Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 157/ШШ2021/00147

 

                                                                     

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                     

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х аймгийн Б сум .. дугаар баг, 000 тоотод оршин суух, З. овогт Э-ын А /РД: /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х. аймгийн Б.сум .. дугаар баг, .... тоотод оршин суух, Б овогт Э-ын Ц /РД: /-д холбогдох

“Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлд 2021 оны 08 сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч Э.А, хариуцагч Э.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч Э.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 онд Э-ын Ц-тэй танилцаж хамтран амьдрах болсон. Бид нарын хамтран амьдрах хугацаанд 2019 оны 06 сарын 18-нд том охин А, 2021 оны 06 сарын 01-нд бага охин Н нар тус тус төрсөн. Тухайн үед бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан учир хоёр охин надаар овоглосон. Ц-ийн зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Одоо 2 охин миний асрамжид өсөж торниж байгаа. Миний бие нялх биетэй ажил хийх боломжгүй тул Э-ын Ц-г том охин -, бага охин Н-нарын эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж  өгнө үү.гэжээ. 

 

Хариуцагч Э.Ц- шүүхэд гаргасан тайлбартаа: “...Э-ын А-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Нэхэмжлэгч Э.А-шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлэхгүйгээр 2017 оноос эхлэн хамт нэг гэртээ амьдарсан ба 2020 оны 10 сараас тусдаа амьдарцгааж эхэлсэн. Э.Ц- нь хүүхдүүд дээрээ ирдэггүй, уулздаггүй, одоо найз охинтой болсон тул бидэнд эвлэрэх боломж байхгүй. ...Том охин маань аавыгаа санаад бэтгэрээд, орондоо шээгээд их хэцүү байдаг. Тиймээс цаашид мөн охинтойгоо уулзуулахгүй баймаар байна. Тэгээд 2 охиндоо хуулийн дагуу тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна...” гэв.

Хариуцагч Э.Ц- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хүүхдүүдтэйгээ уулзахаар очдог. Э.А уулзуулахгүй гээд байдаг юм. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. А.А, А.Н нар нь миний төрсөн охид мөн. Хуулийн дагуу тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй...Би уул нь том охиноо өөрийн асрамжид авах хүсэлтэй байсан. Гэхдээ энэ талаар Э.А-тай ярилцаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй...” гэв.

Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох  баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Э.Ц-д холбогдуулан “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Э.Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргав.

Нэхэмжлэгч Э.А, хариуцагч Э.Ц нар нь Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлэлгүйгээр 2017 оноос эхлэн хамтран амьдарч, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр охин А.А, 2021 оны 06 сарын 01-ний өдөр охин А.Н нар төрсөн үйл баримт тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй, охин А.А, А.Н нарын эрүүл бойжиж байгаа талаар “Цэгцүүлэн дом” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-ийн 2-3 дугаар хуу/ хэргийн материалд авагджээ.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх учиртай бөгөөд мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг  үүсэх тул хүүхдийн эцэг, эх тусдаа амьдарч байгаа нь хүүхдийг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ.” гэж, мөн хуулийн 26.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эхийн хүлээх үүргийг хуульчилсан ба хүүхдээ асран хамгаалах нь эцэг, эх, хэн алиных нь хуулиар хүлээсэн үүрэг байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч Э.Ц нь “...том охиноо авах хүсэлт надад байсан...” гэж тайлбар гаргасан ба хүүхдийн асрамжийн талаар талуудад тохиролцсон зүйл байхгүйгээс гадна хариуцагч нь уг асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин З овогт А-ын А, 2021 оны 06 сарын 01-ний өдөр төрсөн охин З овогт А-ын Н нарын төрсөн эцэг нь Бовогт Э-ын Ц мөн болохыг тогтоож, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин А.А, А.Н нарыг эцэг Э.Ц-ээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Э.Ц-ээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.А-т олгож, хариуцагч Э.Ц-ээс улсын тэмдэгтийн хураамж 75,730 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус  заасныг удирдлага болгон  ТОГТООХ  нь:

        1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин З овогт А-ын       А, 2021 оны 06 сарын 01-ний өдөр төрсөн охин З овогт А-ын Н нарын төрсөн эцэг нь Б овогт Э-ын Ц мөн болохыг тогтоосугай.

         2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар бага насны охид болох З овогт А-ын А, З овогт А-ын Н нарыг эх З овогт Э-ын А-ын асрамжид хэвээр үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин З овогт А-ын       А, 2021 оны 06 сарын 01-ний өдөр төрсөн охин З овогт А-ын Н нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар бүр эцэг Б овогт Э-ын Ц-ээс гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү охин А.А, А.Н нарын хэрэгцээнд зарцуулахыг эх З овогт Э-ын А-т даалгасугай.

5.Зохигч нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг эцэг Э., эх Э.Ар нарт тайлбарласугай.  

7.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрхийг хангах үүргээ биелүүлэхийг эцэг Э.Ц, эх     Э.А  нарт даалгаж, эцэг, эх тусдаа амьдрах нь тэднийг мөн хуулийн 10.1-д заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.А-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Э.Ц-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.А-т олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Э.Ц-ээс улсын тэмдэгтийн хураамж 75,730 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь  хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  тус шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.БОЛОР-ЭРДЭНЭ