Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 116

 

К М ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00739/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 981 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч К М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Э-

Хариуцагч Б.У- нарт холбогдох

“Зээлийн үндсэн төлбөрт 2.452,23 ам.доллар буюу 5.899.869,20 төгрөг, хүүнд 2.507,84 ам.доллар буюу 6.033.662,41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 427,14 ам.доллар буюу 1.027.664,66 төгрөг, нийт 5.387,21 ам.доллар буюу 12.961.196,28 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

          Хариуцагч Д.Э-, Б.У- нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

           Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагч Д.Э-, Б.У-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч К М ББСБ ХХК-аас:

...Д.Э- нь 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр К М ББСБ ХХК-тай байгуулсан ЗГ1105/14/04/009 дугаартай зээлийн гэрээний дагуу 3.000,00 ам.долларыг 30 хоногийн 3,5 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 04 сарын 24-ний өдрөөр дуусгавар болсон бөгөөд зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй. зээлийн үндсэн төлбөрт 2.452,23 ам.доллар буюу 5.899.869,20 төгрөг, хүүнд 2.507,4 ам.доллар буюу 6.033.662,41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 427,14 ам.доллар буюу 1.027.664,66 төгрөг, нийт 5.387,21 ам.доллар буюу 12.961.196,28 төгрөгийг зээлдэгч Д.Э-, Б.У- нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболдоос:                          

Хариуцагч Д.Э-, Б.У- нарын зүгээс 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр К М ББСБ-тай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 3000 ам доллар авсан байдаг. Энэхүү зээлийн гэрээний төлөлт нь хуваарийн дагуу 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл байсан. Хариуцагч Д.Э-, Б.У- нар нь үндсэн зээлийн төлөлтөө хийж байгаад зээл төлөлт нь тасарсан байгаа. Тиймээс нэхэмжлэгч К М ББСБ шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч талаас шүүхэд хандахаас өмнө Д.Э-, Б.У- нартай эвлэрэх талаар ярилцсан гэдэг боловч харилцан тохиролцоогүй байдаг. Ингээд нэхэмжлэгчээс 5387.21 ам доллар буюу 12.961.196 төгрөгийг талуудын гэрээний дагуу хариуцагч нараас нэхэмжилж байгаа. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зээлийн гэрээний үүргийн талаар тодорхой заасан. Зээлийн гэрээнд 30.3 хувийн хүүтэй байсан. Д.Э-, Б.У- нар нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн учраас төлөгдөөгүй үлдсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй талаар хуульд тодорхой заасан байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүний талаар заасан бөгөөд талууд зээлийн гэрээндээ хүү, нэмэгдүүлсэн хүүг харилцан тохирсон байдаг. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Д.Э-, Б.У- нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, 12.961.196 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Надад нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах эрх хэмжээ байхгүй. Нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах нэхэмжлэл гаргасан байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Д.Э-, Б.У- нараас:

Тус шүүхэд К М ББСБ-ын нэхэмжлэл гарган Д.Э-, Б.У- бид нарыг хариуцагчаар татжээ. К М ББСБ-аас 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 3000 ам долларыг 36 сарын хугацаатай хэрэглээний зээл авсан. Зээл авсан өдрөөс хойш 1812 ам долларыг төлж барагдуулсан атал зээлийн төлөлт хийгдээгүй мэт нэхэмжлэл гаргажээ. Иймд хариуцагч бид үндсэн зээл 3000 ам доллароос төлөгдсөн 1812 ам долларыг хасаж тооцон үлдэгдэл 1188 ам долларыг хүүгийн хамт төлөхөд татгалзах зүйлгүй. Мөн нэмэгдүүлсэн хүү болох 427.14 ам долларыг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн хэрэглээний зээл авсан 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 1 ам долларын Монгол банкны валютын ханшаар бодож төлөх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Д.Э-, Б.У- нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

К М ББСБ-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан нь үнэн. Нэхэмжлэгч талаас нэхэмжилж байгаа зээлийн үлдэгдэл төлбөрийг тухайн үеийн буюу 2014 оны долларын ханшаар төлөх боломжтой. Гэхдээ манай талаас 2014 оны долларын ханшаар тооцоолол гаргаагүй байна. 2014 онд К М ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж байхад долларын ханш 1700 ам доллар байсан санагдаж байна. Саяхан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р-тэй утсаар ахыгаа харж үзээд тухайн үеийн ханшаар зээлийг төлүүлэх боломж байна уу. 9-10 сая төгрөгийн хооронд төлж болно гэвэл яаралтай хугацаанд төлөх саналтай байна гэж өөрийн саналаа хэлсэн. Тэгсэн миний мэдлийн асуудал биш. Шүүх шийдвэрлэх байх гэж хэлсэн. 2014 онд гэрээ байгуулах үеийн долларын ханшаар зээлийг төлөх боломж байхгүй юм уу. Би хашаа байшингаа зээлийн гэрээний үүргийг хангуулж, эхнэр бид хоёр 5 ханатай гэр бариад айлын хашаанд байна гэж бодож байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 981 дүгээр шийдвэрээр:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Э-, Б.У- нараас 12.961.196,28 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К М ББСБ ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд урьдчилан төлсөн 222.329,14 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-, Б.У- нараас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 222.329 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К М ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Э-, Б.У- нар давж заалдсан гомдолдоо:

Бид Дархан-Уул аймагт байсан К М ББСБ ХХК-аас 3.000 ам долларыг 3 жилийн хугацаатай тухайн үеийн долларын ханш 1700 төгрөг байхад зээл авсан бид 1812 ам долларыг төлсөн. К М ББСБ ХХК нь Дархан дахь оффисоо татан буулгаад нэг хэсэг бүр таг болсон. Хугацаандаа мөнгөө төлж чадахгүй болсон тэр үед нь зээлийн гэрээг тасалбар болгож шүүхэд нэхэмжлэл гаргасан бол бид хугацааны хувьд буюу долларын ханшийн зөрүүгээр ингэж их өрөнд орохгүй байсан.

Анхан шатны шүүхийн шийдвэрт үндсэн зээлийн төлбөр 5.899.869,20 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6.033.662,41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1.027.664,66 төгрөг нийт 12.961.196,28 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Бид үндсэн зээл болон зээлийн хүүг төлж барагдуулахад гомдолгүй харин нэмэгдүүлсэн хүү болох 1.027.664.66 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж давж заалдах гомдлыг гаргаж байна.

Иймд нэмэгдүүлсэн хүү болох 1.027.664.66 төгрөгийг төлбөрөөс хасч  шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Хариуцагч Д.Э-, Б.У- нарын давж заалдсан гомдлыг хангах  хууль зүйн үндэслэлгүй байна.

            Нэхэмжлэгч К М ББСБ ХХК- нь  хариуцагч  Д.Э-,  Б.У- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 2.452,23 ам. доллар буюу 5.899.869,20 төгрөг,  хүү 2.507,84 ам.доллар буюу 6.033.662,41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 427,14 ам.доллар буюу 1.027.664,66 төгрөг,  нийт 5.387,21 ам.доллар буюу 12.961.196,28 төгрөг  гаргуулах  нэхэмжлэл гаргасан.

            Хариуцагч Д.Э-, Б.У- ...үндсэн зээл 3,000 ам.доллароос төлсөн 1.812 ам.долларыг хасч, үлдэгдэл 1.188 ам.долларыг хүүгийн хамт төлөхөд  татгалзахгүй...,  ...нэмэгдүүлсэн хүү 427.14 ам.долларыг төлөх үндэслэлгүй, зээл авсан өдрийн Монгол банкны валютын ханшаар бодож төлөх хүсэлтэй гэж эс зөвшөөрч  маргасан.

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

            2014 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан   ЗГ1105\14\04\009 дугаартай зээлийн гэрээгээр К М ББСБ нь Д.Э-, Б.У- нарт 3.000 ам.долларыг 36 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэй  зээлдүүлэх, ЗБГ11\05\14\04\009 тоот зээлийн барьцааны гэрээгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг, Хушаатын 13-8 тоот 46.75 м.кв талбайтай хувийн сууцыг газрын хамт барьцаалахаар тус тус тохиролцсон тухай баримт хэрэгт авагджээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан гэрээ байгуулагдсан гэж  анхан шатны шүүх  үндэслэл бүхий  дүгнэж  нэхэмжлэгчийн  шаардах эрхийн хууль зүйн үндэслэлийг зөв тодорхойлж, гэрээний үүрэгт хариуцагч Д.Э-, Б.У- нараас 12.961.196,28  төгрөг  гаргуулахаар  шийдвэрлэсэн нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэнэ гэсэн Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх заалтад нийцсэн байна.

Хариуцагч нар гэрээний хугацаанд төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасах,  зээлийн хүүг хассан үнийн дүнгээс тооцох, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй,  ам.долларыг зээл анх авсан үеийн \2014 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр\ Монгол  банкны валютын ханшаар бодож төлнө гэсэн агуулгатай тайлбар бичсэн байна.

Гэрээний 2.2 “Зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээлийн төлбөрийг хэсэгчлэн төлөх тухай бүр эхний ээлжид авлага нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү,  үлдэх хэсгээр нь зээлийн үндсэн төлбөрийг төлүүлнэ”, 2.3 “Зээлдэгч авсан валютын зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төгрөгөөр төлөх тохиолдолд Зээлдүүлэгчийн тухайн өдрийн валют худалдах ханшаар,  валютаар төлөх тохиолдолд зээлдүүлэгчийн тухайн өдрийн валют  худалдан авах ханшаар тооцно,”  2.6 “Зээлдэгч нь гэрээний хугацаа дуусахад  зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд  энэхүү  хугацаа нь  цаашид  зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг бүрэн төлж  дуусах хүртэл  хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ” гэжээ.

Дээрх баримтаас үзэхэд зээлдэгч нар валютын зээлийг, зээл төлөх өдрийн  ханшаар бодох, үүргийг тогтоосон дарааллын дагуу гүйцэтгэх, зээлийг бүрэн төлж  дуусах хүртэл хугацаагаар гэрээний хугацаа үргэлжлэх, нэмэгдүүлсэн хүү төлөх  үүргийг тус тус  хүлээсэн  бөгөөд  нэхэмжлэлийн  шаардлагыг зөвшөөрөхгүй талаар нотлох баримтыг хариуцагч  Д.Э-, Б.У- шүүхэд гаргаж өгөх , цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй  байна.

            Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан үндэслэл журмын дагуу үнэлж, дүгнэснийг хариуцагч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол  гаргаснаар буруутгах үндэслэл тогтоогдсонгүй  гэж  давж  заалдах шатны шүүх үзлээ.

            Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт маргааны харилцааг зохицуулсан Иргэний  хуулийн нэрийг зөв бичсэн боловч тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль гэж буруу бичсэн байх тул уг алдааг засаж  шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 981 дүгээр шийдвэрийн  Тогтоох хэсгийн  1 дүгээр заалтад  “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн” гэснийг “Иргэний хуулийн” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-, Б.У- нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн  162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид  30.000 төгрөг төлснийг төрийн сангийн орлогод  хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

         

          

 

                               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                                   ШҮҮГЧИД                                    Л.АМАРСАНАА

                                                                                                                        С.ЭНХЖАРГАЛ