Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2019/0235

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй хийж, С.Ч-ын нэхэмжлэлтэй Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/110 дугаар тушаал, Төрийн албаны зөвлөлийн Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын даргын албан тушаалд С.Ч-ыг эгүүлэн тогтоохыг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах шаардлага бүхий Боловсролын соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Ч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч С.Ч  нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/48 дугаар тушаалаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар Биеийн тамир, спортын бодлогын газрын даргын ажлын байранд жинхлэн томилогдсон.

Энэ хугацаанд С.Ч  нь ямар нэгэн алдаа дутагдал, сахилгын зөрчил гаргаагүй бөгөөд сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр гараагүй ирсэн.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр С-ны Ч-г ажлаас чөлөөлөх тухай Б/110 дугаар тушаал гаргасан.

Уг тушаалд Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-д өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэсэн заалтыг үндэслэсэн боловч чөлөөлөгдөх тухай өөрийн санаачилгаар өргөдөл гаргаагүй байхад хүчээр, худлаа тушаал гаргасан.

Уг журмаараа бол, Улсын Дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 14 дүгээр зүйлд ажил олгогчийн шахалт, шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэлт зоригийн дагуу, сайн дурын үндсэн тухай дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ гэсэн нарийн зохицуулалтыг зөрчсөн.

Энэхүү тушаалтай холбогдуулан гомдлоо 2018 оны 09 дүгээр сард Төрийн албаны зөвлөлд гаргасан. Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөл 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гомдлыг хэлэлцэн 04 дугаартай Маргаан хянан шийдвэрлэсэн дүгнэлтийн тухай тогтоол гарсан.

Уг тогтоолд Төрийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/110 дугаартай Сүрэнчулууны Чинбатыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэл хэсгийн Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсгийг 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг гэж мөн Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны Журам шинэчлэн батлах тухай Б/139 дүгээр тушаалаар баталсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны албан хэрэг хөтлөх журам-ын 5.7 дахь хэсэг гэснийг хасаж, тушаалд зохих өөрчлөлт оруулахыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Б-д даалгасугай гэсэн өөрөө өөртөө даалгасан тогтоол гаргасан байна.

Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр Маргаан хянан шийдвэрлэх дүгнэлтийн тухай тогтоол дараах хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнд:

Тогтоолын үндэслэх хэсэгт: Улсын Их Хурлын 2003 оны 14 дүгээр тогтоолоор баталсан Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч хянан шийдвэрлэх журам-ын 4.4 дүгээр хэсгийн б, 18 дугаар заалтыг үндэслэжээ.

Гэтэл уг журмын 1 дүгээр заалтад ...Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигч хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг Төрийн албаны зөвлөл, түүний салбар зөвлөлөөр хянан, шийдвэрлэхэд энэхүү журмыг баримтална гэжээ.

Энэ журмын 4.4-т төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс нэр дэвшүүлэн томилогдсон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтан бусад төрийн жинхэнэ албан хаагчаас дараах асуудлаар гаргасан маргаан гэсэн.

Гэтэл С.Ч ыг салбар зөвлөлөөс биш Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшин журмын дугаар томилсон байна. Хамааралгүй заалтыг үндэслэсэн байна.

Энэхүү журмын 3 дахь заалтын 4.б-д Төрийн албаны тухай хуулийн 19.2-т заасны дагуу үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цалин хөлсийг өөрчлөх, албан тушаал бууруулах асуудалтай холбогдож гарсан маргаан, тус заалтын 4-ийн е-д мөн хуулийн 39.1.2-т заасны дагуу ажиллах нөхцөл, цалин хөлс, баталгааны талаар гаргасан бусад маргаан гэснийг аль алинд хамаарахгүй маргаан юм.

Иймд хууль зүйн үндэслэлгүй тогтоол болжээ. Мөн уг тогтоол нь Салбар зөвлөлийн 2018 оны Комисс томилох тухай 03 дугаар тогтоолоор байгуулсан Хянан шалгах комисс-ын 01 дүгээр дүгнэлтийг үндэслэсэн гэжээ.

Гэтэл Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 128 дугаар тогтоолоор баталсан Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам-ын аль нэгэн заалтаар Хянан шалгах комисс байгуулах тухай эрхийг хэнд ч олгоогүй.

Харин уг журмын 3.3.2-д ...төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөнтэй холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг шалган зааварлах зэрэг салбар зөвлөлийн эрх, үүрэгт хамаарах ажлын чиглэлээр ажлын хэсэг, комиссыг ахлах, бүрэлдэхүүнд орж ажиллана гэж салбар зөвлөлийн даргын эрх үүргийг тусгасан.

Энэ эрх нь төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөнтэй холбогдсон асуудалд хандах оролцоог тусгасан.

Харин төрийн жинхэнэ албан хаагчийн эрхийг улам дээрээс нь нэмээд зөрчөөд бай, социалист нийгэмд амьдарч байгаа юм шиг Хянан шалгах комисс гэсэн зүйл хийх эрхийг салбар зөвлөлийн дарга Төрийн нарийн бичгийн дарга Б.Б*******д олгоогүй.

Иймд хууль зүйн үндэслэлгүй комиссын дүгнэлтийг үндэслэсэн тогтоол хүчингүй болох учиртай. гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төрийн албаны зөвлөлд иргэн С. Ч-н 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн гаргасан гомдлыг Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Өргөдөл шилжүүлэх тухай 960 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөлд шилжүүлэн, хэрхэн шийдвэрлэснээ мэдэгдэхийг даалгасан.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөл нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 128 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журамын 2.1.2-т төрийн албаны тухай хууль тогтоомж болон төрийн албаны зөвлөлийн шийдвэр, өгсөн үүргийн биелэлтийг зохион байгуулах-аар үүрэг болгосны дагуу С.Ч ын гомдлыг шалган шийдвэрлэсэн болно.

Улсын Их Хурлын 2003 оны 14 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам -ын 2.8.2-т Төрийн албаны зөвлөл, түүний салбар зөвлөл( цаашид Зөвлөл гэх) гомдлыг хүлээн авмагц ... хүлээн авч шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж үзвэл маргааныг хянан шалгах комисс /цаашид комисс гэх/-ыг ажлын 5 өдрийн дотор байгуулах-аар заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн тогтоолоор гомдлыг хянан шалгаж, дүгнэлт гаргах комиссыг байгуулсан. Нэхэмжлэлд дурдсан шиг социалист нийгэмд амьдарч байгаа юм шиг Хянан шалгах комисс гэсэн зүйлийг хууль бусаар байгуулаагүй болно.

Дээр дурьдсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 2018 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан комисс С.Ч ын гомдлыг хянан шалгаж, өөр ажилд шилжин ажиллахаар Төрийн нарийн бичгийн даргыг албаны үүргийг түр орлон гүйцэтгэгчтэй харилцан тохирсон байх тул Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн С-ны Ч-г ажлаас чөлөөлөх тухай Б/110 дугаар тушаалын үндэслэх хэсгийн Төрийн албаны тухай хуулийн 24.1.3 дахь хэсэг гэж захиргааны актын бичилтийн алдаа гарсан шинжтэй байх тул харилцан тохиролцож, харьяа байгууллагад шилжүүлэхтэй холбоотойгоор холбогдох хуулийн заалтыг үндэслэх хэсэгт оруулах буюу тушаалд өөрчлөлт оруулах тухай тушаал гаргах нь зүйтэй гэсэн дүгнэлт-ийг танилцуулсан.

Учир нь С.Ч  нь Яамны хүний нөөцийн бодлого, мэдээллийн сан, салбар зөвлөл, төрийн албаны стандартын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Ш.С-гаас дарга нар эхэлж чиглэл өгөөгүй байхад өөрөө тушаалаа гаргуулахаар шаардсан, удирдлагаас тодруулахад Монгол Улсын Боловсролын их сургуулийн Биеийн тамирын сургуульд шилжих гэж байгаа гэсэн гэж 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр комисст тайлбар өгсөн байдаг.

Мөн тухайн үед Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Т.Н---оос комиссын зүгээс тайлбар авахад биечлэн уулзаж өөр ажилд шилжүүлэн ажиллуулах санал тавихад өөрөө зөвшөөрсөн тул дараагийн ажилд томилуулахаар Монгол Улсын Боловсролын их сургуулийн захиралтай уулзуулсан гэж 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр бичгээр тайлбар өгчээ. Иймээс С.Ч ыг Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Ажиллуулах тухай Б/167 дугаар тушаалаар тус сургуулийн Нийтлэг үйлчилгээний албаны даргын албан тушаалд томилсон байдаг.

Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Салбар зөвлөл нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар С.Ч ын гомдлыг хянан шийдвэрлэж, Маргаан шийдвэрлэсэн дүгнэлтийн тухай 04 дүгээр тогтоол гарсан.

 

Уг тогтоолоор Төрийн нарийн бичгийн даргын 2018 он 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/110 дугаар тушаалын үндэслэх хэсгийн Төрийн албаны тухай хуулийн 24.1.3 дахь хэсэг гэснийг 22 дугаар зүйлийн 22.1 дэхь хэсэг гэж өөрчлөн Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны Журам шинэчлэн батлах А/13 дүгээр тушаалаар батлагдсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны албан хэрэг хөтлөх журам-ын 5.7 дахь хэсэг гэснийг хасаж тушаалд зохих өөрчлөлт оруулахыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Б*******д даалгаж шийдвэрлэсэн.

Үүнийг үндэслэн Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/166 дугаар Тушаалын үндэслэх хэсэгт өөрчлөлт оруулах тухай тушаал гарч, зохих өөрчлөлтийг оруулсан болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч С.Ч ын Боловсролын соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/110 дугаар тушаал, Төрийн албаны зөвлөлийн Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын даргын албан тушаалд С.Ч ыг эгүүлэн тогтоохыг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Боловсролын соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/110 дугаар тушаалаар С.Ч ыг тус яамны Биеийн тамир, спортын бодлогын албан газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн байна. Хариуцагч дээрх маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн[1][1] 24 дүгээр зүйлийн 24.1.3-д өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх заалтыг үндэслэл болгожээ.

Дээрх маргаан бүхий захиргааны акт гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн өөрийн санаачлагаар төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдөл гаргах, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-т өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх зохицуулалтууд нь төрийн жинхэнэ алба хаагч өөрийн санаачлагаар төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдөл гаргах, улмаар захиргаанаас уг өргөдлөөр дагуу төрийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргах нь төрийн жинхэнэ албан хаагч аливаа шахалт, шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр зөвхөн түүний өөрийн хүсэлт зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр бичгээр гаргасан хүсэлт байх ёстой.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч С.Ч  нь өөрийн санаачлагаар Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдөл, хүсэлт гаргаагүй болох нь нотлогдсон болно.

Түүнчлэн нэхэмжлэгч С.Ч  нь Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/110 дугаар тушаалыг эс зөвшөөрч 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан нь төрийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэл зориг байгаагүй гэж үзэх үндэслэлтэй юм.

Төрийн албаны зөвлөл нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 960 дугаар албан бичгээр С.Ч ын гаргасан гомдлыг Төрийн албаны зөвлөлийн Боловсролын соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Салбар зөвлөлд шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна. Салбар зөвлөл нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж С.Ч ыг ажлаас чөлөөлсөн тушаалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэжээ.Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 24.1.3 дахь гэснийг 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг гэж, Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны Журам шинэчлэн батлах тухай А/139 дүгээр тушаалаар батлагдсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны албан бичиг хөтлөх журам-ын 5.7 дахь хэсэг гэснийг хасч тушаалд өөрчлөлт оруулжээ.

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно гэж заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахаас бусад тохиолдолд албан хаагчийг нэг ажлын байрнаас чөлөөлж нөгөө ажлын байранд шилжүүлэн томилоход ажилтнаас зохих зөвшөөрөл авч, захиргаа нь түүнтэй заавал тохиролцсон байх шаардлагатай. Мөн хуулийн зохицуулалт ёсоор өөр албан тушаалд ажилтныг шилжүүлэн ажиллуулахад албан хаагч зөвшөөрсөн гэдэг нь албан хаагчийн өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл гэж ойлгох бөгөөд зөвшөөрөл нь бичгийн хэлбэртэй байх, шилжүүлэн ажиллуулахдаа албан тушаалын ангилал, зэрэглэл өөрчлөгдөхгүй ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасантай адил төрлийн чиг үүрэг бүхий албан тушаалд шилжүүлэн томилох шаардлагыг хангасан байхыг ойлгодог.

Гэтэл хариуцагч нь маргаан бүхий захиргааны актад шилжүүлэн ажиллуулахаар өөрчлөлт оруулан шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч талтай ямар нэгэн байдлаар тохиролцоогүй, шилжүүлэн ажиллуулах талаар С.Ч аас албан бичгээр зөвшөөрөл аваагүй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол маргаан бүхий захиргааны актын улмаас зөрчигдсөн гэж шүүхээс дүгнэлээ.

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно гэж заасан бөгөөд уг хуулийн заалтын тайлбар ёсоор албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно гэжээ.

Хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, маргааны үйл баримтаас С.Ч ыг Монгол Улсын Боловсролын их сургуулийн Нийтлэг үйлчилгээний албаны даргаар шилжүүлэн ажиллуулах зайлшгүй шаардлага, уг албан тушаалд нэхэмжлэгчийн онцгой мэдлэг, боловсрол, ур чадвар, туршлага, онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх шаардлага байгаагүй гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрин А/01 дүгээр тушаалаар батлагдсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хөдөлмөрийн дотоод журмын 4.13-д Албан хаагчийг албан тушаал бууруулах, түр чөлөөлөх, чөлөөлөх, халахдаа Төрийн нарийн бичгийн дарга холбогдох, хууль, тогтоомжийг баримтлан тушаал гаргаж шийдвэрлэнэ, 4.14-т Төрийн албан хаагч нь өөр ажилд шилжих, өөрийн санаачлагаар ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Төрийн нарийн бичгийн даргад гаргана гэж заасны дагуу С.Ч  нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх, өөр ажил албан тушаалд шилжин ажиллах хүсэлтийг яамны Төрийн нарийн бичгийн даргад гаргаагүй болохыг дурдах зүйтэй байна.

Улсын Их Хурлын 2003 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам-ын 15 дахь хэсэгт ...Зөвлөлийн гишүүд болон комиссоос санал болгосон тохиолдолд маргагч талуудыг хуралдаанд оролцуулж, тэдэнд дүгнэлтийн талаар тайлбар хийх, өөр хоорондоо мэтгэлцэх бололцоог олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хянан хэлэлцэх Салбар зөвлөлийн хуралдаанд оролцуулах шаардлагагүй гэж үзэн Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Салбар зөвлөл 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар С.Ч ыг хуралдаанд оролцуулалгүйгээр гомдлыг хянан шийдвэрлэж дүгнэлтээ гаргасан нь маргаанд оролцогч талыг тайлбар хийх, нотлох баримт гаргах эрхийг нь ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсгүүдийн удирдлага болгон ТОГТООХ нь

1. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 46 дугаар зүйлийн 46.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан С.Ч ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/110 дугаар тушаал, Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Ч ыг урьд эрхэлж байсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ч ад олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ