Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн

2021 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 157/ШШ2021/00063

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                     

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х аймаг, Б сум, 4 дүгээр баг, Г-ийн 16... тоотод оршин суух, Ө. овогт Г-ийн Н- /РД:-/-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х- аймаг, Б-сум, 1 дүгээр баг, нийтийн 2-р байрны 0000 тоотод оршин суух, “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрийн “Баргилт” цехэд өрмийн машинч ажилтай, Х овогт Ц-ын Т /РД: /-т холбогдох

“Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч Г.Н, хариуцагч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Т-ай 2017 оноос 2020 оны 8 сар хүртэл хамтран амьдарч байсан. Бид хамтран амьдрах хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд 2020 оны 06 сарын 25-ны өдөр хүү А төрж, хүүхдээ төрснөөс хойш 2 сарын дараа салсан. Т нь сүүлийн хэдэн сар архи их ууж, ааш зан нь эвдэрч, согтуугаар агсан тавьж, хэрүүл маргаан тасрахгүй, амар тайван амьдрах орчин бүрдэхгүй байгаа тул хариуцагч Т-аас хүү А тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна. Тамираа бид хоёр эд хөрөнгийн маргаангүй тул хүү А-д тэтгэлэг тогтоож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Ц.Т шүүхэд гаргасан тайлбартаа: “Тамир миний бие нэхэмжлэгч Гг овогтой Н-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Би өөрийн төрсөн хүү Т.А-д хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэв.

Нэхэмжлэгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Т-ай 2016 онд танилцаж, 2017 оноос хамтран амьдарч эхэлсэн. 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүү Н.А төрсөн бөгөөд 2020 оны 07 дугаар сараас эхлэн Т-гийн хувийн байдалтай холбоотойгоор тусдаа амьдарч эхэлсэн. Тиймээс хүүхдийн маань эцгийг тогтоож, тэтгэлэг гаргуулж өгнө үү.” гэв.

Хариуцагч Ц.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. Бид гэрлэлтээ бүртгүүлэх талаар ярилцаж байсан бөгөөд бүртгүүлье гэж яардаггүй байсан байх гэж боддог. Н.Ань миний  төрсөн хүүхэд мөн, ямар нэгэн маргаан байхгүй.” гэв.

Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох  баримтуудыг шинжлэн судлаад 

           

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч Ц.Т-т холбогдуулан “эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Ц.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргав.

Хэргийн материалыг судлан үзвэл: Нэхэмжлэгч Г.Н хариуцагч Ц.Т нар нь Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлэлгүйгээр 2017 оноос эхлэн хамтран амьдарч, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүү А төрсөн үйл баримт тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, ...өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, ...эцэг, эхийг тогтооно.” гэж заасны дагуу хүү А-ийг Иргэний гэр бүлийн төрсний бүртгэлд эх Г.Н-аар овоглон 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгосон байна. /хх-ийн 4 дүгээр хуудас/

Хариуцагч Ц.Т нь шүүхэд болон шүүх хуралдаанд “хүү Н.А нь миний төрсөн хүүхэд мөн, ямар нэгэн маргаан байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэж тайлбарлав.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх учиртай бөгөөд мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг  үүсэх тул хүүхдийн эцэг, эх тусдаа амьдарч байгаа нь хүүхдийг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Дээрх хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ.” гэж, мөн хуулийн 26.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эхийн хүлээх үүргийг хуульчилсан ба хүүхдээ асран хамгаалах нь эцэг, эх, хэн алиных нь хуулиар хүлээсэн үүрэг юм.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн  23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь хэсэгт зааснаар 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Н.А-ийн төрсөн эцэг нь Х овогт Ц-ын Т мөн болохыг тогтоож, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Н.А-ийг эцэг Ц.Т-аар сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.   

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус  заасныг удирдлага болгон        

                                                            ТОГТООХ  нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь хэсэгт зааснаар 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Ө овогт Н-ийн А /РД: /-ийн төрсөн эцэг нь Х овогт Ц-ын Т /РД: / мөн болохыг тогтоосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Ө овогт Н-гийн А-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар бүр эцэг Х-овогт Ц-ын Т-аас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүү Н.А-ийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ө овогт Г-ийн Н-д даалгасугай.

4.Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг эцэг Ц.Т, эх Г.Н нарт тайлбарласугай.  

6.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрхийг хангах үүргээ биелүүлэхийг эцэг Ц.Т, эх Г.Ннарт даалгаж, эцэг, эх тусдаа амьдрах нь тэднийг мөн хуулийн 10.1-д заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Ц.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Н-д олгосугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь  хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  тус шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.БОЛОР-ЭРДЭНЭ