Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 113

 

Ө.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00702/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 857 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ө.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Х-,
           Хариуцагч Капитал банкны Дархан салбарт холбогдох

“Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ө.Б-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд Ө.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П-,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч Ө.Б-аас:

Д.Х- бид хоёр гэр бүл болоод 40 гаруй жил болж байгаа бөгөөд би энэ хугацаанд төрийн албанд зүтгэж, орон гэртэй болсон юм. Тус маргаан бүхий байр нь Д.Х-ын нэр дээр байгаа боловч ганцхан түүний байр биш бидний гэр бүлийн дундын хөрөнгө мөн бөгөөд хэн нэгэн ганцаар бусад гэр бүлийн гишүүдэд мэдэгдэхгүйгээр барьцааны гэрээ байгуулсанд гомдолтой байна. Банкнаас зээл өгөхдөө энэ хүн байрны эзэн гэдэг байдлаар дуудаж мэдэгдээгүй мөртлөө зээлийн төлбөр төлөгдөхгүй болохоор надтай холбогдож надаас зээлийн төлбөр шаардаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас манай байрыг битүүмжлэхэд Д.Х- банкны зээлийн барьцаанд бидний байрыг ганцаараа дур мэдэж тавьсан болохыг мэдсэн. Би төрийн албанд зүтгэж олсон орлого болох цалин хөлсөөрөө тус байрыг худалдаж авсан. Энэ талаар нотлох баримтууд Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн шүүхийн 2018 оны 419 дүгээр хэрэгт байгаа. Урьд нь Д.Х- олон удаа зээл авахад дандаа надаар гарын үсэг зуруулдаг байсан. Харин энэ зээлийн гэрээнд надаар гарын үсэг зуруулаагүй, надад мэдэгдэхгүй гэрт байсан миний бичиг баримтуудыг ашиглаж зээлийн гэрээ байгуулсан бөгөөд тус зээлийн гэрээний барьцаанд үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна. Гэтэл эд нар хуйвалдааны аргаар миний байрыг барьцаанд тавьснаас болж бид өөрсдийн насаараа бий болгосон үл хөдлөх хөрөнгийг алдахад харамсалтай байна. Одоо энэ байранд манай том хүү, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдарч байна. Манай хүү Б.Б-, түүний эхнэр хоёр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс юм. Иймд барьцааны гэрээг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжилжээ.

Хариуцагч Д.Х-аас:

М.Б-, Ж.А- нар бид хоёр ажил хийх гэж байгаа юм та зээл аваад өгөөч гэж надаас гуйхад нь би Төрийн банкинд хандахад та Хас банкнаас авсан зээлийнхээ хугацааг хэтрүүлдэг тул танд зээл өгөх боломжгүй байна гэхэд нь би дотроо баярлаж, надад зээл өгөхгүй гэж байна гэхэд М.Б-, Ж.А- нар нь Капитал банкны захирал Ш.Н-тай ярьж тохиролцсон, та барьцаа хөрөнгөө бэлдчихвэл зээл асуудалгүй гарна гэж хэлсэн. Би тухайн үед Ш.Н- захирал нь байр барих гэж байгаа юм чинь байрны мөнгө нь бүтэхээр миний байрыг чөлөөлөөд өгөх байх гэж бодож байсан юм. Би зээл авахдаа нөхрөөсөө нуугаад С.Ц- гэдэг хүнийг хамтран зээлдэгчээр оруулсан. Энэ зээлийг авсан талаар С.Ц- ч мэдээгүй би гарын үсгийг дуурайлгаад зурсан. Зээл бол автоматаар гарсан. Иргэний хэргийн шүүхийн 2018 оны 419 дүгээр шийдвэртэй хэрэгт зээл авсан талаарх баримтууд байгаа. Ө.Б-ын баримтуудыг зээл олгохдоо банкнаас шаардсан учир би аваачиж өгөөд, Ө.Б-ын гарын үсгийг зурсан. Яг ямар баримт дээр гарын үсэг зурснаа мэдэхгүй байна гэж шүүхэд тайлбар гаргажээ.

Хариуцагч Капитал банкны Дархан салбарын захирал Д.П- тайлбартаа:

2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 179 тоот барьцааны гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Д.Х- гэдэг хүн зээл авахдаа Д.Х- гэдэг хүний буюу өөрийн нэр дээрх байрыг барьцаалж шуурхай зээл авахаар хүсэлт гаргахад нь манай банк зээл өгсөн. Хэрэв бизнесийн зээлийн гэрээ байгуулах байсан бол гэр бүлийн гишүүд, барьцаа хөрөнгийн талаар судалдаг. Харин энэ зээл нь шуурхай зээл учир бид гэр бүлийн гишүүд болон байрны өмчлөлийн талаар шалгах шаардлага байгаагүй. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд Ө.Б- гэдэг хүний нэр байхгүй ба Д.Х-, С.Ц- нарын хамтран зээл хүссэнийг өгсөн байгаа. Зээл хүсэгч хоёр хүний бичиг баримтыг үндэслэн зээл өгсөн болохоор Ө.Б- гэдэг хүний бичиг баримт хэрэггүй. Иймд барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд бид зээл олгохдоо ямар нэгэн хууль, журам зөрчсөн үйлдэл хийгээгүй тул гэрээг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 857 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан хариуцагч Д.Х-, Капитал банкны Дархан салбар нарын хооронд 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 179 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 408 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ө.Б- давж заалдсан гомдолдоо:

             Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Учир нь:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн       өмчлөх эрхийг зөрчөөгүй, барьцааны зүйлийн өмчлөгч нь барьцаалагч өөрөө байсан гэсэн үндэслэлээр шийдвэр гаргасан байна. Энэ нь Монгол улсын Иргэний хуулийн 128, 128.2, 125.1, 126.1, 126.2. 126.2.1,126.2.4 дахь заалтыг зөрчиж байна. Мөн иргэний эрхийг зөрчиж нэг талын эрх ашгийг хамгаалсан хуулийн заалтуудыг ашиглаж байна. Бид банкны зээлийг төлөхгүй гээгүй. Орон гэрээ алдахгүйн тулд барагдуулахаас өөр аргагүй болоод одоогоор 11.000.000 төгрөгийн төлөлт хийсэн байгаа. Цаашид ч төлнө. Харин хууль бус хийгдсэн барьцааны гэрээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагад маш тодорхой бичсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хуулийн заалтуудыг үндэслэсэн. Яагаад гэвэл дээрх хуулийн заалтуудаар гэрчилгээн дээр нэр нь байсан байгаагүй тэр гэр бүлийн өмч гэдгийг хуулиар зааж өгсөн тул бүх банк нэр нь байсан ч байгаагүй ч заавал гэр бүлийн хүний гарын үсгийг барьцааны гэрээн дээр зуруулдаг. Капитал банк миний гарын үсгийг хуурамчаар зуруулсан баримтаа энэ олон жил шүүхээр явах хугацаанд алга болгочхоод байгааг бас анхан шатны шүүх хэрэгсэхгүй байна. Манай эхнэр зээлж авсан мөнгөө, банктай хийсэн гэрээнүүдээ зээл авхуулсан М.Б-, Ж.А- нарт өгсөн болохоор бидэнд анхнаасаа энэ баримт бичгүүд байхгүй байгаа юм. Гэтэл энэ асуудлыг хөндсөнгүй. Капитал банк анхнаасаа хулгайгаар зээл олгочхоод зээл нь төлөгдөхөө болиод ирэхээр яагаад албан ёсоор надад мэдэгдэж хандаад байгаа юм бэ.

Нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлийг гаргаж байхад нөгөө талд нь татгалзахгүй байх үндэслэлүүд бас байгааг аваагүй байгаа юм бэ гэсэн гомдлууд байна. Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох хуулийн заалтууд болон бодит үнэнд үндэслэн 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Капитал банкны Дархан дахь салбар, иргэн Д.Х- нарын хооронд хийгдсэн 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 179 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож барьцааны байрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ө.Б-, Д.Х- нь гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болох орон сууцыг миний зөвшөөрөлгүйгээр банкны барьцаанд тавьж гэрээ байгуулсан гэсэн үндэслэлээр хариуцагч Д.Х-, хариуцагч Капитал банкны Дархан салбарт холбогдуулан 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 179 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, байр чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж өөрчилжээ.

Хариуцагч Д.Х- 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээгээр Капитал банкнаас 50 сая төгрөгийн зээл авсан нь үнэн, барьцааны гэрээгээр гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дангаар барьцаалах эрхгүй байсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагч Капитал банкны Дархан салбар нь нэхэмжлэгч Ө.Б-тай гэрээ хэлцэл хийгээгүй, барьцааны гэрээгээр Д.Х-ын өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалсан, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Давж заалдах шатны шүүх хуульд зааснаар хэргийг бүхэлд нь хянахад Капитал банкны Дархан салбар, Д.Х-, С.Ц- нарын хооронд байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 179 дугаартай гэрээгээр 50.000.000 төгрөгийг, сарын 3 хувийн, жилийн 36 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлдүүлсэн бөгөөд Д.Х-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2003001231 дугаартай, Дархан сум 12-р баг, 6 дугаар хороолол, 21 дүгээр байр, 31 тоот орон сууцыг барьцаалсан үйл баримт тогтоогджээ.

Д.Х-ыг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Капитал банкны Дархан салбар нь барьцааны гэрээг цуцалж, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 67.635.275,86 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 651 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, хариуцагч Д.Х-аас 65.053.575 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Капитал банкны Дархан салбарт олгож, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 120 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1004 дугаартай тогтоол хэрэгт тус тус нотлох баримтаар авагдсан байна.

Дээрх үйл явдлын дараа Ө.Б-, Б.Б-, Б.Б- нар нь Д.Х-д холбогдуулж үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсэг 40.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 419 дугаартай шийдвэрээр Дархан сум 12-р баг, 6 дугаар хороолол, 21 дүгээр байр, 31 тоот, орон сууцны зориулалттай, 37.8 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц нь нэхэмжлэгч Ө.Б-, Б.Б-, Б.Б-, хариуцагч Д.Х- нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоож, гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг тодорхойлуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт нотлох баримтаар авагджээ.

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийг захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргасан зөвшөөрлийг авна гэж зохицуулсан боловч гэрээ байгуулах үед барьцааны зүйл болох дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Д.Х- бүртгэлтэй байсан болох нь 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Ү-2003001231 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3-т “Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргахаар заасан” ба нэхэмжлэгч Ө.Б- нь энэ тухай өргөдлийг бүртгэлийн байгууллагад гаргаагүй болно.

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлэх бөгөөд мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж зохицуулжээ.

Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу хэрэгт эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 857 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгч Ө.Б-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

 

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.АМАРСАНАА

                                                         ШҮҮГЧИД                                    С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                              С.ОЮУНЦЭЦЭГ