Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2018/0341

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 31 өдөр                 Дугаар                                     Улаанбаатар хот

                                                      128/ШШ2018/0341     

                                                                        

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Б ХХК

Хариуцагч: Н З Д

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжийн Б ХХК-д холбогдох хэсгийг, Нийслэлийн байгаль орчны газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийн Б ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Г.А, Я.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Эрдэнэзолбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б ХХК-иас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ:Манай компани нь Улаанбаатар хот, Хан-уул дүүргийн Бөхөг-3 нэртэй газарт 59.59 гектар талбай бүхий уурхайн талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын М\/-016839 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтаар 62 аж ахуйн нэгжийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлахдаа манай компанийг хамааруулжээ.

Уг захирамжийн захирамжлах хэсэгт Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.6, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолыг үндэслэл болгож, Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон гэх үндэслэл заажээ.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Аймаг, Нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална, 37.1.3-т тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн  байгууллага дүгнэлт гаргасан гэж тус тус заасан байх ба манай компани нь байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлж ажиллаж байсан байхад цуцалсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хуулийн урьдчилсан нөхцөл болох “байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан” тохиолдолд манай компанийн тусгай зөвшөөрлийн цуцлах хууль зүйн үндэслэлтэй бөгөөд байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллагаас ямар нэгэн дүгнэлт гараагүй ба энэ талаар ч захирамжид дурдагдаагүй байна.

Түүнчлэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Аймаг, Н З Д тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 37.1.1-37.1.4-т заасан цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана. 37.3-т энэ хуулийн 37.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг аймаг, Нийслэлийн Засаг даргад ирүүлнэ гэж тус тус зааснаас үзвэл манай компанид тусгай зөвшөөрөл цуцлах болсон үндэслэлийн талаар мэдэгдэх үүргийг Нийслэлийн Засаг дарга хүлээж байна. Манай компанид ямар нэгэн ирүүлээгүй ба үүгээр тусгай зөвшөөрөл цуцлах урьдчилсан нөхцөл буюу хууль зүйн үндэслэлгүй байсан болохыг нотолж байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолыг бидэнд танилцуулаагүй бөгөөд ямар харилцааг зохицуулж байгаа нь тодорхой бус байна.

Уг захирамжийн хоёр дахь үндэслэл болж буй Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон гэх үндэслэл нь манай компанид хамааралтай эсэх нь тодорхой бус бөгөөд Манай компанийн эзэмшиж буй Улаанбаатар хот, Хан-уул дүүргийн Бөхөг-3 нэртэй газарт 59.59 гектар талбай бүхий уурхайн талбай нь Туул голоос 1 км-ийн зайтай тул усны хамгаалалтын бүсэд огт хамаарахгүй.

Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно. 22.3-т Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно гэж тус тус заасны дагуу манай компанийн эзэмшиж буй уурхайн талбай Улаанбаатар хотын усны хамгаалалтын бүсэд хамаарахгүй болох нь тогтоогдож байна.

Манай компани нь түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий Улаанбаатар хот, Хан-уул дүүргийн Бөхөг-3 нэртэй газарт 59.59 гектар талбай бүхий уурхайн талбайд 400 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулж хийсэн ба уг зардлыг нөхөж олж чадаагүй. Тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр хуульд заасан хугацаанд төлж ирсэн.

Н З Д нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-т зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; 4.2.6-т бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж тус тус заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг ноцтойгоор зөрчиж, манай компанийн бизнесийн үйл ажиллагааг зогсоох, дуусгавар болгох шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Нийслэлийн байгаль орчны газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийн Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг үндэслэн Нийслэлийн байгаль орчны газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт нь манай компанийн эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн тул дараах үндэслэлээр уг захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Манай компанийн эзэмшдэг Улаанбаатар хот, Хан-уул дүүргийн Бөхөг-3 нэртэй газарт 59.59 гектар талбай бүхий уурхайн талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын МҮ-016839 дугаартай тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжаар цуцалсан бөгөөд Нийслэлийн байгаль орчны газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг үндэслэж, А/609 дугаар захирамж гарсан гэж хариуцагч Нийслэлийн засаг даргын төлөөлөгчид тайлбар гаргасан.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжид Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийн талаар огт дурдагдаагүй байдаг.

Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийн хавсралтын 81-т Б ХХК улсын байцаагчийн албан шаардлага биелүүлээгүй гэх үндэслэл заасан байх ба нутгийн захиргааны байгууллагаас манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах талаар санал гаргаагүй байхад шууд цуцлуулах дүгнэлт гаргасан нь хууль бус юм.

Учир нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Аймаг, Нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална, 37.1.3-т тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан гэж тус тус заасны дагуу Б ХХК-ийг байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагаас огт санал гаргаагүй байхад цуцлуулах дүгнэлтийг гаргасан нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжаар манай компанийн тусгай зөвшөөрөл цуцлагдаж, хохирох үндэс болсон.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжийн Б ХХК-д холбогдох хэсгийг, Нийслэлийн байгаль орчны газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийн Б ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү.“ гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Нийслэлийн Засаг даргын А/609 дүгээр захирамжийг хүчингүй болгох шаардлага гаргасан. Хариуцагчаас гаргаж буй улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан гэх тайлбарыг маргаан бүхий А/609 дүгээр захирамжийн үндэслэл гэж харж байна. Уг захирамжид Түгээмэл тархацтай Ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.6, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолыг тус тус үндэслэсэн байна. Тодорхой хэлбэл, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрлийн ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон гэх үндэслэлийг дурдсан. Анхны шүүх хуралдаанд хариуцагчаас Б ХХК-ийн эзэмшлийн талбай нь ундны усны хамгаалалтын бүсэд орсон гэж тайлбарласан бөгөөд актын үндэслэл болон Б ХХК-ийн тусгай зөвшөөрлийг ямар үндэслэлээр цуцалсан гэдгийг мэдэхгүй тайлбар гаргасан.

Түгээмэл тархацтай Ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Аймаг, Нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална” гэж, 37.1.3-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан” гэх заалтуудыг тус тус үндэслэсэн байна. Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтын тэмдэглэлд Б ХХК нь 2016 онд үйл ажиллагаа явуулаагүй, 2017 онд ажил хийхгүй байгаа гэж дурдагдсан. 2017 онд үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг Хан-Уул дүүргийн Засаг даргын албан бичигт тодорхойлсон. Тэгэхээр Б ХХК хэзээ, ямар хууль тогтоомж зөрчсөн бэ? Үйл ажиллагаа явуулаагүй бол ямар байдлаар хууль зөрчсөн гэж, хэрхэн нөхөн сэргээлтийн ажил хийгдэх вэ? Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас Б ХХК-д хүргүүлсэн тайлбартаа холбогдох нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийж байна гэжээ. Харин Б ХХК-иас одоогоор Уулын ажлын төлөвлөгөөний дагуу бүрэн олборлолт хийгээгүй байгаа тул олборлолт хийсний дараа нөхөн сэргээлт хийнэ гэх байдлаар тайлбар гаргасан. А/609 дүгээр захирамжийг гаргахаас өмнө ямар нэгэн байдлаар Б ХХК-ийг оролцуулж, сонсох ажиллагаа хийж, тайлбар, мэдүүлэг авсан зүйл байхгүй.

Түүнчлэн 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Нийслэлийн Байгаль орчны газрын дүгнэлт, Мэргэжлийн хяналтын газрын албан шаардлага, Хан-Уул дүүргийн Засаг даргын санал гэх зүйлүүдийг үндэслэсэн гэх хэдий ч маргаан бүхий актад энэ тухай огт дурдагдаагүй. Нийслэлийн Байгаль орчны газрын  2017 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 959 тоот дүгнэлт нь нэхэмжлэгч компанийн эрх ашгийг шууд хөндөж байгаа бөгөөд уг актыг Б ХХК-д мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно. Энэ акт хүчин төгөлдөр болоогүй байхад буюу хүчин төгөлдөр бус дүгнэлтийг үндэслэн маргаан бүхий А/609 дүгээр захирамжийг гаргасан.

Миний бие хүсэлт гаргаж, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт шүүхээс үзлэг хийсэн. 959 тоот дүгнэлт байдаг боловч хавсралт нь тухайн байгууллагуудын архивд хадгалагдаагүй, хавсралт гэх баримтууд нь хэн үйлдсэн, ямар албан бичгийн хавсралт болох нь тодорхойгүй, Байгаль орчны газрын даргын гарын үсэг, байгууллагын тамга байхгүй тул хожим нотлох баримт бүрдүүлсэн гэж хардаж байна. Хавсралт нь үнэхээр байгаа бол тамга, тэмдэг дарагдаж, дугаарлагдаж, архивд хадгалагдах ёстой. Дүгнэлтэд аж ахуйн нэгжүүдийн нэр, тоог тэмдэглэсэн хэдий ч Б ХХК-ийн нэр байхгүй. Иймд үүнийг захиргааны акт биш гэж үзэж байна. Дүгнэлт гарлаа гэхэд уг дүгнэлтийг Б ХХК-д танилцуулж, хүчин төгөлдөр болгох ёстой байхад хүчин төгөлдөр бус дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль бус байна.  

Түгээмэл тархацтай Ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, Нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 37.1.1-37.1.4-т заасан цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана.” гэж, 37.3-д “Энэ хуулийн 37.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг аймаг, Нийслэлийн Засаг даргад ирүүлнэ.” гэж тус тус заасан. Эдгээр хуулийн заалт огт хэрэгжээгүй. Тодорхой хэлбэл, тусгай зөвшөөрлийг цуцалсан А/609 дүгээр захирамж гарах ажиллаагаа хуулийн дагуу хийгдээгүй бөгөөд Б ХХК-д энэ тухай мэдэгдсэнээр тусгай зөвшөөрлийг цуцлах тухай А/609 дүгээр захирамж гарах учиртай. Захиргааны байгууллагаас гаргаж буй захиргааны актын үндэслэлийг тодорхой бичээгүй, хожим нь ийм байдлаар цуцалсан гэж хамааралгүй баримтуудыг хамааруулж, нэмж гаргаж өгсөн. Мөн байгаль орчныг яг яаж сүйтгэсэн, нөхөн сэргээх ямар үүргээ, хэзээ биелүүлээгүй талаар дурдаагүй. Хэрэгт авагдсан баримтаар Б ХХК нь 2016, 2017 онд үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь нотлогдож байхад албан шаардлага гаргасан гэж цуцалж байгаа нь хууль бус. Тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн бол цуцлах бүх ажиллагаа хуульд заасны дагуу явагдах ёстой.

Мөн Нийслэлийн Байгаль орчны газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Байгаль орчны уулын ажлын төлөвлөгөөг батлуулахаар хандахад энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай, тусгай зөвшөөрлийг чинь цуцлах гэж байгаа, иргэдээс өргөдөл, гомдол ирүүлж байгаа гээд шийдвэрлээгүй удсан. Шүүхээс захирамжийн биелэлтийг түдгэлзүүлсэн боловч төлөвлөгөө нь батлагдаагүй, түүнээс болоод үйл ажиллагаа явуулаагүй. Энэ тухай албан ёсоор бичгээр мэдэгддэггүй. Төрийн байгууллагаас хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Б ХХК-ийн хувьд уг талбайд 400 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд одоогоор нөхөж чадаагүй байхад хууль бусаар тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Б ХХК-ийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж тус тус заасан зарчмуудыг ноцтой зөрчсөн. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан холбогдох ажиллагаануудыг огт хийгээгүй, дүгнэлт хүчин төгөлдөр болоогүй байхад маргаан бүхий актыг гаргасан байгаа тул А/609 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

Хоёрдугаарт: Б ХХК-ийн эзэмшдэг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Бөхөг 3 нэртэй газарт 59,59 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын 016839 дугаартай тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжаар цуцалсан бөгөөд тухайн захирамжид уг дүгнэлтийн талаар огт дурдагдаагүй. Дараа нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нотлох баримтаар гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, уг дүгнэлтийг үндэслэж тусгай зөвшөөрлийг цуцалсан захирамж гарсан байдлаар тайлбарладаг. Хариуцагчийн хариу тайлбарт ч мөн ийм дүгнэлт гарсан тухай дурдагдаагүй. Зөвхөн улсын байцаагчийн албан шаардлага биелүүлээгүй гэх үндэслэлээр цуцалсан гэж анх шүүхэд гаргаж өгсөн тайлбартаа дурдсан.

Мөн өнөөдөр Нийслэлийн Байгаль орчны газраас нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулан хариу тайлбар ирүүлж, Хан-Уул дүүргийн Засаг даргаас санал гаргасан гэх шинэ нотлох баримт өгсөн. Уг дүгнэлтэд Хан-Уул дүүргийн Засаг даргаас санал гаргасан тухай ч мөн дурдагдаагүй, улсын байцаагч, Мэргэжлийн хяналтын газраас санал гаргасан гэх үндэслэл дурдагдсан байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын санал хүргүүлэх тухай 2017 оны 04 дүгээр сарын албан бичиг байх боловч түүний хавсралт хавтаст хэрэгт авагдаагүй. Өөрөөр  хэлбэл, уг албан бичгийн хавсралт гэх зүйл байхгүй. Ямар учиртай нь мэдэгдэхгүй аж ахуйн нэгжүүдийн нэрс, мэдээлэлтэй албан бичгийг хавсралт гэж өгсөн боловч яг уг захирамжийн хавсралт гэдэг нь тогтоогдохгүй. А/609 дүгээр захирамжийн хавсралт гэх хэсэгт Засаг даргын Тамгын газрын тамга дарагддаг. Тэгэхээр Б ХХК-ийн нэрийг зааж, уг компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг өгсөн гэдэг нь нотлогдохгүй байна. Захиргааны хэрэг үүссэний дараа хариуцагчаас эдгээр баримтыг гаргаж өгөх хангалттай хугацаа байсан. Тэгэхээр энэ санал гаргасан гэх баримт нь эрх зүйн хувьд шаардлага хангахгүй, Б ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулсан гэх тайлбар нь үндэслэлгүй, нотлох баримт байхгүй. 

Мөн хариуцагчаас Мэргэжлийн хяналтын газраас санал гаргасан гэж тайлбарлах боловч Мэргэжлийн хяналтын газрын гаргасан албан шаардлагаар хугацаандаа биелүүлээгүй бол торгуулийн арга хэмжээ авна гэх анхааруулга өгсөн. Мэдээллийн шинж чанартай, шалгалтад хамрагдсан байгууллагуудын жагсаалтыг Нийслэлийн Байгаль орчны газар руу явуулсан бөгөөд үүнд Б ХХК албан шаардлага биелүүлээгүй гэх тэмдэглэгээ байна. Албан ёсоор Б ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Мэргэжлийн хяналтын газрын төлөөлөх эрх бүхий этгээд болох тухайн газрын дарга, улсын байцаагч нар гаргаагүй нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байна. Тэгэхээр санал гаргаагүй бөгөөд үүнтэй холбоотой баримтуудыг танилцуулаагүй. Өмнө нь байгаагүй баримтыг гаргаж өгсөн.

Уг санал нь Б ХХК-ийн эрх, ашиг сонирхлыг хөндөж байгаа захиргааны акт мөн.  Хан-Уул дүүргийн Засаг даргын санал гэх бичиг байгаа хэдий ч уг албан бичгийг Б ХХК-д танилцуулснаар хүчин төгөлдөр болно. Өөрөөр хэлбэл, захиргааны актыг мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болдог. Эдгээр хүчин төгөлдөр бус актуудыг үндэслэн дүгнэлт гэх акт гаргасан нь хууль бус байна.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн нутаг дэвсгэрт байрших түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн хувийн хэргийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн а/127 дугаартай тушаалаар орон нутагт нь шилжүүлж, тухайн тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой хуулиар хүлээсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх эрхийг мөн шилжүүлсэн.

Ингэснээр Н З Д харьяалах нутаг дэвсгэртээ олгогдсон тусгай зөвшөөрлүүдийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу цуцлах хууль зүйн боломж, нөхцөл бүрдсэн байна.

Н З Д “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” 2017 оны А/609 дүгээр захирамжийг гаргахдаа “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” хууль, “Газрын хэвлийн тухай” хуулийн холбогдох зүйл заалтын дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлсэн.

Улсын Их Хурлын Байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас хэрэгжүүлэх чиглэл ирүүлсний дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон нийслэлийн Байгаль орчны газрын хамтарсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх тухай” 2017 оны 04 дүгээр сард 2017/16 дугаар удирдамжид хяналт шалгалтыг хийсэн.

Хяналт шалгалтаар тус аж ахуйн нэгжийн М\/-016839 дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайн бичиг баримтын бүрдэл дутуу, хэрэгжилт хангалтгүй, байгаль хамгаалах үүргээ биелүүлээгүй, Улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй, хариу тайлагнаагүй зэрэг зөрчлүүд гаргасан нь тогтоогдсон бөгөөд тус зөрчлийг зөвшөөрч Улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 02-04-219/195 тоот албан шаардлагыг компанийн захирал Г.Ц гардаж авсан.

Улсын Их Хурлын Өргөдлийн Байнгын Хороонд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон голын бохирдлын асуудлаар 5846 иргэдээс ирсэн өргөдөл гомдлоос гадна ундны усны хамгаалалтын бүс, түүний ойр орчимд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанаас Улаанбаатар хотын нийт оршин суугч иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа талаар өргөдөл гомдол Н З Дд удаа дараа ирсний дагуу Н З Д 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хэвлэлийн бага хурал зарлаж “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдэд байгаль орчны хуулиудыг мөрдөж ажиллах, эс бөгөөс тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах болно” гэж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл хийх, ярилцлага өгөх зэргээр тусгай зөвшөөрлийг цуцлах тухай асуудлыг олон сарын өмнөөс анхааруулах, мэдэгдэх зэргээр ажилласныг сонсох ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлгүй байна.

Н З Д 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийг гаргасан өдөр хэвлэлийн бага хурал хийж, уг захирамжийг олон нийтэд мэдээлсэн бөгөөд захирамжид орсон аж ахуйн нэгжүүдийн нэрсийн жагсаалтыг тухайн өдрийн 08 цаг 15 минут 21 секундэд нийслэлийн албан ёсны цахим хаяг болох www.Ulaanbaatar.mn веб сайтад байршуулснаар нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй бүх аж ахуйн нэгжүүдэд мэдэгдсэн гэж үзэж байна.

Хамтарсан хяналт шалгалт, хэвлэлийн бага хурал, улсын ахлах байцаагчийн албан шаардлага өгөх зэрэг удаа дараагийн үе шаттай арга хэмжээ авсны эцэст тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн тул нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжийн тус компанид холбогдох хэсэг нь хууль, тогтоомж болон нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд: Б ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын МҮ-016839 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл нь Улсын байцаагчийн албан шаардлага биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дугаар захирамжаар цуцлагдсан.

Дээрх захирамж гарахын өмнө Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага буюу Нийслэлийн Байгаль орчны газар тусгай зөвшөөрөл цуцлуулах дүгнэлт гаргасан нь хууль ёсны үйлдэл тул энэхүү 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 дугаар дүгнэлтийн Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах нь үндэслэлгүй юм.

Улсын Их Хурлын Өргөдлийн Байнгын хороонд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон голын бохирдлын асуудлаар 5846 иргэдээс ирсэн өргөдөл гомдлоос гадна Н З Дд дээрх асуудалтай холбоотой өргөдөл гомдол удаа дараа ирсний дагуу Н З Д 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хэвлэлийн бага хурал зарлаж, “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдэд байгаль орчны хуулиудыг мөрдөж ажиллах, эс бөгөөс тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах болно” гэж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийх, ярилцлага өгөх зэргээр тусгай зөвшөөрлийг цуцлах тухай асуудлыг олон сарын өмнөөс анхааруулах, мэдэгдэх, хамтарсан хяналт шалгалт хийх, улсын ахлах байцаагчийн албан шаардлага өгөх зэрэг удаа дараагийн үе шаттай арга хэмжээ авч ажилласныг мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлгүй байна.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дугаар захирамжийн үндэслэлд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37.1.3 дахь заалтыг дурдсан бөгөөд энэ нь байгаль орчны байгууллагын дүгнэлт гаргах тухай учир захирамжид Нийслэлийн Байгаль орчны газрын 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 дугаар дүгнэлтийг дурдаагүй гэх үндэслэлгүй байна.

Дээр дурдсан Нийслэлийн Засаг даргын мэдэгдлийн дараа Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай" 01/176 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийг нь цуцлуулахаар зөрчил бүхий аж ахуйн нэгжүүдийн нэрсийг ирүүлсэн дотор Б ХХК-ийн нэр орсон байгаа нь “нутгийн захиргааны байгууллагаас манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах талаар санал гаргаагүй байхад шууд цуцлуулах дүгнэлт гаргасан нь хууль бус юм" гэсэнтэй зөрчилдөж байна.

Нийслэлийн Байгаль орчны газрын 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 дугаар дүгнэлт нь нутгийн захиргааны байгууллагын санал, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн гарсан бөгөөд хууль тогтоомж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б ХХК-иас “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжийн Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийн Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу тайлбар зэрэг баримтуудыг үнэлж, нэхэмжлэгч Б ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Нийслэлийн Байгаль орчны газрын 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 02/959 тоот дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Засаг даргын А/609 дүгээр захирамжаар[1] нэхэмжлэгч  Б ХХК-ийн МV-016839 дугаартай  түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Нэхэмжлэгчээс “...нийслэлийн Засаг даргын А/609 дүгээр захирамжийг гаргахаас өмнө ямар нэгэн байдлаар Б ХХК-ийг оролцуулж, сонсох ажиллагаа хийж, тайлбар, мэдүүлэг авсан зүйл байхгүй. Нийслэлийн Байгаль орчны газрын 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 02/959 тоот дүгнэлт, Мэргэжлийн хяналтын газрын албан шаардлага, Хан-Уул дүүргийн Засаг даргын санал гэх зүйлүүдийг үндэслэсэн гэх хэдий ч маргаан бүхий актад энэ тухай огт дурдагдаагүй. 02/959 тоот дүгнэлтийг Б ХХК-д мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно. Энэ акт хүчин төгөлдөр болоогүй байхад буюу хүчин төгөлдөр бус дүгнэлтийг үндэслэн маргаан бүхий А/609 дүгээр захирамжийг гаргасан.” гэж маргажээ.

Хариуцагч Н З Дас “... Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаад Б ХХК-иас илэрсэн зөрчлийг засах талаар тус компанийн захиралд мэдэгдсэн. Зөрчилтэй аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах талаар нийслэлийн Засаг даргын албан ёсны цахим хуудас, болон нийслэлийн хэмжээнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, нийслэлийн Мэргэжлийн хяналтын болон Байгаль орчны газрын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцалсан.” гэж тайлбарладаг.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Байгаль орчны газраас хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 02-04-219/195 дугаар[2] албан шаардлагаар Б ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаанд илэрсэн 9 төрлийн зөрчлийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн дотор арилгах үүрэг өгснийг Б ХХК-ийн захирал гардан авч, гомдол гаргаагүй байна.

Ингээд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжийн нэрс, холбогдох зөрчлийн талаар нийслэлийн Байгаль орчны газарт хүргүүлж[3], нийслэлийн Байгаль орчны газрын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 дүгээр албан бичгээр Улаанбаатар хотод түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг 96 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Н З Дд хүргүүлсний дотор Б ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл цуцлагдахаар оржээ.

Дээрх дүгнэлтэд Б ХХК-ийг улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй гэсэн үндэслэлийг заасан бөгөөд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн тус компанийн[4] албан бичгүүдээс үзэхэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 02-04-219/195 дугаар албан шаардлагаар тогтоосон зөрчлийг арилгасан гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Б ХХК нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т ”Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллагад батлуулахаар хүргүүлнэ.”–д заасан үүргээ биелүүлээгүй, мөн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн газраа тусгай зөвшөөрөлд заасан зориулалт, хугацаагаар ашиглах үүрэгтэйгээс гадна, олборлолт бүрэн хийгдсэний дараа нөхөн сэргээлт хийгдэх талаар Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгаж, батлуулаагүй атлаа “...Уулын ажлын төлөвлөгөөний дагуу бүрэн олборлолт хийгээгүй байгаа тул олборлолт хийсний дараа нөхөн сэргээлт хийнэ. Б ХХК нь 2016, 2017 онд үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь нотлогдож байхад албан шаардлага гаргасан гэж цуцалж байгаа нь хууль бус.” гэх тайлбарыг гаргаж байгааг зөвтгөх үндэслэлгүй юм.

Дээрх байдлуудаас дүгнэхэд Н З Д Түгээмэл тархацтай Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3-т “хүний эрүүл мэнд, байгаль орчин, нөхөн сэргээлт, уурхайн хаалт болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих;”, 37.1-д “Аймаг, Нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална” гэж, 37.1.3-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд Б ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан тул нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжийн Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 Нэхэмжлэгчээс маргаан бүхий актуудыг гаргахдаа мэдэгдэх сонсгох зарчмыг хэрэгжүүлээгүй гэж маргадаг боловч Н З Д 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр[5] хэвлэлийн бага хурал зарлаж “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдэд байгаль орчны хуулиудыг мөрдөж ажиллах, эс бөгөөс тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах ” талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл хийсэн, мөн, Н З Д 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийг гаргасан өдөр хэвлэлийн бага хурал хийж, уг захирамжийг олон нийтэд мэдээлсэн бөгөөд захирамжид орсон аж ахуйн нэгжүүдийн нэрсийн жагсаалтыг тухайн өдрийн 08 цаг 15 минут 21 секундэд нийслэлийн албан ёсны цахим хаяг болох www.Ulaanbaatar.mn веб сайтад байршуулсан зэргээс үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх.”-ээр заасан сонсох ажиллагааг явуулсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

Мөн Туул голын сав газрын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Газрын албанаас[6] тус тус Б ХХК нь ус, газар ашиглах гэрээ байгуулаагүй, газрын төлбөр төлөөгүй болохыг тодорхойлсон бөгөөд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01/176 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийг нь цуцлуулахаар зөрчил бүхий аж ахуйн нэгжүүдийн нэрсийг нийслэлийн Байгаль орчны газарт ирүүлсний дотор Б ХХК-ийн нэр багтсан байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 39.1-д заасан үүрэг хүлээнэ.”,  Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.7-д “уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд учирсан сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт болон тайланг жил бүр гарган байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн аймаг, сум, дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын албанд тус тус хүргүүлэх бөгөөд уг тайланд дараахь зүйлийг тусгах: 39.1.7.1.байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ;” гэж заасан үүргээ биелүүлээгүй улсын байцаагчийн албан шаардлагад заасан хугацаанд уг зөрчлөө арилгаагүй нэхэмжлэгч Б ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар Н З Дд уламжилсан нийслэлийн Байгаль орчны газрын 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 дугаар дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

            Иймд нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжийн Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийн Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3, 28 дугаар зүйлийн 28.1, 37.1, 37.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ийн гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжийн Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийн Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АДЪЯАСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 51 дэх тал

[2] Хэргийн57 дахь тал

[3] Хэргийн 62-67

[4] Хэргийн 75, 81 дэх тал

[5] Хэргийн 169 дэх тал

[6] Хэргийн 151-154 дэх тал