Д*******ийн У******* /РД:*******/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 22,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.
Хариуцагч Д.У******* шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Миний бие 2020 оны 11 сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөгийг зээлсэн. 2020 оны 12 сарын 01-нд 3,000,000 төгрөгийг буцаж авч үлдэгдэл 17,000,000 төгрөгийг 2020 оны 12 сарын 04-ний өдөр буцаан авахаар 5 хоногийн хугацаатай 2 хувийн хүүтэйгээр зээлсэн. Хугацаандаа өгөхгүй болохоор нь утсаар ярихад маргааш, нөгөөдөр гэж явсаар өнөөдрийг хүрсэн.
Өөртэй нь уулзахад надаас авсан мөнгөө хүнд хүүтэй зээлээд алдчихсан юм ярьсан. Би энэ мөнгийг өөрийн хөдөлмөрөөр цуглуулсан мөнгө. Одоо эрүүл мэнд сайнгүй байна. Зээлсэн мөнгөө буцааж авмаар байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө цувуулж нийт 3,000,000 төгрөгийг буцааж өгсөн.
Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээл 17,000,000 төгрөг, зээлийн хүү 6,500,000 төгрөг нийт 22,500,000 төгрөгө гаргуулах шаардлага гаргасан.
Одоо шүүх хуралдаан дээр хариуцагчийн өгсөн 3,000,000 төгрөгийг хасаж үндсэн мөнгө 14,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна.
Хүүгийн төлбөрт нэхэмжилсэн 6,500,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна гэв.
Шүүхэд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч А.Ц******* нь хариуцагч Д.У*******д холбогдуулан 22,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг 8,500,000 төгрөгөөр багасгаж байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгах эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэгт шүүх эрх зүйн дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг талуудын хооронд байгуулсан амаар байгуулсан зээлийн гэрээний үүргийн хариуцагчийн төлсөн 3,000,000 төгрөгийг хасаж, мөн зээлийн хүүнд нэхэмжилсэн 6,500,000 төгрөгийн хүүгийн төлбөрөөс татгалзаж, үлдэгдэл 14,000,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагчаас зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар холбогдох тайлбараа гаргаж ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны депозет дансны хуулгаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгчийн Хаан банк болон Голомт банкны дансны хуулгаар хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 5-9 дүгээр тал/
Иймд нэхэмжлэгч нь үлдэгдэл мөнгө болох 14,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.У*******ас 14,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Ц*******эд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэхь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.У*******ас 14,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ц*******эд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Д.У*******ас 227,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ц*******эд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА