Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 41

 

    Ж.Э, Б.П нарт

 холбогдох хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолтой, Ж.Э, Б.П нарт холбогдох, 2035000000076 дугаартай, эрүүгийн 2 хавтас хэргийг шүүгдэгч Ж.Эын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа, прокурор Б.Баярмагнай, шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүгдэгч Б.П нар оролцов.

Монгол Улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн С суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал маллаж амьдардаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт З аймгийн С сумын ..дугаар багт оршин суух хаягтай, урьд нь Сум дундын 12 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулсан, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар тэнсэж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б ургийн овогт Ж-гийн Э, регистрийн дугаар: ...

Монгол Улсын иргэн, 1996 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн С суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа мал маллаж амьдардаг, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт Завхан аймгийн С сумын .. дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Т ургийн овогт Б-ын П, регистрийн дугаар: ...

Ж.Э, Б.П нар нь бүлэглэн Увс аймгийн Зүүнхангай сумын Даланбулаг багийн нутаг Улаан үзүүр гэх газраас 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө тус сумын иргэн Ч.Ц-ийн адуунаас иргэн Ч.Ц-ийн хоёр тооны, иргэн Т.Ө-ийн нэг тооны, иргэн Б.П-гийн нэг тооны, нийт дөрвөн тооны гүү буюу олон тооны бод малыг машин механизм буюу мотоцикль ашиглан хулгайлж нийт 3.400.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон байна.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б ургийн овогт Ж-ийн Э, Т ургийн овогт Б-ын П нарыг бүлэглэж, машин механизм /мотоцикль/ ашиглаж, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч Ж.Э-ыг 2 /хоёр/ жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч Б.П-ыг 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Э-т оногдуулсан 2 жил хорих ял, шүүгдэгч Б.П-ад оногдуулсан 1 жил хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч Ж.Э, Б.П нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Э, Б.П нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 1.875.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Ж.Э-аас 937.500 төгрөгийг, шүүгдэгч Б.П-аас 937.500 төгрөгийг тус тус албадан гаргуулж улсын орлогод оруулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгө болох мотоциклийг эзэмшигч Г.Бнямд олгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогч Ч.Ц, Г.Ө, Б.П нар нь малын эрэл, хайгуулд зарцуулсан зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж тус тус шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Ж.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Э миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хэргээ мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байгаа талаар мэдүүлсээр ирсэн.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд хулгайн төрлийн гэмт хэрэгт удаа дараа холбогдсон засарч хүмүүжихгүйгээр дахин эрүүгийн хэрэгт холбогдсон гэсэн дүгнэлт хийж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Иймд Ж.Э надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Баярмагнай: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Э-ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол хор уршгийн хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр юм.

Иймд Увс аймгийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Э-ын гаргасан гомдлыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ж.Э-ын өмгөөлөгч Ө.Нарантуяа “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Э-ын үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулахдаа түүний хувийн байдлыг онцлож шийдвэр гаргасан. Шүүгдэгч Ж.Э-ын хувьд “Мал хулгайлах” гэмт хэргийг удаа дараа үйлдсэн боловч шүүхээс шүүгдэгчийн зөвхөн 2020 оны 4 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө үйлдсэн гэмт хэрэгт л дүгнэлт хийж, ял оногдуулах ёстой байсан гэж үзэж байна.

Шүүгдэгч Ж.Э нь дээрх хэргийн мөрдөн байцаалтын шатнаас л өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа тул түүний дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлан Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Э-ын гаргасан гомдлыг үндэслэн Ж.Э, Б.П нарт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна гэж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ж.Э, Б.П  нар бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны шөнө Увс аймгийн Зүүнхангай сумын Даланбулаг багийн нутаг “Улаан үзүүр” гэх газраас  хохирогч Ч.Ц, Т.Ө, Б.П  нарын дөрвөн тооны адуу  буюу олон  тооны малыг машин механизм ашиглан  хулгайлж, 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Ч.Ц, Т.Өл, Б.П нарын мэдүүлэг, гэрч Э.Э, Б.И, Б.М, Г.Бням, Д.Л нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, адуунд үзлэг хийсэн тэмдэглэлүүд зэргээр нотлогдож тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,  агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байх бөгөөд анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ж.Э, Б.П нарын бүлэглэн, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Түүнчлэн шүүгдэгч нарт ял шийтгэхдээ тэдгээрийн гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан хувийн байдал зэргийг тус тус харгалзан ялыг ялгамжтай оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцсэн гэж дүгнэв.  

Шүүгдэгч Ж.Э-ын  “гэм буруугаа ойлгон, гэмшиж байгаа байдлыг  харгалзан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү “ гэх  давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон оролцооны байдал, гэмт хэрэг дахин, санаатай үйлдэж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан хоёр жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульзүйн үндэслэлтэй байна.

Учир нь: эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

Шүүгдэгч Ж.Э нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо барагдуулсан байх боловч тэрээр урьд нь энэ төрлийн гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгө хулгайлах болон мал хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдэж, шүүхээс түүнд арван найман насанд хүрээгүй үндэслэлээр хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах, ял оногдуулахгүйгээр тэнсэх зэргээр хорих ял биечлэн эдлүүлэхгүйгээр нийгэмшүүлэх, засарч хүмүүжих боломж олгосоор байхад энэхүү байдалд дүгнэлт хийхгүйгээр дахин санаатай гэмт хэрэг үйлдэж буй нь түүний хувийн  зан араншин, амар хялбар аргаар мөнгө, ашиг олох гэсэн гэмт санаа сэдлийн илэрхийлэл бөгөөд гэм буруугаа бүрэн ухамсарлаж гэмшээгүй, засарч хүмүүжээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл  тогтоогдохгүй байх тул ял хөнгөрүүлэх боломжгүй байна.

Иймд шүүгдэгч Ж.Эын давж заалдсан гомдлыг  хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Шүүгдэгч Ж.Э, Б.П  нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүртэл тус тус цагдан хоригдсон 54 хоногийг тус тус ял эдлэх хугацаанд оруулан  тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Э-ын  давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ж.Э, Б.П нарын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 54 /тавин дөрөв/ хоногийг тус тус  ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                                 Л.АЛТАН

 

                                                                                                Н.МӨНХЖАРГАЛ