| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 164/2024/0150/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/146 |
| Огноо | 2024-08-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/146
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,
Улсын яллагч Б.Түвшинтөр,
Шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У овгийн Мн Ад холбогдох 2416000000167 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Гааль татварын эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт *** аймгийн *** сум **** багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ****регистрийн дугаартай, Ун овгийн М-н А,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.А нь 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр С.О-н ******* тоот дансны картыг авч мөн өдрийн 12 цаг 20 минутад 5,000,000 төгрөг, 13 цаг 00 минутад 2,000,000 төгрөг нийт 7,000,000 төгрөгийг нууцаар хууль бусаар авсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч М.А нь 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр С.О-н ****** тоот дансны картыг авч мөн өдрийн 12 цаг 20 минутад 5,000,000 төгрөг, 13 цаг 00 минутад 2,000,000 төгрөг нийт 7,000,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдлоо.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч М.А гэм буруутай болох нь:
1.Хохирогч С.Он мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр цайны цагаар гарах гээд утсаар ярьж байхад гар утсанд хаан банкны ***** дугаарын дансанд 5,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн мэдээлэл ирсэн. Хаан банкны салбар дээр очиж гүйлгээ хийгдсэн мэдээлэл гаргуулахад бэлэн мөнгөний машинаар ****** дугаарын данс руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн байсан. Тэгээд дансны хуулгаа аваад цагдаа руу явж байхад **** дугаарын данснаас дахиж 2,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн мэдээлэл ирсэн учир цагдаагийн байгууллагад хандсан. Би хаан банканд **** дугаарын данс ашигладаг. Хаан банкны **** дугаарын данс нь миний өөрийн нэр дээр бүртгэлтэй. Тухайн дансанд хамтран эзэмшигч байхгүй. Надаас өөр хүн ашиглах боломжгүй. Хаан банкны ***** дугаарын дансанд виза карт 1 хувь байгаа. Би өмнөх орой дэлгүүрээр үйлчлүүлээд виза картаар тооцоогоо хийгээд цүнхэндээ хийсэн. Виза картаа дахиж ашиглаагүй. Виза карт нууц кодтой. 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр миний виза карт ажил дээр цүнхэнд байсан. Би 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өөрийн виза картыг өөр хүнд ашиглуулаагүй. Миний виза картны нууц кодыг манай ажлын хүмүүс мэдэх боломжтой байсан. Хааяа ажлын хүмүүст ойр зуурын хоол хүнсний зүйл захиж кодыг нь өгч явуулдаг байсан...” гэх мэдүүлэг...” гэх мэдүүлэг./хх-ийн 84-85-р хуудас/,
2. М-н А-ийн Хаан банканд эзэмшдэг **** тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн дансны дэлгэрэнгүй хуулга/хх-ийн 12-р хуудас/,
3. Хаан банкны 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн “...харилцааны гүйлгээ хийсэн АТМ622 нь *** аймаг, **** сум, **** баг, **** Хаан банкны Говь-Алтай салбарын байранд байрлалтай. Гүйлгээ хийсэн харилцагчийн зургийг хүргүүлэв...” гэх 5315/24/0397 дугаартай албан бичиг, түүний хавсралт 5 кадар гэрэл зураг/хх-ийн 66-71-р хуудас/,
4. Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Даваажаргалын 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хийсэн “...Та АТМ-ын хяналтын камерын бичлэгт АТМ-ээс мөнгө авч байгаа хүнийг ямар содон шинж тэмдгээр нь таньж байна вэ? Тухайн хүнийг царайгаар нь таньж байна. Манай архивын газарт надтай хамт ажилладаг Мөнхбатын Анхбаясгалан гэх залуу мөн байна...” гэх таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 72-77-р хуудас/,
5. С-н О-н Хаан банканд эзэмшдэг ****** тоот дансны дэлгэрэнгүй хуулга/хх-ийн 4-5-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллах өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.А-ийн үйлдэл нь “Бусдын 7,000,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хохирогчид материаллаг хохирол учруулсан” нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгч М.А нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж, үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн тул уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасан гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй ,үргэлжилсэн үйлдлээр үйлджээ.
Иймд Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул шүүгдэгч М.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар талуудаас хүсэлт гаргаагүй, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүхээс шүүгдэгч М.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор “...эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх мэдээлэлтэй эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 116 дугаар хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч М.Аийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч М.Аийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1(Нэг) жил 6 (Зургаа) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь хуульд нийцнэ гэж шүүх үзлээ.
3.Гэм хор, хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Од 7,000,000 төгрөгийн хохирол учирсан, хохирогчид хохирлыг төлсөн байх тул шүүгдэгч М.А бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
4.Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч У овгийн М-н А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1(Нэг) жил 6 (Зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.А-д тэнссэн хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч М.А-д сануулсугай.
5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР