| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2021/00123/И |
| Дугаар | 157/ШШ2021/00146 |
| Огноо | 2021-09-23 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 157/ШШ2021/00146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х аймгийн Б сум, 1 дүгээр баг, 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух, А овогт Э-ын Х /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн С сум, 2 дугаар баг 1 гудамжны 00-р байрны 00 тоотод оршин суух, Б овогт Г-ийн С /РД: /-д холбогдох
“Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг 2021 оны 07 сарын 29-ний өдөр хүлээн авч, 2021 оны 08 сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Х /онлайнаар/, хариуцагч Г.С /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь Г.С-тай анх 2011 онд танилцаж 2014 оноос хамтран амьдарч байна. Бид хамтран амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд бидний дундаас 2015 онд С-ын Х- гэх охинтой болсон. Энэ бүх хугацаанд Г.С- нь сэтгэл зүйн дарамт, бие махбодийн хүчирхийлэл, зүй бус үг хэллэгээр доромжлох, гэр бүлээс гадуурхи харилцаа удаа дараа үзүүлж байсан. Мөн энэ хугацаанд гэр бүл болон хүүхэддээ ямар ч мөнгийг зарцуулдаггүй байсан. Эдгээр шалтгаануудаас үндэслэн миний бие нь хариуцагч Г.С-тай эд хөрөнгийн маргаангүй тул хууль ёсны дагуу хүүхдэд оногдох тэтгэлэгийг олгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Г.С- шүүхэд гаргасан тайлбартаа: “Г-овогтой С- миний бие Х-тай хамт амьдраад Х- гээд охинтой болсон. Энэ хүн өөрөө аймаар их гэр бүлийн гадуурх харилцаатай байсан. Би энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна”.
Мөн хариуцагч Г.С- нь 2021 оны 09 сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Э- овогтой Х-тай 2014 оноос хамтран амьдраад 2015 онд Х- гээд хөөрхөн охинтой болсон. Охин одоо 6 настай болж 9 сарын 1-нд сургуульд орсон. Би эхнэр, охин хоёроосоо салмааргүй хамтдаа сайхан амьдармаар байна. Энэ өгсөн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна.” гэжээ.
Нэхэмжлэгч Э.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч Г.С-тай 2011 онд танилцсан. 2016 он хүртэл хамтын амьдралтай байсан ба үүнээс хоёр жил л хамт амьдарсан. Г.С нь Б-ийн уурхайд ажиллаж байгаад болиод өөр уурхайнуудад явж ажилладаг байсан. Дуртай үедээ явж, дуртай үедээ ирдэг байсан. Бидний хооронд тогтсон амьдралгүй байсан болохоор гэрлэлтээ батлуулаагүй юм. Г.С- нь гэр бүлдээ анхаарал халамж тавьдаггүй, бусадтай гэр бүлийн гадуурх харилцаа үүсгэдэг байсан. Хүүхэд төрөхөд ч байгаагүй, хүүхдээ төрсний дараа ч байгаагүй. Мөн надад гэр бүлийн хүчирхийллийг амаар болон миний биед халдаж үзүүлдэг байсан. Би хүүхдээ 6 жил гардан өсгөж байна. Г.С- нь хүүхэдтэйгээ төрсөн өдрийн баяр болон хүүхдийн баяр гэх зэрэг баяруудаар ч хамт байж үзээгүй. Тиймээс эцэг хүний хариуцлагыг үүрүүлэх гэж хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан...” гэв.
Хариуцагч Г.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эвлэрэх талаар ямар нэгэн санал, хүсэлтгүй байна. ...Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Охин С.Х нь миний төрсөн охин мөн. Ямар нэгэн маргаан байхгүй. Хуулийн дагуу тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй.” гэв.
Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Х нь хариуцагч Г.С-д холбогдуулан “хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Г.С нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргав.
Нэхэмжлэгч Э.Х хариуцагч Г.С нар нь Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлэлгүйгээр 2014 оноос эхлэн хамтран амьдарч, 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр охин С.Х төрсөн үйл баримт тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй, охин С.Х-ийн эрүүл энх өсөж байгаа талаар “Цэгцүүлэн дом” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-ийн 3 дугаар хуудас/ хэргийн материалд авагджээ.
Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, ...өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, ...эцэг, эхийг тогтооно.” гэж заасны дагуу охин Х-г Иргэний гэр бүлийн төрсний бүртгэлд эцэг Г.С-аар овоглон 2015 оны 07 дүгээр сарын 09-ний өдөр бүртгэж, гэрчилгээ олгосон байна. /хх-ийн 4 дүгээр хуудас/
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх учиртай бөгөөд мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх тул хүүхдийн эцэг, эх тусдаа амьдарч байгаа нь хүүхдийг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Дээрх хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ.” гэж, мөн хуулийн 26.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эхийн хүлээх үүргийг хуульчилсан ба хүүхдээ асран хамгаалах нь эцэг, эх, хэн алиных нь хуулиар хүлээсэн үүрэг юм.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин С.Х-г эцэг Г.С-аар сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,833 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагчаас 34,833 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч Э.Х-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт “Тэжээн тэтгэхтэй холбогдсон нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно.” гэж заасан шүүхийн онцгой харъяаллаар хүлээн авч шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Б овогт С-ын Х-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар бүр эцэг Б овогт Г-ийн С-аас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү охин С.Х-ийн хэрэгцээнд зарцуулахыг эх А овогт Э-ын Х-д даалгасугай.
3.Зохигчид нь хүүхдийн асрамжийн талаар болон эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг эцэг Г.С, эх Э.Х нарт тайлбарласугай.
5.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрхийг хангах үүргээ биелүүлэхийг эцэг Г.С, эх Э.Х нарт даалгаж, эцэг, эх тусдаа амьдрах нь тэднийг мөн хуулийн 10.1-д заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Х-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,833 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Г.С-аас улсын тэмдэгтийн хураамж 34,833 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Х-д олгосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ