| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 142/2020/00031/И |
| Дугаар | 001/ХТ2025/00034 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 001/ХТ2025/00034
“Э” ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 132/ШШ2024/00330 дугаар шийдвэр,
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 214/МА2024/00017 дугаар магадлалтай,
“Э” ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй
“Ц” ХХК-д холбогдох
Ган бөмбөлгийн цехэд суурилуулсан иж бүрэн цувих шугамаа өөрсдийн зардлаар буцааж авахыг “Ц” ХХК-д даалгах, 1,987,502,990 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
321,181,950 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж, Л, О, А, гуравдагч этгээд төрийг төлөөлж прокурор М нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж, Б.Лхагвасүрэн, А, хариуцагчийн төлөөлөгч О, хариуцагчийн өмгөөлөгч М, гуравдагч этгээд төрийг төлөөлж Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “Э” ТӨҮГ нь “Ц” ХХК-д холбогдуулан гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 749,424,550 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 1,108,318,000 төгрөг, хуучин цувих шугамыг буулгах, бэлтгэл ажлыг хангах зорилгоор хийлгэсэн ажлын хөлс 129,760,440 төгрөг, нийт 1,987,502,990 төгрөг гаргуулах, ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамыг буцаан авахыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс гэрээний үлдэгдэл төлбөр 321,181,950 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
2. Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 132/ШШ2024/00330 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6, 248 дугаар зүйлийн 248.1, 248.2-д заасныг баримтлан “Э” ТӨҮГ-ын гаргасан “749,424,550 /долоон зуун дөчин есөн сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулах, ган бөмбөлгийн цувих иж бүрэн шугамыг өөрийн зардлаар буцаан авахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага, “Ц” ХХК-ийн гаргасан “Гэрээний үүргийн төлбөрийн үлдэгдлээс 107,060,650 /нэг зуун долоон сая жаран мянга зургаан зуун тавь/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, “Ц” ХХК-д гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр болох 214,121,300 /хоёр зуун арван дөрвөн сая нэг зуун хорин нэгэн мянга гурван зуу/ төгрөгийг “Э” ТӨҮГ-аас гаргуулж “Ц” ХХК-д, “Ц” ХХК-аас 1,108,318,000 /нэг тэрбум нэг зуун найман сая гурван зуун арван найман мянга/ төгрөгийг гаргуулж “Э” ТӨҮГ-т тус тус олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Э” ТӨҮГ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,323,615 /арван сая гурван зуун хорин гурван мянга зургаан зуун арван тав/ төгрөг, хариуцагч “Ц” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,763,860 /нэг сая долоон зуун жаран гурван мянга найман зуун жар/ төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э” ТӨҮГ-аас 1,763,860 /нэг сая долоон зуун жаран гурван мянга найман зуун жар/ төгрөг гаргуулж, хариуцагч “Ц” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
3. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 214/МА2024/00017 дугаар магадлалаар: Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны 132/ШШ2024/00330 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6, 248 дугаар зүйлийн 248.1, 248.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Э” ТӨҮГ-аас 214,121,300 төгрөгийг гаргуулж хариуцагч “Ц” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн 1,857,742,550 /нэг тэрбум найман зуун тавин долоон сая долоон зуун дөчин хоёр мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулах, ган бөмбөлгийн цувих иж бүрэн шугамыг өөрийн зардлаар буцаан авахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 107,060,650 /нэг зуун долоон сая жаран мянга зургаан зуун тавь/ төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
2 дахь заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 129,760,440 /нэг зуун хорин есөн сая долоон зуун жаран мянга дөрвөн зуун дөч/ төгрөгөөс татгалзсан татгалзлыг баталж, 129,760,440 /нэг зуун хорин есөн сая долоон зуун жаран мянга дөрвөн зуун дөч/ төгрөгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж нэмж,
3 дахь заалтад ““Э” ТӨҮГ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,323,615 /арван сая гурван зуун хорин гурван мянга зургаан зуун арван тав/ төгрөг, хариуцагч “Ц” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,763,860 /нэг сая долоон зуун жаран гурван мянга найман зуун жар/ төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 1,228,556 /нэг сая хоёр зуун хорин найман мянга таван зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.” гэж,
Тогтоох хэсгийн 2, 3 ,4 дэх заалтыг 3, 4, 5 болгон тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Б.Отгонбаатарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 5,699,540 /таван сая зургаан зуун ерэн есөн мянга таван зуун дөч/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж, Л, О, А нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн 1, 3 дахь заалтыг өөрчилж, 2 дахь заалтыг нэмж шийдвэрлэхдээ хууль хэрэглээний ноцтой алдаа гаргаж хэргийг шийдвэрлэлээ. Түүнчлэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, шударга ёсонд нийцсэн байх учиртай. “Э” ТӨҮГ-ын нэхэмжилсэн нэмэгдүүлсэн шаардлага болох 1,108,318,000 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.
Давж заалдах шатны шүүх “Э” ТӨҮГ-т хохирол учирсан уу, “Ц” ХХК-ийн нийлүүлсэн ган бөмбөлөг цувих шугам хүчин чадалд хүрч ажиллаж чадсан уу, талууд гэрээгээр ямар нөхцөл тохирсон зэргийг огт анхааралгүй, зөвхөн хариуцагч талын тайлбар, гомдолд анхаарал хандуулж хэт нэг талыг барьж хуулийг буруу тайлбарлаж магадлал гаргасанд гомдолтой байна.
Тухайлбал, Иргэний хуулийн 254, 256.1, 261.1 дэх заалтуудыг ойлгомжгүй, буруу тайлбарлан хэрэглэж “Э” ТӨҮГ-т учирсан 1,108,318,000 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгосон. Иргэний хуулийн 261.1-т “Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана” гэж заасан бөгөөд гэм хор учруулснаас үүсэх үүргийг Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх заалтуудад зохицуулсан. Анхан шатны шүүх учирсан хохирлыг арилгах, шаардах эрхийг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-т “Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 254.1, 254.6 дахь заалтуудад зааснаар “Э” ТӨҮГ гэрээг цуцалж, доголдлыг арилгуулах шаардлага гаргах эрхтэй гэж тайлбарласан атлаа худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдсан талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь ойлгомжгүй байдлыг үүсгэлээ.
Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад тодруулж байсан асуултдаа үндэслэн: “худалдагч нь үнийг төлөх үүрэгтэй боловч нэхэмжлэгч ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамыг 2018.12.25-ны өдрөөс 2019.04.06-ны өдрийг хүртэл ашиглаж 8,879,350 төгрөгийн үйлдвэрлэл явуулсан байх тул зохигчийн хувьд өгсөн, авсан зүйлийг буцаах үндэслэлгүй...” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж анхан шатны шүүхийн хийгээгүй дүгнэлтийг хийсэн мэтээр бичсэн байна. Учир нь 8,879,350 /энэ мөнгөн дүнг давж заалдах шатны шүүх орон алдаж найман тэрбум найман зуун далан есөн сая гурван зуун тавин мянган төгрөгийг найман сая найман зуун далан есөн мянга гэж буруу бичсэн/ төгрөгийн үйлдвэрлэлд /З-хх-ийн 21-р хуудас/ ган бөөрөнцгийн өртөг, зардлын тооцоог гаргасан бөгөөд мөн 22-р хуудсанд гарч байгаа зардлыг төрлөөр нь гаргасан. Үүнээс үзэхэд шүүхийн 8,879,350 төгрөгийн үйлдвэрлэл явуулсан гэсэн мөнгөн дүнг дан ганц “Ц” ХХК-ийн шугамын үр дүн, ашиг гэж ойлгох боломжгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хангалттай тайлбарласан.
Учир нь “Э” ХХК-аас 2018.04.10-ны өдөр зарласан ИБХ-ТТ/9-2018-1.19.3 дугаартай “Ган бөмбөлгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам нийлүүлэх тендер шалгаруулалтад “Ц” ХХК шалгарч, 2018.07.06-ны өдөр Ган бөмбөлгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам худалдах, худалдан авах 2/304-18 бүртгэлийн дугаартай гэрээг байгуулсан.
Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль/2005 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.11-т “ажил” гэж барилга байгууламжийн ажил, барилгын тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажил, түүнчлэн тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах бараа нийлүүлэлтийг хэлнэ. Бараа нийлүүлэлтийн үнэ нь ажлын үнээс их байвал тухайн гэрээг барааны гэрээ гэж тооцно гэж заасан тул талуудын хооронд байгуулсан 2/304-18 бүртгэлийн дугаартай гэрээг худалдах, худалдан авах гэрээ гэж нэрлэсэн.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-т “Нийлүүлэгч нь барааг энэхүү гэрээнд заасан “Э” ХХК-ийн агуулах нөхцөлөөр нийлүүлнэ, Захиалагч мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн хүлээн авах комисс шалгаж авах ба угсарч, суурилуулж, тохируулга, сургалт хийн хүлээн авч талууд баримт үйлдсэнээр нийлүүлсэнд тооцно гэж” цувих шугамыг нийлүүлэх нөхцөлийг тодорхой заасан бөгөөд ган бөмбөлөг цувих шугамыг 2018.12.25-ны өдрөөс ажиллуулж эхэлсэн ч 2019.01.03-ны өдөр эвдрэл гарч зогссон. /дөнгөж 9 хоног ажиллаад эвдэрсэн. 2-р хх-ийн 120-123 дугаар хуудас/ Эийн зүгээс цувих шугамын эвдрэлийг засах, “Ц” ХХК-ийн хүсэлтийн дагуу эд ангиудыг үйлдвэрийн газрын цехүүдээр хийлгэж өгөх зэргээр бүхий л туслалцаа дэмжлэгийг үзүүлж 2019.04.07-ны өдрийг дунджаар 34 хувийн гүйцэтгэлтэй ажиллуулсан.
“Э” ТӨҮГ-аас гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, түүнд хавсарган өгсөн Эдийн засгийн хэлтсийн 108/283 дугаартай албан бичгээр гаргасан тооцоолол, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж байгууллагаас ган бөмбөлөг худалдан авсан гэрээ, төлбөр шилжүүлсэн баримтуудаар хохирол учирсан гэдэг нь нотлогдож байхад “гадаад улсаас нийт хэдэн төгрөгийн худалдан авалт хийсэн нь тодорхойгүй, ... доллароор тооцоолж бичсэн баримтууд авагдсан байгаа боловч нийт хэдэн доллароор ган бөөрөнцөг худалдан авсан, тухайн үеийн долларын ханшийг үндэсний мөнгөн тэмдэгтээр тооцоолсон баримтыг хэрэгт хавсаргаагүй байх тул доллароор тооцоолсон нэхэмжлэхүүдийг үнэлэх боломжгүй” гэсэн ойлгомжгүй, үндэслэлгүй дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Мөн Эээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргахдаа 3-р хх-ийн 123-250 дугаар хуудас, 4-р хх-ийн 1-67 дугаар хуудсуудад байгаа дотоод гадаадын аж ахуйн нэгж байгууллагаас худалдан авсан 40, 80, 100 мм-ын ган бөмбөлөг худалдах-худалдан авах гэрээ, төлбөрийн нэхэмжлэх, төлбөр шилжүүлсэн баримтуудыг нотариатаар гэрчлүүлэн шүүхэд гаргасан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх “нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа 4112100 кодтой 6,736,436,186 төгрөгийн худалдан авалтын баримт /3-р хх-ийн 134, 138, 143, 145, 152, 185, 187, 188, 190, 191, 211, 223-226, 234-235, 237-240, 242-247, 4-р хх-ийн 8 дугаар хуудас/-ыг хавсаргаж ирүүлсэн байсныг нотлох баримтаар үнэлээгүй болно” гэсэн нь ойлгомжгүй, дээрх баримтууд нь нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, төлбөрийн нэхэмжлэх байсан болно.
Үйлдвэрийн газраас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл болгож 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 6 сарыг дуустал хугацаанд гадны байгууллагаас 7861 тн ган бөөрөнцгийг 23,308,616,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд хэрэв “Ц” ХХК-ийн суурилуулсан шугам бүрэн хүчин чадлаараа ажиллаж уг ган бөөрөнцгийг үйлдвэрлэсэн бол 22,200,298,000 төгрөгөөр үйлдвэрлэх байсан тул зөрүү 1,108,318,000 төгрөгийн тооцоог гаргаж шүүхэд өгсөн. Түүнчлэн нэхэмжлэгч “Э” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан шинжээч томилуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүхийн 2020.10.14-ний өдрийн 142/Ш32020/04999 дугаартай захирамжаар бидний гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж байсан болно.
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166.4-т заасан “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5. Гуравдагч этгээд прокурор М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргаж байна.
Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд 2018.07.06-ны өдөр Ган бөмбөлгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам нийлүүлэх тухай худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байх ба гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үнийн талаар зохигч маргаагүй гэж дүгнэж, хариуцагчийн хүлээлгэн өгсөн ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамаар нэхэмжлэгч тал 2018.12.25-ны өдрөөс 2019.04.06-ны өдрийг дуустал үйлдвэрлэл явуулсан бөгөөд дээрх хугацаанд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам нь нэг ч өдөр техникийн тодорхойлолтод бичигдсэн хүчин чадалд хүрч ажиллаагүй, эвдрэл үүсэж байсан болох нь хэрэгт авагдсан зохигчийн анхан шатны шүүх хуралдаанд судалсан нотлох баримтаар тогтоогдож байна. Цаашид техникийн тодорхойлолтод бичигдсэн хүчин чадалд хүрч ажиллах боломжгүй гэх үндэслэлээр худалдан авагч тал гэрээг цуцалж, хариуцагчид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг баталгаат хугацааны дотор шүүхэд гаргасан байна гэж дүгнэсэн.
Гэвч хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас 1,108,318,000 төгрөгийн илүү зардал гарсан тухай нотлох баримтаа хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж ирүүлсэн нотлох баримтууд болох зардлын тооцоо, гэрээ, нэхэмжлэх, төлбөрийн даалгавар зэргийг ирүүлсэн байна гэж дүгнэсэн атлаа гадаадаас доллараар худалдан авсан ган бөөрөнцгийн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй, долларын ханшийг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцож нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заасан ба “Э” ТӨҮГ нь доллароор хийсэн гадаад худалдан авалтыг төгрөгт хөрвүүлэн нэхэмжлэлийн үнийг 1,857,742,550 төгрөг гэж тодорхойлон нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байдаг.
Гэтэл давж заалдах шатны шүүх хуулийн дээрх зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлан доллараар тооцоолсон нэхэмжлэхүүдийг үнэлэх боломжгүй байна гэж дүгнэн, үндэслэлээ Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4 дэх заалт, Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1, 217.2, 218 дугаар зүйлийн 218.1 дэх заалтуудыг тус тус дурдан тайлбарласан байх ба дээрх баримталсан хуулийн зүйл хэсэг заалт дахь үндэслэлүүд нь ...тухайн үеийн долларын ханшийг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй гэх дүгнэлтийнх нь үндэслэл хэрхэн болж байгаа нь ойлгомжгүй байна
Иргэний эрх зүйд нотлох баримтыг үнэлэх тухай хууль зүйн ойлголт байдаг ба нэхэмжлэхийг үнэлэх тухай ойлголт байдаггүй болно.
Давж заалдах шатны шүүх доллараар тооцоолсон баримтыг үнэлэх боломжгүй гэж агуулгын хувьд дүгнэсэн атлаа “Э” ТӨҮГ-аас гаргаж өгсөн зардлын тооцоо, худалдах-худалдан авах гэрээ, нэхэмжлэх, төлбөрийн даалгавар гэх мэт магадлалд дурдсан нотлох баримтуудаа хэрхэн үгүйсгэсэн үндэслэлээ дурдаагүй, дотоодын компаниас худалдан авалт хийсэн талаарх баримтуудыг ямар үндэслэлээр үгүйсгэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй болох нь тодорхойгүй, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна гэж дүгнэсэн атлаа анхан шатны шүүхийн алдааг зөвтгүүлэлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь өөрөө ИХШХШтХууль ноцтой зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзвэл ИХШХШтХуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.7 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг илрүүлж, залруулах, хэрэв боломжгүй бол хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь хууль хэрэглээний хувьд зөв болно.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь заалтын дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг буюу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 1 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж, Л, О, А, гуравдагч этгээд прокурор М нарын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2025.01.21-ний өдрийн 001/ШХТ2025/00056 дугаар тогтоолыг гаргажээ.
ХЯНАВАЛ:
7. Нэхэмжлэгч тал болон төрийг төлөөлсөн гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлын заримыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
8. Нэхэмжлэгч “Э” ТӨҮГ нь хариуцагч “Ц” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, ган бөмбөлгийн цехэд суурилуулсан иж бүрэн цувих шугамаа өөрсдийн зардлаар буцааж авахыг “Ц” ХХК-д даалгах, хариуцагчаас 1,987,502,990 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ: “...“Э” ТӨҮГ нь “Ц” ХХК-тай 2018.07.06-ны өдөр Ган бөмбөлгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам худалдах, худалдан авах 2/304-18 бүртгэлийн дугаартай гэрээг байгуулж, гэрээний нийт үнийн дүнгийн 70 хувь буюу 749,424,550 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн. Гэвч хариуцагч нь гэрээний 5.2.1-д заасан гэрээнд заасан чанар, стандартын шаардлагад нийцсэн, тоо хэмжээ, иж бүрдэл бүхий биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй барааг дагалдах баримт бичгийн хамт заасан хугацаанд нийлүүлэх үүргээ зөрчсөн үндэслэлээр гэрээг цуцалсан тул урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 749,424,550 төгрөг, Ган бөмбөлгийн цехэд цувих шугам суурилуулахтай холбоотой хуучин цувих шугамыг буулгасан ажлын хөлс 129,760,440 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч 129,760,440 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна.
“Э” ТӨҮГ-ын зүгээс үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд “Ц” ХХК-ийн суурилуулсан цувих шугамыг өөрсдийн зардлаар буулгасан, энэ шугамыг буцааж авахыг даалгаж өгнө үү.
Мөн “Ц” ХХК-ийн суурилуулсан шугам хэвийн ажилласан бол 7,861 тонн ган бөөрөнцгийг 22,200,298,000 төгрөгөөр үйлдвэрлэх байсныг 23,308,188,000 төгрөгөөр худалдан авч, 1,108,318,000 төгрөгийн алдагдал хүлээсэн. Иймд хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 1,108,318,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласан бол,
Хариуцагч тайлбартаа: “...“Э” ТӨҮГ-аас 2018 онд Ган бөмбөлгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам нийлүүлэх цахим тендер, тендерийн үнэлгээний хороо “Ц” ХХК-ийг сонгон шалгаруулж, 2018.07.06-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. ...Хариуцагч “Ц” ХХК-аас ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамыг нийлүүлэх явцад “Э” ТӨҮГ-ын Ган бөмбөлгийн цехийн даргаар ахлуулсан баг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тухайн үйлдвэр дээр очиж, ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам “Эийн” ТӨҮГ-ын Ган бөмбөлгийн цехэд тохирох боломжтой эсэх, техникийн нөхцөлд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг газар дээр нь танилцсан. Ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамыг үйлдвэрлээд дууссаны дараа “Ц” ХХК Замын-Үүд рүү тээвэрлэж, ...2018.11.16-ны өдөр Эийн Тээвэр ложистикийн албаны 6 дугаар төв агуулахад Ган бөмбөлгийн цехийн төлөөллийг байлцуулан акт үйлдэж, хүлээлгэж өгсөн. Олон улсын худалдааны инкотермс 2010 гэсэн нөхцөлийг талууд гэрээгээрээ тохиролцсон. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д заасны дагуу эд хөрөнгийг хүлээн авсан гэж хариуцагч үзэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.
...2019.04.06-ны өдрийг хүртэл нийт үйлдвэрлэсэн 2140 ган бөөрөнцгөөр “Э” ТӨҮГ 6.5 тэрбум төгрөгийн ашиг олсон харагдаж байгаа мөртлөө эвдрэл гэмтэл гарсан, шугамыг буцаан ав гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй.
Нөгөө талаар гэмтэл үүссэн шалтгаан нь “Э” ТӨҮГ-т өөрт нь байгаа, 1990 оноос хойш ашигласан, халаалтын зуухаа солиогүй байсантай холбоотой гэж үзэж байна. ...Гэрээ цуцалсан гэж хэлээд байгаа боловч урьдчилсан нөхцөлөө хангасан болохоо нотлоогүй учраас 749 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, ...нэхэмжлэлийн шаардлага нь бодит байдалтай нийцэхгүй буюу үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тайлбарласан,
Хариуцагч “Ц” ХХК нь нэхэмжлэгч “Э” ТӨҮГ-т холбогдуулан 321,181,950 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: “...Талуудын хооронд 2018.07.06-ны өдөр Худалдах-худалдан авах гэрээг байгуулж, гэрээний 4.4 дэх хэсэгт “... 3 дахь төлбөр болох гэрээний үнийн 20 хувьтай тэнцэх дүнг бараа ирснээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэх болон захиалагчийн хүлээн авсан тухай актыг үндэслэн төлнө...” гэж тохиролцсон бөгөөд бараа буюу гэрээнд заасан цувих шугамыг 2018.11.16-ны өдөр үйлдвэрийн Тээвэр ложистикийн албаны 6-р төв агуулахад захиалагч Ган бөмбөлгийн цехийн төлөөллийг байлцуулан акт үйлдэн бүрэн хүлээлгэн өгсөн тул үлдэгдэл санхүүжилт 321,181,950 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласан,
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “...“Ц” ХХК-ийн 2/304-18 бүртгэлийн дугаартай гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажил нь туршилтын явцад чанарын шаардлага хангаагүй, маш олон удаа эвдэрч цехийн үйл ажиллагаа зогсож байсан тул “Э” ТӨҮГ-аас энэхүү тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн аваагүй ба үлдэгдэл төлбөрийг шилжүүлэх үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тайлбарласан,
Гуравдагч этгээд төрийг төлөөлж прокурор тайлбартаа: “...“Э” ТӨҮГ нь эдийн засгийн үр ашгаа нэмэгдүүлэх зорилгоор Ган бөмбөлгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам нийлүүлэх тендер зарлаж, “Ц” ХХК шалгарч, худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Захиалагчийн эдийн засгийн үр ашгаа нэмэгдүүлэх зорилготой худалдан авсан шугам нь хүчин чадалдаа хүрч ажиллаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. ...Иргэний хуулийн 204, 221, 225, 227 дугаар зүйлүүдэд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах аль ч үед хэрэглэх боломжтой байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний тал үүргээ зөрчсөн, гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол шаардах эрхтэй тул “Э” ТӨҮГ-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэж тайлбарласан байна.
7. Анхан шатны шүүх: “...Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд: ...Хэрэгт цугларсан нотлох баримтаар “Ц” ХХК нь ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн, ...Шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийн нийлүүлсэн иж бүрэн цувих шугамын хүчин чадал чанарын үзүүлэлт нь Захиалагчийн үнэлгээний хорооны Тендерийн бичиг баримтын Техникийн тодорхойлолтод тусгагдсан үзүүлэлтэд тохирч байгааг нотолж байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй, ... доголдлын улмаас 7,861 тн ган бөөрөнцгийг гаднаас худалдан авч, ...1,108,318,000 төгрөгийн илүү зардал гаргаж, энэ хэмжээгээр нэхэмжлэгчид хохирол учирсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй. ...Сөрөг нэхэмжлэлийн хувьд: ...гэрээний 4.4-т зааснаар захиалагч гэрээний үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх дүнг бараа ирснээс хойш 30 хоногийн дотор төлөх үүрэгтэй, 4.5-д эцсийн төлбөрийг баталгаат засварын хугацаа дуусахад төлөх үүрэгтэй гэж тохирсон тул үлдэгдэл төлбөрийн 20 хувийг төлөх үүрэгтэй, харин баталгаат хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцалсан тул үлдэгдэл 10 хувийг шаардах эрхгүй...” гэж дүгнэсэн бол,
Давж заалдах шатны шүүх: “...Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлсон боловч ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан 129,760,440 төгрөг /Ган бөмбөлгийн цехэд цувих шугам суурилуулахтай холбоотойгоор хуучин цувих шугамыг буулгах, бэлтгэл ажлуудыг “Р” ХХК-аар гүйцэтгүүлсэн ажлын хөлс/-ийн татгалзлыг дурдаагүй, мөн улсын тэмдэгтийн хураамжийг зөв хуваарилж чадаагүй байна, ...давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар анхан шатны шүүхийн алдааг залруулах нь зүйтэй, ...1,108,318,000 төгрөгийн зардлыг нэхэмжилсэн нэхэмжлэхийн дүнг ам.доллараар тооцоолж бичсэн боловч нийт хэдэн ам.доллараар ган бөмбөлөг худалдан авсан, тухайн үеийн ам.долларын ханшийг үндэсний мөнгөн тэмдэгтээр тооцоолсон баримтыг хэрэгт хавсаргаагүй байх тул уг ам.доллараар тооцоолсон нэхэмжлэхүүдийг үнэлэх боломжгүй тул хохирол шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно, харин сөрөг нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй...” гэж дүгнэжээ.
8. Дээр дурдсанчлан хоёр шатны шүүх үйл баримтын талаар адил дүгнэлт хийсэн боловч нотлох баримтыг өөр өөрөөр үнэлснээс зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д нийцсэн байна.
9. Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байх тул магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн гомдлын заримыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
10. Үндсэн нэхэмжлэлийн талаар:
Нэхэмжлэгч “Э” ТӨҮГ нь хариуцагч “Ц” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, үр дагаврыг шийдвэрлүүлэх, гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг гаргуулах, ган бөмбөлөг цувих шугам хүлээх авахаар бэлтгэл ажил хийлгэсэн ажлын хөлсийг гаргуулахаар нийт гурван шаардлага гаргасан байна.
10.1. Зохигч 2018.07.06-ны өдөр Ган бөмбөлгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам худалдах-худалдан авах 2/304-18 дугаартай гэрээ байгуулсан, гэрээний дагуу хариуцагч “Ц” ХХК нь “Э” ТӨҮГ-т Ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамыг нийлүүлж, тоног төхөөрөмжийг суурилуулсан боловч туршилтын хугацаанд шугам удаа дараа эвдэрч, тоног төхөөрөмж техникийн шаардлага хангахгүй, гэрээнд заасан хүчин чадлаар ажиллаагүй, үйлдвэрлэл зогсох нөхцөл байдал үүссэн үндэслэлээр захиалагч гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 749,424,550 төгрөгийг буцаан гаргуулж, ган бөмбөлөг цувих шугамыг буулгаж авахыг даалгуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж, 256 дугаар зүйлийн 256.1-д эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд атлаа Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т заасан үүргээ биелүүлээгүй тул шаардлага гаргах эрхээ алдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т заасныг үндэслэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж дүгнэн, шийдлийг хэвээр үлдээсэн байна.
Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т “...аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана” гэж, 248 дугаар зүйлийн 248.2-т “худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчилсэн тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгийг хүлээн авсанд тооцно” гэж тус тус зохицуулжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг шалгаж, туршилт хийх явцад доголдолтой болох нь тогтоогдсон үндэслэлээр гэрээнээс татгалзсныг хоёр шатны шүүх өөр үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул талуудын диспозитив зарчимд үндэслэн шийдлийг өөрчлөх шаардлагагүй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв.
10.2. Харин нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага буюу хохирол нэхэмжилсэн шаардлагыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч “Ц” ХХК доголдолтой бүтээгдэхүүн нийлүүлснээс Ган бөмбөлгийн цех бүрэн хүчин чадлаар ажиллаж чадаагүй бөгөөд үйлдвэрийн ажил зогсолтгүй үргэлжлэх учиртай гэх үндэслэлээр үйлдвэрлэлд шаардлагатай ган бөмбөлгийг гаднаас худалдан авч, 1,108,318,000 төгрөгийн алдагдал хүлээсэн гэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч үгүйсгэсэн, няцаасан үндэслэлээ нотлоогүй тул нэхэмжлэгчид дээрх хэмжээний хохирол учирсан гэж үзнэ.
Давж заалдах шатны шүүх дээрх шаардлагыг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй, ам.доллараар гүйлгээ хийж ган бөмбөлөг худалдан авсан нөхцөлд тухайн үеийн ам.долларын ханшийг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул холбогдох баримтыг үнэлэхгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.4-т заасан журмыг зөрчсөн байна.
Тухайлбал, нэхэмжлэгч нь өөрт хэрэгтэй ган бөмбөлгийг ам.доллараар худалдаж авсан талаарх төлбөрийн баримтыг хэрэгт хавсаргаж, тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцож нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байх бөгөөд Монгол банкнаас зарласан гадаад валютын албан ёсны ханш Монгол банкны сайтад байршсан, нийтэд илэрхий байхад давж заалдах шатны шүүх дээрх валютын ханшны талаарх мэдээллийг шүүхэд гаргаж өгөөгүй гэх үндэслэлээр нотлох баримтыг үнэлээгүй нь магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй гэж үзнэ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчид хохирол учирсан нь нотлогдсон гэж үзэн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангахаар шийдвэрлэсэн нь зөв боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эрх зүйн зөрчилтэй дүгнэлт хийсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн үнэлээгүй байх тул хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг зөвтгөж, тооцоог өөрчилж залруулна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзах эрхээ алдсан гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар гэрээг цуцалж, учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэсэн нь нэхэмжлэлийн эхний шаардлагыг шийдвэрлэсэнтэй зөрчилдөж байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.
Иймд хариуцагч нь үйлдвэрлэлийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгчид учирсан хохирлыг шийдвэрлэх боломжтой юм.
Зохигчийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний 4.5-д зааснаар нэхэмжлэгч нь гэрээний үнийн дүнгийн 10 хувийг баталгаат засварын төлбөрт барьцаалан өөртөө үлдээсэн байгаа тул хохиролд нэхэмжилсэн 1,108,318,000 төгрөгөөс дээрх 10%-ийн төлбөр 107,060,650 төгрөгийг хасч үлдэх 1,001,257,350 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
10.3. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн гурав дахь шаардлага буюу ажлын хөлс 129,760,440 төгрөгийг гаргуулах шаардлагаасаа татгалзсныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаа энэ хэмжээгээр багасгасан гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй болно.
11. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч “Ц” ХХК гэрээний үлдэгдэл төлбөр 321,181,950 гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Зохигчийн хооронд байгуулагдсан Худалдах-худалдан авах гэрээний үнийн дүн 1,070,606,500 төгрөг бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний үнийн дүнгийн 70% болох 749,424,550 төгрөгийг гэрээний урьдчилгаанд хариуцагчид шилжүүлсэн, үлдэгдэл 30% болох 321,181,950 төгрөгийг төлөөгүй үйл баримттай маргаагүй бөгөөд хариуцагчийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэлээр үлдэх төлбөрийг төлөхөөс татгалзсан байна.
Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т “...гэрээний үнийн 20%-тай тэнцэх дүнг бараа ирснээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэх болон захиалагчийн хүлээн авсан тухай актыг үндэслэн худалдагчид төлнө...” гэж, 4.5-д “Эцсийн төлбөрийг баталгаат засварын хугацаа дуусахад төлнө...” гэж тохиролцжээ.
Хариуцагч нь тоног төхөөрөмжийг нийлүүлсэн, ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамыг угсарч хүлээлгэж өгсөн үндэслэлээр гэрээний үнийн дүнгийн үлдэгдэл 20% болох 214,121,300 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт гэрээний холбогдох зохицуулалт, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн, шүүхийн энэ шийдвэрт зохигч гомдол гаргаагүй байна.
12. Ийнхүү дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 214/МА2024/00017 дугаар магадлалыг хүчингүй болгож, Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 132/ШШ2024/00330 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч “Ц” ХХК-аас 1,001,257,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ТӨҮГ-т олгож, нэхэмжлэгч “Э” ТӨҮГ-аас 214,121,300 төгрөгийг гаргуулан хариуцагч “Ц” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас худалдах-худалдан авах гэрээг цуцалж, үр дагаврыг шийдвэрлүүлэх шаардлагыг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 107,060,650 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ТӨҮГ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,323,615 төгрөг, хариуцагч “Ц” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,763,860 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э” ТӨҮГ-аас 1,228,556.5 төгрөгийг гаргуулан хариуцагч “Ц” ХХК-д, хариуцагч “Ц” ХХК-аас 5,164,237 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ТӨҮГ-т тус тус олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Э” ТҮӨГ-аас 2024.12.24-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,699,540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээд прокурор нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД