| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 148/2022/00908/И |
| Дугаар | 001/ХТ2025/00051 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2025/00051
“ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 148/ШШ2024/00621 дүгээр шийдвэр,
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 208/МА2025/00001 дүгээр магадлалтай,
“ХБ” ХХК, Б.П нарын нэхэмжлэлтэй
МУТ-д холбогдох
Гэм хорын хохирол 1,000,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Б.П-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, прокурор Ш.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.“ХБ” ХХК болон Б.П нь МУТ-д холбогдуулан гэм хорын хохиролд 1,000,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 148/ШШ2024/00621 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 501 дүгээр зүйлийн 501.2, 505 дугаар зүйлийн 505.2, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т заасныг баримтлан Б.П болон “ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, МУТ-д холбогдох 1,000,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
3.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 208/МА2025/00001 дүгээр магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 148/ШШ2024/00621 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
4.Нэхэмжлэгч Б.П хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд зайлшгүй гаргаж өгөх баримтууд болох сэтгэл санааны хохирлын дүгнэлт, эрүүл мэндийн болон бусад нотлох баримтыг гаргуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Мөн миний бие энэ хэрэгт ганцаараа оролцож байгаа бөгөөд өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах шаардлага үүссэн ч анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд би ганцаараа оролцсон. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль хэрэглээгүйгээс гадна зөвхөн холбогдох нотлох баримт байхгүй гэдэг үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхгүйгээр шийдвэр гаргаж миний нотлох баримт гаргуулах эрхийг зөрчсөн. Нотлох баримт цуглуулахад төрийн байгууллагын хүндрэл байгаа нь шүүх шинжилгээний байгууллага, Хүний эрхийн Үндсэн хороо, Улсын ерөнхий прокурорын газарт хандсан зэргээс харагдаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэнтэй холбоотой нотлох баримтыг дахин бүрдүүлэх шаардлага үүссэн. Иймд хуулийг хэрэглээгүй давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, үлэмж хэмжээгээр хохирсон нэр төр, сэтгэл санаа, эрүүл мэнд, эд материал, олох байсан ашиг орлогыг маань харгалзан үзэж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Б.П-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.02.27-ны өдрийн 001/ШХТ2025/00234 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Б.П-н гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж үзэв.
7.Иргэн Б.П, хуулийн этгээд болох “ХБ” ХХК нь үндэслэлгүйгээр гэмт хэрэгт холбогдуулан шалгасны улмаас учруулсан хохирол 200,000,000 төгрөгийг төр хариуцах ёстой гэж үзэж нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ нэмэгдүүлж компанийн олох байсан орлого 100,000,000 төгрөг, нэр төрд учирсан хохирол 300,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 300,000,000 төгрөг, эрүүл мэндийн хохирол 300,000,000 төгрөг, нийт 1,000,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Б.П болон “ХБ” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт шалгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.23-ны өдрийн 2018/ШЦТ/216 дугаар цагаатгах тогтоол, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019.02.20-ны өдрийн 82 тоот тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгажээ.
Төрийг төлөөлөн оролцсон прокурор нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөөгүй ба нэхэмжлэгч нарыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгасан асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагдсан хууль ёсны ажиллагаа болохоос гадна нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй гэж маргасан байна.
8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо: “...нэхэмжлэгч нарт Эрүүгийн хуульд заасан “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан, уг хэргийг шүүх хэрэгсэхгүй болгож цагаатгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.3-т тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх үндэслэл үүсэхийг, мөн хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.2-т хуулийн этгээдийн орлогыг, 1.4-т мөрдөн байцаалт явуулах байгууллагын гаргуулсан эд хөрөнгө, орлого, эд зүйлийг нөхөн төлөхөөр заасан байх боловч албан тушаалтны ямар шийдвэр, үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаагаа явуулаагүй, олох байсан орлого 100,000,000 төгрөгөөр хохирсон, нэр төрд учирсан хохиролд 300,000,000 төгрөг, эрүүл мэндэд 300,000,000 төгрөгийн хохирол учирсан гэдгийг нэхэмжлэгч нотлоогүй, нэхэмжлэгчийн хүсэлтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилсон боловч “Б.П нь энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэрийн оролцогч байх, эсхүл хохирогч байх эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх гэсэн заалтад хамаарахгүй тул шинжилгээ хийх боломжгүй” гэсэн хариуг 2024.02.20-ны өдрийн 13/1216 дугаартай албан бичгээр ирүүлсэн, мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2024.05.29-ний өдрийн 548 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Б.П нь сэтгэцийн ямар нэг өвчингүй” гэсэн дүгнэлт гарсан байх тул сэтгэл санааны хохирол 300,000,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, нэхэмжлэгчээс хоол, бензин, эм тарианы зардалд 7,042,187 төгрөг зарцуулсан гэж мөнгөн дүнгийн жагсаалт, харилцах дансны хуулгыг гаргаж өгсөн боловч дансны хуулга дахь зарлагын гүйлгээ нь жагсаалтад дурдсан зардалд зарцуулсан гэдгийг нотлохгүй, шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэсэн дүгнэлт гаргасан...” гэсэн дүгнэлтийг хийсэн.
Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад хэвээр үлдээсэн.
9.Нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох эрх зүйн презумци нь иргэн бүрийг эрхийн үндэслэлгүй хязгаарлалтаас хамгаалах зарчим юм. Эрүүгийн гэмт хэргийг шалгах эрх бүхий байгууллагын ажиллагаа хууль зөрчөөгүй хэдий ч эцэст нь тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны эрх зүйн үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй болдог.
Өөрөөр хэлбэл, албан тушаалтны хууль бус үйлдэл, эс үйлдлээс гадна яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл шүүгдэгч, ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан бол учирсан хохирлоо шаардах эрхтэй байх учиртай.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах үүрэгтэй байна.
Энэ утгаар шүүх дээрх албан тушаалтны гэм буруутай хамааралгүй ажиллагаанаас учирсан гэм хорын асуудлыг эрх зүйн маргааны журмаар буюу нэхэмжлэлээр бус, хүсэлтээр, онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэдэг болно. Эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон, цагаатгагдсан нь маргаангүй үйл баримт бөгөөд харин хүсэлт гаргаж буй нэхэмжлэгч нь өөрт хохирол учирсан гэж үзвэл учирсан гэм хорын хэмжээг нотлох үүрэгтэй, шүүх гэм хорыг хэдий хэмжээгээр хангах эсэхийг шийдвэрлэнэ.
Гэм хор нь эрх бүхий этгээдийн хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаанаас ч учирсан байдаг тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэлээр энэ хэрэгт хариуцагчаар уг үйл ажиллагааг явуулсан этгээд оролцох үндэслэлгүй байдаг болно.
10.Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг МУТ-д холбогдох гэж, төрийг төлөөлөн оролцож буй прокурорыг хариуцагч гэж тодорхойлсноос үзэхэд хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх журмыг зөрчсөн, энэ тохиолдолд хяналтын шатны шүүх залруулах боломжгүй гэж үзэв.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.3-т зааснаар онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад бусад иргэн, хуулийн этгээдийн эрх хөндөгдсөн тохиолдолд тэдгээр нь гуравдагч этгээдээр оролцож болдгоос гадна мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцдог байна. Дээрх зохицуулалтын дагуу прокурор нь тухайн төрлийн хэрэгт гуравдагч этгээдээр оролцох боломжтой.
12.Түүнчлэн, үндэслэлгүйгээр гэмт хэрэгт шалгагдсаны улмаас сэтгэл санаанд учирсан гэм хор болон Иргэний хуулийн 511 дүгээр зүйл, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40-д заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэл санааны хохирол аль аль нь эдийн бус гэм хорд хамаарах бөгөөд шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулж, зохих дүгнэлт хийгээгүй байна.
Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 208/МА2025/00001 дүгээр магадлал, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 148/ШШ2024/00621 дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн гомдлыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч Б.П хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД