| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 133/2024/00311/И |
| Дугаар | 001/ХТ2025/00041 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2025/00041
Э-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 133/ШШ2024/00399 дүгээр шийдвэр,
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 215/МА2024/00001 дүгээр магадлалтай,
Э-гийн нэхэмжлэлтэй
Г-т холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч Ж-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б, хариуцагчийн өмгөөлөгч Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э нь хариуцагч Гт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 133/ШШ2024/00399 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2. дахь хэсэгт заасныг баримтлан Э-н Гт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
3. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 215/МА2024/00001 дүгээр магадлалаар: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 133/ШШ2024/00399 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгч Ж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийн бодит байдалд нийцүүлж шийдвэр дүгнэлт гаргаагүй.
Давж заалдах шатны шүүх дүгнэлт гаргахдаа анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн талаар тухайн сахилгын зөрчлийн асуудлыг байгууллагын түвшинд ёс зүйн хороогоор хэлэлцсэн байх ба процедурын байдал нь хууль зүйн үр дагавар үүсэх хэмжээний учир дутагдалтай гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй. Ёс зүйн хурлын тэмдэглэлд Эгийн гаргасан зөрчлийн талаар хэлэлцэж тодорхой дүгнэлт гаргасан зүйлгүй харин багшийн туслах Э, хөгжмийн багш Б.М нарт хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ноцтой зөрчил гаргасан тул зохих дүрэм журмын дагуу хариуцлага тооцох саналыг цэцэрлэгийн эрхлэгч Б.Наранцэцэгт хүргүүлэв гэсэн нь учир дутагдалтай, зөрчлийг шалгах, дүгнэлт гаргах эрх бүхий субьект нь аймгийн Цагдаагийн газар, аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын дарга бус тус байгууллагын ёс зүйн зөвлөл байх бөгөөд тухайн байгууллага албан тушаалтнууд ёс зүйн зөрчил үйлдэгдсэн талаар мэдээлсэн байхад Ёс зүйн зөвлөл нь зөрчилд холбогдогч Э нь ямар зөрчлийг хэзээ хэрхэн яаж гаргасан талаар тодорхойлж дүгнэсэн эсэх асуудлыг тодруулаагүй нь ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, мөн анхан шатны шүүх ажилтны ёс зүйн зөрчил гаргасан эсхүл сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэсэн үндэслэлүүдийн алинаар нь ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх дүгнэлтдээ багшийн туслах Э нь хүүхдийг хэл амаар доромжлох, тодруулбал, өөрийн ажилладаг бэлтгэл бүлгийн 5 настай хүүхдүүдийг балай, мэдрэл муутай, галзуучууд гэх мэтээр харааж, хүүхдүүдийг цохисон, түлхсэн, унтаж буй хүүхдийг сэрээлгүйгээр хөнжлийг нь татан авсан зэрэг зөрчил гаргасан болох нь эрх бүхий байгууллагуудын хяналт шалгалтын шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдож байна. Тодруулбал, цагдаагийн байгууллагаар шалгасан зөрчлийн материалд хүүхдүүдтэй зүй бус үг хэрэглэн харьцах зэрэг байдал нь тогтоогдсон ба цагдаагийн байгууллага зөрчлийн шийтгэл хүлээлгэхээргүй буюу зөрчлийн хэрэг гэж үзэхээргүй байна. Мөн хөдөлмөрийн гэрээ болон мэргэжлийн ёс зүйн дүрмийн 4.2.8-д мөн баримтлах ёс зүйн хэм хэмжээ болгосон байна. Хариуцагч байгууллага сахилгын зөрчлийн асуудлыг байгууллагын түвшинд ёс зүйн хороогоор хэлэлцсэн байх ба процедурын байдал нь хууль зүйн үр дагавар үүсгэх хэмжээний учир дутагдалтай биш гэж дүгнэсэн. Мөн туслах багш Этай 2022.03.09-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.1.1-д бусдыг хэл амаар доромжлохыг зөрчилд тооцох, Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Ажилтны гаргасан сахилгын зөрчил нь түүнд сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно. Дараах зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах арга хэмжээ авна. Үүнд 13.1.9-т Хүүхдийг цохиж зодох, хэл амаар доромжлох зэргээр бие махбод болон сэтгэл санааны дарамт хүчирхийлэл үйлдсэн, худал хуурмаг болон хов жив, үндэслэлгүй гүжирдлэг хийж бусад ажилтны өдөр тутмын ажил үүргийн гүйцэтгэлд нөлөөлж нэр хүндийг унагах, сэтгэл санаа ёс суртахууны дарамт үзүүлэх, 13.1.8-д Сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин сахилгын зөрчил гаргах гэж заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.
Мөн туслах багш Эд 2023.09.19-ний өдрийн Б/27 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар 3 сарын хугацаатай үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулжээ. Энэ тохиолдолд хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзсэн.
Анхан шатны шүүх Ажил олгогч нь туслах багш Э сахилгын ноцтой болон давтан зөрчил гаргасан болох нь хавтаст хэрэгт цугларсан хууль хяналтын байгууллагын шалгалт болон, СD бичлэг, гэрч нарын мэдүүлэг, бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн өмгөөлөгч Ж-ийн гаргасан гомдлыг хэлэлцээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2025.02.13-ны өдрийн 001/ШХТ2025/00158 дугаар тогтоолыг гаргажээ.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч Э нь хариуцагч Г-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...би хамт олноо ялгаварлаж хэн нэгнийг гадуурхаж байгаа үйлдлийг нь тэвчилгүй эрхлэгч, арга зүйч нарын талаар Мөнгөнцэцэг гэж багштай ярьсныг ёс зүйгүй үйлдэл гэж үндэслэлгүйгээр хүүхэд хэл амаар доромжилсон болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй, ...түүнчлэн би хүүхэд зодоогүй, ...Цэцэрлэгийн ёс зүйн зөвлөлийн албан ёсны хурал болсон эсэх нь эргэлзээтэй... Боловсрол шинжлэх ухааны газар болон Цагдаагаас ирсэн бичгийг танилцуулах үед бичлэгүүдийг үзүүлж надаас тайлбар аваагүй. ...Тушаал гарах үед зөрчил үйлдсэн үндэслэл тогтоогдоогүй байсан...” гэж тайлбарласан бол,
Хариуцагч хариу тайлбартаа: “...Э нь өөрийн ажилладаг бэлтгэл бүлгийн 5 настай хүүхдүүдийг ...хараан загнаж, сэтгэлзүйн дарамт, хүчирхийлэл үйлдсэнээс гадна хүүхдүүдийг цохисон, түлхсэн, унтаж буй хүүхдийг хөнжлийг нь хуулан авч сэгсэрч цохисон зэрэг зөрчил нь камерын бичлэгээр илэрсэн, ...багшийн туслах Эгийн гаргасан зөрчил нь Боловсрол шинжлэх ухааны сайдын 2022.12.20-ны өдрийн А/545 дугаар тушаалаар батлагдсан Сургуулийн өмнөх ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрмийн 4.2.1, 4.2.2-т заасан заалтуудыг зөрчсөн үйлдэл болно. ...Э нь өмнө сахилгын хариуцлага хүлээгээд нэг жилийн дотор дахин зөрчил гаргасан, ...иймд байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн хуулийн 80.1.4 дэх хэсэгт заасан давтан болон ноцтой зөрчил гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргасан.
8. Анхан шатны шүүх: “...нэхэмжлэгч нь ёс зүйн зөрчил гаргасан нь нотлогдсон, тэрээр 2023 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн Б/27 Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт заасан хугацаа дуусаагүй байхад дахин зөрчил гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан байх тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна. ...Иймд ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй...” гэж дүгнэсэн бол,
Давж заалдах шатны шүүх: “...Зөрчлийг шалгах, дүгнэлт гаргах эрх бүхий субъект нь аймгийн Цагдаагийн газар, аймгийн Боловсрол Шинжлэх ухааны газрын дарга бус тус байгууллагын ёс зүйн зөвлөл байх бөгөөд тухайн байгууллага, албан тушаалтнууд ...зөрчилд холбогдогч Э нь ямар зөрчлийг хэзээ, хэрхэн яаж гаргасан талаар тодорхойлж дүгнэсэн эсэх асуудлыг тодруулаагүй байна. ...Ажил олгогч нь ажилтныг ёс зүйн зөрчил гаргасан, эсхүл сахилгын ноцтой зөрчил гаргасан, эсхүл сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэсэн үндэслэлүүдийн алинаар ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх энэ талаар нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна...” гэж дүгнэн, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцээгүй талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй гэж үзлээ.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь зохицуулалтыг үндэслэл болгосон байна.
Хуулийн энэ заалтад шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар магадлал гаргана гэжээ.
Дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож байгаа бол анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар журмыг хэрхэн зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц ноцтой зөрчил гэж тооцогдсон үндэслэл, түүнчлэн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д заасан үндэслэл бий болсон байхыг ойлгоно.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д зааснаар шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй, зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн, хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрт шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч гарын үсэг зураагүй, эсхүл шүүх бүрэлдэхүүнд ороогүй шүүгч гарын үсэг зурсан, хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь илэрсэн, энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн бол давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор зохицуулсан байна.
Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгосон бол анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар зөрчил гаргасан нь шийдвэрт хэрхэн нөлөөлсөн талаар дэлгэрэнгүй, тодорхой бичих учиртай.
Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа дээрх үндэслэлийн талаар дурдаагүй бөгөөд нотлох баримт үнэлэх асуудалтай холбогдуулан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1-д нийцээгүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдоогүй байна.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-и зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.
Тухайлбал, давж заалдах шатны шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтад үндэслэн үйл баримтыг тогтоож, талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг тодорхойлж, анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг бүхэлд нь хянасны үндсэн дээр шийдвэр гаргана.
Зохигч ажлаас халсан үндэслэлийн талаар мэтгэлцсэн, хариуцагч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ дурдаж, өөрөөс хамаарах холбогдох баримтыг ирүүлсэн байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, мэтгэлцээнд үндэслэн, шаардлагатай гэж үзсэн тохиолдолд маргаантай үйл баримтыг тодруулсны үндсэн дээр дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэх боломжтой байна.
13. Иймд магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 215/МА2024/00001 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгч Б.Наранцэцэгээс 2025.01.15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД