Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2025/00054

 

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2024/04372 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 210/МА2024/02027 дугаар магадлалтай,

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Т” ХХК-д холбогдох

2 ширхэг хүлэмж гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, Т.С, хариуцагчийн өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан тус бүр нь 1000 м.кв талбайтай халаалт, усалгааны тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон 2 ширхэг өвөл, зуны хүлэмжийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2024/04372 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-аас 1,387,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “О” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 701,310 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХХК-аас 7,093,950 төгрөгийг гаргуулан 701,310 төгрөгийг нэхэмжлэгч “О” ХХК-д олгож, 6,392,640 төгрөгийг улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 210/МА2024/02027 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2024/04372 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан гаргасан тус бүр 1000 м.кв талбайтай, халаалт, усалгааны тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон 2 ширхэг өвөл, зуны хүлэмж гаргуулах тухай нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн хуулийн утга агуулгыг зөв тайлбарлаж хэрэглээгүй, Улсын дээд шүүхийн тайлбар тогтоолоос өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах зэрэг үндэслэлээр ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т зааснаар хяналтын гомдол гаргаж байна.

4.1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч “Т” ХХК-тай 2017.05.01-нд 17/001 тоот “Хамтран ажиллах гэрээ” байгуулан Улаанбаатар хотод байрлах тус бүр 1000 м.кв талбайтай дөрвөн өвөл, зуны хүлэмж нийт 4000 м.кв хэмжээтэй, халаалт усалгааны тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон хүлэмжийг буулган С дүүргийн *** хороо ***-р гармын урд байрлах газарт нүүлгэн шилжүүлэх, барих, тус хүлэмжинд нарийн ногоо буюу өргөст хэмх тарих, тарьсан өргөст хэмхийг даршлах, борлуулах хэлбэрээр хамтран ажиллахаар тохиролцон 100,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, нүүлгэх ажлыг 2017.05.25-ны дотор хийх, 2017.05.31-нээс ашгийг 51/49 хувиар ашгаа хуваахаар гэрээ байгуулсан. Гэрээний дагуу хөрөнгө оруулалт хийж нийт 120,000,000 орчим төгрөгийг энэхүү гэрээнийхээ дагуу шилжүүлсэн ба өмнөх шүүхийн шатанд баримтаар гаргаж нотлогдсон 108,672,000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлсэн ба нийт 134,312,000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлсэн ч баримтаар нотлогдсон дүн нь энэ юм. Хамтын ажиллагаагаар талууд хураамж төлж, энэхүү төлсөн хураамж нь дундаа өмчлөх хөрөнгийг бий болгохоор Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-т заасан. “О” ХХК-ийн оруулсан хураамж буюу хөрөнгө оруулалт нь гэрээний зорилгыг биелүүлэхийн тулд гэрээнд заасны дагуу хүлэмж барих, шинэ бүрээс хийх, зөөх, ногоо тарих ажилд зарцуулагдсан. “Т” ХХК-ийн хураамж буюу хөрөнгө болох хүлэмж шилжүүлэн барих газар, хүлэмжийн төмөр карказ, тарилтад шаардлагатай бүх тоног хэрэгсэл байсан.

4.2.Гэрээг тайлбарлахдаа Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасны дагуу гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна. Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно.

Талуудын байгуулсан гэрээнд талуудын хураамжийг тодорхой тусгасан нь ямар нэгэн байдлаар ойлгомжгүй зүйл байхгүй бөгөөд гэрээний 1.3-т энэ талаар годорхой тусгасан байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Талуудын харилцан санал солилцсон баримт бичиг, нэгдсэн санал, гэрээний зорилго зэргийг харгалзан тэдгээрийн байгуулсан гэрээний 1.3.2-т заасан агуулгыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6-д заасны дагуу тайлбарлах нь зүйтэй гэсэн Улсын дээд шүүхийн хууль тайлбарласан тогтоолоос өөрөөр хэрэглэсэн. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасан. Гэрээний утга агуулга, үүргийн талаар Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т болон гэрээний 3.2-т тодорхой заасан байна.

4.3.Өмнө нь хариуцагч гэрээний үүргээ хангалттай явагдахгүй гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байсан тул гэрээнээс татгалзан, оруулсан санхүүжилтаа гаргуулахаар шүүхэд нэхэмжилсэн ба давж заалдах шатны шүүхээс 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 165 дугаар магадлалаар “гэрээг 5 жилийн хугацаатай байгуусан ба ... гэрээнээс гарах урьдчилсан нөхцөл бүрдээгүй, ... нэмэлт хугацаа өгөөгүй” гэсэн үндэслэлээр гэрээнээ татгалзан оруулсан хөрөнгөө буцаан шаардах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба ингэхдээ талуудын хоорондын хамтран ажиллах гэрээний дагуу уусэх бусад үр дагавар буюу хамтын ажиллагааг цааш нь үргэлжлүүлэх, эсхүл хамтран ажиллах гэрээг дуусгавар болгохтой холбоотой зохих ажиллагааг хийхэд энэхүү шүүхийн шиийдвэр саад болохгүйг...” дурдан талуудын асуудлыг нээлттэй үлдээсэн. Тухайн үед гэрээний 3.6-д заасны дагуу хүлэмжийн газрыг харилцан тохиролцохгүйгээр барьцаалахыг хориглосон байсан боловч хариуцагч нь хүлэмжийн аж ахуйгаа болон газар талбайн бүхэлд нь "Г" банкинд барьцаалсан, банктай байгуулсан гэрээнээс хамааран захиран зарцуулах боломжгүй болсон байснаа бидэнтэй гэрээ байгуулахдаа хэлэлгүй зориуд санаатайгаар нуусан байсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон.

4.4.”О” ХХК гэрээнд зааснаас илүү хөрөнгө оруулалт хийж, өөрийн үүргээ биелүүлсэн, оруулсан хөрөнгөний хэмжээ 108,672,000 төгрөгөөр нотлогдож байгааг хүчингүй болсон шүүхийн шийдвэр болон 2019 оны 11 сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/02946 шүүхийн шийдвэрээр тогтоосон байгаа. /шийдвэрийн 5 дахь хуудас/

Мөн 165 дугаар магадлалд “Энэ гэрээний дагуу талуудын төлсөн хураамжаар тэдгээрийн дундын хөрөнгө бий болж хамтын үйл ажиллагаа явуулж байсан” гэж дүгнэсэн байна. Нэгэнт байгуулсан гэрээ нь хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр хэлцэл болохыг шүүхийн шийдвэрээр өмнө нь дүгнэн тогтоосон. Өөр үйл баримт нотлох зүйлгүйгээр өмнөх шүүхийн шийдвэртэй зөрчилдсөн дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг давж заалдах шатны шүүхийн магадлал хангаагүй байна. Гэрээний 3.2-т зааснаар дуусгавар болсны дараагаар 4000 м.кв хүлэмжийн 51 хувь нь А тал буюу “О” ХХК-ийн өмчлөлд үлдэнэ гэж заасан. Энэ нь гэрээний үгийн утга тодорхой байхын дээр бусад баримтаар мөн тогтоогдох ёстой гэсэн Улсын Дээд шүүхийн хууль тайлбарласан агуулгатай нийцэж байна.

4.5.Анхан шатны шүүхийн шийдвэр энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хуулийг зөв хэрэглэсэн байна. Харин давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, мөн хяналтын шатны хууль хэрэглэсэн тайлбар тогтоолоос өөрөөр хэрэглэсэн нь буруу байна.

Улсын дээд шүүхийн 001/ХТ2024/00116 дугаартай тогтоолоос өөрөөр хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай үнэ зөв талаас нь үнэлж дүгнэж чадаагүйн ба хариуцагчийн тайлбарыг шууд хүлээн авч хэт нэг талыг барьж шударга бус шийдсэн гэж үзэж байна.

4.6.4000 м.кв хүлэмж нь тус бүр 1000 м.кв талбай бүхий 4 ширхэг хүлэмж бөгөөд тус бүр халаалтын бие даасан зуухтай, халуун агаарын дагалдах хэсэг, цахилгаан болон усжуулалтын тоног төхөөрөмжтэй, тариалалтад хэрэглэгдэг туслах эд ангитай 2 давхар бүрхүүлтэй. Хууль болон гэрээнд заасны дагуу 51%-д ногдох 2 бүтэн хүлэмжийг дагалдах тоног төхөөрөмжийн хамт шаардах эрхтэй. Хамтран ажиллах гэрээний хөрөнгө оруулагч талын эрх ашгийг хамгаалах нь бизнесийн болон эрх зүйн орчныг зүй зохистой болгоход чухал ач холбогдолтой. Хөрөнгө оруулалт авсан тал нь ямар ч эрх үүрэг хариуцлага хүлээхгүй залилах маягаар мөнгөн хөрөнгийг авснаас өөрөөр хариуцлага хүлээдэггүй байж болохгүй гэж үзэж байна.

Хуулийн утга агуулгыг зөв тайлбарлаж хэрэглээгүй, Улсын дээд шүүхийн тайлбар тогтоолоос өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах зэрэг үндэслэлээр хэргийг хяналтны шатны шүүхээр хэлэлцэн шийдвэрлэж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.02.20-ны өдрийн 001/ШХТ2025/00187 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

7.Нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан тус бүр нь 1000 м.кв талбайтай халаалт, усалгааны тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон 2 ширхэг өвөл, зуны хүлэмжийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “...2017.05.01-ний өдөр хариуцагчтай 17/001 тоот хамтран ажиллах гэрээ байгуулж, Улаанбаатар хотод байрлах, тус бүр 1000 м.кв талбайтай, халаалт, усалгааны төхөөрөмжөөр тоноглогдсон өвөл, зуны 4 ширхэг хүлэмжийг буулган С дүүргийн *** хороонд ***-р гармын урд байршилтай газарт нүүлгэн шилжүүлж барих, өргөст хэмх тарих, даршлах, борлуулах, хэлбэрээр хамтран ажиллах, манай компаниас 100,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж ашгийн 51 хувийг авахаар 5 жилийн хугацаатайгаар тохиролцсон. Нийт 108,672,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан, харин хариуцагч үүргээ биелүүлэхгүй байсан, мөн хүлэмж байршуулсан газрыг гэрээний хугацаа дуусгавар болох хүртэл хугацаанд бусдад худалдах, барьцаалахыг хориглосон байтал “Г” ХК-ийн барьцаанд тавьсан, барьцаа хөрөнгийг хураах асуудал гарч ирсэн тул манай компани хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, оруулсан хөрөнгөө  буцааж гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг өмнө нь шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба харин шийдвэрт цаашид талууд  хамтран ажиллах гэрээг үргэлжлүүлэх, дуусгавар болгох буюу цуцлахад саад болохгүй, түүнтэй холбоотой гарах үр дагаврыг шийдвэрлүүлэхэд саад болохгүйг дурдсан. Үүнээс хойш гэрээгээ үргэлжлүүлэх эсэх асуудлаар “Т” ХХК-д удаа дараа хандсан, уулзалт хийсэн боловч ямар ч үр өгөөж өгөөгүй, тайлан мэдээ ирүүлээгүй, харин дахин хөрөнгө оруулалт хийвэл хамтран ажиллах боломжтой гэсэн тул бид гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй. Хамтран ажиллах гэрээний 3.2-т энэхүү хүлэмжүүд баригдаж дуусгавар болсны дараагаар 4000 м.кв талбайтай хүлэмжийн 51 хувь нь манай өмчлөлд үлдэнэ гэж тохиролцсоноор шаардах эрхтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

8.Хариуцагч “Т” ХХК нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч “... Нэхэмжлэгчтэй хөрөнгө оруулалтын гэрээ хийж хамтран ажиллахаар болж, манай компанийн өөр газарт байсан 4 хүлэмжийг буулгаж, С дүүргийн *** дүгээр хороо руу нүүлгэн шилжүүлсэн. Тухайн үед манай компанийг “Г” ХК-аас зээлтэй гэдгийг “О” ХХК-ийн захирал Л.Э мэдэж байсан. Хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр биш, бидний сайхан сэтгэлийг хуурч хийсэн гэрээ юм. Энэ гэрээний дагуу нэхэмжлэгч тал 100,000,000 төгрөгөө өгсөн, гэтэл манайх ус, дулаан, цахилгаан, ажилчдын цалин гээд бүх зардлыг гаргасан. Мөн хураасан ногоог нэхэмжлэгч тал бүгдийг аваад явсан. Гэрээгээр 100,000,000 төгрөг төлөөд хамтарч ажиллах нь хүлэмжийг буулгаад өөр газар нүүлгэн бариад нарийн ногоогоо тариад, даршлаад, борлуулах хэлбэрээр хамтран ажиллах зорилготой байсан. Түүнээс нэхэмжлэгч хүлэмжийг авахаар гэрээ байгуулаагүй, хамтарч ажиллаж чадаагүй, гэрээний хугацаа дуусгавар болсон. Нэхэмжлэгч нь 2018 онд гэрээнээс татгалзаж байгаагаа илэрхийлсэн.Энэ хугацаанд ямар зардлууд хэрхэн гарсан, зардлуудыг хассан тооцоо баримтууд байхгүй хэрнээ шууд хүлэмжийн хагасыг авна гэж байгаа нь шударга бус, энэ маргааны үйл баримттай холбоотой асуудлыг өмнө нь шүүхээр шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ: “...”Т” ХХК-д холбогдох хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулах шаардлага бүхий “О” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Дээрх шүүхийн шийдвэр гарснаас хойш талууд гэрээг хугацааны өмнө дуусгавар болгох эсэх, хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэх асуудлаар ямар нэг шийдвэрт хүрээгүй, хамтын ажиллагаа үргэлжлээгүйг маргаагүй. Гэрээнд нэхэмжлэгч 100,000,000 төгрөгийн санхүүжилт хийх, хариуцагч хүлэмж нүүлгэн шилжүүлж барих, газар, хүлэмжийн төмөр карказ, тариалалтад шаардлагатай бүх дотоод тоног хэрэгслийг хариуцахаар тодорхойлсон, үүнд, 4 ш хүлэмжийг хамааруулаагүй, ...гэрээний талуудын дундын хөрөнгө биш, “Т” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө болохыг тодорхойлсон, гэрээний 3.2-т заасныг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасан “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасны дагуу тайлбарлавал хариуцагч “Т” ХХК нь ... 4 ширхэг хүлэмжүүд баригдаж дуусгавар болсны дараагаар 4000 м.кв хүлэмжийн 51 хувийг нэхэмжлэгч “О” ХХК-ийн өмчлөлд үлдээх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлтэй тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар нэхэмжлэгч хариуцагчаас үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй,... шинжээчийн дүгнэлтээр 1 ширхэг хүлэмжийн зах зээлийн үнэлгээг 680,000,000 төгрөг, 4 ширхэг 2,720,000,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд 51 хувь буюу 1,387,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэсэн.

10.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас өөр зүйлийг шийдвэрлэсэн. Мөн хамтран ажиллах гэрээний 1.3, 1.3.1, 1.3.2, 2.1, 2.4, 3.1.3-д тус тус заасныг харьцуулж үзвэл, “Т” ХХК нь үйл ажиллагаагаар хураамж төлөх буюу 4 ширхэг хүлэмжийг нүүлгэн шилжүүлж барих, өргөст хэмх тарих, даршлах, борлуулах үйл ажиллагааг явуулах үүрэг хүлээсэн байх ба 3.2-т заасан 4000 м.кв хүлэмжийн 51 хувь нь А тал болох “О” ХХК-ийн өмчлөлд үлдэх үндэслэл тодорхой тусгагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, “Т” ХХК-ийг хамтран ажиллах гэрээний хураамжид 4 ширхэг хүлэмжийг шилжүүлсэн гэж үзэхгүй тул уг эд хөрөнгө нь гэрээ дуусгавар болоход талуудад хуваарилагдах хөрөнгөд хамаарахгүй. Гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах боловч гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлох журамтай бөгөөд анхан шатны шүүх гэрээний 3.2 дахь заалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т зааснаар зөв тайлбарлаж чадаагүйгээс уг нөхцөлийг мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар үүрэг үүсгэсэн гэж алдаатай дүгнэсэн байна. Иймд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т зааснаар нэхэмжлэгч “О” ХХК нь 2 ширхэг хүлэмж гаргуулахаар хариуцагч “Т” ХХК-аас шаардах эрхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэжээ.

11.Дээр дурдсанаар анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний заалтыг өөрөөр тайлбарлаж, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийг хэрэглэсэн ба энэ талаар болон тухайн хуулийг Улсын дээд шүүхийн 001/ХТ2024/00116 дугаартай тогтоолоос зөрүүтэй хэрэглэсэн тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэв.

12.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх  үндэслэлтэй байна.

13.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 2 ширхэг хүлэмж гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шийдвэрлээгүй, тэдгээрийн үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т нийцээгүйг давж заалдах шатны шүүх залруулсан нь үндэслэлтэй болжээ.

Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2 ширхэг хүлэмж гаргуулах гэж тодорхойлсон, зохигч энэхүү нэхэмжлэлээр шаардсан биет эд хөрөнгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэхэд маргаж, энэ хүрээнд мэтгэлцсэн атал анхан шатны шүүх нэхэмжлэлээр шаардаагүй, талууд мэтгэлцээгүй зүйлийн талаар эрх зүйн дүгнэлт өгч мөнгөн хөрөнгө гаргуулсан байна.

14.Түүнчлэн давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан үнэлж, зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргаагүй байх тул магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэв.

15.Хэрэгт авагдсан хуулийн хүчин төгөлдөр болсон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 102/ШШ2019/02946 дугаар шийдвэр, уг шийдвэрийг хянасан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 165 дугаар магадлалаар нэхэмжлэгч “О” ХХК болон хариуцагч “Т” ХХК-ийн хооронд 2017.05.01-ний өдөр байгуулагдсан 17/001 тоот гэрээ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний шинжийг агуулсан, хүчин төгөлдөр болохыг, мөн “О” ХХК нь гэрээний дагуу нийт 108,672,000 төгрөгийг “Т” ХХК-д шилжүүлснийг тогтоож, харин “Т” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үндэслэлээр “О” ХХК гэрээнээс татгалзах урьдчилсан нөхцөл бүрдээгүйгээс дээрх шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулах  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, талууд хамтын ажиллагааг цааш нь үргэлжлүүлэх, эсхүл гэрээг дуусгавар болгохтой холбоотой зохих ажиллагааг хийхэд тус шийдвэр саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ. Эдгээр үйл баримт нь нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул дахин нотлохгүй тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй.

16.Хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлээгүй, гэрээг дүгнээгүй, гэрээнд заасан хугацаа дуусгавар болсон талаар зохигч маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь 108,672,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд дахин хандаж нэхэмжлэл гаргасан боловч энэхүү нэхэмжлэлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 ширхэг хүлэмж гаргуулахаар өөрчилж, ингэхдээ зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний 3.2-т заасан 4000 м.кв хүлэмжийн 51 хувь нь А тал болох “О” ХХК-ийн өмчлөлд үлдэнэ” гэснийг нэхэмжлэлийн үндэслэл болгожээ.

Уг заалтаар нэхэмжлэгчид  шаардах эрх үүссэн эсэх, гэрээний тус заалтыг хэрхэн тайлбарлах нь зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болжээ.

17.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээх ба мөн хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.2-т зааснаар хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд хураамжийн хэмжээг толорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна, хураамжийг мөнгөөр, эсхүл хөрөнгөөр, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болдог.

18.Зохигчийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 1.2-т зааснаар талууд Улаанбаатарт байрлах тус бүр нь 1000 м.кв дөрвөн өвөл, зуны хүлэмж тус бүр халаалт, усалгааны төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон хүлэмжийг буулган С дүүргийн *** хороо, ***-р гармын урд байрлах газарт нүүлгэн шилжүүлж барих, тус хүлэмжид нарийн ногоо буюу өргөст хэмх тарих, тарьсан ногоог даршлах, борлуулах хэлбэрээр хамтран ажиллахаар, түүнчлэн гэрээний 1.3, 1.4, 2.1, 3.1-т  зааснаар хамтын үйл ажиллагааг зохион байгуулахдаа нэхэмжлэгч нь дангаар хөрөнгө оруулах буюу мөнгө шилжүүлж ногдол ашиг авах, хариуцагч нь хүлэмжийг нүүлгэн шилжүүлэх, барих, газар, хүлэмжийн төмөр карказ, тарилтад шаардлагатай бүх дотоод тоног хэрэгслийг  хариуцах, ногоо тарих, даршлах, худалдан борлуулах буюу дангаар хүлэмжийн үйл ажиллагааг эрхэлж, хүлэмжийн эвдрэл, гэмтэл, засвар үйлчилгээ, сайжруулах үйл ажиллагаатай  холбогдсон зардлыг хариуцахаар, ашиг хуваарилахаас өмнө нэхэмжлэгчийн оруулсан хураамжийг буцаан өгч, цаашид ашгаа 51, 49 гэсэн хувиар талуудад хуваарилахаар тохиролцжээ.

Гэрээний дээрх заалтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь мөнгөн, хариуцагч нь үйл ажиллагаа буюу үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр хамтран ажиллах гэрээний хураамж төлөхөөр гэрээгээр тохиролцсон талаархи давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

19.Гэрээний дагуу нэхэмжлэгч мөнгийг шилжүүлсэн, хариуцагч өөрийн 4 хүлэмжийг нүүлгэж, шилжүүлэн барьсан, ногоо тарих ажил тодорхой хэмжээнд явагдсан буюу талууд 2017.05.01-ний өдрөөс 2018.11.10-ны өдөр хүртэл хугацаанд хамтын ажиллагааг эрхэлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсныг өмнөх буюу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 102/ ШШ2019/02946 дугаар шийдвэрт тодорхой заажээ.

20.Мөн дээрх шүүхийн шийдвэрээс үзэхэд нэхэмжлэгч нь тухайн үед 2018.11.10-ны өдрөөс хойш хариуцагч хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр гэрээнээс татгалзах агуулгаар шүүхэд хандаж нэхэмжлэлээ гаргасан боловч гэрээнээс гарах урьдчилсан нөхцөл бүрдээгүй, хариуцагчид нэмэлт хугацаа өгөөгүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж оруулсан хөрөнгөө буцаан шаардах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба  талуудын хоорондын хамтран ажиллах гэрээний дагуу үүсэх  бусад үр дагавар буюу хамтын ажиллагааг цааш нь үргэлжлүүлэх, эсхүл хамтран ажиллах гэрээг дуусгавар болгохтой холбоотой зохих ажиллагааг хийхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдсан байна.

21.Энэ хэргийн хувьд нэхэмжлэгч нь анх гэрээний дагуу оруулсан хураамж болох 108,672,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргахдаа   “... шүүхийн өмнөх шийдвэр гарснаас хойш  талууд гэрээг үргэлжлүүлээгүй, хариуцагч нь үйл ажиллагаатай холбоотой шаардсан баримт гаргаж өгөөгүй, гэрээг дүгнээгүй, гэрээний хугацаа дууссан” гэж тайлбарласан хэдий ч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 2 ширхэг хүлэмж гаргуулахаар болсон.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч талууд маргасан тохиолдолд шүүх  мөн хуулийн 198 дугаар зүйлд заасны дагуу гэрээг тайлбарлана. Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах бөгөөд гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулга, зорилготой харьцуулах замаар тодорхойлдог.

22.Хамтран ажиллах гэрээний 3.2-т хэдийгээр “энэхүү хүлэмжүүд баригдаж дуусгавар болсны дараагаар 4000 м.кв хүлэмжийн 51 хувь нь “О” ХХК-ийн өмчлөлд үлдэнэ” гэж заасан боловч хариуцагч “Т” ХХК нь  4 ширхэг хүлэмжийг хамтран ажиллах гэрээний хураамжид шилжүүлсэн гэх үндэслэл гэрээний бусад заалтаар үгүйсгэгдснийг анхан шатны шүүх анхаараагүй, гэрээний дээрх заалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар үгийн шууд утгаар тайлбарласан нь гэрээний агуулга, зорилго, бусад нөхцөлтэй нийцээгүй байна.

23.Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-т зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байх бөгөөд гэрээний заалтууд дахь гэрээний зорилго, талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлсон заалтыг харьцуулахад хариуцагч нь тодорхой хөрөнгөөр бус үйл ажиллагаа эрхлэх хэлбэрээр хамтын үйл ажиллагааны хураамж төлсөн гэж үзэх үндэслэлтэй, 4 ширхэг хүлэмжийг хураамж төлөх зорилгоор хамтын үйл ажиллагаа, дундын өмчлөлд шилжүүлсэн гэж үзэх нөхцөл тогтоогдоогүй, иймээс тус эд хөрөнгийг  талуудын дундаа өмчлөх хөрөнгө гэж үзэхгүй.

24.Дээр дурдсан нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх дүгнэж, гэрээний 3.2-т заасныг үгийн шууд утгаар тайлбарлах боломжгүй гэж үзэн, улмаар гэрээний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлсон нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т заасныг зөрчөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т болон гэрээний 3.2-т зааснаар нэхэмжлэгчид хүлэмжийн 51 хувь буюу 2 ширхэг хүлэмжийг  шаардах эрх үүсэхгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

25.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд заасан Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 05 сарын 28-ны өдрийн 001/ХТ2024/00116 дугаар тогтоол нь тухайн хэргийн хувьд анхан болон давж заалдах шатны шүүх гэрээний нөхцлийг тайлбарлахдаа хэргийн үйл баримттай харьцуулж Иргэний хуулийн 198 дугаар зүйлийг хэрхэн хэрэглэснийг дүгнэсэн.

Энэ хэргийн хувьд ч анхан болон давж заалдах шатны шүүх гэрээний заалтыг өөрөөр тайлбарласан нь тухайн гэрээний агуулга, зорилго, хэргийн үйл баримттай холбоотойгоос бус Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2-т заасан хэм хэмжээний агуулгатай холбоогүй, өөрөөр хэлбэл, дээр заасан 001/ХТ2024/00116 дугаар тогтоолоос зөрүүтэй тайлбарлаагүй болно.

26.Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор магадлалыг хүчингүй болгох, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 210/МА2024/02027 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “О” ХХК нь 2025.01.15-ны өдөр төлсөн 7,093,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ      

ШҮҮГЧИД                                                          Н.БАТЗОРИГ

                                                                               Н.БАЯРМАА

                                                                                Д.ЦОЛМОН