Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 00215

 

                                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүгч Ц.Алтангадас, Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа,

  Улсын яллагч Ц.Идэрмөнх,

  Иргэдийн төлөөлөгч Ж.Отгонбаатар,

  Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир,

  Шүүгдэгч Ж.Золбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Золбаярт холбогдох 201714000089 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

      Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

     Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “Теди” төвд гар утас засдаг ажилтай, ам бүл 3, ээж,  дүүгийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг зүүн дэнжийн 2-11 тоотод оршин суух, урьд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1.д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Жаргалсайханы Золбаяр./ ЧО87012278 /

 

 Холбогдсон гэмт хэргийн талаар

 

 Шүүгдэгч Ж.Золбаяр нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэди” төвийн гаднах авто машины зогсоол дээр шалтгаангүйгээр бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай зүйл буюу Сэнгүр пивоны шил хэрэглэн Э.Баттуяаг цохиж хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

             ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

  1. Шүүгдэгч Ж.Золбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр найзуудын хамт Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М клубд найзуудын хамт 2 шил архи уугаад гарч ирсэн юм. Баарнаас гараад иртэл Шинэ-Эрдэнэ машинтайгаа явж байсан.Би найзынхаа машиныг таниад машиных нь урд тулаад зогссон.Би Шинэ-Эрдэний машин дотор жолоочийн урд талын суудалд сууж байсан Баттуяа гэх залууд хандаж тоглоомоор муухай хараад байна уу гэж хэлсэн. Баттуяа дуугарахгүй суугаад байхаар нь машины голын хайрцаганд 2 пивоны шил байхаар нь нэгийг нь аваад уг залууг тоглоомоор айлгах гээд нүүрнийх нь урдуур далайтал уг залуу нүүрээрээ наашлаад пивоны шилэнд цохигдчихсон. Би Баттуяаг цохие гэж цохиогүй. Дух нь улайсан байсан, цус гарсан зүйл байхгүй гэв.

 

     2. Шүүгдэгч Ж.Золбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...”Би Баттуяа гэх залууг баар цэнгээний газарт харж байсан зүсийг нь мэдэх боловч нэрийг мэдэхгүй байсан. Энэ залуугийн гэр нь 5 дугаар хороололын 3 дугаар байранд байдаг байсан байх, манай найзынх 5 дугаар хороололын 3 дугаар байранд байдаг бөгөөд найзынхаа гэрт очих үед хааяа орцонд таардаг байсан. Энэ залуутай юм ярьж үзээгүй, муудалцаж ч байгаагүй. Баттуяа нь Шинэ-Эрдэний машины урд суучихаад муухай хараад суугаад байх шиг байсан. Угаасаа их эвгүй харцтай залуу байсан. Тэгэхээр нь зүгээр л муухай хараад байна уу гэж хэлээд пивоны шилээр далайтал өөрөө толгойгоороо урагшлаад оногдчихсон. Санаатай цохиж гэмтэл учруулаагүй, надад Баттуяаг пивоны шилээр цохих шаардлага шалтгаан байгаагүй” гэсэн мэдүүлэг / хх-ийн 37-р талд /

     3. Хохирогч Э.Баттуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Шинээ машинаас буугаад та нар холдооч зам чөлөөл гэж хэлж байх үед нэг танихгүй согтуу залуу жолооч талын хаалгыг онгойлгоод машин дотор орж ирж суулгүй, биеэрээ машинд тонгойж орж ирээд муухай хараад байна уу гэж хэлэхээр нь би хариу хэлж чадаагүй байтал машины дунд талын хайрцаганд байсан Сэнгүр пивоны хоосон шилээр миний толгой руу цохичихсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-р талд/

    4. Гэрч Н.Шинэ-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Золбаяр миний машин руу очоод урд талын суудалд сууж байсан Баттуяаг муухай хараад байна уу гээд пивоны шилээр цохичихсон байсан. Намайг нэг залуутай хальт маргалдаж байх үед машин дотор хүмүүсийн дуу чанга сонсогдож эхлэхээр нь очтол Баттуяагийн толгойноос цус гарчихсан байсан. Баттуяа наадах чинь пивоны шилээр цохичихлоо гэж хэлсэн. Энэ үед Ж.Золбаяр жолооч талын хаалгыг онгойлгоод зогсож байсан. Золбаяр, Баттуяа нарт маргалдах муудалцах хугацаа байгаагүй, асуудал их хурдан болсон. Золбаяр, Баттуяад хандаж муухай хараад байна уу гэж хэлэхийг сонссон. Тэгээд л шилээр цохичихсон юм билээ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-р талд/

    5. Гэрч Х.Энхгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Э.Баттуяа гэх 27 настай эрэгтэй хүн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр надад үзүүлэхдээ 7 хоногийн өмнө шилээр толгойгоо хагалуулсан. Одоо толгой дүүрч лугшиж өвдөнө, бие нозоорно, гэдэс гүйлгэнэ гэсэн зовиуртай ирсэн. Ингээд түүний биед үзлэг явуулахад биеийн байдал дунд зэрэг, ухаан саруул, амьсгал зүрх судасны үйл ажиллагаа хэвийн, мэдрэлийн үзлэгт хөндлөн нистагемойдтой /гавлын тархи доргилтын нэг шинж/, шөрмөсний рефлексүүд хурдассан байсан тул тархи доргилт оношлогдсон. Цохилтын хүчнээс хамааран тархи доргилт үүсч болно. Язарсан шарх үүстэл, толгой савлаж хөдөлтөл цохисон бол тархи доргино” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р талд/   

    6. Гэрч Э.Саруултөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Золбаяр ч гэлтгүй, ер нь бүгдээрээ согтсон, Доржоо бид 3 баарнаас гараад Сонорхайрхан худалдааны төвийн хажууд байх үед Золбаяр нэг машин зогсоогоод дотор нь байсан хүнийг цохисон гэж сүүлд Доржоогоос сонссон. Би нилээн согтсон байсан бөгөөд агаарт гарч ирээд тасарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 талд/

  7. Шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 137 дугаартай Э.Баттуяагийн биед тархи доргилт, духанд зулгаралт үүсчээ. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь шинэ гэмтэл ба цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 21-р талд/,

         8. 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 219 дугаартай:... Э.Баттуяагийн биед духанд үстэй хэсгийн заагт 1.5х1.5 см хэмжээтэй тавшсан зулгаралт байсан юм. 15х15 гэж бичигдсэн байгаа нь техникийн алдаа болжээ. Э.Баттуяагийн биед тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Духанд үүссэн зулгаралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Э.Баттуяагийн духанд үүссэн зулгаралт нь ямар ч чиглэлд үүссэн байж болно. Хохирогч Э.Баттуяагийн бие махбодид учирсан гэмтлээс болж түүний биед үлдэц, хор уршиг учирсан эсэх гэдэг нь асуулттай давхардсан байна. Хөнгөн зэргийн гэмтэл нь хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй юм. Гоо сайхан гэдэг ойлголтыг шүүх эмнэлэг тогтоохгүй ба хүний нүүр засрашгүй гэмтэж, нүүрний дүр төрх алдагдсан эсэхийг тогтооно гэсэн дүгнэлт / хх-ийн 25-р талд /

   9. Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 49-р талд / зэрэг болно.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн нотлогооны ач холбогдолтой байх тул шүүх үнэн зөв гэж  үзэв.

Шүүгдэгч Ж.Золбаяр нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Теди” төвийн гадна бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай зүйл буюу пивоны шилээр Э.Баттуяаг цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулж танхайрсан болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Э.Баттуяагийн “...танихгүй согтуу залуу жолооч талын хаалгыг онгойлгоод биеэрээ машинд тонгойж орж ирээд муухай хараад байна уу гэж хэлээд машины дунд талын хайрцаганд байсан сэнгүр пивоны хоосон шилээр миний толгой руу цохичихсон. Тэгээд манай найз Шинээ хүрч ирээд хүний толгой хагалчихлаа гээд тэр залууг холдуулсан. Бид нар хоорондоо ямар нэг зодоон болоогүй, бид нар эмнэлэг яваад би толгойгоо боолгосон” гэсэн, гэрч Н.Шинэ-Эрдэнийн “...Золбаяр Баттуяад хандаж муухай хараад байна уу гэж хэлэхийг сонссон. Тэгээд л архины шилээр цохичихсон юм билээ” гэсэн, гэрч Э.Саруултөгсийн “...Золбаяр ч гэлтгүй, ер нь бүгдээрээ согтсон, Доржоо бид 3 баарнаас гараад Сонорхайрхан худалдааны төвийн хажууд байх үед Золбаяр нэг машин зогсоогоод дотор нь байсан хүнийг цохисон гэж сүүлд Доржоогоос сонссон. Би нилээн согтсон байсан бөгөөд агаарт гарч ирээд тасарсан байсан” гэсэн мэдүүлгүүд,  хохирогчийн биед тархи доргилт, духанд зулгаралт гэмтэл үүссэнийг тогтоосон шинжээчийн 137, 219 дугаартай дүгнэлтүүд, ял шалгах хуудас болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ж.Золбаяр шүүхийн хэлэлцүүлэгт “...2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр найзуудын хамт Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М клубд найзуудын хамт 2 шил архи уугаад гарч ирсэн юм. Баарнаас гараад иртэл Шинэ-Эрдэнэ машинтайгаа явж байсан. Би найзынхаа машиныг таниад машиных нь урд тулаад зогссон. Би Шинэ-Эрдэний машин дотор жолоочийн урд талын суудалд сууж байсан Баттуяа гэх залууд хандаж тоглоомоор муухай хараад байна уу гэж хэлсэн. Баттуяа дуугарахгүй суугаад байхаар нь машины голын хайрцаганд 2 пивоны шил байхаар нь нэгийг нь аваад уг залууг тоглоомоор айлгах гээд нүүрнийх нь урдуур далайтал уг залуу нүүрээрээ наашлаад пивоны шилэнд цохигдчихсон” гэж мэдүүлж байгааг буруутгах үндэслэлгүй,  шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг нотлох үүрэггүй.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир шүүхийн хэлэлцүүлэгт “...урьдчилан төлөвлөөгүй гэнэт үүссэн шинжтэй үйлдэл гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, өөрөөр хэлбэл хохирогч Баттуяагийн дүү Билгүүнтэй хамт явсан этгээдийг олж мэдүүлэг аваагүй, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.2., 157 дугаар зүйлийн 157.1.2.,157.1.3.д заасан заалтуудыг зөрчсөн гэж тайлбарлан түүнд холбогдох хэргийг мөрдөн байцаалтанд буцаах тухай хүсэлтийг гаргаж байх боловч шүүгдэгчийн мэдүүлэг болон түүний өмгөөлөгчийн уг хүсэлт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи баримтуудаар няцаагдаж байна.

   Иймд шүүгдэгч Ж.Золбаярын үйлдэл нь бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 Шүүгдэгч Ж.Золбаяр урьд нь Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1.д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан болох нь Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэргээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1.д заасан хугацаа өнгөрсөн гэж үзэж түүнийг ялгүйд тооцов.

Шүүгдэгч Ж.Золбаярт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан түүнд хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, эдлэх ялын дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой байна.

  Хохирогч Э.Баттуяад гэмт хэргийн улмаас хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хохиролд 140.000 төгрөг төлсөн байна. Хохирогч нь шүүх хуралдаанаас өмнө гэм хорын нэхэмжлэлийн баримтыг ирүүлээгүй, тэрээр “Улаанбаатар хотод амьдардаг, шүүх хуралдаанд оролцох боломжгүй. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.  

 

    Шүүгдэгч нь энэ хэрэгт 86 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэсэн хугацаанд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283 ,284, 285, 286, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                     ТОГТООХ нь :

 

    1. Шүүгдэгч Боржигон овгийн Жаргалсайханы Золбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 551.1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3.т зааснаар Ж.Золбаярыг  3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.д заасныг журамлан  52.5.д зааснаар Ж.Золбаярын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч Ж.Золбаярын  цагдан хоригдсон 86 /наян зургаа/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

    5. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

   6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Золбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

  7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ 

                                     ШҮҮГЧИД                                       Ц.АЛТАНГАДАС

                                                                                             Ж.БАЙГАЛМАА