Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 00133

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа, улсын яллагч Б.Бүжинлхам, хохирогч П.Сарантуяа, шүүгдэгч Б.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бавуудоржийн Баттулгад холбогдох эрүүгийн 201714000100 тоот хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 26-нд Орхон аймагт төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,  ам бүл 2, хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 40-12 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй,  урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Чонос овгийн Бавуудоржийн Баттулга /ФА 90012612/.

 Холбогдсон гэмт хэргийн талаар

Шүүгдэгч Б.Баттулга нь 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн 40-12 тоотод хамтран амьдрагч П.Сарантуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу ээжийг минь хүндэлсэнгүй гэж харилцан маргалдаж зодож биед махбодид нь  хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь :

       Шүүгдэгч Б.Баттулга нь 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн 40-12 тоотод хамтран амьдрагч П.Сарантуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас  маргалдаж зодож бие махбодид нь нүүр, нуруу, баруун өвдөгний хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн дараахи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.Үүнд :

      1.  Шүүгдэгч Б.Баттулга шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:  Мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлийг үнэн ярьсан. П.Сарантуяаг зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Нүүр рүү нь цохиж, үсдэж газар унагааж, нуруу руу нь өшиглөсөн. Хоорондоо маргалдаад бие биенийхээ үгийг даахгүй муудалцсан гэв.

2. Хохирогч П.Сарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  ... Тухайн үед нүүр хавдаад гайгүй болсон. Надаас уучлалт гуйж одоо бид  эвлэрээд хамт амьдарч байгаа. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв.

      3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 118 дугаартай дүгнэлтэд:  1. П.Сарантуяагийн биед нүүр, нуруу, баруун өвдөгний хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  3. Уг гэмтэл нь шинэ гэмтэл ба хэзээ үүссэн болохыг нарийн тогтоох боломжгүй байна. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  5. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 24 тал/

    4. Гэрч Б.Болор-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Баттулга ээж, Сарантуяа бид гурвыг вино хуваагаад уучих гэж хэлсэн. Сарантуяа ээжид нөгөө виноноос хийж өгсөн. Ээж хоол хийгээд гал тогооны өрөөнд зуухны хажууд зогсож байсан. Тэгсэн Баттулга чи гудамжинд зогсож байгаа биш дээ ээжийг суухаар нь хийж өгөөч гэж байсан. Чи ээжийг маань хүндлэхгүй байна гээд тэр 2 хоорондоо маргалдсан. Баттулга дэвтэр шиг зүйлээр түүний нүүр рүү цохиод авсан. Тэгтэл Сарантуяа өөдөөс нь цохиж аваад тэр 2 зууралдаад эхэлсэн чинь Баттулга гараараа нүүр рүү нь 2-3 удаа цохисон. Тэгээд Баттулгыг салгаад би орон дээр дараад хэвтсэн. Сарантуяа Баттулга руу аяга аваад шидсэн. Баттулга түүнийг орон дээрээс үсдэж газарт унагаахад түүний нүүр хивсэн дээр үрэгдэж шалбарсан байсан. Баттулга түүний хуруу руу гараараа цохисон. Сарантуяа босч ирэхгүй доошоо хараад хэвтээд байсан. Сарантуяа босч ирээд цагдаа дуудсан. Түүний нүүр зулгарч нилээн хавдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-80 тал/

      5.  Гэрч Б.Нямдашийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”.. Миний хүү Баттулга бөө юм. Тэр өдөр онгодоо буулгаж байтал Сарантуяа гаднаас орж ирсэн. Би гал тогооны өрөөнд хоол хийж байсан. Тэгтэл Сарантуяа Баттулга 2 хоорондоо муудалцаад эхэлсэн. Намайг очиход тэр хоёр дээр, доороо орчихсон газарт унаж босоод байсан. Тэгээд салахгүй болохоор нь Болор-Эрдэнэ бид хоёр салгасан. Сарантуяа гараад цагдаа дуудсан. Тэр өдөр яаж, яаж цохисныг би хараагүй, гал тогооны өрөөнд байсан. Сарантуяагийн нүүр, нүд хавдсан байсан гэсэн” мэдүүлэг /хх-ийн 81-82 тал/

       6. Гэрч Б.Солонгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Сарантуяа эгч жижиг цайны аяга аваад шидсэн чинь Баттулга ахын толгойг оносон. Баттулга ах уурлаж босч ирээд үснээс нь зулгаагаад газарт унагасан. Тэгээд хивсэн дээр чирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83 тал/

    7. Насанд хүрээгүй гэрч Б.Буян-Өсөхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Баттулга ах Сараа эгч 2 хоорондоо маргалдаад эхэлсэн. Баттулга ах нэг дэвтрээр Сараа эгчийн нүүр рүү цохиод авах шиг болсон. Баттулга ах Сараа эгчийн нүүр рүү 1-2 удаа цохисон. Сарантуяа эгч жижиг цайны аяга аваад шидсэн чинь Баттулга ахын толгойг оносон. Баттулга ах уурлаж босч ирээд түүний үснээс зулгааж доош нь дарж газар унагасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 84 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

      Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцлоо.

 

      Шүүгдэгч Б.Баттулгын үйлдсэн хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд түүнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт хуульд нийцэж байна.

 

     Иймд шүүгдэгч Б.Баттулга нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч П.Сарантуяа нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй би хоорондоо эвлэрсэн гэж  мэдүүлж байгаа бөгөөд хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

        Хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 298, 248 дугаар зүйлийн 248.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

        1. Шүүгдэгч Чонос овгийн Бавуудоржийн Баттулгыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

        2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д заасныг баримтлан Б.Баттулгад холбогдох эрүүгийн 201714000100 тоот хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      3. Хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурьдсугай.

        4.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        5. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.