| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2021/04399/И |
| Дугаар | 101/ШШ2021/04189 |
| Огноо | 2021-12-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2021/04189
| 2021 12 14 | 101/ШШ2021/04189
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбит 65 гудамж, 13а тоот хаягт оршин суух Бөндөн овогт Батхуягийн ******* /РД:УХ90030316/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 2 дугаар байр, 138 тоот хаягт оршин суух Буурал овогт Цэдэн-Ишийн******* /РД:ГЭ75042211/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, 75б байрны 120 тоот хаягт оршин суух Боржигон овогт Адъясүрэнгийн ******* /РД:ХЙ74070973/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 5а байр 20 тоот хаягт оршин суух Буурал овогт Цэдэн-Ишийн******* /РД:ГЭ73100701/ нарт холбогдох,
25,590,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, өмгөөлөгч Д.Очирваань, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, хариуцагч А.*******, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Оюунбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие мөнгөн усны органик химийн бодис худалдан авах зорилгоор А.*******өөс бараа олоод өгөөч гэж асуухад Ц.Бат-Эрдэнэ гэж хүнд мөнгөн ус байгаа талаар мэдсэн ба намайг холбож өгсөн. Ц.Бат-Эрдэнэ нэг орос хүнээс авахаар боллоо гээд надад зураг явуулсан. Би ч 25,590,000 төгрөгийг түүний хэлсэн Ц.Үүрийнтуяа гэх хүний данс руу шилжүүлсэн. Ингээд худалдан авахаар тохирсон бараагаа 2020 оны 11 сарын 16-ны өдөр авах гээд очиж уулзахдаа бараагаа шалгаж үзээд, дараа нь үлдэгдлээ шилжүүлнэ гэхэд худалдагч тал шалгуулахыг зөвшөөрөөгүй тул худалдаж авахаа больсон. Ингээд урьдчилгаанд авсан шилжүүлсэн мөнгөө буцааж авах гэхэд өнөөдрийг хүртэл хугацаанд өгөөгүй.
Миний бие хариуцагч нарын яриад байгаа Гунгаа, Лөөлөө гэх хүмүүсийн танина. Энэ хүмүүс мөнгөн ус надаас асууж сурагласан боловч би өөрийнхөө мөнгийг энэ хүмүүс руу шилжүүлж мөнгөн усыг аваад хятад хүмүүст өгөх байсан. Би малын өлөн гэдэс худалдаалдаг. Тухайн үед тэр хүмүүсээсээ мөнгө шилжүүлж аваад энэ хүмүүс рүү өгсөн.
Иймд хариуцагч нараас худалдах, худалдан авах гэрээний үүргийн урьдчилгаанд өгсөн 25,590,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч А.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.******* бараа олоод өгөөч гэж надаас асуусан. Би тэгэхээр нь Ц.Бат-Эрдэнэд хэлэхэд Ц.Бат-Эрдэнэ бараа олсон нэг орос хүнээс авах боллоо гээд бичлэг явуулсан. Энэ бичлэгийг нь Б.******* лүү явуулсан. Б.******* хоёр хятад хүн авах юм гэж хэлсэн. Тэр хүмүүсээс нь мөнгө орж ирээгүй байна гэхээр нь би өөрийнхөө 14,900,000 төгрөгийг Ц.Бат-Эрдэнэ рүү шилжүүлсэн. Ингээд Ц.Бат-Эрдэнэ мөнгө нэмээд нөгөө орос хүнээс бараагаа авахаар болсон. Нэхэмжлэгч Б.*******д хятад иргэдээс 90,000 орчим юань буюу ойролцоогоор 39 сая орчим төгрөг шилжүүлсэн гэсэн. Ц.Бат-Эрдэнэ рүү түүний эгч Ц.Үүрийнтуяагийн дансаар 25,590,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Ингээд бараа олсон талаар хэлэхэд Б.******* орой хүрээд ирээч гэсэн. Ингээд очиж уулзахад бараагаа Замын үүд гаргаж өг тэгээд үлдэгдэл мөнгөө ав гэдэг зүйл ярьсан. Бид замын үүд гаргаж өгөх боломжгүй гээд тэгээд энэ ажил зогсож, Ц.Бат-Эрдэнэ бараагаа буцааж авч яваад орос хүнд нь буцаагаад өгчихсөн. Харин орос хүн нь мөнгийг нь Ц.Бат-Эрдэнэд буцааж өгөөгүй гэсэн гэв.
Хариуцагч Ц.Бат-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А.******* нь бараа олоод өгөөч гэж надаас асуусан. Юун хүн яагаад авах болсийн гэхэд Б.******* бараа олоод өгөөч, авах хятад хүмүүс байна гэж хэлсэн гэсэн. Ингээд би нэг орос танилаасаа авахаар болж зургийг нь А.*******д явуулсан. А.******* цаашаа Б.*******д явуулахад авъя гэсэн байсан. Б.******* нь над руу 25,590,000 төгрөг шилжүүлсэн. Тухай үед би өөрийн эгч Ц.Үүрийнтуяагийн картаар мөнгийг авсан. Энэ мөнгө нь Б.*******ийн мөнгө биш БНХАУ-ын иргэн Гунгаа, Лөөлөө нарын мөнгө. Иймд би энэ нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.
Бид бараагаа аваад уулзахад Б.******* нь задлаж харуул гэсэн. Мөн Замын үүд рүү гаргаж өг гэсэн. Бид ингэж чадахгүй тийм үүрэг байхгүй гээд бидний наймаа буцсан. Барааг би аваад ОХУ-ын иргэнд хүлээлгэж өгсөн боловч тэр хүн надад мөнгийг буцааж өгөөгүй. Тунгаа, Лөөлөө гэх хүмүүс мөнгөө авах хүсэл зориг байхгүй байхад ******* бид нараас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Ц.Үүрийнтуяа шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний Хаан банк дахь 5024922342 тоот дансыг төрсөн дүү болох Ц.Бат-Эрдэнэ ашиглаж байсан бөгөөд уг асуудал надтай огт хамаагүй гэжээ.
Хариуцагч нарын өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Гэрээний харилцаа эдгээр хүмүүсийн хооронд үүссээгүй. Нэхэмжлэгч нар болох цаад хүмүүс нь БНХАУ-ын иргэн бөгөөд тэдгээр хятад хүмүүст мөнгөө авах хүсэл зориг байхгүй. Мөн энэ мөнгөн ус нь хариуцагчийн хөрөнгө ч биш. ОХУ-ын иргэний өмч хөрөнгө юм.
Түүнчлэн мөнгөн усыг иргэд хооронд худалдаалах хуулийн зохицуулалт ч байхгүй тул хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн дансанд их хэмжээний мөнгө орж ирсэн байгаа нь энэ мөнгө нэхэмжлэгчийн мөнгө биш гэдгийг нотлох болно. Энэ худалдах, худалдан авах гэрээний харилцаа БНХАУ-ын иргэн болон иргэн Ц.Бат-Эрдэнэ нарын хооронд үүссэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч А.*******, Ц.Бат-Эрдэнэ, М.Үүрийнтуяа нарт холбогдуулан гэрээний үүрэгт төлсөн 25,590,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг мөнгөн усны органик химийн бодис худалдан авах гэрээнээс татгалзсан тул урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 25,590,000 төгрөгийг буцаан гаргуулана гэж тодорхойлсон.
Шүүх зохигч талуудын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар хангаж шийдвэрлэх хууль зүйн үндслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн ...А.*******өөс мөнгөн усны органик химийн бодис олоод өгөөч гэж санал тавьсны дагуу А.******* нь Ц.Бат-Эрдэнэ гэж хүнтэй холбож өгсөн тул түүний хэлсний дагуу Ц.Үүрийнтуяа гэх хүний данс руу 25,590,000 төгрөг шилжүүлсэн... гэх тайлбар, хариуцагч А.*******ийн ...Б.******* бараа олоод өгөөч гэсний дагуу Ц.Бат-Эрдэнэд хэлэхэд Ц.Бат-Эрдэнэ нэг орос хүнээс бараа авахаар боллоо гэсэн. Ингээд Ц.Бат-Эрдэнэ Б.******* нарыг холбож өгсөн... гэх тайлбар, Ц.Бат-Эрдэнийн ...А.******* бараа олоод өгөөч гэсний дагуу нэг орос хүнээс бараа олоод зургийг нь явуулсан. Нэхэмжлэгчээс нийт 25,590,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд орой нь бараагаа аваачиж өгөхөд барааг задлаж үзнэ мөн Замын үүд гаргаж өг гэсэн тул бид наймаагаа больж бараагаа аваад ОХУ-ын иргэнд буцааж өгсөн. Орос хүн бидэнд мөнгийг минь буцааж өгөөгүй. Мөн энэ мөнгө нь Б.*******ийн мөнгө биш. БНХАУ-ын иргэн Гунгаа гэх хүний мөнгө юм:... гэх тайлбар болон хэрэгт нотлох баримтаар авагдсан дансны хуулга зэрэг баримтуудаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, түүнийг хүлээн авсан нөхцөл байдал зэрэгт дүгнэлт хийж үзэхэд Б.******* болон Ц.Бат-Эрдэнэ нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа буюу мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан мөнгөн усын органик бодис худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Тус гэрээг байгуулсан үндэслэл, илэрхийлсэн агуулга, гэрээний зүйлийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ эсэхэд шүүх дүгнэлт хийх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1 дэх хэсэгт хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна гэж заасан байна.
Зохигчдын тайлбараар гэрээний зүйл нь мөнгөн усны органик химийн бодис байх бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагч Ц.Бат-Эрдэнэд түүний төрсөн эгч болох Ц.Үүрийнтуяагийн эзэмшлийн Хаан банкны 5024922342 дугаарын дансаар 25,590,0000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт дээр зохигчид маргаагүй. /хх-ийн 67 дугаар тал/
Монгол улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Жагсаалт батлах тухай /Монгол улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт, Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт/ тогтоолын 2 дугаар хавсралтаар мөнгөн усны органик ба органик бус нэгдлүүд нь Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодист хамаарч байна.
Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д Тэсэрч дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, устгах зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу олгоно гэж, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1., 5.6.3.-т тэсэрч дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, ашиглах, худалдах, устгах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ гэж тус тус заасан.
Иймд нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ц.Бат-Эрдэнэ нар нь мөнгөн усны органик химийн бодисыг худалдах, худалдан авах тусгай зөвшөөрөлтэй этгээдүүд биш байх тул тэдгээрийн хооронд хийгдсэн хэлцэл нь хууль зөрчсөн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зохицуулсан.
Иймд нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн 25,590,000 төгрөгийг хариуцагч Ц.Бат-Эрдэнээс буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Харин хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчдын хэн алиных нь тайлбараар Б.******* болон Ц.Үүрийнтуяа, А.******* нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Тодруулбал зохигчдын тайлбар болон нэхэмжлэгч Б.*******ийн эзэмшлийн Хаан банкны 5020453280 дугаарын дансны хуулга, хариуцагч Ц.Үүрийнтуяагийн 5024922342 дугаарын дансны хуулга зэрэг бичгийн баримтуудаар хариуцагч А.*******ийн хувьд Б.*******ийн мөнгөн усны органик химийн бодисыг худалдан авах саналыг Ц.Бат-Эрдэнэ дамжуулан хэлснээр Ц.Бат-Эрдэнэ тухайн зүйлийг худалдах хүсэл зоригоо А.*******өөр дамжуулан Б.*******д хүргүүлж, 2020 оны 11 сарын 16-ны өдөр хариуцагч Ц.Үүрийнтуяагийн 5024922342 тоот дансаар дамжуулан 25,590,000 төгрөгийг хүлээн авсан үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 5, 67 дугаар тал/
Иймд нэхэмжлэгч Б.*******ийн хариуцагч А.*******, Ц.Үүрийнтуяа нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Ц.Бат-Эрдэнэ нь энэ мөнгө нэхэмжлэгч Б.*******ийн мөнгө биш БНХАУ-ын иргэн Гунгаа гэх хүний мөнгө. Мөн нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан 25,590,000 төгрөгийг мөнгөн ус худалдаж авсан ОХУ-ын иргэн Колмаков.С.А гэх хүнд өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Тайлбараа нотлох зорилгоор Галт сайхан ХХК-тай байгуулсан гэрээ гэх баримтыг нотлох баримтаар өгсөн байна. /хх-ийн 44-45 дугаар тал/
Тус гэрээ нь Галт сайхан ХХК болон хариуцагч Ц.Бат-Эрдэнэ нарын хооронд байгуулагдсан байх бөгөөд гэрээний харилцаа тусгаарлах зарчмын хувьд тусдаа үүссэн иргэний эрх зүйн харилцаа гэж үзэхээр байна.
Хариуцагчаас энэ мөнгө нь БНХАУ-ын иргэн Гунгаа, Лөөлөө гэх хүмүүсийн мөнгө тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх бөгөөд хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн эзэмшлийн Хаан банкны 5020453280 дугаарын дансанд 2020 оны 11 сарын 16-ны өдөр 38,610,000 төгрөгийн орлого орсон үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 63 дугаар тал/
Харин энэ мөнгө орсон үйл баримтаар Ц.Бат-Эрдэнийг БНХАУ-ын иргэн Гунгаа, Лөөлөө гэх хүмүүстэй хэлцэл байгуулсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй бөгөөд бусад бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Б.*******ийг худалдах, худалдан авах гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч хариу тайлбараа өөрөө нотлох холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.
Хариуцагчийн тайлбарт дурдсан үйл баримтын тухайд мөн иргэний эрх зүйн харилцаа бүрийг тусгаарлах зарчмын хувьд нэхэмжлэгч Б.*******тэй БНХАУ-ын иргэд эрх зүйн харилцаанд орсон байж болох юм.
Харин энэ нь нэхэмжлэгч Б.******* болон хариуцагч Ц.Бат-Эрдэнэ нарын хооронд үүссэн хэлцлийг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн дурдсан татгалзлын үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шат эхлэхийн өмнө хариуцагч талаас тодорхойлолт гэх баримтыг гаргаж өгсөн бөгөөд энэ баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримт байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
Мөн хариуцагч талаас энэ баримтыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгөх, үзлэх хийлгэх зэрэг хүсэлт гаргах эсэхийг тодруулахад энэ талаар хүсэлтгүй гэсэн болохыг, мөн гэрч асуулгах хүсэлтээсээ татгалзсан болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3 дахь дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Бат-Эрдэнээс 25,590,000 төгрөгийг гаруулан, нэхэмжлэгч Б.*******д олгож, хариуцагч А.*******, Ц.Үүрийнтуяа нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ц.Бат-Эрдэнээс 285,900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА