| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2021/00521/И |
| Дугаар | 156/ШШ2021/00595 |
| Огноо | 2021-12-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 156/ШШ2021/00595
156/ШШ2021/00595
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2021/00521/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, ерөнхий шүүүгч Б.Марина, шүүгч Б.Уранзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 хэсэг Маршал таун хотхон 108-р байр 24 тоотод оршин суух, Дорждагва овогт Заахүүгийн Цэнд /РД:ЧС55061830/-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймаг, Дадал сум, 4 дүгээр багт оршин суух, Улианхай овогт Түмэндэлгэрийн Эрдэнэчулуун /РД:СЙ75102912/-д холбогдох, 30 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Цэнд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг, хариуцагч Т.Эрдэнэчулуун, иргэдийн төлөөлөгч Г.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Цэнд би Хэнтий аймгийн Дадал сумын Агац багийн малчин Т.Эрдэнэчулуунд 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 28 тооны үхэр, 12 тугал нийт 40 тооны малыг маллуулахаар хүлээлгэн өгсөн. Эрдэнэчулуунд малаа маллуулж байх хугацаанд 2018 онд 10 тугал, 2019 онд 8 тугал, 2020 онд 4 тугал гарч нийт 62 толгой малтай болов. Т.Эрдэнэчулууныг малчнаар ажиллуулахдаа сарын 500 000 төгрөгийн цалин олгож хадланд явахад нь нэг үхэр идшэнд хэрэглүүлэхээр өгдөг байв. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд шүдлэнгээс дээш настай 12 үхэр өөрийн хэрэгцээнд идэж хэрэглэсэн. Эрдэнэчулуунд 4 үхэр хэрэглүүлсэн. Ингээд 62 толгой үхэрнээс идэж хэрэглэснээ хасаж тооцвол 46 тооны үхэр үлдсэн юм. Гэтэл 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр малаа хүлээж авахад бяруунаас дээш настай 17 тооны үхэр хүлээлгэн өгөв. Т.Эрдэнэчулуун нь нийт 46 тооны нас бие гүйцсэн эр эм үхэрнүүд хүлээлгэн өгөх ёстой байснаас 29 тооны үхрийг өөрийн хариуцлагагүй байдлаас үгүй хийж идэж хэрэглэсэн, үхэж үрэгдүүлсэн, зарж борлуулсан нь мэдэгдэхгүй дутагдуулсан. Би Эрдэнэчулууны аж байдал, амьдрал ахуйг харгалзан Дадал сумын малын жишиг үнэлгээнээс харьцангуй багаар бодож дутагдуулсан малыг хүртэл хасаж тооцож эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулж харилцан эвлэрч учир зүйгээ олох гэж хичээсэн боловч Б.Эрдэнэчулууны зүгээс тохиролцоонд хүрч чадаагүй. Мөн Цагдаагийн байгууллагад өгч шалгуулж байх үед дутагдуулсан 20 тооны үхэрний хохирлоо төлж барагдуулна гэж худал хэлж бичиг хийсэн боловч одоог хүртэл хохирол төлбөрөө барагдуулаагүй юм. Иймд Т.Эрдэнэчулууны дутагдуулсан 29 тооны үхэрнээс 20 тооны үхрийг нэг бүрийн үнийг 1 500 000 төгрөгөөр тооцож 30 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т.Эрдэнэчулуун шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Цэнд гуайн 31 тооны үхрийг 2017 оны 08 сард сарын 250 000 төгрөгийн цалин авахаар 1 жил маллахаар авсан. Нэг жил малыг нь харсан боловч малаа авалгүй цаашид харж өгөөч гэж санал болгож үргэлжлүүлэн 2020 оны 07 сар болтол харсан. Энэ хугацаанд 2018 онд 10 тугал, 2019 онд 8 төл, 2020 онд 4 төл нэмэгдэж 53 толгой мал байхаас Цэнд гуай идэш, хоол хэрэглээндээ шүдлэнгээс дээш насны 12 үхэр, надад 3 жил дараалан хадланд 3 үхэр идэш хоолонд маань 3 үхэр өгсөн нь үнэн. Ингээд нийт 18 толгой үхэр хэрэглээнд хэрэглэсэн. 2017-2019 он гартал 250 000 төгрөгийн цалин олгож, 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс мал сайн маллаж байна гэж 300 000 төгрөгийн цалинтай болгосон. Гэтэл Цэнд гуай сар бүр 500 000 төгрөгийн цалин өгч байсан гэснээр ч барахгүй 40 үхэр хүлээлгэж өгсөн, 21 толгой мал надаас хүлээж авчихаад 17 тооны үхэр авсан гэж худал мэдүүлэг өгсөн. 2020 оны 07 сард 21 үхэр хүлээлгэн өгсөн. Сүүлийн 2 сарын цалингаа өгөөгүй. Би 2 толгой үхэр буюу 2 бяруу барагдуулна гээд барагдуулсан ба үүнийг 20 гэж өөрчилсөн байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Эдгээр мал жилийн эцэс 12 сард миний өөрийн нэр дээр тоологдож байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Иргэдийн төлөөлөгч Г.Ганбат шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч талын зөв гэж бодож байна. Хариуцагч тал хариуцлагагүй хандсан байна гэж бодож байна. Иймээс нэхэмжлэл талын саналыг зөвшөөрч хохиролыг барагдуулна уу гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Цэнд нь хариуцагч Т.Эрдэнэчулуунд холбогдуулан 20 тооны үхрийн үнэ 30 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 15 тооны үхрийн үнэ 15 сая төгрөг гаргуулна гэж багасгасан ба энэ шаардлагыг хариуцагч тал эс зөвшөөрч маргасан.
Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг тал бүрээс нь үнэлж судалж дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:
Нэхэмжлэгч З.Цэнд нь хариуцагч Т.Эрдэнэчулуунд 2017 оны 07 сарын 20-нд өөрийн үхэр сүргийг хариулуулахаар хүлээлгэн өгсөн ба 2020 оны 07 сард буцаан авсан байна. Ийнхүү буцааж авахдаа 17 тооны үхэр авсан гэж нэхэмжлэлдээ дурдсан ба өөрийн үхэр сүргээс 29 тооны үхрийг дутагдуулсан гэж үзэж 20 тооны үхрийг нэг бүрийг нь 1 500 000 төгрөгөөр тооцож 30 сая төгрөг нэхэмжилсэн. Харин хариуцагч эс зөвшөөрч 2020 оны 07 сард үхрээ буцааж авахдаа 21 тооны үхэр буцаан авсан, би өөрт ашигласан 2 тооны үхрийн үнийг төлсөн, энэ талаар шүүхийн шийтгэх тогтоол гарсан, бусад үхэр нь өвчнөөр болон цаг бусаар үхсэн гэж тайлбарлан мэтгэлцдэг.
Нэхэмжлэгч хариуцагч нарын дунд үхэр маллуулахаар харилцан тохиролцсон ба хариулсаны хөлсөнд нэхэмжлэгч З.Цэнд нь сар бүрт 250 000 төгрөгийг хариуцагч Т.Эрдэнэчулуунд төлж байхаар амаар харилцан тохиролцжээ. Харин Т.Эрдэнэчулуун нь хүлээн авсан үхэр сүргийг хариулж байх үүргийг нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн байна.
Хариуцагч нь бусдын эд хөрөнгийг буюу хариуцсан үхэр сүргээ хэрхэн хоргодож байсан талаар нэхэмжлэгчид тухай бүрт нь мэдэгдэж байгаагүй болон нэхэмжлэгчийн шаардлагыг ямар нотлох баримтаар үгүйсгэж байгаа нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх боловч нэхэмжлэгч нь өөрийн шаардлага, түүний үндэслэлийг мөн нотлох баримтаар нотолж чадахгүй байх тул нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх үүрэгтэй гэж тус тус хуульчилсан ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлохоор Хавтаст хэргийн 6-р хуудсанд авагдсан Хэнтий аймгийн Дадал сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаартай тогтоолыг ирүүлсэн ба энэ баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Тухайлбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг эхээр нь, эхээр нь өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж, мөн хуулийн 38.6-д зохигч өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж тус тус хуульчилсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 15 үхрийг 1 бүрийн үнийг нь 1 сая төгрөгөөр үнэлж нэхэмжилсэн шаардлагыг хангах боломжгүй байна.
Түүнчлэн энэ хэрэгт хариуцагч талын гэм буруутай үйлдэл байгаа боловч нэхэмжлэгч нь өөрийн шаардлагаа нотлох үүргийг хүлээх ба энэ талаар шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг хуулийн шаардлага хангасан хэлбэрээр ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Мөн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан ба нэхэмжлэгч нь Монгол улсын Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээр төлүүлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 307 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 115.1, 115.2.3, 116, 118, 119-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510.1-д зааснаар З.Цэндийн нэхэмжлэлтэй, Т.Эрдэнэчулуунд холбогдох, үхрийн үнэ 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ