Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2020/0797

 

020 он 12 сарын 18-ний өдөр Ду 128/ШШ2020/0797

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б ТББ

Хариуцагч : Сангийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд

Гуравдагч этгээд: К банкны эрх хүлээн авагч

Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, К банкны хооронд байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 106-171010ЖДҮХС-177 дугаар гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г, хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н, цахимаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Б ТББ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сангийн яам, Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, К банк нарын хооронд байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ННБ2011/8/87 дугаар Засгийн газраас гаргасан бондын эх үүсвэрээр бүрдэх хөрөнгийн дамжуулан зээлдүүлэлтийг хамтран хэрэгжүүлэх гэрээ, Аж үйлдвэрийн яам, К банк нарын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан 2016/ҮГ-05 дугаар Хамтран ажиллах гэрээнүүдийн хүрээнд К банкнаас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд төлөх зээл, зээлийн хүү, алдангийн төлбөрийг барагдуулах асуудлаар харилцан тохиролцож маргаан бүхий гэрээг байгуулсан байна.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1/429 дүгээр мэдэгдлээр дээрх гэрээнүүд болон Экспортыг дэмжих 888 төслийн хүрээнд 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ХАГ/2014-02 дугаартай Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан К банкны Хамтран ажиллах гэрээ, 2016 оны 2 дугаар улирлаас эхлэн зөрчигдсөн, 2017 оны 06 дугаар сарын 20-ны байдлаар зөрчлийн нийт дүн 67.121.995.228,00 төгрөг байна гэж мэдэгдэж байсан.

Гэтэл маргаан бүхий гэрээг байгуулахдаа үндсэн төлбөр 46,447,106,868.74 төгрөг нийт зөрчлийн дүн, маргаан бүхий гэрээний үндсэн төлбөрийн зөрүү 18,674,888,359.26 төгрөг байна.

Маргаан бүхий гэрээ нь хор уршигтай үр дагаврыг бий болгож, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийг хохироож, эдийн засгийн хувьд их хэмжээний алдагдалтай гэрээг байгуулсан гэж үзэж байна.

Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайд, К банк нарын хооронд байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 106-171010/ЖДҮХС-177 дугаар гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.7, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ТББ нь 2015 онд байгуулагдсан бөгөөд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолойг шийдвэр гаргагч нарт хүргэх, нийт хэрэглэгчдийн дунд үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж занших, өөрөөр хэлбэл жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн хооронд гүүр болон ажилладаг төрийн бус байгууллага юм.

Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, К банкны хооронд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 106-171010/ЖДҮХС-177 дугаар гэрээ байгуулагдсан уг гэрээ буюу К банкинд олгосон зээл, зээлийн эх үүсвэр, төлбөр барагдуулах гэрээг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.

Үндэслэл нь 2011 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас баялаг бүтээгч, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зээл олгосон. Уг зээлийг олгохдоо К банкаар дамжуулан зээлдүүлэгчийн үүргийг хүлээлгэж, К банктай 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрээ байгуулсан. Уг гэрээ 5 жилийн хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй, гэрээний хугацаа дууссан үед үл маргах журмаар гэрээний үүргийг гуравдагч этгээд К банк хүлээхээр, Банк нь энэ гэрээний 8 дугаар зүйлийн 8.6-д Банкинд зээлийн төлөлтийн эх үүсвэр, энэ гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасан хугацаанд эргүүлэн төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги хүлээлгэнэ гэж заасан. 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр энэ гэрээний хугацаа дууссан. Гэтэл К банкны зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний хугацаа дуусмагц үлдэгдэл мөнгийг үл маргах журмаар төлнө гэдгийг зөрчсөн.

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас К банкинд олгосон зээл, зээлийн эх үүсвэрийг барагдуулах гэрээг Төсвийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.10, Засгийн газрын хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 43 дугаар тэмдэглэлийг үндэслэж байгуулсан. Энэ гэрээг байгуулахдаа өмнөх 2011 оны гэрээний үргэлжлэл болгож, гэрээг байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл энэхүү гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэхүү гэрээгээр жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг дэмжих зорилтын хүрээнд өмнө нь байгуулсан гэрээний үргэлжлэл болгож, эдгээрээс төлөх хугацаа, нөхцөлийг тогтоож, үлдсэн төлбөрийг төлж барагдуулахтай холбоотой харилцааг зохицуулна гэж заасан. Уг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т Талууд энэхүү гэрээг 1 дүгээр зүйлийн 1.1-д өмнө нь байгуулсан гэрээний хүрээнд К банк, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд төлөх ёстой зээл, зээлийн эх үүсвэрийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, хугацаа хэтрүүлсэн төлбөр зэргийг гэрээ байгуулах замаар хугацаандаа төлөгдөөгүй буюу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.014 хувиар алданги тооцож, банкаар төлүүлнэ гэж заасан.

Гэрээний заалтын дагуу жилийн 7 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай энэ гэрээг байгуулсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс хамгийн анх нэхэмжлэл гаргахдаа хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад гэрээний үлдэгдэл нь тухайн үедээ буюу 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 67 тэрбум төгрөг байсан. Гэхдээ энэ гэрээг байгуулах үед 48 тэрбум төгрөгөөр байгуулсан. Гэрээний зөрүү 18 тэрбум гаруй төгрөг яасан нь мэдэгдэхгүй байгаа. Тийм учраас манай байгууллагын зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.7-д зааснаар илэрхий алдаатай, хор уршиг бүхий гэрээ байгуулсан гэж үзэж, гэрээг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Манай холбоо заавал жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас алга болсон

19 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргах биш, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, К банкны эрх хүлээн авагч нар нь өөрсдөө энэ мөнгөний хойноос явах ёстой байтал, алга болсон мөнгийг хайж байгаа манай холбоог нийтийн эрх ашгийн төлөө яваагүй гэж тайлбар гаргаж байгаад гайхаж байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолыг үзсэн байх. Уг тогтоолд манай холбоог 19 тэрбум төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэж тодорхой заасан байгаа. Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагч /хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар/ үүрэг хүлээсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7-д зааснаар эцсийн шийдвэр гарсан. Нэхэмжлэгч энэхүү нэхэмжлэлийг гаргах эрхтэй этгээд. Нэхэмжлэлд дурдсан хор уршиг учирсан нь тогтоогдсон. Хор уршиг учирсан талаарх нотлох баримтыг бүгдийг нь гаргаж өгсөн. 19 тэрбум төгрөг төлөгдөж, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд орсон бол, К банк гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бол баялаг бүтээгч иргэн, аж ахуй нэгж, байгууллага энэ зээлийг авах байсан. Мөнгө байхгүй гээд компаниудад зээл олгохгүй байгаа нөхцөл байдал үүсэж байна. 19 тэрбум төгрөг хаачсан юм бэ. Хариуцагч, гуравдагч этгээд нар 19 тэрбум төгрөгийг төлсөн баримтыг гаргаж өгөхгүй яасан юм бэ. Үүнтэй холбоотой ямар ч баримт гаргаж өгөөгүй. Төрийн албан хаагч нар хуулийн дагуу ажлаа хийдэг бол манай холбооны зүгээс нэхэмжлэл гаргах шаардлага байхгүй.

Маргаан бүхий гэрээг байгуулахдаа Төсвийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.10-т Санхүүгийн хөрөнгө, өр төлбөрийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх гэж заасан болохоос биш гэрээ байгуулах талаар Засгийн газрын хуралдаанаар оруулж, тэмдэглэл нь нууцаар гарч явж байгаа нь хууль бус харагдаж байна. 2011 оны гэрээнд 0.5 хувийн алданги тооцохоор заасан бөгөөд маргаан бүхий гэрээнд 0.014 хувь болгож өөрчилсөн нь К банкинд давуу эрх олгосон. Хариуцагч К банк  нь зээлээ төлж чадахгүй байсан учраас алдангийн хэмжээг багасгаж, хурдан төлүүлэх арга хэмжээ авсан гэж хэлсэн. Хэрэв тийм байсан бол 48 тэрбум төгрөгийг төлсөн байх ёстой. Хор уршиг учирсан гэдэг нь харагдаж байна.

Монгол банкны бүрэн эрх төлөөлөгч К банкнаас 46 тэрбум төгрөгийг нэхэмжлээд явж байгаа гэж хэлсэн. Маргаан бүхий гэрээ байгуулагдаагүй байсан бол 48 тэрбум төгрөг нь 67 тэрбум төгрөг байтугай нэхэмжлэх боломжтой байсан. 48 тэрбум төгрөг болгосон нь илэрхий хор уршиг учруулж байна. Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн 20 тэрбум төгрөг төлөгдсөн гэдэг нь нотлогдохгүй байгаа. Захиргааны давж заалдах шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байдаг. Энэ гэрээ нь захиргааны гэрээ мөн гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолд заасан байгаа. Б  ТББ нь нэхэмжлэх эрхтэй болохыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолд дурдаж өгснийг шүүх анхаарч үзнэ үү.

Маргаан бүхий гэрээнд хууль зүйн үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл Засгийн газрын хуралдаанд нууцаар оруулж, хэлэлцэх ямар ч хууль, эрх зүйн орчин байхгүй. 2011 оны гэрээг хүчингүй болгож, маргаан бүхий гэрээг шинээр байгуулсан нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасныг зөрчсөн. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийн талаар захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийгээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийх ёстой байсан.

Маргаан бүхий гэрээг илт хууль бусад тооцвол 2011 оны гэрээ хүчин төгөлдөр болно. Шүүх банкны дарааллыг өөрчлөх боломжтой. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын сангийнхан Банкны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.8-д байсан дарааллыг сүүлд нэхэмжлэл гаргаж 78.1.5-т оруулж тооцуулж байсан. К банк нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бол жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд энэ мөнгө орох байсан. Хугацаандаа мөнгө орсон бол жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нар зээл авч, нийтийн өмч хамгаалагдах байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байгаа гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын зүгээс Б ТББ нь нэхэмжлэл гаргах эрхгүй, зорилгод нь байхгүй шаардлагыг гаргасан гэж тайлбарласан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараах шаардлагыг хангасан байна гэж заасан. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.1, 18.3.2-т ямар байгууллага нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалахаар нэхэмжлэл гаргаж болох талаар заасан. Манай зүгээс энэ шаардлагыг хангасан гэж үзэж байгаа. 4 компанийн эрх ашгийг хамгаалах зорилгоор нэхэмжлэл гаргасан гэж ярьсан. Манай байгууллага нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх талаар холбогдох баримтыг гарган өгч, хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэж байна.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэр хөрөнгө нь нийтийн өмч гэсэн агуулгаар дахин дахин ярьж байгаа. Энэ асуудал давж заалдах шатны шүүхээр орж хянагдсан. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эрх зүйн байдал нь тухай үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулиар зохицуулагдаж байсан. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилго нь Засгийн газрын тусгай сангийн төлбөрийг тогтоож, сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахад оршино гэж заасан. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгө нь энэ хуулийн 7.1-д зааснаас гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ.

1. Тусгай сангийн үйл ажиллагаанаас олсон орлого,

2. Олгосон зээлийн буцаан төлөлтийн орлого,

3. Бусад орлого багтана гэж тус тус заасан. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгосон зээл нь өөрөө тухайн сангийнхаа хөрөнгө, өмч нь болдог. Иргэний хуулийн 99 дүгээр зүйлд зааснаар Монгол Улсад нийтийн болон хувийн өмч байна гэж заасан. Нийтийн өмч гэдэгт нь төрийн, орон нутгийн, шашны, олон нийтийн гэсэн хэлбэртэй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т зааснаар нийтийн өмчийг хамгаалахад хамаарах асуудлаар нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нарын тайлбараас үзэхэд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас К банкинд олгосон мөнгө нь Засгийн газрын бондын мөнгө. Уг мөнгийг жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд зээлсэн. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан заалтуудыг харахаар хөнгөлөлттэй олгосон зээл нь жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд очсон бөгөөд сан захиран зарцуулах эрхтэй.

2011 онд байгуулсан гэрээний зорилго нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор зээл олгогдсон. Маргаан бүхий гэрээ байгуулагдах үед тооцоо нийлсэн акт байдаг. Гэрээний талууд хоорондоо тооцоо нийлэхдээ 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 67 тэрбум төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 48 тэрбум төгрөг байсан. 20 тэрбум төгрөг төлөгдсөн гэх баримт хэрэгт байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар дараах тохиолдолд захиргааны гэрээ илт хууль бус болно. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.4-т Захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захиргааны гэрээ байгуулсан бол илт хууль бусад тооцно гэж заасан. Засгийн газрын хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 43 дугаар тэмдэглэлийг үндэслэж, энэхүү гэрээ байгуулагдсан. Засгийн газар нь энэхүү эрх хэмжээнд оролцох эрхгүй. Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам энэ асуудлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой байсан. Хор уршгийг нотолсон нотлох баримт байхгүй гэсэн тайлбар хийсэн. Гэрээнд оролцогч талуудын хурлын тэмдэглэл, албан бичиг, гэрээний хавсралтаар тооцоо нийлсэн акт зэргээс харахад 18 тэрбум төгрөгийн зөрүү гаргасан нь өөрөө эдийн засгийн хувьд их хэмжээний алдагдалтай байна. Энэ 18 тэрбум төгрөг жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд орж ирэх юм бол сан Засгийн газарт төлбөрөө өгөх, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Иймд хариуцагч нарын тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Маргаан бүхий гэрээг байгуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24-27 дугаар зүйлд зааснаар захиргааны шийдвэр гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж байгаа иргэн, аж ахуй нэгж, хуулийн этгээдэд хуулиар боломж олгосон байдаг. Засгийн газрын хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 43 дугаар тэмдэглэлийн тухайд Засгийн газрын хуралдаанд нууцаар оруулж хэлэлцсэн. Нууцаар хэлэлцсэн тэмдэглэлд юу байдаг вэ гэвэл ямар нөхцөлөөр яаж байгуулах талаар дурдаагүй бөгөөд гэрээг байгуул гэсэн шийдвэр л байдаг. Хариуцагч нарын тайлбараас үзэхэд Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг үндэслэж, гэрээг байгуулсан. Тиймээс хуульд нийцсэн гэрээ гэдэг. Засгийн газрын тухай хуульд хуралдаанаар хэлэлцэх асуудлыг заасан.

Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д Ерөнхий сайд дангаар шийдвэрлээгүй болон Засгийн газрын гишүүдээс эрхлэх асуудлаараа өөрсдөө тохиролцож чадаагүй саналын зөрөөг шийдвэрлэх асуудал гэж заасан. Засгийн газрын хуралдаанд тавьсан асуудал нь зөвхөн гэрээг байгуулах эсэхийг тавьсан. Гэрээг байгуулах үедээ хүү, алданги тооцох тухай заасан бөгөөд хариуцагчийн тайлбараар Иргэний хуульд заасны дагуу хүүг тооцох, алдангийг 50 хувь хүртэл тооцох боломжтой. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т Улсын Их Хурал жижиг, дунд үйлдвэрийн салбарт улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй хөтөлбөр, төсөл, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх; гэж заасан.

Сангийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд ашигтай байдлыг дордуулж гэрээ хийсэн. Өнөөдрийн байдлаар хариуцагчийн хувьд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэх боловч нэхэмжлэл хангагдахгүй байлаа гэхэд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд ямар ашигтай байсан талаар баримт гаргаж өгөхгүй байна. К банкнаас тайлбараас үзэхэд 46 тэрбум төгрөгийн төлөх үлдэгдэлтэй байна. Сангийн яамны тайлбарыг сонсохоор 20.8 тэрбум төгрөгийг төлсөн гэж ярьдаг бөгөөд нотлох баримт байхгүй байхад тооцоо нь хоорондоо зөрүүтэй. Захиргаа шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн. Хариуцагч нарын өгсөн тайлбар өөр хоорондоо зөрүүтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараах шаардлагыг хангасан байна гэж заасан. Нэхэмжлэлийн агуулгаас харахад нийтийн өмчийг хамгаалах асуудлаар нэхэмжлэл гаргасан гэж ойлгосон. Нийтийн өмч гэдэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь төрийн болон нийтийн өмч мөн гэж заасан.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Үндсэн хууль, бусад хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар бүх ард түмний өмч болгон заасныг төрийн болон нийтийн өмч гэж заасан. Гэрээгээр эх үүсвэр бүрдүүлж олгосон мөнгө нь Үндсэн хуульд заасан газар, түүний баялагтай холбоогүй. Засгийн газар бонд гаргаж, жижиг, дунд үйлдвэрлэгч нарт банкаар дамжуулан олгосон мөнгө байгаа. Нийтийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх нь эргэлзээтэй.

Нийтийн эрх ашгийг хэрэгжүүлэх үндэслэл нь нийтийн өмч, нийтийн эрх ашиг хөндөгдсөн байх ёстой бөгөөд нийтийн эрх ашиг, сонирхлын өмнөөс хамгаалах шаардлага гаргасан байна. Уг харилцаанд нийтийн эрх ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдсөн байх агуулгатай. Эрх зүйн ерөнхий харилцаанд оролцогч этгээдүүдээс тодорхой этгээдүүдийг төлөөлөн, түүний субъектив эрхийг хангуулахаар гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх агуулгад хамааралгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа нэр бүхий 4 хуулийн этгээдээс итгэмжлэл авсан байдаг. Уг 4 хуулийн этгээд нь жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан. Б ТББ нь нийтийн эрх ашгийг хамгаалж байна уу, эдийн засгийн сонирхол бүхий 4 хуулийн этгээдийн санхүүгийн ашиг сонирхлыг хамгаалж байна уу гэдэг нь эргэлзээтэй байна. Б ТББ-ын дүрмийг харахад гишүүддээ үйлчилдэг байгууллага байгаа. Уг дүрэмдээ нийтийн эрх ашгийг хамгаалах талаар дурдаагүй.

2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.7, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар захиргааны гэрээ илт хууль бус болохыг тогтоолгох гэсэн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.7-д Илэрхий алдаатай, хор уршигтай үр дагавар бүхий гэж заасан. Илэрхий алдаа гэдгийг мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хор уршиг гэж, ямар хор уршиг учирсан талаар баримт гаргаж өгөөгүй. Хэргийн материалд хор уршиг учирсан баримт байхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар захиргааны гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох гэсэн байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар дараах тохиолдолд захиргааны акт хууль бус болно. Утга агуулгын илэрхий алдаатай гэсэн үндэслэл хамаарч байна. Гэрээ нь утга агуулгын ямар нэгэн алдаа байхгүй. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Сангийн яаманд хүргүүлсэн албан бичиг байгаа. Уг албан бичигт 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 68 тэрбум төгрөг байна. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулах үед талууд тооцоо нийлсэн акт үйлдсэн байдаг. Уг актад 20 тэрбум төгрөг төлөгдсөн.

Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, К банк нарын хооронд тооцоо нийлсэн акт үйлдэж, гэрээ байгуулахдаа алданги тохирсон. Тухайн үед К банкны үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Сангийн яамнаас хамгийн эхэнд авч байгаа арга хэмжээ бол төсвийн хөнгөлөлт үзүүлэх. Сангийн яамны тэргүүний зорилт нь талууд гэрээ байгуулж, тооцоо нийлсэн акт үйлдэж, үлдэгдэл тооцож, алдангийг хассан байдаг. Учир нь зээлийн төлбөрийг эргэн төлөх чадвартай уялдуулсан. Үүнийг нэхэмжлэгч эдийн засгийн алдагдалтай гэж үзсэн. Гэхдээ гэрээнд заасан төлбөр, хүүг бууруулаагүй. Харин хүүг 7 хувь болгосон. Алданги хугацаа хэтрүүлсэн тохиолдолд тооцдог. Сангийн яамнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс авч хэрэгжүүлсэн. К банкны нөхцөл байдал муудахад Сангийн яамны үнэт цаасны төлбөр тооцоо, Засгийн газрын бонд нь 10.4 тэрбум төгрөг байсан. Уг 10.4 тэрбум төгрөг К банкны нэр дээр байсныг битүүмжилж авсан. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Уг гэрээ нийтийн эрх ашгийг зөрчөөгүй, хуулийн хүрээнд хийгдсэн гэрээ учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс Сангийн яам гэрээ байгуулах, захиран зарцуулах эрхгүй байсан талаар ярьж байна. Нэхэмжлэлийн шаардлагад гэрээ байгуулах эрх хөндөгдсөн эсэх талаар тавигдаагүй. Засгийн газар шийдвэрийг хамтын журмаар гаргадаг. Засгийн газрын хуралдаанд яагаад уг асуудал нууцаар орсон бэ гэвэл банкны төлбөрийн чадвар муудсан талаар ил болох юм бол харилцагч нар мөнгөө хурдан хугацаанд татаж авдаг. Банк дампуурах юм бол төрөөс төлөх төлбөр нэмэгддэг учраас нууцаар оруулсан байгаа. Сангийн яам өр төлбөрийн удирдлагыг хэрэгжүүлнэ гэсэн байгаа. Өр төлбөрийг яаж барагдуулах талаар Сангийн сайдын эрх хэмжээнд байдаг учраас энэ заалтыг үндэслэж, гэрээ байгуулагдсан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яам захиран зарцуулах эрхтэй гэж ярих нь учир дутагдалтай. Учир нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ирүүлсэн тооцоонд үндэслэж, төрийн сангийн данснаас тухайн дүнгээр мөнгийг шилжүүлж байгаа.

Банкаар дамжуулж, жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нарт зээл олгогдсон. К банкнаас тухайн зээлийг эргүүлж төлөх асуудал яригдаж байгаа. Өнөөдрийн ярьж байгаа 48 тэрбум төгрөг, 67 тэрбум төгрөг улсын төсөвт төлөгдөөгүй. Энэ хугацаанд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд орж, аж ахуй нэгжид өгөх ёстой байсан гэвэл холбогдож гарахгүй. Яагаад гэвэл энэ хугацаанд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл олгогдож байгаа. Энэ мөнгөнөөс болж гацсан асуудал байхгүй. Хүү, алдангийн асуудал яригдсан. Алданги гэдэг нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга. Иргэний тухай хуульд зааснаар 0.5 хувь хүртэл алданги тогтоож болохоор заасан. Хүү, алданги хоёр нь хоёр өөр ойлголт. Хүүгийн хувьд тодорхой хугацаанд төлбөр тавигдаад төлөгддөг бөгөөд 7 хувийн хүү нь улсад ашигтай. Яагаад гэвэл үүрэг нь зөрчигдсөн эсэхээс үл хамаараад тогтмол хугацаанд төсөв рүү ордог. Гэрээг хүчингүй болговол улсад хор уршигтай байна.

Засгийн газрын тусгай сангийн тухай /2006 оны/ хуульд тусгай сан нь үйл ажиллагаанаас олсон орлого, олгосон зээлийн буцаан төлөлтийн орлого, бусад орлогогоос бүрдэнэ гэсэн байдаг. Буцаан төлөлтийн орлого гэдэг дотор алданги орохгүй. Яагаад гэвэл тусдаа данс руу ордог. Нийтийн өмчийг хамгаалж байгаа талаар ярьсан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Үндсэн хуульд тодорхойлсон байна. Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн гэж заасан. Улсын төсөв рүү орж байгаа мөнгө нь эх үүсвэрээсээ шалтгаалж өөр байгаа.

Нэхэмжлэгчид нийтийн өмчийг хамгаалах асуудал дээр нэхэмжлэл гаргах эрх олгогдож байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөхдөө 19 тэрбум төгрөгийн асуудал яригдсан болохоос биш, алданги бууруулсан асуудал тавигдаагүй. Нэхэмжлэгч 19 тэрбум төгрөгийг механикаар нэмж, хасаж гаргасан. Гэрээний 3 талын тооцоо нийлсэн актад 48 тэрбум төгрөг гэж байгаа. Нэхэмжлэгч төрийн албан хаагч нийтийн эрх ашгийг хамгаалахгүй байна гэж ярьсан. Итгэмжлэл авсан компаниуд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл аваад өнөөдрийг хүртэл төлөөгүй. Харин санд хохирол учруулж байгаа бөгөөд үүнийг яагаад ярихгүй байгаа вэ. Маргаан бүхий гэрээг хүчингүй болгосноор нийтийн эрх ашиг сэргээгдэхгүй. Харин дордсон байдалд орно. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Сангийн яам, Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, К банк нарын хооронд байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 106-171010 ЖДҮХС-177 дугаар гэрээ нь Төсвийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.10-д Санхүүгийн хөрөнгө, өр төлбөрийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх гэж заасны дагуу болон Монгол Улсын Засгийн газрын хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 43 дугаар тэмдэглэлийг үндэслэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас К банкинд олгосон зээл, зээлийн эх үүсвэрийн төлбөрийг барагдуулах гэрээ байгуулсан.

Тус гэрээг байгуулах үед буюу 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр талуудын хооронд байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ННБ2011/08 дугаар Хамтран ажиллах тухай гэрээг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, К банкнаас гэрээ дүгнэсэн 1/56 дугаар акт үйлдэж, гэрээний 9.4-д ...талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах... гэсэн заалтыг үндэслэн эх үүсвэрийн хугацааг сунгахаар харилцан тохиролцсон.

Сангийн яам, Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, К банк нарын хооронд байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 106-171010 ЖДҮХС-177 дугаар гэрээг гэрээний талууд өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд, харилцан тохиролцож байгуулсан бөгөөд аль нэг байгууллагын эрх ашигт сөргөөр нөлөөлж, хохирол учруулаагүй гэж үзэж байна.

Уг гэрээг холбогдох хууль, тогтоомж болон Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг үндэслэн байгуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.7, 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэг зааснаар илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй санал нэг байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа захиргааны гэрээ биш, илэрхий алдаатай, хор уршигтай гэж үзсэн бөгөөд нотолж чадаагүй. Засгийн газар холбогдох сайдад чиглэл өгсөн бөгөөд үүний дагуу сайд гэрээ байгуулж ажилласан. К банкны эрх хүлээн авагчийн зүгээс холбогдох арга хэмжээг авч ажилласан байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн байгаа. Гэхдээ Б ТББ нь нийтийн эрх ашгийг хамгаалах тухай ярьж, нийтийн эрх ашгийг хамгаалахаар давж заалдах шатны шүүхийн тогтоолоор баталгаажуулсан гэсэн. Уг холбоо дүрэмдээ заасан үйл ажиллагаа явуулна. Хэрвээ энэ холбоо нийтийн эрх ашгийг хамгаалж үйл ажиллагаа явуулдаг байсан бол нийгэмд тодорхой өөр үйл ажиллагаа явуулах ёстой байсан. Нэр бүхий компаниас итгэмжлэл авч орж ирсэн бөгөөд зээлээ яагаад төлөөгүй талаар ярьсангүй. Энэ холбоо нь дүрэмд заагаагүй үйл ажиллагаа явуулж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 247 дугаар тогтоолоор жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг татан буулгаж, Жижиг, дунд үйлдвэрийн газрыг байгуулсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нартай санал нэг байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хуваарилсан хөрөнгийг нийтийн өмч гэсэн агуулгаар тайлбарласан. Хариуцагч сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийн зориулалт зэргийг хангалттай тайлбарласан. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд төвлөрсөн хөрөнгө нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор олгодог хөнгөлөлттэй зээл юм. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг тодорхойлж өгсөн байдаг. 200 ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөгийн орлоготой, худалдаа, үйлдвэрийн салбарт үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуй нэгж гэж заасан. Уг хөрөнгийг тусгайлсан субъектэд олгож байгаа хөрөнгө бөгөөд нийтийн өмч биш юм.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгө нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, тусгайлсан субъектэд чиглэсэн мөнгө. Х ХХК нарын 4 компанийн эрх ашиг зөрчигдсөн. Цаана 40-50 компани байгаа гэж ярьсан. 2019 онд жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нарт өөр эх үүсвэрээс зээл олгож байгаа. Төсөл, сонгон шалгаруулалтад орж байгаа компани нь барьцаа хөрөнгө эсвэл төслийн тооцооноос хамаараад анх тооцоолсон хүү, анх тооцоолсон төсвийн хөрөнгө оруулалтыг бууруулж авах нөхцөл байдал үүсдэг.

400 сая төгрөгөөр төсөл нь батлагдаж, 200 сая төгрөг авсан талаар жишээ татсан. К банкнаас мөнгө орж ирээгүй учраас төсөл хэрэгжүүлж чадаагүй байсан бол иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарсны дараа захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж болох байсан. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. К банкнаас дамжуулан зээлдүүлсэн мөнгө нь эргэн төлөгдөхдөө жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд орохгүй. Учир нь Засгийн газрын бондын мөнгө юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд К банкны эрх хүлээн авагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг үндэслэл болгосон байна. Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.7-д илэрхий алдаатай, хор уршигтай ур дагавар бүхий захиргааны гэрээг илт хууль бус байна гэж заасан.

Уг зохицуулалтаар гэрээ байгуулахдаа талуудын гэрээгээр олж авах үр дүн нь аль нэг талд хор уршигтайг талууд мэдэх боломжтой болон мэдсэн хэр нь тухайн гэрээг байгуулсан байхыг ойлгоно. Хэргийн үйл баримт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд талууд анх гэрээ байгуулах үед аль нэг талд хор уршигтай гэрээ байгуулах сэдэл аль аль талд байгаагүй гэдэг нь харагдах бөгөөд К банк нь 106-171010 ЖДҮХС-177 дугаар гэрээний дагуу зээлдэгч болон зээлдүүлэгч нарын хооронд санхүүгийн зуучлалын үүрэг гүйцэтгэж байсан гэдгийг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбарыг дэмжиж байна. Нийтийн ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн талаарх баримт болон захиргааны гэрээ нь илэрхий алдаатай, хор уршигтай гэх баримт хэрэгт байхгүй.

Шүүхийн шийдвэрийг дурдаж байгаа нь шүүхэд нөлөөлж байна. Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.7-д зааснаар тухайн захиргааны гэрээ байгуулагдсанаараа шууд хор хохирол учруулж байхыг шаарддаг. Шууд хор хохирол учруулсан зүйл харагдахгүй байна. Хор уршиг, хохирол хоёрыг ялгах хэрэгтэй. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас К банкаар дамжуулан зээл олгож байгаа. Үүнийг нэхэмжлэгч тал өөрөөр ойлгож байна. К банк нь дамжуулан зээлдүүлэх үүргийг хүлээж байгаа. Х ХХК нь 200 сая төгрөгийн зээл аваад, буцааж төлөөгүй. К банк биш, Х ХХК нь улсын төсөвт хохирол учруулж байна. Нэхэмжлэгч нь Х ХХК-ийг төлөөлж орж ирсэн нь ойлгомжгүй, зохисгүй үйлдэл гаргасан. Төлбөр барагдуулах гэрээг хийхдээ эрх ашиг сонирхол зөрчигдсөн зүйл байхгүй. Манай талаас тогтоох боломжгүй гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3-т Талууд нэмэлт өөрчлөлт оруулахаар тохиролцох тохиолдолд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж албажуулна гэж заасан. Гэрээг эрх бүхий этгээдүүд байгуулсан. Анхны эрх олгогдсон этгээдүүдийн байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээг нэхэмжлэгчийн зөвшөөрөл авалгүй байгуулсан гэж ярьсан нь үндэслэлгүй.

2011 оны гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд арилжааны банкаар зээл олгоно гэж заасан. Мөн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т банк олгосон зээлийн эрсдэлийг 100 хувь хариуцна, уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д дамжуулан зээл авсан зээлдэгч төлбөр төлснөөс үл хамааран банк төлөх-өөр зохицуулсан. Нэхэмжлэгчийн ярьсан банкинд зээл олгосон асуудал байхгүй. Сангийн сайдаас Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад хүргүүлж байсан 2019 оны 8/241 дугаар албан бичиг байгаа. Засгийн газрын хуралдаанд ямар асуудал хэлэлцэгдсэн бэ гэвэл Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эргэн төлөлттэй холбогдуулж авсан арга хэмжээний талаар хэлэлцэж, дүгнэлт гарсан.

Уг албан бичигт К банк нь гэрээгээр хүлээсэн үүргээ 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зөрчсөн тул арга хэмжээ авч ажиллаж байна гэсэн байдаг. Төлбөр төлсөн хуваарийг авч үзэх юм бол 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хүү төлөх үүрэг хүлээсэн бөгөөд төлж явсан. Хавтаст хэргийн 46 дугаар талд байгаа албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б ТББ нь анх тус шүүхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайд нарт холбогдуулан Сангийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, К банкны хооронд байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 106-171010 ЖДҮХС-177 дугаартай гэрээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Сангийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, К банкны хооронд байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 106-171010 ЖДҮХС-177 дугаартай гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлон маргасан, нэхэмжлэлийн үндэслэлээ ... 2017 оны 10 дугаар сарын 10-нд нууц гэрээ байгуулсан нь хууль бус юм. ... алдангийг 0,014 хувиар бодсон нь үндэслэлгүй ... Маргаан бүхий гэрээний үндсэн төлбөрийн зөрүү 18,674,888,359,26 төгрөг байна. Маргаан бүхий гэрээ нь хор уршигтай үр дагаврыг бий болгож, ЖДҮХС болон жижиг дунд үйлдвэрлэгчдийг хохироож, эдийн засгийн хувьд их хэмжээний алдагдалтай гэрээг байгуулсан ... гэж, хариуцагч нар нь ... тухайн үед үүсээд байсан нөхцөл байдал, банкны санхүүгийн хүндрэл зэргийг харгалзан, гэрээний зөрчлийн хэмжээг харилцан тохиролцож, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас К банкинд олгосон зээл, зээлийн эх үүсвэрийн төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан. ... гэрээг гэрээний оролцогч талууд өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд харилцан тохиролцож байгуулсан ...аль нэг байгууллагын эрх ашигт сөргөөр нөлөөлж, хохирол учруулаагүй. Илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй... гэж тодорхойлон маргажээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргасан асуудлаар дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны акт болох Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, К банкны хооронд байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас К банкинд олгосон зээл, зээлийн эх үүсвэрийн төлбөр барагдуулах 106,171010/ЖДҮХС-177 дугаар гэрээ-гээр[1] Төсвийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.10, Монгол Улсын Засгийн газрын хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 43 дугаар тэмдэглэлийг үндэслэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилтын хүрээнд баталсан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас /цаашид ЖДҮХС гэнэ/ К банкинд олгосон зээл, зээлийн эх үүсвэрээс төлөгдөөгүй үлдэгдэл, төлбөр, түүнд тооцогдсон хүү, алдангийн хэмжээ, эдгээр төлбөрийг төлөх хугацаа, нөхцөлийг тогтоож, үүссэн өр төлбөрийг барагдуулахаар харилцан тохиролцжээ.

Жижиг дунд үйлдвэрийн тухай /2007 оны/ хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5- зааснаар Засгийн газар нь жижиг дунд үйлдвэрийг төрөөс дэмжихэд шаардагдах санхүүжилтийн нэмэлт хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор зохих журмын дагуу Засгийн газрын үнэт цаас гаргах, 11 дүгээр зүйлийн 11.1.2-т зааснаар жижиг дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь жижиг дунд үйлдвэрийн салбарт улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл,, арга хэмжээг нэгдсэн удирдлага, бодлогоор хангах, Төсвийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.10-д зааснаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь санхүүгийн хөрөнгө, өр төлбөрийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй байна.

Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай /2006 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-д зааснаар жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрийнх нь зонхилох хэсгийг төсвийн хөрөнгөөр бүрдүүлдэг, 14 дүгээр зүйлийн 14.5.2-д зааснаар сангийн хөрөнгийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд зориулж, урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгох арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулах хуулийн зохицуулалттай байна.

Маргааны үйл баримтаас үзэхэд Монгол Улсын Их Хурлын 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай 30 дугаар тогтоолын 1 дэх заалтаар мал аж ахуйн гаралтай түүхий эд , бүтээгдэхүүнээр нэмэгдсэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход зориулан 100 / нэг зуун/ тэрбум төгрөгийн, хонины ноос, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд 2011 онд төрөөс олгох мөнгөн урамшуулалд болон ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдэд 50 /тавин/ тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий үнэт цаас гаргаж, арилжаалахыг Засгийн газарт зөвшөөрсөн, дээрх тогтоолын хүрээнд Засгийн газраас үнэт цаасны арилжааг зохион байгуулсан, улмаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайд, К банкны гүйцэтгэх захирал нар нь 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Засгийн газраас гаргасан бондын эх үүсвэрээр бүрдэх хөрөнгийн дамжуулан зээлдүүлэлтийг хамтран хэрэгжүүлэх ННБ2011/8/87 дугаар гэрээ[2] -г 5 жилийн хугацаатайгаар байгуулсан, уг гэрээгээр Засгийн газраас гаргасан бондын эх үүсвэрээр бүрдэх хөрөнгөөс ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр 100 /нэг зуун/ тэрбум төгрөгийн, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдэд 30 /гучин/ тэрбум төгрөгийн зээл олгож, зээлийн зарцуулалт, эргэн төлөлт, түүнд тавих хяналт, тайлагнах үйл ажиллагааг журам болон энэхүү гэрээнд заасан нөхцөлийн дагуу Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, К банк хамтран хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон, К банк нь дээрх гэрээний дагуу олгосон зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу буцаан төлүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас үндсэн зээл, хүүгийн төлбөрийн зөрчил үүссэн, К банк нь 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1/2419 дүгээр албан бичгээр[3] Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захиралд дээрх төлбөрийг хойшлуулах хүсэлт хүргүүлсэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нь 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 01/2132 дугаар албан бичгээр[4] Сангийн сайдад Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Сангийн яаманд эгүүлэн төлөх Засгийн газрын бондын 40,0 тэрбум төгрөгийг хойшлуулах хүсэлтийг хүргүүлсэн, дээрх хүсэлтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, зээлийн хугацааг сунгах арга хэмжээ авахыг даалгасан, улмаар гэрээний талууд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээ дүгнэх акт[5] үйлдэж, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч, К банкны гүйцэтгэх захирал нар нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас К банкинд олгосон зээл, зээлийн эх үүсвэрийн төлбөр барагдуулах 106-171010/ ЖДҮХС-177 дугаар гэрээг

байгуулсан болох нь тогтоогдож байна.

Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д захиргааны гэрээ илт хууль бус болох шинжүүдийг нэрлэн заасан бөгөөд дээрх шинжийг агуулсан тохиолдолд захиргааны гэрээ илт хууль бус болно.

 

Нэхэмжлэгч нь дээрх маргаан бүхий захиргааны гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох үндэслэлээ ... хор уршигтай үр дагавар бүхий гэрээ гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна.

Хор уршигтай үр дагавар бүхий захиргааны гэрээ гэдэгт эдийн засгийн хувьд их хэмжээний алдагдалтай, байгаль орчныг их хэмжээгээр бохирдуулж, байгалийн тэнцвэрийг алдагдуулсан, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн гэрээг хамааруулан ойлгоно.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий гэрээний улмаас 18,674,888,359,26 төгрөгийн хохирол /2 гэрээний төлбөрийн зөрүү / учирсан гэж маргаж байх энэхүү хор уршиг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байхын зэрэгцээ энэхүү төлбөрийн зөрүүг гэрээний улмаас учирсан бодит хор уршиг гэж үзэхгүй.

Тодруулбал нэхэмжлэгч нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1/429 дугаар албан бичигт[6] зөрчлийн нийт дүнг 67,121,995,228 /жаран долоон тэрбум, нэг зуун хорин нэг сая есөн зуун ерэн таван мянга хоёр зуун хорин найман/ төгрөг байна гэж мэдэгдсэн, маргаан бүхий гэрээг байгуулахдаа зөрчлийн дүнг 48,447,106,868,74 /дөчин найман тэрбум, дөрвөн зуун дөчин долоон сая, нэг зуун зургаан мянга найман зуун жаран найман / төгрөг гэж тооцсон, үүний зөрүүг хор уршиг гэж тодорхойлон маргаж байна.

Нэгэнт нэхэмжлэгчид шууд учирсан бодит хохирол нь холбогдох нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй байх тул маргаан бүхий гэрээг хор уршигтай үр дагавар бүхий гэрээ гэж үзэхгүй.

Түүнчлэн хариуцагч нар нь хуульд зааснаар жижиг дунд үйлдвэрийн салбарт улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээг нэгдсэн удирдлага, бодлогоор хангах, санхүүгийн хөрөнгө, өр төлбөрийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй, дээрх эрхийнхээ хүрээнд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас К банкинд олгосон зээл, зээлийн эх үүсвэрийг буцаан төлүүлэхээр захиргааны гэрээ байгуулсныг хууль бус гэж үзэх

 

үндэслэл тогтоогдохгүй байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайд, К банкны гүйцэтгэх захирал нарын байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Засгийн газраас гаргасан бондын эх үүсвэрээр бүрдэх хөрөнгийн дамжуулан зээлдүүлэлтийг хамтран хэрэгжүүлэх ННБ2011/8/87 дугаар гэрээний Есын 9.4-д Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, энэхүү нэмэлт өөрчлөлт нь энэхүү гэрээний нэгэн адил хүчинтэй бөгөөд гэрээний салшгүй хэсэг байх-аар заасан, гэрээний талууд зээлийн эх үүсвэрийн хугацааг сунгаж, маргаан бүхий захиргааны гэрээг шинээр байгуулсан, ингэхдээ хугацаа хэтэрсэн үндсэн болон хүүгийн төлбөрт хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,014 хувийн алданги тооцсон, банкны төлөх хүүг жилийн 7 хувь, нэмэгдүүлсэн хүүг 20 хувь байхаар тогтоосон нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлж байгуулж болно, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцсэн байна.

Иймд дээрх маргаан бүхий захиргааны гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.7-д заасан илт хууль бус шинжийг агуулаагүй байна гэж үзнэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээдээс ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх-ээр, 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээдээс ... нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгох-оор, 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн болох-ыг нэхэмжлэлийн үндэслэлд заахаар тусгайлан зааснаас үзэхэд дээрх маргаан бүхий захиргааны гэрээний улмаас нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болохыг нэхэмжлэгч өөрөө тодорхойлох үүрэгтэй байх бөгөөд маргаан бүхий гэрээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол /нийтийн ямар ашиг сонирхол/ нь хэрхэн зөрчигдсөн болон гэрээг илт хууль бус болохыг тогтоосноор түүний ямар эрх нь хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна.

Дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааны гэрээ нь илт хууль бус байх шинжийг агуулаагүй, маргаан бүхий гэрээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол /нийтийн ашиг сонирхол/ зөрчигдсөн болох нь холбогдох нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д зааснаар нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, маргаан бүхий гэрээ нь нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн байх тул хариуцагч нарын ...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэсэн тайлбар үндэслэлгүй болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар

зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Жижиг дунд үйлдвэрийн тухай / 2007 оны / хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, Төсвийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.10, Засгийн газрын тусгай сангийн тухай / 2006 оны / хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.2, Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б ТББ-ын Сангийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад холбогдуулан гаргасан Сангийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, К банкны хооронд байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 106-171010ЖДҮХС-177 дугаартай гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-т заасныг тус тус баримтлан Б  ТББ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

 

114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН