Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 40

 

Р.Т, А.Т, Б.И

    нарт холбогдох хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолтой, Р.Т, А.Т, Б.И нарт холбогдох, 1935004170053 дугаартай, эрүүгийн 3 хавтас хэргийг шүүгдэгч Р.Тын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа, прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Р.Т, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүгдэгч А.Т, Б.И нар оролцов.

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт А-ийн Т 1994 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Т суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Увс аймгийн Т сумын .. дугаар багт оршин суух хаягтай, урьд нь 2014 онд Увс аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 42 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 5 сарын хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар: .....

Монгол Улсын иргэн, Ж ургийн овогт Б-ийн И 1994 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Т суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Увс аймгийн Т сумын... дугаар багт оршин суух хаягтай, урьд нь 2014 онд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 42 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 5 сарын хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, регистрийн дугаар: ...

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Р-гийн Т 1987 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, мал малладаг, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар: ...,

Шүүгдэгч Р.Т, Б.И, А.Т нар нь 2019 оны 7 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутгаас  бүлэглэн, машин механизм ашиглаж, хохирогч Б.Бгийн 54 хонь, 46 ямаа нийт 100 тооны буюу олон тооны мал хулгайлж 9.325.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон байна.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан шүүгдэгч Б ургийн овогт А-ийн Т, Ж ургийн овогт Б-ийн И, Б ургийн овогт Р-гийн Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны мал буюу бусдын 30 тооны мал  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-ийг 1 жил хорих ялаар, шүүгдэгч Б.И-ыг 1 жил 2 сар хорих ялаар, шүүгдэгч Р.Т-ыг 2 жил хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Т-өд оногдуулсан 1 жил хорих ялыг, шүүгдэгч Б.И-д оногдуулсан 1 жил 2 сар хорих ялыг, шүүгдэгч Р.Т-т оногдуулсан 2 жил хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Т, Б.И, Р.Т тус бүрийн энэ хэрэгт цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлогод шүүгдэгч А.Т-өөс 530.000 төгрөгийг, шүүгдэгч Б.И-аас 530.000 төгрөгийг, шүүгдэгч Р.Т-аас 530.000 төгрөгийг тус тус гаргуулж,

- Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Р.Т-ын эзэмшлийн 32-31 УВА улсын дугаартай портер загварын 1.125.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг, шүүгдэгч Б.И-ын өмчлөлийн хүрэн алаг зүсмийн 7 настай 850.000 төгрөгийн үнэ бүхий морийг хураан авч тус тус улсын төсөвт оруулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Т-аас 1.485.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бд олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэг, 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хурааж авсан орлогоос сэтгэцийн шинжилгээний зардалд 40.000 төгрөгийг Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт олгож,

Шүүгдэгч А.Т, Б.И нараас шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэрэг эмээл 1 ширхэг /хуучин/, хөх өнгийн даавуугаар гадарласан эсгий тохом 1 ширхэг /хуучин/, суран хазаар 1 ширхгийг /хуучин/ тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

-Шүүгдэгч А.Т-ийн өмчлөлийн бор зүсмийн 8 настай морь, хоо зүсмийн 7 настай морь, халтар зүсмийн 3 настай морь, зээрд зүсмийн 3 настай морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг, шүүгдэгч Б.И-ын өмчлөлийн шар зүсмийн хоёр гуян дээрээ саран тамгатай, 9 настай атан тэмээ, хөх зүсмийн хоёр гуян дээрээ саран тамгатай 10 настай атан тэмээг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож,

-Шүүгдэгч Р.Т-ын өмчлөлийн улаан халзан зүсмийн 4 настай эр үхэр, хар зүсмийн 3 настай эм үхэр, улаан цоохор зүсмийн 3 настай эх үхэр, улаан халзан зүсмийн 5 настай эх үхэр, 32-31 УВА улсын дугаартай портер загварын автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоол, шүүгдэгч Б.И-ын эзэмшлийн хүрэн алаг зүсмийн 7 настай морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ биелүүлэх болон хохирол төлүүлэхтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэх хүртэл хэвээр үлдээхээр тус тус шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Р.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би анхан шатны шүүх хуралдааны үеэр хохирогч Б.Бд учруулсан хохирол төлбөрөө төлж чадаагүй байсан. Миний бие Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт эхнэр бага насны дөрвөн хүүхдийн хамт, мал маллаж амьдардаг. Хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Мөн бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлж арилгасан байдал, бага насны хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.3 дахь хэсэгт зааснаар надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Энхтуул: “Шүүгдэгч Р.Т нь хохирол төлбөрөө төлсөн бөгөөд хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул эдлэх ялыг минь багасгаж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна. Прокурорын зүгээс Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь шүүгдэгч Р.Тын гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Р.Т-ын өмгөөлөгч Ө.Нарантуяа “Р.Т нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 113 дугаар шийтгэл тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан байгаа. Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Т-ыг бусадтай бүлэглэн, машин механизм ашиглаж, 100 тооны мал хулгайлсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг 30 тооны мал хулгайлсан болох нь тогтоогдож байна гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Шүүгдэгч Р.Т нь анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааны дараа шүүхээс хохирол төлбөрөө төлөх 4 хоногийн хугацаа авсан боловч дээрх хугацаанд шүүгчийн захирамжаар цагдан хоригдсон тул хохирол төлбөрөө төлж чадалгүй эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд оролцсон. Ингээд Р.Т-ыг хохирол төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулсан.

Шүүгдэгч Р.Т нь өнөөдрийн байдлаар хохирогч Б.Б-д 1.485.000 төгрөгийн хохирол төлсөн бөгөөд үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ойлгож байгаа. Иймд түүний дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан эдлэх ялыг нь хөнгөрүүлж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан Р.Тын гомдлыг үндэслэн шүүгдэгч А.Т, Б.И, Р.Т нарт холбогдох, 1935004170053 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад :

Шүүгдэгч Б.И, А.Т, Р.Т нар бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Увс аймгийн Түргэн сумын Рашаант багийн нутаг “Хүйтний ам” гэх газраас хохирогч Э.Б-гийн 30 тооны эр хонь буюу олон тооны мал хулгайлж бусдад 4.470.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Прокуророос шүүгдэгч нарыг бүлэглэн хохирогч Э.Б-гийн 100 тооны буюу олон тооны бог мал хулгайлсан гэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэг авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн тэдгээрийг Э.Б-гийн 30 тооны эр хонь хулгайлсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн байх бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжид хамаарч буйг зөв тодорхойлон дүгнэсэн байна.

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “ Эрүүгийн хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулиар Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт мал хулгайлах гэмт хэргийн хэд хэдэн хүндрүүлэх шинжийг нэмж хуульчилсан ба шүүгдэгч нар нь дээрхи хууль хүчин төгөлдөр болохоос өмнө буюу 2019 оны 7 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө бусдын 30 тооны хонь хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан гэмт хэрэг үйлдэгдэх  үед мөрдөгдөж байсан хуулийг баримтлан гэм буруутайд тооцож ял шийтгэсэн нь үндэслэл бүхий байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан автомашин болон морийг тус тус гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмээний талаарх зохицуулалтын агуулгыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Р.Т-ын  давж заалдах шатны шүүхэд гаргасан “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү“ гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Р.Т нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан, мөн давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан баримтаар нотлогдож байх боловч түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь:

Гэм буруутай этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, чөлөөлөх  үндэслэл нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх нөхцөл бөгөөд энэхүү зохицуулалт нь агуулга, онолын үзэл баримтлалын хувьд анхан шатны шүүхээр гэм буруугийн асуудал хэлэлцэгдэх үед болон түүний өмнөх шатанд хэрэгжсэн байхыг ойлгоно.

Шүүгдэгч Р.Т нь мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, мөн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон шийдвэр гарсны дараа шүүгдэгч Б.И, Р.Т нарын  өмгөөлөгч нарын  “хохирол төлөх хугацаа авч, шүүх хуралдааныг завсарлуулах” хүсэлтийг шүүхээс хүлээн авч, шүүх хуралдааныг дөрөв хоногоор завсарлуулсан шийдвэр гарсан байх боловч шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч Р.Т хохирол нөхөн төлөөгүй, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч Р.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул хохирлыг төлөөгүй, мөн тэрээр цагдан хоригдож байгаа учир хохирлоо төлөх боломжгүй байсан” талаар тайлбар гаргасан зэргээс дүгнэхэд шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй байна.

Мөн анхан шатны шүүх Р.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  “Р.Т нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах үндэслэлтэй“ гэж дүгнэсэн байх бөгөөд энэхүү дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр  шүүгдэгч Р.Т-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулж буй хууль зүйн үндэслэлээ шийтгэх тогтоолын “тодорхойлох” хэсэгт тодорхой, ойлгомжтой дүгнэлт хийсэн атлаа “тогтоох” хэсгийн 2 дугаар заалтад бичвэрийн алдаа гаргасан байх тул уг заалтад өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй  байна.

Шүүгдэгч А.Т, Б.И, Р.Т нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр  хүртэл тус тус цагдан хоригдсон 61 хоногийг тус тус ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолын 2 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-ийг 1 жил хорих ялаар, шүүгдэгч Б.И-ыг 1 жил 2 сар хорих ялаар, шүүгдэгч Р.Т-ыг 2 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй “ гэснийг  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-ийг 1 жил хорих ялаар, шүүгдэгч Б.Иыг 1 жил 2 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Т-ыг 2 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй“ гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Т-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч А.Т, Б.И, Р.Т нарын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс  2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүртэл тус тус цагдан хоригдсон 61 хоногийг тус тус ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                                 Л.АЛТАН

 

                                                                                                Н.МӨНХЖАРГАЛ