Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 157/ШШ2021/00067

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                   

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х аймгийн Б сумын 3 дугаар баг, Б 9 дүгээр гудамж 000 тоотод оршин суух, Б овогт Б-ын Б /РД: /-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сумын 3 дугаар баг, Б 9 дүгээр гудамж 918 тоотод оршин суух, Х овогт Д-ын Н /РД: /-д холбогдох,

“Газар чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго, нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Д.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч Б.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нгэдэг хүнийг өөрийн эзэмшлийн газар болох хашаанд түр амьдруулсан. Уг газрыг зарлаа, авсан хүн нь ойрын хугацаандаа хашаандаа нүүж орно, хурдан суллаж өгөөрэй гэж хэлтэл нөхөр болох Н-аас асуу, би мэдэхгүй гэж эхнэр нь хэлсэн. Уг газрыг худалдан авах хүн газрын урьдчилгаа болох 900.000 төгрөгийг Б.Б миний дансанд хийсэн. Иймд уг газрыг яаралтай чөлөөлүүлж, газар худалдах боломжийг минь нээж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Д.Н шүүхэд гаргасан тайлбартаа: “Бид нар анх 2006 онд бэр Ц, дүү Б, миний ах Н-ын хамт аав Д нарын хамт амьдарч эхэлсэн. 2007 оны 8 сараас эхлэн тус газар бага хүү Н би хамт нэг хашааны газар амьдарч байгаад Н би урд хоосон газрыг хамтатган хоёр айлын газар болгож, аман тохиролцоо хийсэн. Эцэг Д, ах Н, бэр Ц амьдарч байгаад хуучин хэмжиж цэг тогтоосон. 2010 онд хашааны хаалгыг урагш татаж зүүн талын хашаатай тэгшилж нэг хаалгатай хоёр айлын хашаа болгосон. Ийнхүү эв түнжинтэй амьдарч байтал том ах Н 2018 онд нас барж, үүнээс 1 жилийн өмнө аав Д цус харваж өвчилсөн бөгөөд хэвтрийн өвчтөн болсон ба ахыг нас барсны дараа аавыг өвөл хаяж яваад хүнлэг бус зан гаргаж сууж байсан воганчикийг хүнд зарсан байсан. Хүү Бай нийлж бэр Цаавыг Багануурт өвөлжиж байх хооронд бэр хашааг зарчихаад эгч нь явлаа, чи энд амьдар, энд намайг амьдарахаар тохирохгүй гээд явсан гэсэн. Явсан хойноо надад хэлэхгүйгээр хүү Б-ай хуйвалдан 2 айлын хашааг 1 айл болгож газрын гэрчилгээг авсан байна. Энэхүү Б нь 3-р багийн 9-918 тоот хашаанд огт амьдарч байгаагүй, хааяа ээж дээрээ ирээд явдаг байсан. Гэрчилгээ авснаас хойш намайг байнга дарамталж хөөдөг байсан. Би энэ газар 14 жил амьдарсан болохоор нүүхгүй гэж хэлсэн бөгөөд гомдолтой гэдгээ илэрхийлж байна. Миний ах Н, эцэг Д хоёрын нэрийг газар өмчлөх эрхээс санаатайгаар хасан, нуун дарагдуулсан.” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эвлэрэх боломж байхгүй. Би энэ газрыг өөр хүнд худалдах гэж байгаа. Хямд худалдах боломжгүй. ...Энэ газрыг анх ээж Б.Ц, дүү Б, бид 3-ын нэр дээр авсан юм. Газар олгосон Засаг даргын захирамж нь гарсан боловч яараагүй тул гэрчилгээг аваагүй байсан. Тэгээд ээж маань хүүхдээ өөр зүйл өгч чадахгүй юм чинь гээд уг газрыг надад өгч гэрчилгээ гаргуулсан. Миний бие энэ хашаанд амьдрахгүй тул хүнд худалдахаар болсон юм. ...Энэ маргаад байгаа газар нь ээж, дүү бид гурвын гээд гурван хүний өмчлөлийн газар бөгөөд хашаагаа барихдаа өөрсдийн бололцоондоо тааруулаад жижигрүүлсэн байдаг. Иймд газрыг чөлөөлүүлж өгнө үү” гэв.

Хариуцагч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад хямд үнээр худалдана гэвэл нэхэмжлэгчтэй эвлэрэх боломжтой. ...Миний аав Д, энэ хүүгийн хойд аав буюу миний ах Н бид 3 анх энэ газар дээр бууж байсан. Н би урд хоосон газрыг хамтатган хоёр айлын газар болгож, аман тохиролцоо хийсэн. Эцэг Д, ах Н, бэр Ц амьдарч байгаад хуучин хэмжиж цэг тогтоосон. 2010 онд ах Н-ын хүсэлтээр хашааны хаалгыг урагш татаж зүүн талын хашаатай тэгшилж нэг хаалгатай хоёр айлын хашаа болгосон. Гэтэл миний газрыг салгуулахгүй, нийлүүлж газрын гэрчилгээ гаргуулж авсан байна. Би энэ газар дээр 10-аад жил амьдарсан. Би хүний газар дээр амьдраагүй. Би газрын даамалтай уулзаж байсан. Энэ хүмүүсийн хүнд суртлаас болж би хохирч байна. Газрын даамал нь яагаад ч  гэрчилгээ гаргаад өгсөн юм, юу ч болсон юм мэдэхгүй байна.” гэв.

 Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох  баримтуудыг шинжлэн судлаад               

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Д.Н-д холбогдуулан      “Бор-Өндөр сумын 3 дугаар баг, Б 000 тоот газрыг чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

           Хариуцагч Д.Н нь “...миний газрыг салгуулахгүй, нийлүүлж газрын гэрчилгээ гаргуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, газрыг чөлөөлөхгүй, би өөрийн газар дээр амьдарч байгаа” гэж маргаж мэтгэлцэв.

           Хэргийн материалыг судлан үзвэл: Нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хаймгийн Б хотын Захирагчийн “Газар өмчлүүлэх тухай” захирамжийг хавсралтын хамт ирүүлжээ.

           Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана.” гэж заасан ба Х аймгийн Б хотын Захирагчийн 2008 оны 04 дүгээр сарын17-ны өдрийн  60 дугаартай “Газар өмчлүүлэх тухай” захирамж гарсан байна.

           Уг захирамжийн 1 дүгээр хавсралтаар иргэнд өмчлүүлэх газрыг баталсан бөгөөд хавсралтын 170 дугаарт Б овогт Б-ийн Ц, хүү Б-ын Б, охин Ц-ы Бнарын нэрс, регистрийн дугаарын хамт бүртгэгдсэн байна. /хх-ийн 14-15 дугаар хуудас/

Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан  шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг  үндэслэн  иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль  тогтоомжид   заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно.”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно.”  гэж тус тус заажээ.

           Хуулийн дээрх заалтуудын дагуу 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Б.Б-д олгогдсон Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000612043 дугаартай “Гэрчилгээ”-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт: “Монгол Улсын иргэн, Б- овгийн Б-ын Б /, нэг иргэний өмч/ нь Х аймгийн Б сумын 3 дугаар баг, Бумбат Дэнж 0000 дүгээр гудамж, 0000 тоот, 2322002605 нэгж талбарын дугаартай, 1346м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Г-1804000993 дугаарт бүртгэж гэрчилгээ олгов. Улсын бүртгэгч Х.Сэргэлэн.” гэжээ. /хх-ийн 4 дүгээр хуудас/

           Иргэн Б.Б-д өмчлүүлсэн газрыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн  22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр Б.Б-ы газар өмчлөх эрх үүссэн байна.

           Иймд Х аймгийн Б сумын 3 дугаар баг, Бумбат Дэнж 0000 дүгээр гудамж, 0000 тоот, 2322002605 нэгж талбарын дугаартай, 1346м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч Боржигон овгийн Б-ын Б мөн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд хэрэгт энэхүү үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримт хэргийн материалд авагдаагүй байна.  

           Хариуцагч Д.Н нь “...миний газрыг салгуулахгүй, нийлүүлж газрын гэрчилгээ гаргуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, газрыг чөлөөлөхгүй, би өөрийн газар дээр амьдарч байгаа” гэх тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан ба энэхүү татгалзсан тайлбарын үндэслэл болж буй нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

           Хэргийн оролцогчид буюу нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Д.Н нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; үүрэгтэй.

           Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч /нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Д.Н/ ...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” гэж тус тус заасан ба хариуцагч Д.Н нь газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотлох  үүргээ биелүүлээгүй байна.  

           Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.”, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” гэж  заасны дагуу нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Д.Н-ын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн, 1346м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг шаардах эрхтэй байна.

           Иймд нэхэмжлэгч Б.Б-ы нэхэмжлэлтэй хариуцагч Д.Н-д холбогдох “Газар чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг, Бумбат Дэнж 000 дүгээр гудамж 000 тоот, 1346м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг чөлөөлүүлж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж шүүх үзлээ.

           Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Д.Н-аас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                              ТОГТООХ  нь:

1.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Б-ы нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Н-д холбогдох “Газар чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Х аймгийн Б сумын 3 дугаар баг, Бумбат Дэнж 9 дүгээр гудамж, 918 тоот,  1346м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг чөлөөлүүлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Д.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй  болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.БОЛОР-ЭРДЭНЭ