| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 105/2024/0800/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/831 |
| Огноо | 2024-07-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хилчинбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/831
2024 07 24 2024/ШЦТ/831
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранзаяа,
улсын яллагч Э.Хилчинбаатар,
шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ****** овогт Г-ийн Бт холбогдох эрүүгийн 2406 02083 1170 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймагт төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, ах, эгч, эхийн хамт ****** сумын *** дугаар баг, ***** гэх газарт оршин суух албан ёсын хаягийн бүртгэлтэй, ****** дүүргийн ***** дугаар хороо, ********* тоотод оршин суух, ял шийтгэлгүй,
****** овогт Г-ийн Б /регистрийн дугаар: *********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн ****** дугаар хороо, Их монгол худалдааны төвийн ******* дэлгүүр дотор хохирогч Л.Ттай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар хохирогч Л.Т руу кассын тусгаарлагч төмөр авч шидэн биед нь зүүн сарвуунд хатгагдсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2406020831170 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Л.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ***** дугаартай дүгнэлт /хх-ийн 12-13-р хуудас/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 43-45-р хуудас/,
Хохирогч Л.Тгийн хохирлын талаарх гаргасан баримтууд /хх-ийн 46-50-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгасан баримтууд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19-25-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Э.Хилчинбаатар шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Г.Б нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн **** дугаар хороо, ****** худалдааны төвийн ********* дэлгүүр дотор хохирогч Л.Ттай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар хохирогч Л.Т руу кассын тусгаарлагч төмөр авч шидэн биед нь зүүн сарвуунд хатгагдсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэх дүгнэлтийг.
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа...” гэж гэм буруугийн талаар мэдүүлсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Г.Б нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн ***** дугаар хороо, ******* худалдааны төвийн ********* дэлгүүр дотор хохирогч Л.Ттай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар хохирогч Л.Т руу кассын тусгаарлагч төмөр авч шидэн биед нь зүүн сарвуунд хатгагдсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ үйл баримт нь
Хохирогч Л.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн ***** дугаар хороо, ***** худалдааны төвийн ***** дэлгүүрт өглөө 8 цагийн орчим бид нар ажилдаа гарах гээд хөдөлмөр аюулгүй байдлын дэвтэр дээр гарын үсэг зурж байсан. Манай ажлын Б гэх эмэгтэй гарын үсэг зурчхаад дэвтрийг балаараа цоолохоор нь дэвтэр цооллоо гэж хэлсэн чинь чи наад хэл амаа тат гичий минь гэж хэлээд над руу дайрсан. Намайг кассан дээр зогсож байхад намайг ирж боож аваад чамд ямар ч хамаагүй асуудал гээд дайраад, хүмүүс болиулсан чинь буцаж ирж над руу кассын тусгаарлагч эд зүйл над руу авч шидсэн. Тэр шидсэн зүйл нь миний зүүн гарын дунд хурууны дээд хэсгийг оноод цус гараад хөхрөөд эхэлсэн...” гэх мэдүүлэг,
Мөрдөгчийн камерын бичлэгт үзлэг хийж “...бичлэгийг үргэлжлүүлэхэд урдаас 2 дахь кассанд хохирогч Л.Тг зогсож байхад түүн рүү урд талын кас хэсгээс холбогдогч Г.Б явж очоод түүнтэй зууралдахад ногоон өнгийн хувцастай эмэгтэй хүн салгаж байв. Уг ногоон өнгийн хувцастай эмэгтэйг салгаж болиулсны дараа холбогдогч Г.Б нь хойд талын касс болон түүний урд талын касс хоёрын гол хэсгээр гарч яваад буцаж алхаад хойд талын кассан дээр байх бараа бүтээгдэхүүн тусгаарлагчийг хохирогч Л.Т руу шидэж түүний гар хэсэгт онож маргалдаж ойртох гэхэд өмнө салгасан ногоон өнгийн хувцастай эмэгтэй холдуулж байгаагаар бичлэг дуусаж байна...” гэснийг бэхжүүлсэн тэмдэглэл,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 4393 дугаартай “Л.Тгийн биед зүүн сарвуунд хатгагдсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.
Тогтоогдсон үйл баримт болох Г.Бын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн **** дугаар хороо, ****** худалдааны төвийн ****** дэлгүүр дотор хохирогч Л.Ттай үл ялих зүйлээр маргалдаж улмаар хохирогч Л.Т руу кассын тусгаарлагч төмөр авч шидсэн нь гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзнэ.
Тодруулбал, Г.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн буюу хохирогч руу кассын тусгаарлагч авч шидсэн үйлдэл хийх нь хүний эрүүл мэндэд хор хөнөөл, сүйтгэл үүсэж болохыг урьдчилан ухамсарлан ойлгож мэдсэн, мэдсээр байж, үйлдлээ таслан зогсоогоогүй үргэлжлүүлэн хийжээ.
Энэхүү хийсэн үйлдлийн улмаас хохирогч Л.Тгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь түүний мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогджээ.
Түүнчлэн шүүгдэгч Г.Бын халдсан гэх цаг хугацаанд хохирогч Л.Т нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл гарган, шүүх шинжилгээний байгууллагад үзүүлэн өөрт учирсан гэмтэл, хохирлыг тогтоолгосон нь түүний биед учирсан гэмтэл, хохирлыг Г.Б учруулаагүй гэж үзэх эргэлзээ бүхий баримт тогтоогдохгүй байна.
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 4393 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон хохирогч Л.Тгийн биед учирсан гэмтэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлсон гэмт хэргийн хохирол, хор уршиг бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо үүсжээ.
Иймд Г.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.
Хохирогч Л.Т нь сэтгэл санааны хохирол, эрүүл мэндэд эмчилгээ хийлгэсэн талаарх 486,100 төгрөгийг баримтаар, ажилгүй байх хугацааны цалин 1,270,000 төгрөгийн нэхэмжлэл тус тус гаргасан байна.
Хохирогч Л.Тгийн гаргасан нэхэмжлэлээс хавтаст хэргийн 46 дугаар хуудаст авагдсан эм авсан 2 ширхэг 294,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, харин хавтаст хэргийн 47-р хуудаснаас 48 дугаар хуудаст авагдсан баримтын дэлгэрэнгүй гэх баримтад авагдсан төлбөр нь санхүүгийн анхан шатны баримтын шаардлага хангаагүй, мөн тэрээр энэ гэмт хэргийн улмаас ажлаа хийж, цалин хөлсөө авч чадаагүй гэх нэхэмжлэл нь баримтаар нотлогдоогүй тул хэлэлцэхгүй орхилоо.
Хохирогч Л.Т нь дээрх хэлэлцэхгүй орхисон баримтын дэлгэрэнгүй гэх баримтад авагдсан төлбөр, ажилгүй байсан цалин хөлс болон энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, цаашид хийлгэх эмчилгээний талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Г.Боос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хохирогчийн сэтгэл санаанд хохирол учирсан, сэтгэл санааны хохирол нэхэмжлэлийн тухайд:
2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд... Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/... гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын 3.6 “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг /Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл/-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэж, холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэж аргачлалыг баталж, дагаж мөрдүүлсэн.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын хавсралт 1 “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1 “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр... тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.” гэж,
Мөн журмын 2.2 “Энэ журмын... 2.1.1-д заасан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ.” гэж тус тус заасан.
Эдгээр эрх зүйн зохицуулалтаас үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад заасан тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтийн дагуу өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгож, нөхөн төлбөрийн хэмжээг тооцуулж гаргуулах эрхтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэргийн 40-р хуудаст хохирогч Л.Т нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт буюу хүснэгтийн 2 дугаар зэрэглэлийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн ба тэрээр болон шүүгдэгч нар нөхөн төлбөр тооцох хэмжээнд тусгайлан санал гаргаагүй болно.
Хохирогчид учирсан гэмтэл, гэмтлээс үүдэлтэй үлдэц, өвдөлт, шаналал, учирсан сөрөг үр дагавар, танин мэдэхүй, нийгмийн харилцаанд оролцох байдал, нас болон гэм хор учруулагчийн гэм буруу, түүний төлбөрийн чадвар зэргийг харгалзан Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын 4 дэх хэсэгт заасан 2 дугаар зэрэглэлийн доод хувь хэмжээгээр сэтгэцэд учирсан хор уршгийг тооцов.
Хөдөлмөр, Нийгмийн Түншлэлийн Гурван Талт Үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 660,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон байна.
Хохирогчид сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 2 дугаар зэрэглэлийн доод хувь хэмжээгээр буюу 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 3,300,000 төгрөгөөр тогтоов.
Хохирогч Л.Тгийн нотлох баримтын шаардлага хангасан 294,000 төгрөгийн нэхэмжлэл болон сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр болох 3,300,000 төгрөг нийт 3,594,000 төгрөгөөс шүүхийн шатанд шүүгдэгч Г.Бын хохирогч Л.Тд 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 486,100 төгрөгийг хасаж, шүүгдэгчээс нийт 3,107,900 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Тд олгуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “... Шүүгдэгч Г.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэх дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Г.Б нь хохирогчид учирсан сэтгэл санааны хохирлыг төлөх талаар бодитой хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч Г.Быг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Тодруулбал хохирогч Л.Тгийн баримтаар гаргаж нэхэмжилсэн бодит хохирлыг шүүгдэгч Г.Б нь төлж барагдуулсан, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон зэрэг нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болов.
Шүүгдэгч Г.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн эрхэлсэн тодорхой ажилгүй, хувийн байдал зэргийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** овогт Г-ийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч Г.Быг чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч Г.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсаргасугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Боос 3,107,900 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Тд олгуулсугай.
5. Хохирогч Л.Т нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардал болон хийж гүйцэтгээгүй ажлын цалин хөлс, баримтын дэлгэрэнгүй гэх баримтад авагдсан төлбөрийн талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Г.Боос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОТГОНБААТАР