Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2021/04067

 

 

 

 

 

 

2021 12 07

101/ШШ2021/04067

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: АНУ-ын Калифорниа муж, Лос Анжилос хот, 550с Огдэн Дралв гудамж 514 дүгээр байранд оршин суух хаягтай, Боржигон овгийн Мэндсайханы ******* /ТЕ91101401/,

Нэхэмжлэгч: Англи улс, Лондон хот, 49 Блашфорд гэх хаягт оршин суух хаягтай, Боржигон овгийн Батсүхийн******* /ЦГ66102307/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, 11а байр, 802 тоот хаягт оршин суух Пүрэвгүн овогт, Сарангэрэлийн******* /УХ91072927/-д холбогдох,

Гэрээний үүрэг, алданги, хохиролд нийт 9,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.*******, хариуцагч С.Дарьсүрэн, түүний өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид нар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайван өргөн чөлөө гудамж, 49а байр, 6 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч нар юм. Гадаад улсад ажиллах амьдардаг тул М.Жавхлан гэх хүнд итгэмжлэл хийж өгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч маань хариуцагч талтай гэрээ байгуулсан.

Хариуцгч нартай 2019 оны 8-р сарын 21-ний өдөр гэрээ байгуулж, 1 жилийн хугацаатай сарын 700,000 төгрөгөөр 3 сар тутамд төлбөрийг өгч байхаар тохиролцсон. Түрээслэгч нар 2021 оны 3-р сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд тухайн байранд амьдарсан.

Анх нэхэмжлэл гаргахдаа С.Дарьсүрэн болон түүний нөхөр Э.Энхболд нарт холбогдуулж гаргасан боловч гэрээг С.Дарьсүрэнтэй байгуулсан тул С.Энхболдод холбогдох нэхэмжлэлээс татгалзсан. Төлбөрийг 2020 оны 4,5,6,7,8 саруудад төлөөгүй. 2020 оны 9,10,11,12 саруудын төлбөрийг сар бүрд нь өгч байсан. 2021 оны 1,2,3 саруудын түрээсийн төлбөрийг өгөөгүй. Энэ хугацаанд төлбөрийг төлж барагдуулна гэдэг боловч төлөөгүй. 2021 оны 3-р сарын 3-ны өдөр авлага барагдуулах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр авлагыг 6 сарыг дуустал хугацаанд төлөхөөр тохирсон ч төлбөрийг барагдуулаагүй.

Нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагчид түрээсийн төлбөрөө төлөх хангалттай хугацаа өгсөн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд төлбөрөө төлөхгүй гэдэг байдлаар хандаж байгаа учраас гэрээ болон хуульд заасны дагуу үүргийн гүйцэтгэлд алданги тооцож нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн байгаа. Ингээд үндсэн нэхэмжлэлийн шаардлага түрээсийн төлбөр 5,500,000 төгрөг, алдангийг аль ч гэрээнээс тооцсон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 т зааснаар 50 хувиас хэтэрсэн байгаа. Иймээс 50 хувиар тооцоод 2,750,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Мөн энэ хүмүүс түрээсийн төлбөрийг өгөөгүйгээс өмгөөлөгч авч өмгөөллийн хөлс төлж хохирсон тул өмгөөллийн зардал 1,500,000 төгрөгийг нэхэмжлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд нийт 9,750,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 700,000 төгрөг төлсөн. Энэ мөнгийг хасч тооцохыг зөвшөөрч байна.

Харин анх гэрээ байгуулахдаа барьцаанд 700,000 төгрөгийг түрээслэгч тал өгсөн. Энэ мөнгөнөөс нь сууц өмчлөгчийн холбоонд төлөх төлбөрийг төлсөн. Мөн орон сууцанд амьдарч байх хугацаандаа зурагт эвдсэн байсан. Энэ эвдрэлийг засах мөнгөнд суутгаж тооцсон байгаа.

Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 219 дүгээр зүйлийн 219.1, 219.2, мөн хуулийн 222.4, 289 дүгээр зүйлийн 289.1.2, үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээний 4.3, 5.1, 3.4, авлага барагдуулах гэрээний 11 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 9,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлд төлөөлөх эрхийг заагаагүй байна. Нотариатын тухай хуульд итгэмжлэлийг гэрчлэх 4 зүйл байдаг. Гэтэл итгэмжлэлээр гэрчлэх зүйл тодорхойгүй байна. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.4 т зааснаар авлага барагдуулах гэрээг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан байна. Итгэмжлэлийн үндсэн дээр гэрээ байгуулсан бол тухайн эрх олгосон 3 жилээр итгэмжлэлийн хугацаа дуусгавар болно. Шаардах эрхээр олгосон итгэмжлэл байхгүй байна. Мөн итгэмжлэл дээр зурагдсан гарын үсэг асуудалтай харагдаж байна. Алдангийн тухайд 6-р сарын 3-ны өдрөөс хойш тооцохдоо хэд хоногийн хэдэн төгрөгөөр тооцсон нь тодорхойгүй байна. Учир нь 6-р сарын 3-ны өдрөөс хойш тооцохоор 50 хувиас хэтрээд байна гэдэг тайлбарыг хэлсэн яг хэдэн төгрөгөөс хэдэн хувийг тооцож байгаа нь тодорхой байх ёстой. Өмгөөлөгчийн зардлын тухайд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх ёстой өмгөөлөгч авч байгаа нь өөрийнхөө эрхийг хэрэгжүүлж байгаа тул хариуцагчийн хүлээх хариуцлага биш юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 700,000 төгрөгийг хариуцагчаас төлсөн. Энэ мөнгийг хасна гэж бодож байна. Мөн анх гэрээ байгуулж орохдоо 700,000 төгрөгийг барьцаалсан. Энэ мөнгийг үндэслэлгүй суутгаж өгөхгүй байгаа тул 700,000 төгрөгийг хасаж тооцож өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч нараас орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 9,750,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа 700,000 төгрөгөөр багасгаж байна.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2019 оны 8 сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 5,500,000 төгрөг нэхэмжилсэнээс хариуцагчийн төлсөн 700,000 төгрөгийг хасаж үлдэгдэл 4,800,000 төгрөг, алдангид 2,750,000 төгрөг, учирсан зардал буюу өмгөөлөгчийн зардал 1,500,000 төгрөг нийт 9,050,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгч нараас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан, С.Дарьсүрэн нарын хооронд 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ гэх нэртэй гэрээ, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Авлага барагдуулах гэрээ тус тус байгуулагдсан байна. /хх-ийн 5-6 дугаар тал/

Үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч тал нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 49а-6 тоот хаягт байрлах 40,92 мкв талбайтай хоёр өрөө орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүрэг хүлээсэн байна.

Гэрээгээр талууд сарын төлбөр 700,000 төгрөг байхаар тохиролцсон байх бөгөөд төлбөрийг 3 сараар төлөх, гэрээний хугацааг нэг жилийн хугацаатай буюу 2020 оны 8 сарын 21-ний өдөр хүртэл байхаар харилцан тохиролцож орон сууцыг хариуцагч С.Дарьсүрэн хүлээлгэн өгч хөлслүүлсэн байна.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүсэл зоригийн илэрхийлэл, тэдгээрийн нэгдлээс дүгнэлт хийж үзэв зохигчдын хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны төлбөрт төлсөн 700,000 төгрөг, гэрээ байгуулах үед орон сууцны хөлслөх гэрээний дагуу барьцаа болгож өгсөн 700,000 төгрөгийг үндсэн төлбөрөөс тус тус хасаж тооцуулж, үлдэгдэл төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч харин алданги болон өмгөөлөгчийн зардлыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарын үндэслэлийг тодорхойлсон.

Нэхэмжлэгчийн орон сууц хөлслөх гэрээний дагуу үлдэгдэл хөлс болох 4,800,000 төгрөг нэхэмжилсэн шаардлагын тухайд, хариуцагчаас гэрээ байгуулах үед төлсөн 700,000 төгрөгийг хасаж тооцуулна гэх тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 700,000 төгрөгийг төлсөн болохыг хүлээн зөвшөөрч байх бөгөөд энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан.

Гэрээ байгуулах үед хөлслөгч тал болох хариуцагчаас 700,000 төгрөгийг барьцаа болгож хөлслүүлэгч тал болох нэхэмжлэгчид өгсөн үйл баримт дээр хэн аль нь маргахгүй байна.

Нэхэмжлэгчээс гэрээгээр сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг хөлслөгч тал төлөхөөр тохиролцсон бөгөөд гэрээгээр хүлээсэн энэ үүргээ биелүүлээгүй тул СӨХ-ны төлбөрт 222,855 төгрөгийг энэ мөнгөөс төлсөн. Мөн орон сууцыг хөлслөж байх хугацаандаа хөлслүүлэгчийн өмчлөлийн зурагтыг гэмтээсэн тул засвар хөлсөнд тооцож авсан тул үлдэгдэл төлбөрөөс хасаж тооцох үндэслэлгүй гэх тайлбарыг гаргаж байна.

Талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээний 5.3 дахь хэсэгт хөлслөгч тал байр ашиглалтын зардал болох ус, дулаан, цахилгаан, сууц өмчлөгчдийн холбоо, телевиз, интернетийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 5 дугаар тал/

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.2 дахь хэсэгт хууль буюу гэрээнд зазасан бол хөлслөн авсан эд хөрөнгөтэй холбоотой зайлшгүй зардлыг хөлслөгчид нөхөн төлнө гэж заасан.

Хариуцагчаас дээрх орон сууцыг 2021 оны 3 сар хүртэл хугацаанд эзэмшиж байсан бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан Төрийн банк ХХК-ийн төлбөрийн баримтаар энэ хугацааны СӨХ-ны төлбөр 222,855 төгрөгийг хариуцагчийн өмнөөс хөлслүүлэгч тал төлсөн үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 42-43, 45-46 дугаар тал/

Харин нэхэмжлэгчийн хариуцагч нь орон сууцыг хөлслөх хугацаандаа эд хөрөнгөд буюу зурагтанд гэмтэл учруулсан гэх тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй.

Дурдсан үндэслэлээр орон сууцны үлдэгдэл хөлс болох 4,800,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 222,855 төгрөгийг хасаж 4,322,855 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс алдангид 2,750,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-д зааснаар, Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж зохицуулсан байна.

Талууд гэрээгээр хөлслөгч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хөлслүүлэгч талд хугацаа хэтэрсэн хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно гэж тохиролцсон байна.

Гэрээний 2.3, 2.4-т төлбөр төлөх нөхцлийг 3 сар, төлбөр төлөх хугацааг улирал бүрийн 25-аас 30-ны өдрийн дотор төлөхөө тохиролцсон байх тул нэхэмжлэгчийн алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч гэрээнд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож нэхэмжилсэн гэж тайлбарлаж байна.

Иймд хариуцагчаас алдангид 2,161,427 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс өмгөөлөгчийн зардалд төлсөн 1,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага гаргасан.

Энэ шаардлагын үндэслэлийг хариуцагч нарын гэрээгээр хүлээсэн хөлс төлөх үүргээ зөрчсөний улмаас зайлшгүй шаардлагаар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах нөхцөл үүссэн гэж үзэж учирсан хохирол гэж тодорхойлж байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зардал гаргуулах шаардлагын үндэслэлийг гэрээний харилцаа дуусгавар болсноос хойш бий болсон үйл явдал буюу үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол гэх үндэслэлээр тайлбарлаж байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан хохирол шаардаж байна гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж зохицуулсан.

Өмгөөлөгчийн зардлын тухайд нөгөө талын үүргийн зөрчилтэйаа холбогдон гарсан шууд хохирол буюу зардал гэхээс илүүтэйгээр өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах эрхийн асуудал байна.

Иймд өмгөөлөгчийн зардалд 1,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч талаас гэр бүлийн хүн болох иргэн Э.Энхболдод төлбөрийг хуваан хариуцуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгчээс Э.Энхболдод холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар гэрээний үүргийн хуваан хариуцуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч талаас нэхэмжлэгч нараас иргэн М.Жавхланд олгосон итгэмжлэл нь хууль зөрчсөн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нарыг төлөөлж оролцох эрхгүй гэж маргаж байна.

Итгэмжлэл нь Иргэний хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байхаас гадна нэг талын хүсэл зоригын илэрхийлэл бөгөөд хэлцлээс үүсэх үр дагавар нь талуудад хамаарах тул энэ талаар гаргасан тайлбар үндэслэлгүй байна.

Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 228 дугаар зүйлийн 228.1.2, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.Дарьсүрэнгээс 6,484,282 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******, Б.Баярсайхан нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,565,718 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нар нь хариуцагч Э.Энхболдод холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 288 дугаар зүйлийн 288.1.2, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Дарьсүрэнгээс 6,484,282 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******, Б.Баярсайхан нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,565,718 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 182,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч С.Дарьсүрэнгээс 118,698 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******, Б.Баярсайхан нарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА