Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Тогтоол

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 157/ШШ2021/00062

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Э даргалж, шүүгч Р.Б, шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х аймгийн Х сумын 4 дүгээр багт байрлах, “Х” ТӨХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 1 дүгээр баг, 00 дүгээр байрны ... тоотод оршин суух, Б. овогт Э-ын Э. /РД: /-д холбогдох,

“Гэм хорын хохиролд 20.393.009 /хорин сая гурван зуун ерэн гурван мянга ес/ төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Х.Ө., нэхэмжлэгчийн  төлөөлөгч Г.Т., хариуцагч Э.Э., түүний өмгөөлөгч Д.О., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.С. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х.” ТӨХК-ийн захирал Н.Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: “Манай компанийн хариуцан ажилладаг А19 кодтой Өндөрхаан-Норовлин-Баян-Уул чиглэлийн улсын чанартай авто замын ПК100 Батноров сумаас 2 км-т байрлах 8 у/м модон гүүрэн дээгүүр 2020 оны 10 дугаар сарын  10-ны өдөр 90-22 ХЭА улсын дугаартай цагаан өнгөтэй “Sinotruck” маркийн автомашины жолооч Э.Э. нь даац хэтрүүлэн явж гүүрийг нурааж, цөмөлсөн зөрчил гаргасан. Иймд гүүрийн эвдрэлийг засварлахад 20.393.009 төгрөгийг хариуцагч Э.Э-аас гаргуулж өгнө үү.

...Тухайн уул уурхайн компани, хувь хүн ачаа тээвэр хийх үед манай компаниас зөвшөөрөл авч даацын хэмжээг байнга шалгуулах ёстой. Мөн даацыг хэмжих гэтэл хэлэлгүй уг жолооч зугтаж явсан.” гэжээ. 

Хариуцагч Э.Э. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Э.Э миний бие нь 10 сарын 09-ний өдөр  Х аймаг Б сумын нутаг дэвсгэрт HOWO маркийн 90-22 ХЭА улсын дугаартай  тээврийн хэрэгслээр жоншны шороо тээвэрлэж явах үедээ замын гүүрэн дээгүүр гарч байх үед гүүр эвдэрч цууралт үүссэн, дай мод  хугарсан болно. Тус гүүр нь замын даацын тэмдэг тэмдэглэгээ болон засвар үйлчилгээ муутай байсан. Миний тээвэрлэж явсан ачаа стандартын дагуу ачиж явсан болно. Иймд би тус нэхэмжлэлийг  хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна.  Уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компанийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Энхтайвангаас гаргуулж өгнө үү. Э.Э нь улсын чанартай замаар явахдаа бидэнд буюу хариуцсан компанид мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй. Өндөрхаан, Норовлин, Баян-Уул чиглэлийн автозамыг манай компани Зам тээвэр, хөгжлийн яамтай байгуулсан “Зам хариуцагчийн гэрээ”, “Замын сангийн хөрөнгөнд засвар ашиглалт хийх гэрээ”-ээр хариуцан ажиллаж, засварладаг бөгөөд гүүрийг 2020 оны 05 дугаар сард засварласан. Манай компани эзэмшигч тул шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж байна. ...Э.Э-ийн ачааг харахад л даац хэтрүүлсэн нь харагдаж байсан. Би инженер хүн учраас даац хэтрүүлсэн байдлыг хараад л мэднэ. Манай компанийн пүүгээр даацыг хэмжье гэхэд Э.Энхтайван хэмжүүлээгүй /пүүлүүлээгүй/. Даац хэтрүүлснээ мэдээд зугтаасан гэж ойлгож байгаа.  Ер нь бол төмөр гүүрэн дээгүүр бүх нийт жин нь 44 тонн, модон гүүрэн дээгүүр бүх нийт жин нь 20 тонн тээврийн хэрэгсэл зорчих стандарт байдаг юм. Тухайн гүүр тэмдэг тэмдэглэгээтэй байсан боловч тухайн өдөр очиход алга болсон байсан. Өмнө нь 2020 оны 05 дугаар сард гүүрийг засварлахад тэмдэглэгээ байсан. Тэмдэг, тэмдэглэгээ хэзээ алга болсныг мэдэхгүй байна. ...Хэнтий аймагт мэргэшсэн төсөвчин надаас өөр хүн байхгүй учраас тухайн модон гүүрийг засварлах төсвийг миний бие гаргасан. ...Хариуцагчаас шүүхэд гаргасан нотлох баримтыг хуурамч гэж үзэж байна. Нотариат юуг үндэслэж нотариатын баталгаа хийснийг ойлгохгүй байна...” гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2019 онд “HOWO маркийн тээврийн хэрэгслийг аваад ачаа ачиж эхэлсэн. Энэ чиглэлийн зам, гүүрийг “Харгуй” ТӨХК хариуцдаг гэж мэдээгүй, ямар нэгэн эзэнтэй гэж огт мэдээгүй. “Харгуй” ТӨХК хариуцан ажилладаг бол гүүрэнд тэмдэг, тэмдэглэгээ хийх, мөн гүүрийг засварлах ажил хийх хэрэгтэй боловч хийгээгүй. Гүүр эвдэрдэг өдөр энэ хүн намайг ирж загнасаар байгаад л явсан. Түүнээс би зугтаагаагүй. Надаас гадна 2 хүн байсан. Би ачааг пүүлэх юм байх гээд 3-4 цаг хүлээсэн боловч хэн нэгэн ирээгүй тул явсан. Энэхүү гүүр нь ямар ч шаардлага хангадаггүй бөгөөд миний мэдэхээр өөр явах зам байхгүй тул яалт ч үгүй гүүрээр явдаг. ...Миний машин тус бүр 3 тэнхлэгтэй. 1 тэнхлэгт ногдох жингийн хэмжээ 11 тонн байдаг. HOWO машины стандарт даац нь 25 тонн, чиргүүл нь 30-аад тонн байдаг байх. Би хэмжээ даац хэтрүүлээгүй. Ер нь бол хэмжээнд нь л ачдаг. Энэ гүүрэн дээгүүр зөвхөн миний машин явдаггүй, бүх л том машин гүүрэн дээгүүр явдаг. ...Нотлох баримтын хувьд 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн             Бор-Өндөр суманд ирж ачааны даацыг хэмжүүлсэн. Пүүлэгч нь Т гэж хүн байдаг. Бусад сумдад пүү байдаггүй тул Б ирээд пүүлүүлдэг /хэмжүүлдэг/...” гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч “Х” ТӨХК-д хариуцагч Э.Э нь 20.393.009 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж бодож байна.” гэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлгээр зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х” ТӨХК нь хариуцагч Э.Эд холбогдуулан “гэм хорын хохиролд 20.393.009 /хорин сая гурван зуун ерэн гурван мянга есөн/ төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хавтаст  хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбараар хариуцагч Э.Э нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 90-22 ХЭА улсын дугаартай “HOWO” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож А19 кодтой Өндөрхаан-Норовлин-Баян-Уул чиглэлийн улсын чанартай авто замын ПК100 Батноров сумаас 2 км-т байрлах 8 у/м модон гүүрэн дээгүүр явж замын хөдөлгөөнд оролцсон  үйл баримт тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Харин хариуцагч Э.Э нь ачаа тээвэрлэж явсан авто машин нь даац хэтрүүлээгүй, эвдэрсэн гэх гүүр даацын тэмдэг, тэмдэглэгээ байхгүй, засвар үйлчилгээ хийгээгүй байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

1.Хариуцагч Э.Э нь Өндөрхаан-Норовлин-Баян-Уул чиглэлийн А19 кодтой улсын чанартай авто замын ПК100 Батноров сумаас 2 км-т байрлах 8 у/м модон гүүрийг  нурааж, цөмөлсөн зөрчил гаргасан, зөрчлийн улмаас 20.393.009 төгрөгийн гэм хорын хохирол учирсан болохыг нэхэмжлэгч “Х” ТӨХК нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоолгоогүй байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгох ба дээрх зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоолгох нь хуульд нийцнэ.

Тухайлбал: Тухайн гүүрийг нураасан, эсхүл цөмөлсөн аль нь болохыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоолгох нь хохирлын хэмжээг бодитоор тогтоох нөхцөл бүрдэх бөгөөд дээрх зам тээврийн осол нь хэний, ямар хууль тогтоомж зөрчсөнөөс үүдэлтэйг тогтоох шаардлагатай юм.  

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө  байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.

Хуулийн зохицуулалтаас үзэхэд хариуцагч Э.Э-ы гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч “Х” ТӨХК-ийн эрх, ...эд хөрөнгөд гэм хорын хохирол учирсан байхыг шаардах бөгөөд үйлдэл нь хууль бус, санаатай, болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/ байхаар хуульчилжээ.

Хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/ гэдэг нь хууль тогтоомжийг зөрчсөн байхаас гадна нийгмийн зан суртахуун, ёс зүйг зөрчсөн тохиолдол хамаарч болох бөгөөд өөрийн үйлдлийн үр дагаврыг сайн мэдэж байсан, уг үр дагаврыг бий болгохыг хүсэж хийсэн бол санаатай үйлдэл гэж үздэг бол өөрийн үйлдлийн үр дагаврыг урьдаас мэдсэн эсвэл мэдэх ёстой байсан, эсхүл үүнээс зайлсхийх боломжийг ашиглаагүй, хөнгөмсгөөр хандсаныг болгоомжгүй үйлдэлд тооцно гэж тайлбарласан байна.  

Өөрөөр хэлбэл хариуцагч Э.Э нь хууль тогтоомж зөрчиж, тухайн замын байгууламж болох гүүрэн дээгүүр замын хөдөлгөөнд оролцсоноор гүүр нурна, цөмөрнө гэдгийг сайн мэдэж байсан, эсвэл гүүрийг нурааж, цөмлөхийг хүссэн санаатай үйлдэл, түүнчлэн гүүр нурна, цөмөрнө гэдгийг урьдчилан мэдсэн, мэдэх ёстой байсан гэх болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан бол бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Гэтэл Өндөрхаан-Норовлин-Баян-Уул чиглэлийн А19 кодтой улсын чанартай авто замын ПК100 Батноров сумаас 2 км-т байрлах 8 у/м модон гүүр нь тэмдэг, тэмдэглэгээ байхгүй, гүүр эвдэрч, цөмрөхөөр нөхцөл байдал харагдаагүй, түүнчлэн гүүрнээс өөрөөр явах зам байхгүй гэж хариуцагч Э.Энхтайван шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарлав.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Т нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбартай танилцсан бөгөөд 2020 оны 05 дугаар сард гүүрийг засварласан, тухайн үед гүүрэнд тэмдэг, тэмдэглэгээ байсан гэх тайлбараа нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Дээрх үйл баримтын хувьд бусдад учирсан гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нь зохих байгууллагын шийдвэрээр хууль тогтоомж зөрчсөн болохыг тогтоосон байхыг шаардана.

2.Нэхэмжлэгч “Х” ТӨХК нь Өндөрхаан-Норовлин-Баян-Уул чиглэлийн сайжруулсан шороон авто замын Батноров сумын модон гүүрийн засварлах төсөв, ажилчдын хөдөлмөр зарцуулалт, цалингийн тооцоо, машин механизм, тоног төхөөрөмжийн ашиглалтын зардлын тооцоо, материалын үнийн тооцоо, материал, тээврийн зардлын тооцоо зэргийг үндэслэн хариуцагч Э.Э-аас гэм хорын хохиролд 20.393.009 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Дээрх төсвийг “Х” ТӨХК-ийн төлөөлөгч, ерөнхий инженер Г.Тгаргасан ба “...Х аймагт надаас өөр мэргэшсэн төсөвчин байхгүй учраас өөрөө гаргасан...” гэж тайлбарлав.

Хөрөнгий үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд хөрөнгийн үнэлгээ хийхэд хараат бус, шударга байх, хууль тогтоомжид нийцсэн байх зарчмыг баримтлахаар заасан ба мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байна.” гэж, 9.3 дахь хэсэгт хөрөнгийн үнэлгээний тайланд тусгах зүйлсийг хуульчилсан байна.

Энэ нь тухайн эд хөрөнгийн үнэ, цэнийг тодорхойлох үйл ажиллагаа нь хөндлөнгийн, хараат бус байх зарчмын дагуу явагдах ёстойг  илэрхийлж байна.

Гэтэл “Х” ТӨХК-ийн төлөөлөгч, ерөнхий инженер Г.Т-ын хийсэн Өндөрхаан-Норовлин-Баян-Уул чиглэлийн сайжруулсан шороон авто замын Батноров сумын модон гүүрийн засварлах төсөв нь дээрх хуулийн заалтыг хангаагүй, үнэлгээний тайлан бичигдээгүй, хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл зэрэг нь тодорхойгүй байна.

3.Нэхэмжлэгч “Х” ТӨХК нь  Өндөрхаан-Норовлин-Баян-Уул чиглэлийн А19 кодтой улсын чанартай авто зам, Батноров сумаас 2 км-т байрлах модон гүүрийг Зам тээвэр, хөгжлийн яамтай байгуулсан “Зам хариуцагчийн гэрээ”, “Замын сангийн хөрөнгөнд засвар ашиглалт хийх гэрээ”-ний үндсэн дээр хариуцан ажилладаг, эзэмшдэг гэж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласан ба энэ талаарх холбогдох баримт, гэрээ зэргийг шүүхэд ирүүлээгүй байна.

Авто замын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, түүний зурвас газрыг эзэмшигч нь авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүнээс эрх олгосон этгээд байна.” гэж заасан ба “Харгуй” ТӨХК нь тухайн улсын чанартай авто замын эзэмшигч мөн гэдгийг шүүхэд нотлоогүй байна.

3.Нэхэмжлэгч “Х” ТӨХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч Э.Э нь даац хэтрүүлэн явж гүүрийг нурааж цөмөлсөн зөрчил гаргасан гэж тайлбарладаг ба энэ талаар нотлох баримтыг мөн шүүхэд ирүүлээгүй байна.

Хариуцагч Э.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө “А” ХХК-ийн ачааны даац хэмжсэн баримтны нөхөж бичсэн хувь, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон цөмөрсөн гүүрний фото зургийг нотлох баримтаар гаргаж өгснийг шүүх хүлээн авч, шинжлэн судлахад энэхүү баримт нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн  даац хэмжсэн баримт байх ба энэ нь  2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр буюу тухайн гүүрэн дээгүүр явж замын хөдөлгөөнд оролцохдоо даац хэтрүүлсэн эсхүл хэтрүүлээгүй аль нь болохыг нотлох боломжгүй юм гэж шүүх дүгнэсэн болно.

Тодруулбал: Хариуцагч Э.Эы 90-22 ХЭА улсын дугаартай машины /толгой/  бохир жин 32.5 тонн, машины жин 16.5 тонн, цэвэр жин 16.0 тонн, 02-11 ЧТ дугаартай чиргүүлний бохир жин 32.5 тонн, машины жин 10.5 тонн, цэвэр жин 22 тонн гэж хэмжсэн /пүүлсэн/ байх ба Өндөрхаан-Норовлин-Баян-Уул чиглэлийн А19 кодтой улсын чанартай авто замын ПК100 Батноров сумаас 2 км-т байрлах 8 у/м модон гүүрний даацыг тэмдэглэсэн тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй гэх тул хариуцагч Э.Э даац хэтрүүлсэн эсхүл хэтрүүлээгүй болохыг дээрх нотлох баримт дангаараа нотлох боломжгүй байна.

“Х” ТӨХК-ийн төлөөлөгч Г.Т-аас хариуцагч Э.Э нь даацын хэмжээг шалгуулахгүй зугтаасан, зөвшөөрөл авч даацын хэмжээг шалгуулах ёстой, улсын чанартай авто замаар явахдаа бидэнд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж шүүх хуралдаанд тайлбарласан ба энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Дээрхээс дүгнэж үзвэл хариуцагч Э.Э-ы буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Өндөрхаан-Норовлин-Баян-Уул чиглэлийн А19 кодтой улсын чанартай авто замын ПК100 Батноров сумаас 2 км-т байрлах 8 у/м модон гүүрийг нурааж, цөмөлж, үүний улмаас 20.393.009 төгрөгийн гэм хорын хохирол учруулсан талаарх эрх бүхий этгээдээс тогтоосон шийдвэр, баримтыг нэхэмжлэгч нь шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл: Нэхэмжлэгч “Х” ТӨХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь “нэхэмжлэгч “Харгуй” ТӨХК-д хариуцагч Э.Э 20.393.009 төгрөг төлөх үндэслэлгүй.” гэж дүгнэснийг шүүх бүрэлдэхүүн үндэслэлтэй гэж үзэв.

Иймд дээрх үндэслэлүүдээр “Х” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй  хариуцагч Э.Э-д холбогдох “гэм хорын хохиролд 20.393.009 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно. 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259.915 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасны дагуу төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус  заасныг удирдлага болгон    

ТОГТООХ  нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Э-д холбогдох “гэм хорын хохиролд 20.393.009 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х” ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259.915 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгосугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  тус шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

  

 

 

                                ДАРГАЛАГЧ                    М.ЭНХМАНДАХ 

       

                                 ШҮҮГЧИД                                 Р.БАТБАЯР     

 

                                                                                       Б.БОЛОР-ЭРДЭНЭ