Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 150/ШШ2021/00171

 
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум  дахь Сум дундын шүүхийн Ерөнхий  шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг, Сайхан сум, Номгон 3-р багт үйл ажиллагаа явуулдаг “Саруул Номгон” ХХК-ний  /РД:000000/ хүсэлттэй  Э.Билэгсайханыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

“Саруул Номгон” ХХК-ний захирал А.Д-н шүүхэд гаргасан хүсэлтдээ: 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдер манай бүрэн хамгаалалттай тариалангийн талбайнуудад маш олон тооны мал орсон тухай дуулаад очиход хэдэн талбайд өргестэй темөр торийг тасдаж хаалга гарган 70 гаруй үхэр оруулж, бэлчээсэн байсан. Эзнийг нь олох зорилгоор үхрүүдийг цуглуулан тууж явахад хэн нэг хүн "Наад үхрүүд чинь миний үхрүүд буцааж явуул, хэрэв буцаахгүй бол та нарыг ална шүү" гэж ярьж, төд удаагүй байтал нэг хүн ирж, манай нэг ажилчныг зодож, мөн гүйцэтгэх захирал Д.Баярмагнайг шууд цохиж унаган өшиглөж, гэдсэн дээр нь дэвслэж зодоход цагдаа дуудаач гэхэд "Номгоны цагдаа байтугай Сэлэнгийн цагдаа нар намайг яаж ч чадахгүй" гээд зодолтоо үргэлжлүүлж, мөн тэрээр "олон юм яриад байвал байшин барилгыг чинь шатааж, трактораар хүнд диск чирэн бүх тариаг чинь сүйтгэж та нарыг Номгон нутгаар алхуулахгүйг санаарай" гэж сүрдүүлэн заналхийлж хашаа, хаалга эвдэн үхрээ авч явсан байна.

Тухайн үед Сумын Засаг даргын А/76 дугаар захирамжаар томилогдсон комисс газар дээр ирж хэмжин тариа авах боломжгүй болгосон талбайн хэмжээг 31,3 га гэж тогтоон, хураах байсан ургацыг 64 тонн, хохирсон хохирлыг тогтоосон бөгеөд энэ хохирлыг гаргуулахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

Гэтэл Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 504 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

           Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Энэбиш овогтой      Билэгсайханыг эрэн сурвалжилж өгнө үү.

Мэдээлэл: Энэбиш овогтой Билэгсайхан, Утасны дугаар 88106757, Гэрийн Хаяг: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3-р багт оршин суудаг байсан.

Хүсэлт гаргагч “Саруул Номгон” ХХК-ний захирал А.Дамдинсүрэн нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Сэлэнгэ аймгийн Сайхан суманд газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг Саруул Номгон компаниас Сайхан сумын харьяат Энэбишийн Билэгсайханыг эрэн сурвалжилж, хаяг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан билээ. Уг нэхэмжлэлийн дагуу эрэн сурвалжлах тухай шүүх хуралдаан 2021.12.20-ны өдөр болохоор товлогджээ.

Нэхэмжлэл гаргасан компанийн захирал А.Дамдинсүрэн миний бие Улаанбаатар хотод амьдран суудаг бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр болох шүүх хуралд биечлэн очиж амжихааргүй байгаа тул миний оролцоогүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэжээ.

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “Саруул Номгон” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг бичмэл  нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ  нь :

 

            Шүүх “Саруул Номгон” ХХК-ийн  хүсэлтийг хангах үндэслэлтэй  гэж үзлээ.

Хүсэлт гаргагч “Саруул Номгон” ХХК-ний захирал А.Дамдинсүрэн нь  иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Энэбиш овогтой Билэгсайханы оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа учир эрэн сурвалжлуулж оршин суугаа хаяг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна. 

 Иргэн Энэбиш овогтой Билэгсайхан нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Номгон 3-р багт оршин суудаг гэж байгаа боловч тухайн хаягт, оршин суудаггүй,  хаяг тодорхой бус байна.

Энэбиш овогтой Билэгсайханыг хаяг тодорхойгүйгээс гэм хорын хохирол 48,546,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг “Саруул Номгон” ХХК шүүхэд гаргах боломжгүй байдал нь тогтоогдсон гэж үзлээ.

Иймд Энэбиш овогтой Билэгсайханыг эрэн сурвалжлах нь үндэслэлтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар  иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Энэбиш овогтой Билэгсайханыг эрэн сурвалжлахыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст үүрэг болгох нь зүйтэй.

Иргэн Энэбиш овогтой Билэгсайханы /утас 88106757/ нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Номгон 3-р багт оршин суудаг бүртгэлтэй болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч “Саруул Номгон” ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй.

Хүсэлт гаргагч нь шүүх хуралдаанд өөрийн хүсэлтээр оролцоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-д зааснаар  Энэбиш овогтой Билэгсайханыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлахыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “Саруул Номгон” ХХК-ний захирал А.Дамдинсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ  шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй дурдсугай.                          

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА