Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 157/ШШ2021/00136

 

                                                                 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                     

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 9 дүгээр хороо, А     000 тоотод оршин суух Б овогт Т-ын Х-/РД: /-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймаг, Б сум, 2 дугаар баг, 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух, Б овогт О-ийн Б /РД: /-т холбогдох

“Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2021 оны 08 сарын 04-ний өдөр хүлээн авч, 20201 оны 08 сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч Т.Х, хариуцагч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч Т.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие нь 2010 оноос О.Б-тай танилцаж амьдрах болсон. Хамтран амьдрах явцад 2012 оны 08 сарын 21-ний өдөр хүү Н төрсөн. Б-ын зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамт амьдрах боломжгүй болж 2014 оноос тус тусдаа амьдарч түүнээс хойш хүү минь миний асрамжинд өсөж байна. Одоо бид тус тусын амьдралтай учир Б-ын Н-т хүүхдийн тэтгэлэг гаргуулж  өгнө үү.гэжээ. 

 

Хариуцагч О.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Т.Х-хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг татгалзахгүй хүлээн зөвшөөрч байна” гэв.

Нэхэмжлэгч Т.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүү Б.Н маань 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрсөн. Одоо 9 настай. Миний асрамжинд байгаа. Хүү маань Б-ын төрсөн хүү мөн тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан.” гэв.

Хариуцагч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Б.Н нь миний төрсөн хүү мөн. Эргэлзэх, маргах зүйл байхгүй. Би хуулийн дагуу тэтгэлэг төлөхөд татгалзахгүй.” гэв.

Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох  баримтуудыг шинжлэн судлаад 

           

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Х нь хариуцагч О.Б-т холбогдуулан “хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч О.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргав.

Нэхэмжлэгч Т.Х хариуцагч О.Б нар нь Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлэлгүйгээр 2010 оноос эхлэн хамтран амьдарч, 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүү Н төрсөн үйл баримт тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй, хүү Б.Н-ын эрүүл энх өсөж, суралцаж байгаа талаар “Энхийн санаа” эрүүл мэндийн төв болон Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн тодорхойлолт /хх-ийн 2-3 дугаар хуу/ хэргийн материалд авагджээ.

Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, ...өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, ...эцэг, эхийг тогтооно.” гэж заасны дагуу хүү Н-ыг Иргэний гэр бүлийн төрсний бүртгэлд эцэг О.Б-аар овоглон 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр бүртгэж, гэрчилгээ олгосон байна. /хх-ийн 6 дугаар хуудас/

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх учиртай бөгөөд мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг  үүсэх тул хүүхдийн эцэг, эх тусдаа амьдарч байгаа нь хүүхдийг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Дээрх хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ.” гэж, мөн хуулийн 26.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эхийн хүлээх үүргийг хуульчилсан ба хүүхдээ асран хамгаалах нь эцэг, эх, хэн алиных нь хуулиар хүлээсэн үүрэг юм.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.Н-ыг эцэг О.Б-аар сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,865 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагчаас 37,865 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.   

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус  заасныг удирдлага болгон  ТОГТООХ  нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б овогт Б-ын Н-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар бүр эцэг Б овогт О-ийн Б-аас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүү Б.Н-ын хэрэгцээнд зарцуулахыг эх Б овогт Т-ын Х-д даалгасугай.

3.Зохигчид нь хүүхдийн асрамжийн талаар болон эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг эцэг О.Б, эх Т. нарт тайлбарласугай.  

5.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрхийг хангах үүргээ биелүүлэхийг эцэг О.Б, эх     Т.Х нарт даалгаж, эцэг, эх тусдаа амьдрах нь тэднийг мөн хуулийн 10.1-д заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Х-улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,865 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч О.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 37,865 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Х-олгосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь  хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  тус шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.БОЛОР-ЭРДЭНЭ