| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0159/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/179 |
| Огноо | 2024-08-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Байгаль,
Нарийн бичгийн дарга: Б.Ариунболд,
Хохирогч: *******,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414000000244 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, / РД: /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 4 дүгээр багийн нутаг “Хүрэмтийн гол” гэх газарт байрлах *******ын гэрийн гадаа иргэн *******ийг “хүүхдээ өмөөрлөө” гэх шалтгаанаар зүүн хөхнөөс нь хазах, баруун хуруунаас нь хазах, толгой руу нь цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн хөх, цээж, бугалга, шуунд цус хуралт, зүүн хөхөнд зулгаралт, баруун гарын эрхий хуруунд шарх, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... би уг хэрэгт өмнө нь гэрчээр өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж байна.....гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр манай нөхөр ******* ах *******тай хамт сум дээр ноос өгөх гээд хамт явсан. Тэгээд манай нөхөр сум дээр байж байгаад ******* ах архи уучихлаа гээд эхнэр рүү нь ярихаар эхнэр нь одоо наадахаа хурдан аваал ир гэж хэлсэн. Тэгээд сумаас өдөр 14 цаг орчим манай нөхөр, хадам ах ******* хоёр хөдөө гэртээ буцаж ирсэн. ******* ах манай гэрт орж ирчхээд “Эрээн надад архи аваад өгөх болов уу гэсэн чинь авч өгсөнгүй, ахдаа нэг аяга юм өгчихөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэг аяга Монгол архи хийж өгчхөөд литр хүрэхгүй Монгол архи байсныг өгөөд “та наадахаа уучхаад хэрүүл хийгээд байв” гэж хэлсэн. Тэгтэл ******* ахын эхнэр манайд нөхрийнхөө араас орж ирчихээд “юу гэж ингэж их архи өгч байгаа юм, мэдсээр байж гэж хэлээд нөгөө миний өгсөн Монгол архийг аваад гэр лүүгээ орсон. Тэгээд ******* ах манай гэрээс гараад гэрийн хаяанд суусан, манай нөхөр хажууд нь мотоциклоо задлаад сууж байсан. Тэгээд манай нөхөр хүү г “гараад ир, машинаас боолт аваад ир” гэж хэлэхээр нь манай хүү дүүгээ “ машины түлхүүр аваад өгөөч” гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* ах “хурдан хөдлөөч пизда минь, аав чинь юм хэлээд байхад” гээд манай хүү г бөгс рүү нь өшиглөөд манай хүүхдийг “хоёулаа үзэх үү” гээд гэр тойруулж хөөгөөд, хар банди минь, лалар минь гээд хараал үг хэлээд байхаар нь би гэрээс гарч ирээд “та болиоч, хүүхэд харааж зүхээд өдий насны хүн байж боль та” гэж хэлсэн. Тэгсэн чинь “би танай энэ д хутга шаана” гээд байхаар нь би манай гэрийн гадаа хажууд нь манай хутга байхаар нь аваад “энэ хутгаар алчих” гэж хэлсэн. Тэгтэл манай хүү “******* ахаа уучлаарай” гээд хэлсэн чинь манай хүүхдийг шууд үсдэж дараад “энэ муу гөлөг надтай өрвөлзлөө” гээд гараараа толгой руу нь цохиж аваад унагаасан. Тэгээд манай хүү босоод ирсэн чинь нүүр нь цус болсон байсан ба уруулын дотор тал нь хэгзэрсэн байсан. Тэгээд манай хүүхдийн үсийг зулгаасан тавихгүй байхаар нь манай нөхөр бид хоёр “чи муу болиоч” гээд хүүхдээ салгах гээд би ******* ахыг заамдаж аваад “чи муу яагаад дандаа хүүхэд зодож байдаг юм” гээд хэрэлдэж байсан чинь “энэ муу хоёр гөлөг надаас хүүхдээ өмөөрч байна” гээд над руу агсарсан. Тэгээд би заамдаад байж байсан чинь миний баруун талын хөхний дээд талаас хазахаар нь би өвдөлтөндөө болоод хоёр чихнээс нь гараараа базаж авсан. Тэгээд байж байтал миний толгой руу хэд хэдэн удаа цохиж аваад миний баруун талд хавдсан. Тэгээд би тэр агшинд ухаан санаа балартаад, айгаад шоконд орсон дахиад бариад авахаар нь би заамдаад авсан чинь миний баруун талын эрхий хурууг хазаад зулгаагаад байсан. Тэгээд манай нөхөр миний хазсан гарыг тавиулах гэсэн чинь тавихгүй зулгаагаад байснаа “хохино” гэж хэлээд тавьсан. Тэгээд хэрүүл хийгээд байж байсан чинь манай хадам ах , хадам ээж хоёр ирээд “больцгоо, та нар юундаа хэрэлддэг юм” гээд ах ******* ахыг гэр лүү нь аваад орсон. Тэгээд орой 18 цагийн үед манайх ямаагаа саачаад байж байсан чинь ******* ах манай гэрийн урд ирчхээд “хадаргаануудаа, Улаанбаатарын янхан хүүхээн” гээд орилоод өмдөө тайлаад бэлэг эрхтнээ гаргаж гараараа барьчхаад “май энийг хөх, чи чинь янхан юм чинь энийг хөхөж чадна” гээд хэл амаар доромжилж байтал ******* ахын эхнэр нь гэр лүүгээ аваад орсон. Миний баруун талын хөхний дээд хэсэгт шүдний ором гарч хөхөрсөн, духны баруун талын хэсэгт хавдсан, гарын булчин, цээж хэсэгт хөхөрсөн. Би гомдолтой байна, хуулийн дагуу шийдэж өгнө үү, нэхэмжлэх зүйл алга байна. Харин эмнэлгээр явсан эмийн зардал, үзүүлсэн зардлаа нэхэмжилнэ.. гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 / ,
.....Тухайн үед ******* ах миний зүүн талын хөхнөөс хазсан. Би тухайн үед баруун талын хөхнөөс хазсан гэж андуурсан байна лээ. Миний зүүн талын хөхнөөс хазсан, хөхрөлт нь одоо эдгэж байна. Надад гомдол санал алга байна. Нэхэмжлэх зүйл алга байна. Би сэтгэцэд учирсан. хохирол нэхэмжлэхгүй, сэтгэцэд учирсан хохирол байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Манай нөхрийн ах нь байгаа юм.Цаашид анхаарах биз гэв.
5. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Тухайн өдөр би гэрийнхээ гадаа мотоциклоо янзалж байгаад хүү *******г “төмрийн хөрөө машины урд хайрцгаас аваад ир” гэж хэлээд “хурдал чи” гэж хэлсэн. Тухайн үед манай ах ******* “аав чинь хурдал” гээд байх чинь гээд манай хүү г бөгс рүү нь өшиглөөд гэр тойруулж хөөгөөд байсан. Тэгээд миний хажууд сууж байгаад г “үзэх үү гөлгөө, чи намайг барах уу” гээд юм яриад байсан. Тэгтэл манай эхнэр гэрээсээ гарч ирээд “яах гэж ингэж байдаг юм ******* ахаа” гэж хэлсэн чинь манай хүүхдийг доромж үгээр хэлээд ална гээд байсан. Тэгтэл манай эхнэр нэг хутга байхаар нь ******* ахад “энүүгээр ал” гэж хэлээд манай эхнэр, ******* хоёр барилцаж авсан. Тэгээд би босож очоод эхнэрийн барьсан байсан хутгыг авчаад газар сууж байсан чинь ******* ах манай эхнэрийг алгадаж, толгой руу нь хэд хэд цохиод байхаар нь би салгах гэтэл манай эхнэрийн мөөмнөөс хазсан. Тэгэхээр нь би гараа хагас атгаад ******* ахын нүүрний шанаа хэсэгт нь боль гэж хэлээд нэг цохисон. Тэгээд манай эхнэр ******* ах хоёр хэрэлдээд байхаар нь би салгаад эхнэрээ аваад явж байсан чинь манай хүү г барьж аваад ар нуруу луу нь дөрөв, таван удаа цохиод байхаар нь би гүйж очих хооронд манай хүүг дахиад дарж газар унагаад ам руу нь өшиглөж, толгой руу нь өшиглөсөн. Тэгээд би уурлаад “дахиж би эхнэр хүүхдээ танд зодуулахгүй” гэж хэлээд нүүр лүү нь гараараа цохисон. Тэгээд хүүхдээ салгаад автал дахиад манай эхнэртэй барилцаж аваад “одоо больцгоо” гээд салгах гэтэл эхнэрийн эрхийн хуруунаас хазаад тавихгүй байхаар нь би нүүр лүү дахиад цохиж аваад газар дарж унагаагаад хоолойг нь шахсан. Тэгээд байж байтал ******* ахын бэр, эхнэр хоёр нь ирээд аваад гэр лүүгээ явсан. Тэгээд манай эхнэр Цагдаад дуудлага өгчхөөд ирсэн. Тэгээд орой ямаагаа саачаад гэртээ байж байсан чинь ******* ах дахиж гэрийн гадаа ирээд “хулгайчуудаа” гээд орилоод эхнэртэй хэрэлдээд бэлэг эрхтнээ гаргаад хэрэлдээд байж байгаад гэр лүүгээ орсон...гэх мэдүүлэг / хх-ийн 26-27 /,
5. Насанд хүрээгүй гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр би гэр дотроо байж байсан чинь аав дуудаад “төмрийн хөрөө аваад ир” гэхээр нь би “машины түлхүүр аваад ир” гээд дүү хэлсэн. Тухайн үед манай аавын ах ******* манай гэрийн гадаа сууж байснаа намайг “өөрөө яв” гээд гуя руу өшиглөсөн. Тэгээд гараа зангидаж, өрөлт аваад “үзэх үү” гээд намайг гэр тойруулж хөөгөөд араас урт мод авч шидсэн, тухайн мод намайг онолгүй миний хажуугаар зөрсөн. Тэгээд айгаад аргалын араар ороод сууж байсан чинь ээж гарч ирээд ******* ахыг “битгий хүүхэд зодоод бай” гээд болиулсан. Тэгээд ******* ах аавын хажууд гэрийн гадаа байсан мотор дээр суучхаад “чам шиг банди барахгүй, чи байтугай чамаас цаадхыг дарж явсан, хоёр хүүхдээ дарж авсан” гээд хэл амаар доромжлоод салаавч гаргаад байсан. Тэгээд манай ээжид би “танай хүүхдийг хутга шааж ална” гэж хэлсэн. Тэгээд ээж хутга гаргаж ирээд “одоо алаадах” гээд ******* ахад өгөх гэтэл авч чадахгүй байснаа гараараа ээжийг түлхэх гэж байхдаа хутганы үзүүрийг гар луугаа өнгөцхөн оруулсан. Тэгээд ээжийг алгадахаар нь ээж ******* ахыг гэр лүү түлхэхээр нь аав бос ч ирээд салгах гэтэл ээжийн хөхнөөс нь хазсан. Тэгээд аав, ээжийг салгаад холдуулах гээд байхад нь би бас ******* ахыг салгах гээд татсан чинь гараа зангидаад миний толгой, нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би цохиулаад толгой манараад эргээд байсан чинь үснээс зулгаагаад намайг газар дарж унагаад шүд рүү өшиглөсөн. Тэгээд нүүрээ гараараа дараад хамгаалж байсан чинь толгойн орой, дагз хэсэгт өшиглөж авсан. Тэгээд аав “битгий миний хүүхдийг зодоод бай” гээд ******* ахыг алгадаж авсан. Тэгээд би босоод шүднээс гарсан байсан цусаа гараараа арчаад гэрийнхээ араар орж нуугдсан. Тэрнээс хойш чагнаад байхад ээж ******* ахтай нэлээн хэрэлдэж байгаад гэр лүүгээ явсан. Тэгээд ээж цагдаа дуудчихаад орой байж байхад дахиад манай гадаа ирчхээд ээжийг хэл амаар доромжлоод байж байгаад явсан. Тухайн үед толгой руугаа хоёр удаа өшиглүүлсэн, нүүр лүүгээ нэг өшиглүүлж, хэд хэдэн удаа цохиулсан. Тухайн зодуулснаас хойш одоо юм идэхээр доод тагнайны хоёр шүд, дээд талын хоёр шүд өвдөж байгаа, толгой бага зэрэг өвдөж байгаа. Миний шүднүүд юм идэхээр өвдөж байгаа болохоос хөдөлсөн зүйл байхгүй байгаа. Би Шүүх шинжилгээний албанд үзүүлэхгүй. Миний өвдөж байгаа шүд хөдөлсөн зүйл байхгүй....гэх мэдүүлэг / хх-ийн 31-33/,
6. Баянхонгор аймаг дахь Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 375 дугаартай шинжээчийн:.... 1. *******ийн биед зүүн хөх, цээж, бугалга, шуунд цус хуралт, зүүн хөхөнд зулгаралт, баруун гарын эрхий хуруунд шарх, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.4.5 Дээрх гэмтэл мохоо хүчин зүйлийн хазах, цохих, цохигдох үйлдлийн улмаас үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
6. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 49-50 / зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэв.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******ийн “...2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр манай нөхөр ******* ах *******тай хамт сум дээр ноос өгөх гээд хамт явсан. Тэгээд манай нөхөр сум дээр байж байгаад ******* ах архи уучихлаа гээд эхнэр рүү нь ярихаар эхнэр нь одоо наадахаа хурдан аваал ир гэж хэлсэн. Тэгээд сумаас өдөр 14 цаг орчим манай нөхөр, хадам ах ******* хоёр хөдөө гэртээ буцаж ирсэн. ******* ах манай гэрт орж ирчхээд “Эрээн надад архи аваад өгөх болов уу гэсэн чинь авч өгсөнгүй, ахдаа нэг аяга юм өгчөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэг аяга Монгол архи хийж өгчхөөд литр хүрэхгүй Монгол архи байсныг өгөөд “та наадахаа уучхаад хэрүүл хийгээд байв” гэж хэлсэн. Тэгтэл ******* ахын эхнэр манайд нөхрийнхөө араас орж ирчхээд “юу гэж ингэж их архи өгч байгаа юм, мэдсээр байж гэж хэлээд нөгөө миний өгсөн Монгол архийг аваад гэр лүүгээ орсон. Тэгээд ******* ах манай гэрээс гараад гэрийн хаяанд суусан, манай нөхөр хажууд нь мотоциклоо задлаад сууж байсан. Тэгээд манай нөхөр хүү г “гараад ир, машинаас боолт аваад ир” гэж хэлэхээр нь манай хүү дүүгээ “ машины түлхүүр аваад өгөөч” гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* ах “хурдан хөдлөөч пизда минь, аав чинь юм хэлээд байхад” гээд манай хүү г бөгс рүү нь өшиглөөд манай хүүхдийг “хоёулаа үзэх үү” гээд гэр тойруулж хөөгөөд, хар банди минь, лалар минь гээд хараал үг хэлээд байхаар нь би гэрээс гарч ирээд “та болиоч, хүүхэд харааж зүхээд өдий насны хүн байж боль та” гэж хэлсэн. Тэгсэн чинь “би танай энэ д хутга шаана” гээд байхаар нь би манай гэрийн гадаа хажууд нь манай хутга байхаар нь аваад “энэ хутагаар алчих” гэж хэлсэн. Тэгтэл манай хүү “******* ахаа уучлаарай” гээд хэлсэн чинь манай хүүхдийг шууд үсдэж дараад “энэ муу гөлөг надтай өрвөлзлөө” гээд гараараа толгой руу нь цохиж аваад унагаасан. Тэгээд манай хүү босоод ирсэн чинь нүүр нь цус болсон байсан ба уруулын дотор тал нь хэгзэрсэн байсан. Тэгээд манай хүүхдийн үсийг зулгаасан тавихгүй байхаар нь манай нөхөр бид хоёр “чи муу болиоч” гээд хүүхдээ салгах гээд би ******* ахыг заамдаж аваад “чи муу яагаад дандаа хүүхэд зодож байдаг юм” гээд хэрэлдэж байсан чинь “энэ муу хоёр гөлөг надаас хүүхдээ өмөөрч байна” гээд над руу агсарсан. Тэгээд би заамдаад байж байсан чинь миний баруун талын хөхний дээд талаас хазахаар нь би өвдөлтөндөө болоод хоёр чихнээс нь гараараа базаж авсан. Тэгээд байж байтал миний толгой руу хэд хэдэн удаа цохиж аваад миний баруун талд хавдсан. Тэгээд би тэр агшинд ухаан санаа балартаад, айгаад шоконд орсон дахиад бариад авахаар нь би заамдаад авсан чинь миний баруун талын эрхий хурууг хазаад зулгаагаад байсан......” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч *******гийн “... 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр би гэр дотроо байж байсан чинь аав дуудаад “төмрийн хөрөө аваад ир” гэхээр нь би “машины түлхүүр аваад ир” гээд дүү хэлсэн. Тухайн үед манай аавын ах ******* манай гэрийн гадаа сууж байснаа намайг “өөрөө яв” гээд гуя руу өшиглөсөн. Тэгээд гараа зангидаж, өрөлт аваад “үзэх үү” гээд намайг гэр тойруулж хөөгөөд араас урт мод авч шидсэн, тухайн мод намайг онолгүй миний хажуугаар зөрсөн. Тэгээд айгаад аргалын араар ороод сууж байсан чинь ээж гарч ирээд ******* ахыг “битгий хүүхэд зодоод бай” гээд болиулсан. Тэгээд ******* ах аавын хажууд гэрийн гадаа байсан мотор дээр суучхаад “чам шиг банди барахгүй, чи байтугай чамаас цаадхыг дарж явсан, хоёр хүүхдээ дарж авсан” гээд хэл амаар доромжлоод салаавч гаргаад байсан. Тэгээд манай ээжид би “танай хүүхдийг хутга шааж ална” гэж хэлсэн. Тэгээд ээж хутга гаргаж ирээд “одоо алаадах” гээд ******* ахад өгөх гэтэл авч чадахгүй байснаа гараараа ээжийг түлхэх гэж байхдаа хутганы үзүүрийг гар луугаа өнгөцхөн оруулсан. Тэгээд ээжийг алгадахаар нь ээж ******* ахыг гэр лүү түлхэхээр нь аав бос ч ирээд салгах гэтэл ээжийн хөхнөөс нь хазсан. Тэгээд аав, ээжийг салгаад холдуулах гээд байхад нь би бас ******* ахыг салгах гээд татсан чинь гараа зангидаад миний толгой, нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би цохиулаад толгой манараад эргээд байсан чинь үснээс зулгаагаад намайг газар дарж унагаад шүд рүү өшиглөсөн. Тэгээд нүүрээ гараараа дараад хамгаалж байсан чинь толгойн орой, дагз хэсэгт өшиглөж авсан. Тэгээд аав “битгий миний хүүхдийг зодоод бай” гээд ******* ахыг алгадаж авсан. Тэгээд би босоод шүднээс гарсан байсан цусаа гараараа арчаад гэрийнхээ араар орж нуугдсан. Тэрнээс хойш чагнаад байхад ээж ******* ахтай нэлээн хэрэлдэж байгаад гэр лүүгээ явсан. Тэгээд ээж цагдаа дуудчихаад орой байж байхад дахиад манай гадаа ирчхээд ээжийг хэл амаар доромжлоод байж байгаад явсан...”, гэх мэдүүлэг,
Шүүх Шинжилгээний хэлтсийн 375 дугаартай шинжээчийн “...*******ийн биед зүүн хөх, цээж, бугалга, шуунд цус хуралт, зүүн хөхөнд зулгаралт, баруун гарын эрхий хуруунд шарх, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо хүчин зүйлийн хазах, цохих, цохигдох үйлдлийн улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт зэргээр шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 03-ний өдөр согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 4 дүгээр багийн нутаг “Хүрэмтийн гол” гэх газарт байрлах төрсөн дүү *******ын гэрийн гадаа бэр дүү *******ийг “хүүхдээ өмөөрлөө” гэх шалтгаанаар зүүн хөхнөөс нь хазах, баруун хуруунаас нь хазах, толгой руу нь цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн хөх, цээж, бугалга, шуунд цус хуралт, зүүн хөхөнд зулгаралт, баруун гарын эрхий хуруунд шарх, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.
Энэ үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь архидан согтуурч улмаар насанд хүрээгүй хүүхдийг шалтгаангүйгээр зодож гэж хөөх үед төрсөн хүүхдээ өмөөрсөн хохирогч *******ийг “хүүхдээ өмөөрлөө” гэх үл ялиг шалтгаанаар түүний зүүн хөхнөөс нь хазах, баруун хуруунаас нь хазах, толгой руу нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна гэж дүгнэлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг долоон зуун / 700 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган / 700.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ