Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2025/00045

 

“МХ” ХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2024/03935 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2025/00009 дүгээр магадлалтай,

“МХ” ХК-ийн нэхэмжлэлтэй

“МИӨ” ХХК-д холбогдох

Үйлчилгээний хөлс 450,000,000 төгрөг, алданги 225,000,000 төгрөг, нийт 675,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.И нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.С, А.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.“МХ” ХК нь “МИӨ” ХХК-д холбогдуулан үйлчилгээний хөлс 450,000,000 төгрөг, алданги 225,000,000 төгрөг, нийт 675,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2024/03935 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “МИӨ” ХХК-аас 450,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МХ” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 225,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,532,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,407,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2025/00009 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2024/03935 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,282,950 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,407,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.4-т зааснаар гомдол гаргаж байна.

4.1.Алдангийн талаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хуульчилсны дагуу талуудын хооронд байгуулсан 2021.07.22-ны өдрийн 2021/72 тоот “Бүртгэлийн гэрээ”-ний 5.4-т “Энэхүү гэрээний 2 дугаар зүйлд заасан үйлчилгээний хөлсийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд биржийн “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 7.2-т заасны дагуу алданги тооцно” гэж заасан. Дээрх “үйлчилгээний хөлс” гэдэгт гэрээний 2.1-д заасанчлан өргөдлийг хүлээн авч хянах үйлчилгээний хөлс, нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс болон жилийн үйлчилгээний хөлс бүгд хамаарч байгаа ба эдгээр хөлсөө төлөөгүй тохиолдолд журмын 7.2-т заасан хэмжээгээр буюу хоног тутамд 0,5 хувиар тооцож алданги төлөх юм. Гэтэл шүүхүүд гэрээний заалтыг буруу тайлбарлаж алдангийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон ба гэрээний 2.1-д заасан зохицуулалтаар гэрээний 7.2-т заасныг бүрэн тайлбарлаж байгааг анхаарч үзээгүй, бодитой дүгнэж чадаагүй.

4.2.Үнэт цаасны тухай хуулийн 4.1.19-т заасны дагуу “МИӨ” ХХК нь мэргэжлийн хөрөнгө оруулагч гэх ангилалд хамаарах бөгөөд мэргэжлийн оролцогчдын маргаанд шүүх “алдангийг гэрээгээр тохироогүй” гэх дүгнэлт өгсөн нь диспозитив зарчмыг алдагдуулсан. Түүнчлэн талууд гэрээгээр алданги тохирсон эсэх, түүний хувь хэмжээний талаар маргаагүй. Үнэт цаасны зах зээлийн салбарт мөнгөний үнэ цэн цаг хугацаанаас хамаардаг бөгөөд хариуцагч үүргээ биелүүлээгүй тул хариуцлагаа хүлээж, алданги төлөх нь хуульд бүрэн нийцнэ. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, алданги 250,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.И хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх агуулгаар гомдол гаргаж байна.

5.1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг Үнэт цаасны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т зааснаар давамгай эрхтэй, эрхээ хэрэгжүүлэхдээ Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 189 дүгээр зүйлийн 189.4, 202 дугаар зүйлийн 202.1, 202.5, Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.3, 7.1.11-д заасныг тус тус зөрчин хууль бус үйл ажиллагаа явуулсан баримт байгааг анхаараагүй.

5.2.Магадлалд Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1, 200-202 дугаар зүйл, 202 дугаар зүйлийн 202.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, хуулийн агуулгыг мушгин гуйвуулсан.

5.3.Үнэт цаасны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д хорооноос гаргасан шийдвэрт гомдол гаргах 5 нөхцөлийг тусгасан. Харин талуудын маргаан эдгээр нөхцөлд хамаарахгүй, Иргэний хууль болон бусад хуулиар зохицуулагдах асуудал юм. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа “...хариуцагч холбогдох этгээдэд гомдол гаргаагүй” гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй.

5.4.Магадлалд “...нэхэмжлэгч нь хожим үзүүлж буй үйлчилгээ нь зах зээлийн оролцогчдын тоо, авах ашгийн хэмжээг багасгах шийдлээс хамаарч үнэ бууруулсан” гэж дүгнэсэн ба энэ талаар нэхэмжлэгч нотлох баримт гаргаж өгөөгүй, хэрэгт баримт байхгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх баримтад тулгуурласан мэтээр дүгнэсэн нь хууль зөрчсөн асуудал болсон.

5.5.Хариуцагчийн зүгээс “...нэгж эрхийн бүртгэх процесс бусад төрлийн үнэт цаас болох хувьцаа, бондын бүртгэлтэй ижил функц, системээр хийгддэг ч үйлчилгээний хөлс, хураамж маш их зөрүүтэй” гэж гомдол гаргасан. Агуулга нь нэхэмжлэгч анх тогтоосон 1 хувь гэх үнийг 0,25 хувь болгон бууруулсан үйл баримтаар 2019.06.28-ны 2019/07 дугаартай журам үндэслэлгүй, хэт өндөр үнэ тогтоосон болохыг нотолсон талаар дурдсан. Өөрөөр хэлбэл үйлчилгээ үзүүлэгч нь хураамж, шимтгэлийн хувь, хэмжээг өөрөө тогтоох эрхтэй боловч тэр нь бодит зардал, тооцоо, судалгаанд үндэслэх ёстой бөгөөд хэт өндөр үнийг тооцоо, судалгаагүй тогтоосноос үүдэн нөгөө талын эрх ашгийг хөндсөн тохиолдол банк, санхүүгийн салбарт цөөнгүй байгааг банкны шимтгэлийн хувь хэмжээтэй холбоотой шүүхийн шийдвэрээс харж болно. Иймд нэхэмжлэгч талын хууль бус үйлдэл, түүний үр дагаврыг таслан зогсоож, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн 450,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

6.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.И нарын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.02.13-ны өдрийн 001/ШХТ2025/00183 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

7.Хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлын зарим хэсгийг тус тус хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.

8.“МХ” ХК нь хариуцагч “МИӨ” ХХК-аас 2021.07.22-ны өдрийн гэрээний дагуу нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлсний үлдэгдэл төлбөр 450,000,000 төгрөг, алданги 225,000,000 төгрөг, нийт 675,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.

“МИӨ” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...гэрээний загварыг “МХ” ХК-ийн ТУЗ-ийн 2019.06.28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолын “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын хавсралтаар урьдчилан баталсан байсан бөгөөд уг стандарт нөхцөл бүхий гэрээнд нэгж эрхийн бүртгэлийн үйлчилгээний хөлсийг 1 хувь байхаар тусгасан нь бодит зардалд нийцээгүй, хэт өндрөөр тогтоосон, талуудын харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой тогтоогдсон тул Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д зааснаар хүчин төгөлдөр бус нөхцөл гэж үзэж байна гэж маргажээ.

9.Анхан шатны шүүх хариуцагчаас 450,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, алданги 225,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо: талуудын байгуулсан 2021.07.22-ны өдрийн “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн гэрээ”-г Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан нэрлэгдээгүй гэрээ гэж тодорхойлж, “МХ” ХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцагчийн гаргасан 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 50,000,000 ширхэг, 50,0000,000,000 төгрөгийн нэгж эрхийг бүртгэн, 2021.08.08-ны өдөр арилжааг амжилттай явуулсан, хариуцагч нь нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1 хувь, жилийн үйлчилгээний хөлс цэвэр хөрөнгийн дүнгийн 0.05 хувийн төлбөрийг анхдагч зах зээлийн арилжаа амжилттай явагдсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор биржийн дансанд шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлээгүй, “МХ” ХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т заасан үйлчилгээний хөлс болон урамшууллын хэмжээг тогтоох эрхийнхээ дагуу холбогдох байгууллагад саналаа хүргүүлж, журмаа хүргүүлснийг С-ны даргын 2019.11.13-ны өдрийн 537 дугаар тушаалаар уг журмыг батламжилсан, талуудын байгуулсан гэрээ олон тооны гэрээнд байнга хэрэглэх зорилгоор урьдчилан бэлтгэсэн гэрээ гэж үзэх үндэслэлгүй тул стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзэхгүй, ... нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1 хувь байх заалтыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д заасан харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой тогтоогдсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй..., “МХ” ХК-ийг эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулсан үйлдэлд хариуцлага хүлээлгэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул хөлс тохирсон агуулга бүхий гэрээний 2.1.2 дахь заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй..., хариуцагч үйлчилгээний хөлсийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан..., нэг удаагийн шинж чанартай зардлыг 2021 онд нэг удаа гаргахаар тусгасан зэргээс дүгнэхэд “МИӨ” ХХК нь нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлсийг 1% болохыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ..., харин гэрээний 7.2-т заасан алдангийн талаарх зохицуулалт нь өөр хураамж буюу “жилийн үйлчилгээний хөлс”-ийг хугацаандаа төлөөгүйгээс үүсэх үр дагаврын талаар зохицуулсан байх тул алдангийг гаргуулахгүй...” гэсэн дүгнэлтийг хийжээ.

10.Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн боловч дараах эрх зүйн өөр дүгнэлтийг нэмж хийсэн. Үүнд: “МИӨ” ХХК нь аж ахуй эрхлэгч байх бөгөөд үнэт цаасны зах зээлд хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх хүрээнд мэргэжлийн байгууллага учир талуудын хооронд байгуулагдсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн гэрээ”-нд Иргэний хуулийн 200-202 дугаар зүйлд заасан хэрэглэгчийн эрхийг хамгаалах зохицуулалт үйлчлэхгүй, анхан шатны шүүх гэрээний 2.1.2 дахь заалтыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан үндэслэл хэргийн баримтын хүрээнд тогтоогдоогүй гэж алдаатай дүгнэлт хийсэн байна, хариуцагч нь “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын зохицуулалт эрх, ашиг сонирхлыг нь зөрчсөн талаарх гомдлыг Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан журмын дагуу холбогдох этгээдэд гаргаагүй..., “МХ” ХК нь хожим буюу 2021.12.30-ны өдөр үйлчилгээний хөлсийг үнийн дүнгээс хамаарч өөрчилсөн байдлыг Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогчийн хувьд эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэхээргүй байна..., хожим үзүүлж буй үйлчилгээ нь зах зээлийн оролцогчдын тоо, авах ашгийн хэмжээг багасгах шийдлээс хамаарч бууруулсныг болон нэгж эрх бүртгэх үйлчилгээг хувьцаа болон бонд бүртгэх адил үйлчилгээнд адил зардал гарах тул хувь хэмжээг ялгамжтай тогтоосон гэж дүгнэх боломжгүй..., “МХ” ХК-ийг зах зээлд ноёрхох үйл ажиллагаа явуулсан гэх байдал тогтоогдоогүй...” гэжээ.

11.Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

12.Хамтын хөрөнгө оруулалтын сан гэж нэгж эрхээ Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу нийтэд санал болгох, эсхүл хаалттай хүрээнд санал болгон хөрөнгө төвлөрүүлэх эрх бүхий хөрөнгө оруулалтын санг хэлэх бөгөөд “нэгж эрх” гэж хөрөнгө оруулагчаас хөрөнгө оруулалтын санд оруулсан хөрөнгийг өмчлөх эрхийг гэрчлэх нэрийн үнэт цаасыг хэлдэг байна.

Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх нь тухайн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох ба нэгж эрхийн үндсэн дээр сан нь хөрөнгө төвлөрүүлэх, төвлөрүүлсэн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын хэрэгслийг худалдах, худалдан авах, хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн сангийн хөрөнгийг удирдах, эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай гэрээг бусадтай байгуулах үйл ажиллагааг явуулдаг болохыг Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд заажээ.

12.1.“МИӨ” ХХК нь хамтын хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүрдүүлж өгснөөр С-ны 2021.06.23-ны өдрийн 257 дугаар тогтоолоор хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн танилцуулгыг бүртгэж, “МА” ҮЦК ХХК-ийн 2021.06.24-ний өдрийн хүсэлтийн дагуу “МХ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.06.25-ны өдрийн А/51 дүгээр тушаалаар “МИӨ” ХХК-ийн нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 50,000,000 ширхэг нэгж эрхийг үнэт цаасны бүртгэлд бүртгэжээ. /1хх 35-36, 39-40/

12.2.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т зааснаар Хөрөнгийн бирж нь үзүүлж байгаа үйлчилгээний хөлс болон урамшууллын хэмжээг тогтоох эрхтэй байна.

“МХ” ХК нь “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ыг боловсруулж, санал авахаар С, МҮЦ холбоо, ҮЦТ төв, “АТ” ТӨХК-д хүргүүлсэн нь 2019.05.03-ны өдрийн 1/301 тоот албан бичгээр тогтоогдсон. /2хх 18, 21, 26-27/

Улмаар “МХ” ХК-ийн ТУЗ-ийн 2019.06.28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолоор тус журмыг хэлэлцэн гаргаж, С-ны даргын 2019.11.13-ны өдрийн 537 дугаар тушаалаар батламжлан /1хх 19-30, 121/, уг журам нь 2019.07 сараас 2021.12.30 хүртэл мөрдөгджээ. Тус журмын 6.2-т “Санд Биржээс үзүүлэх үйлчилгээний хөлс нь дараах төрөлтэй байна: 6.2.1. Бүртгүүлэх өргөдөл хүлээн авч хянах үйлчилгээний хөлс-2,000,000 төгрөг, 6.2.2. Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-нийт үнийн дүнгийн 1 хувь, 6.2.3.жилийн үйлчилгээний хөлс-цэвэр хөрөнгийн дүнгийн 0.05%, гэж тус тус заасан байна.

12.3.Талууд 2021.07.22-ны өдөр 2021/72 дугаартай “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн гэрээ”-г байгуулж, хариуцагчийн төлөх үйлчилгээний төрөл, хөлсний хэмжээг дээрх журмын дагуу тогтоожээ.

Уг гэрээгээр бирж нь сангийн гаргасан 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 50,000,000 ширхэг, нийт 50,000,000,000 төгрөгийн нэгж эрхийг нэгж эрхийн бүртгэлд бүртгэх, арилжаалах, хяналт тавих үүргийг, сан нь өргөдлийг хянах үйлчилгээний хөлс 2,000,000 төгрөг, нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1 хувь, жилийн үйлчилгээний хөлс–цэвэр хөрөнгийн дүнгийн 0.05 хувийн төлбөрийг биржид төлөх үүргийг тус тус хүлээсэн байна./1хх 32-34/

Шүүх гэрээний төрлийг нэрлэгдээгүй гэрээ гэж үзсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг зөрчөөгүй байв.

12.4.“МХ” ХК нь МИХ-ийн хөрөнгө оруулалтын сангийн нийтэд санал болгож буй нэгж эрхийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2021.06.30-2021.08.05-ны өдрүүдэд авч, уг арилжаагаар нийт 47,500,000 ширхэг нэгж эрхийг нэг бүрийг нь 1000 төгрөгөөр олон нийтэд санал болгож, 7014 хөрөнгө оруулагчаас 47,500,000 ширхэг нэгж эрхийг худалдан авах 47,500,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий захиалгыг бүртгэж, арилжаа явагдаж дууссан./1хх 42/

Энэ тохиолдолд “МХ” ХК-ийг үүргээ биелүүлсэн ба харин хариуцагч нь бүртгэлийн хураамжид 500,000,000 төгрөг төлөхөөс 50,000,000 төгрөгийг төлсөн, улмаар 2023.12.08-ны өдрийн №23/061, 2024.05.07-ны өдрийн №24/054 тоот албан бичгүүдээр бүртгэлийн үйлчилгээний хөлсний үлдэгдэл 450,000,000 төгрөгийг хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр хүсэл зоригоо илэрхийлж байсан боловч бүртгэлийн үйлчилгээний хөлс 1 хувийг хэт өндөр, хохиролтой тогтоогдсон, бодит байдалд нийцээгүй, хүчин төгөлдөр бус стандарт нөхцөл гэх үндэслэлээр татгалзаж, хөлсний хэмжээ маргааны зүйл болсон байна.

13.“МИӨ” ХХК нь “МХ” ХК-д холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, бүртгэлийн хураамж авах нь хууль бус байсан болохыг тогтоолгох, хураамжийг “МХ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021.12.30-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулж баталсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6.2.2-т заасан хувиар төлүүлэхийг “МХ” ХК-д даалгах тухай нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.12-ны өдрийн 128/ШШ2023/0757 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 221/МА2023/0704 дүгээр магадлалаар хангаж шийдвэрлэсэн /1хх 97-108/. Харин Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024.02.08-ны өдрийн 001/ХТ2024/0019 дүгээр тогтоолоор дээрх нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй гэж үзэж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /1хх 109-112/

14.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.18-д зааснаар “МХ” ХК нь “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ыг баталж, уг журмын хавсралтаар байнга хэрэглэх зорилгоор тодорхой нөхцөл бүхий гэрээний загварыг урьдчилан тогтоож, нийтэд санал болгосон, үүний дагуу 2021.07.22-ны өдөр талууд “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн гэрээ”-г байгуулсан нь тодорхой тогтоогдож байхад хоёр шатны шүүх стандарт нөхцөл бүхий гэрээнд хамаарахгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д нийцсэнгүй.

14.1.Түүнчлэн, Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д заасан харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой тогтоогдсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Тухайлбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.12-ны өдрийн 128/ШШ2023/0757 дугаартай шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ нь:” хэсгийн 9.3-т ...С-ны 2021.12.09-ний өдрийн 1/4258 тоот албан бичгээр “...хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг бүртгэх үйлчилгээний хөлсний хэмжээг хэт өндрөөр буюу 1 хувиар тогтоосон нь бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад 10 дахин их байх бөгөөд хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо өсөхгүй байх, зах зээлд оролцогч, хөрөнгө оруулагчдын идэвх сонирхол буурах улмаар хувийн хэвшлээс нийтэд санал болгосон үнэт цаас гаргахтай холбоотой зардал, өртгийг нэмэгдүүлэх зэрэг сөрөг үр дагаврыг бий болгож байна. ...иймд үйлчилгээний хөлсний хэмжээг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан бууруулах арга хэмжээг зохион байгуулах” гэсэн чиглэлийг “МХ” ХК-д өгсөн нь тусгагдсан, улмаар тус компанийн ТУЗ-ийн 2021.12.30-ны өдрийн хуралдаанаар уг хураамжийн хэмжээг хэлэлцэж 2019/07 тогтоолоор журам батлах үед 50 тэрбум төгрөгийн хамтын хөрөнгө оруулалтын сан гарна гэсэн хүлээлт байгаагүйгээс хураамжийн хэмжээ ялгаваргүйгээр тогтоогдсоныг хүлээн зөвшөөрч нэгж эрхийн бүртгэлийн хураамжийн хэмжээг хэлэлцэж 2019/07 тогтоолоор журам баталж, бүртгэлийн хөлсийг багасгаж шийдвэрлэсэн байна. /1хх 104 дэх тал/

“МХ” ТӨХК-ийн ТУЗ-ийн 2021.12.30-ны өдрийн хурлын тэмдэглэлд: “А.М: Энэ дээр бид нар гарсан бодитой 2 кейс байгаа. МИХ 50 тэрбум, А 5 тэрбум гээд байгаа. Бидний анхны хүлээлт бол 5-10 тэрбумын хөрөнгө оруулалтын сан Монголд үүсэх боломжтой юм байна гэдэг судалгаа байсан. 50 тэрбум төгрөгийн сан гарна гэдэг хүлээлт байгаагүй, тэгэхээр зах зээл дээр шинэ бүтээгдэхүүн байсан учраас өрийн хэрэгсэлтэй адилхан бүтээгдэхүүн гаргаад зах зээлээ ажиглаад энэ шимтгэлийг эргэн харъя гэсэн төсөөлөлтэй байсан. Одоо IPO болон зах зээлийн идэвхжилээр хөрөнгө оруулалтын сангууд нэмэгдэх юм байна гээд 2022-2024 онд жилд нэг хөрөнгө оруулалтын сан орж ирэх магадлалтай юм байна гэсэн тооцоо судалгаан дээр нийцүүлж энэ дээд, доод хязгаарыг тавьсан. Хорин тэрбум төгрөг хүртэлх сан дээр 50% хөнгөлөлт, 20-50 тэрбум төгрөг хүртэлх сан дээр 62% хөнгөлөлт, 50-иас дээш бол 75% буюу 0.25% шимтгэл авъя гэсэн ийм тооцоолол оруулж ирсэн. /1хх 213 дахь тал/ ...” гэж хэлэлцсэн баримтууд хэрэгт авагджээ.

Дээрх баримтуудаас үзэхэд хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг бүртгэх үйлчилгээний хөлсний хэмжээг хэт өндрөөр буюу 1 хувиар тогтоосон нь бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад 10 дахин их байгаа болохыг С мэдэгдсэн, “МХ” ХК-ийн ТУЗ-ийн хурал дээр 50 тэрбум төгрөгийн сан гарна гэдэг хүлээлт байгаагүй, шинэ бүтээгдэхүүн учраас зах зээлээ ажиглаад энэ шимтгэлийг эргэн харъя гэсэн төсөөлөлтэй байсан талаар хэлэлцсэн байдлаас үзэхэд бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг бодитой гэж үзэх боломжгүй бөгөөд үүнээс гадна “МХ” ХК нь бүртгэлийн үйлчилгээний хөлсийг 1 хувиар тогтоосон эдийн засгийн болон зах зээлийн үндэслэлээ нотлоогүй байна. Энэ талаарх хариуцагчийн гомдлыг үндэслэлтэй гэж үзнэ.

14.2.Хариуцагч тал нэгж эрхийг бүртгэх үйлчилгээний хөлсийг 1 хувиар тогтоосон нь хэт өндөр, бодит байдалд нийцээгүй гэж маргасан, нөгөө талаар энэ хэмжээ нь бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад 10 дахин их байгаа тул багасгах чиглэлийг С мэдэгдсэн баримт байхад “МХ” ХК гэрээ байгуулсан гэснээс өөрөөр зохистой хөлсний хэмжээг тогтоосон талаар нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна.

Иймд нэгж эрхийн анхдагч арилжааг 2021.08.08-ны өдөр гэхэд явуулж дууссан, үүнээс хойш 4 сар гаруйн дараа “МХ” ХК нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021.12.30-ны өдрийн 16 дугаар тогтоолоор “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журмын нэмэлт, өөрчлөлт”-ийг баталж, үүнийг С-ны даргын 2022.04.21-ний өдрийн 206 дугаар тушаалаар батламжилсан /1хх 122/-аар өөрчлөгдсөн хөлсний хэмжээг харгалзан үзэхээс гадна “МХ” ХК-ийн ТУЗ-ийн хуралдаан дээр хэлэлцэж байсан баримтад тулгуурлан хөлсний хэмжээг төлнө гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.

2021.12.30-ны өдрийн дээрх журмын 6.2.2 дахь хэсэгт “Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1%” гэснийг “Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-нийт үнийн дүнгээс хамаарч, 20 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүнд 0,5%, 20-50 тэрбум хүртэлх үнийн дүнд 0,375%, 50 тэрбум төгрөгөөс дээш үнийн дүнд 0,25% гэж, 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь хэсэгт “Жилийн үйлчилгээний хөлс-Сангийн цэвэр хөрөнгийн 0.05%, хамгийн багадаа 2,500,000 төгрөг, хамгийн ихдээ 150,000,000 төгрөг” гэсэн өөрчлөлтийг оруулжээ /1хх 211-215/. Мөн “...Энэ журмаар бол “МИӨ” ХХК нь 62.5% хөнгөлөлтөөр тооцохоор 175,000,000 төгрөг төлөх ёстой...” гэж хэлэлцэж байсан нь “МХ” ТӨХК-ийн 2021.12.30-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлд тусгагдсан байна. /1хх 213/

Дээрх баримтад үндэслэн хариуцагчийн төлөх ёстой хөлсийг тодорхойлбол бүртгэлийн үйлчилгээний хөлсөд 175,000,000 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзэж, түүнээс төлсөн 50,000,000 төгрөгийг хасахад 125,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзнэ.

15.Талуудын байгуулсан гэрээний 5.4-т “Энэхүү гэрээний 2 дугаар зүйлд заасан үйлчилгээний хөлсийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд Биржийн “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 7.2-т заасны дагуу алданги тооцно.” гэж заажээ. Гэрээний энэ нөхцөлийг нэхэмжлэгч тайлбарлахдаа гэрээний 2 дугаар зүйлд заасан 3 төрлийн үйлчилгээний хөлс бүгд багтаж, гагцхүү журмын 7.2-т заасан хоног тутамд тооцох хэмжээ буюу 0,5 хувийг баримтлах агуулгаар гэрээнд заасан гэсэн бол хариуцагч нь гэрээний энэ заалтаар зөвхөн жилийн үйлчилгээний хөлсийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги төлөхийг тохирсон бөгөөд бүртгэлийн үйлчилгээний хөлсөд алданги тохироогүй учир алдангийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх алданги гаргуулах нэхэмжлэлийн хувьд талуудын байгуулсан гэрээг бус “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 7 дугаар зүйлийн 7.2-т заасан “Сан нь Биржээс үзүүлэх жилийн үйлчилгээний хөлсийг гэрээнд заасан хугацаанд тогтоосон хэмжээгээр төлөөгүй бол хугацаа хожимдуулсан хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлнө.” гэсэн өөр хэм хэмжээг хэрэглэснээс гадна гэрээний тохиролцоог тайлбарлаж чадаагүй байна. Иймд алданги тохирсон, алданги гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй.

Талууд гэрээний 2 дугаар зүйлд өргөдлийг хүлээн авч хянах үйлчилгээний хөлс, нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс, жилийн үйлчилгээний хөлс гэж 3 төрлийн хөлсний хэмжээг заасан, 5.4-т “...гэрээний 2 дугаар зүйлд заасан үйлчилгээний хөлсийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд...алданги тооцно” гэж заасан нь бүх төрлийн үйлчилгээний хөлсөд алданги хамааралтай агуулга тодорхой байхаас гадна “...журмын 7.2-д заасны дагуу” гэсэн заалтыг нэмж оруулсан нь алдангийн хэмжээнд хамааралтай болохоос үйлчилгээний төрлийг хязгаарлаагүй байна. Өөрөөр хэлбэл талууд гэрээнд заасан 3 төрлийн үйлчилгээний хөлсийг төлөөгүй бол алданги төлөх үүргийг тохирсон нь тогтоогджээ.

Иймд үндсэн үүрэг 125,000,000 төгрөг, алданги 62,500,000 төгрөг, нийт 187,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2025/00009 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2024/03935 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6, 202 дугаар зүйлийн 202.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “МИӨ” ХХК-аас 187,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МХ” ХК-д олгож, үлдэх 487,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “2,407,950” гэснийг “1,095,450” гэж өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2025.01.27-ны өдөр төлсөн 1,282,950 төгрөг, хариуцагчаас 2025.01.28-ны өдөр төлсөн 2,407,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ

             ШҮҮГЧИД                                                            Н.БАТЧИМЭГ

                                                                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                              Д.ЦОЛМОН

                                                                                              Х.ЭРДЭНЭСУВД