Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 0127

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа, улсын яллагч Б.Бүжинлхам,  хохирогч Н.Э-, шүүгдэгч Б.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

 Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1.д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б-ийн Э-т холбогдох эрүүгийн 201714000226 тоот хэргийг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, **оны ** дугаар сарын **-нд Сэлэнгэ аймагт төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, гар утасны засварчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум ** баг ** тоотод суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б- овгийн Б-гийн Э- /МВ********/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э- нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” ХК-ийн манаачаар ажиллаж байхдаа 2017 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө компаны хашааны дундуур дамжин өнгөрдөг “*** ХХК”-ийн ган бөмбөлөг ачсан ачааны галт тэрэгнээс 292 килограмм ган бөмбөлөг хулгайлж 561 500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Э- нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” ХК-ийн манаачаар ажиллаж байхдаа 2017 оны 04 дүгээр 04-нөөс 05-нд шилжих шөнө компаны хашааны дундуур дамжин өнгөрдөг “*** ХХК”-ийн ган бөмбөлөг ачсан ачааны галт тэрэгнээс 292 килограмм ган бөмбөлөг хулгайлж 561 500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэг бүртгэлтийн шатанд хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн дараахи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.Үүнд :

 

      1.  Шүүгдэгч Б.Э-  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:  Шүүх хуралдаанд  мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэргээ мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

 

          2. Хохирогч Н.Э- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *** багийн нутаг дэвсгэрт байрлах “***” ХХК-ний ган бөмбөлөгийн цехээс 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 292 килограмм ган бөмбөлөг алдсан байна. Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр 7 дугаар хорооллын урд талын зам дээр 00-00 оро улсын дугаартай цагаан өнгийн аксент маркийн авто машины жолооч арын тэвшиндээ 292 килограмм ган бөмбөлөг ачиж явна гэж гэрээт цагдаагийн газар мэдээлсэн. Энэ мэдээллийн дагуу шалгахад ган бөмбөлөг алдагдсан байсан. Энэ 292 килограмм ган бөмблөгийг буцааж тушаасан. “***” ХХК-д өнөөдрийн байдлаар учирсан хохирол байхгүй. Ган бөмбөлөгийг бүрэн хүлээж авсанаар хохирол барагдсан. Одоо “********” ХХК-ийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Хэргийг хууль зүйн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

      3.  Гэрч С.Б-ийн хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлсэн:.. 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 14 цагийн үед Оюут багт байрлах Дөмөг захын уулзвар дээр 00-00 ОРО дугаартай цагаан өнгийн Аксент маркийн авто машин ачаандаа хүнд зүйл ачсан байдалтай зөрж явсныг араас нь дагаж яваад 7 дугаар хорооллын урд талд зогсоогоод шалгатал Б.Э- гэгч нь машиныхаа багажинд 6 шуудай ган бөмбөлөг ачиж явахаар нь гэрээт цагдаагийн тасаг дээр бичиг баримт болон үнэмлэхийг нь хүлээлгэн өгсөн  гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 тал/

 

    4. Гэрч Ж.Г-ий хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлсэн: ...Манай цехээс 2017 оны 04 дүгээр сарын 04-ний орой ажил тарсны дараа ган бөмбөлөг вагонд ачилт хийсэн байгаа. 1 вагонд 60 тн га бөмбөлөг ачигддаг ба тухайн өдөр 2 вагонд ачилт хийсэн байсан. Манай байгууллага ган бөмбөлөг ачихдаа зориулалтын таар буюу бортгонд хийж вагонд ачилт хийдэг. Ачилт хийж байх явцад вагоны завсраар 80 мм-ийн ган бөмбөлөг унах боломжгүй, харин 40 мм-ийн ган бөмбөлөг ганц нэг унах боломжтой. Манайхаас алдагдсан ган бөмбөлөг нь 80 мм-ийн бөмбөлөг байгаа юм. Цагдаагийн байгууллагаас манайд мэдэгдсэн. Вагонд ачилт хийх явцад ган бөмбөлөг гадуур унах боломжгүй. Цехээс ган бөмбөлөгнүүдийг вагонд ачихдаа зориулалтын тортой нь хамт  вагонд ачаад тороо автоматаар гаргаж ирдэг. Вагоны тэвшийг дүүртэл нь ачдаггүй, дундуур ачилт хийдэг. Тухайн өдөр гарч байгаа мастерууд ачилт хийж байгаа явцыг хянаж шалгадаг юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 25  тал/

 

5. Шүүгдэгч Б.Э-ын хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлсэн: Би хүний аксент загварын 00-00 оро улсын дугаартай автомашины арын тээшинд 6 шуудайнд хийсэн ган бөмбөлөгийг ачаад Дэнж багт байх ээжийнхээ хашаанд хүргэх гэж авч явсан. Уг ган бөмбөлөгийг хашааны дээд талд баганых нь дээр гагнаж хэрэглэх гэж байсан юм. Ган бөмбөлөгийг ****** компаний хашаагаар воганд ачиж дамжин өнгөрүүлдэг юм. Би 2017 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө уг хашаан дотор байсан ачааны задгай воганаас ган бөмбөлөгүүдийг аваад шуудайнд хийгээд гэртээ оруулаад тавьсан юм. Шуудайнд хийсэн ган бөмбөлөгүүдээ ачаад Дэнжид байдаг ээжийнхээ хашаанд хүргэж өгөх гэж байгаад цагдаад баригдсан гэсэн мэдүүлэг./ хх38-39-р тал /

 

   6. “Далай ван аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын ган бөмблөгийн үнэлгээ 561.5 мянган төгрөгөөр тогтоов гэсэн дүгнэлт /хх-ийн 32 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

      Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцлоо.

 

      Шүүгдэгч Б.Э-ын үйлдсэн хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1.д заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байх бөгөөд түүнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, Орхон аймгийн прокурорын газраас сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн нь хуульд нийцэж байна.

 

     Иймд шүүгдэгч Б.Э- нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч Н.Э- нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байх бөгөөд хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

        Хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 298, 248 дугаар зүйлийн 248.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

       1. Шүүгдэгч Б- овгийн Б-гийн Э-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

        2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д заасныг баримтлан Б.Э-т холбогдох эрүүгийн 201714000226 тоот хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      3. Хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

        4.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        5. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.