Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 136/шш2022/00007

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 1-р хороо, Югийн гудамж-28, МПМ цогцолбор хаягтай М ББСБ ХХК /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг, С сум, 8-р баг, үзүүр 11 гудамж, 1161 тоотод оршин суух, У овогт Тын О /РД:........./-т холбогдох

Зээлийн гэрээний төлбөр 202,399 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.О нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч 2020/01/23-ны өдөр Мобиком корпораци ХХК-ийн 99.....54 дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган 140000534144 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан.

Т.О нь уг гэрээний үндсэн дээр 2020/01/27-ны өдөр сарын 3.9% хүүтэй 100,000 төгрөгийг зээлээр авсан.

Т.О нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн зээл, зээлийн хүүгээ төлөөгүй учир гэрээнд заасны дагуу төлөх зээл, зээлийн хүүг төлөхийг удаа дараа сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч зээлээ огт төлөөгүй байна. Иймд Т.О нь 2021 оны 11-р сарын 29-ний байдлаар төлөгдөөгүй байгаа зээл 100,000 төгрөг, зээлийн хүү 85,989 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,410 төгрөг нийт 202,399 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.О шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авлаа. Т овогтой О миний бие нь уг 202,399 төгрөгийг төлж барагдуулна. 202,399 төгрөгийг хоёр хувааж энэ ондоо төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Т.О-д холбогдуулан зээлийн гэрээний төлбөр 202,399 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хариуцагч Т.О нь зээлийн гэрээний үүрэг 202,399 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.О-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 202,399 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6723 төгрөгөөс 3361.5 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, 3361.5 төгрөгийг Т.О-ээс, 3361.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж М ББСБ ХХК-д олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ