Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,  
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа
улсын яллагч Б.Батнасан,
иргэний нэхэмжлэгч О.Дамдинбазар
хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Дашням
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өнөржаргал
хохирогчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан
шүүгдэгч Ө.Нямдоржийн өмгөөлөгч М.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201607000182 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Монгол улсын харьяат, 1956 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 6-27 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа, шагнал байхгүй, Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 1984 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 174 дүгээр зүйлийн 174а дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай Жалайр овогт Өөдөсийн Нямдорж, ДЭ56070711 регистрийн дугаартай. 
Яллагдагч Ө.Нямдорж нь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг дэвсгэрт 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12 цагийн үед 22-73 УНЭ улсын дугаартай Исузу Элф 0 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а дахь хэсэгт заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн П.Бат-Эрдэнийн жолоодож явсан 20-71 УБЕ улсын дугаартай Киа Гранбирд маркийн хот хоорондын зорчигч тээврийн автобустай мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, иргэн Л.Дашнямын биед хүндэвтэр зэргийн гэмтэл, иргэн О.Дамдинбазарын биед хөнгөн зэргийн гэмтэл, иргэн Ж.Нармандахад 6.178.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХнь:


Шүүгдэгч Ө.Нямдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дэлгэр сумын нутагт нүүрсэнд явж байгаад авто осол гаргасан. Тухайн үед хоёр хүүхэдтэй хамт явж байсан. Тэгээд Цав шандын гуанз дээр зогсож архи уусан. Архи уучихаад машин жолоодож замын хөдөлгөөнд оролцож байгаад автобустай мөргөлдөж, осол аваар гарган өөрийн бие болон хамт явсан хоёр хүүхдийн биед хүндэвтэр ба хөнгөн гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Би 33 жил жолоо барьж байгаа. Ослын улмаас баруун талын хөл бэртэл авсан. Мөн 4 удаа хагалгаанд орсон. Одоо хөлийн өлмийн хурууны хэсэгт дахин хагалгаанд орно гэв. 
    
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Дашням шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ө.Нямдорж, О.Дамдинбазар нартай Дэлгэр сумын Хөв булгийн нүүрсний уурхай явсан. Ө.Нямдорж ах замдаа айлд бууж, 20-30 минутын дараа гарч ирсэн. О.Дамдинбазар ах бид хоёр машинаасаа буугаагүй. Ө.Нямдорж ах машинд суухдаа архи үнэртүүлсэн байсан. Дэлгэрийн хойт талын замаар явахдаа хурдаа ихэсгэж, багасгаж яваад байсан. Тэгээд урдаас автобус ирж байхад мөргөлдсөн. Миний баруун хөл 3 хугарсан, баруун гарын тохой бяцарсан, гурван удаа хагалгаанд орсон. Шүүгдэгчээс сүүлд 1.000.000 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй гэв.
Иргэний нэхэмжлэгч О.Дамдинбазар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Уг авто ослын улмаас миний зүүн гар хөлд бага зэргийн гэмтэл учирсан. Мөн толгой өвддөг болсон. Ө.Нямдорж ах мэдрэлийн эмчид үзүүлсэн мөнгө, эм тарианы мөнгө өгсөн. Одоогоор нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй эмчилгээний мөнгө нэхэмжлэх бодолтой байгаа боловч энэ талаарх баримт надад байхгүй. Эмнэлэгт хэвтсэн 360.000 төгрөгийг өгч, надад бэлнээр 100.000 төгрөг өгсөн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр Иргэний нэхэмжлэгч Ж.Нармандахын мэдүүлэг /хх31-32/, иргэний хариуцагч Ж.Ганбатын мэдүүлэг /хх44-46/, яллагдагч Ө.Нямдоржийн мэдүүлэг /хх207-208/, сэжигтэн Ө.Нямдоржийн мэдүүлэг /хх205-206/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх235/, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /94/, Ө.Нямдоржоос цус авсан тэмдэглэл /160/, 78 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх158-159/, 947 дугаартай үнэлгээний тайлан /хх183/
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяагийн хүсэлтээр: 389 дугаартай акт /хх110/, ял шалгах хуудас /хх225/, иргэний нэхэмжлэгч Ж.Нармандахын тайлбар /хх176/, шинээр гаргаж өгсөн баримтууд
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн хүсэлтээр: Шинжээчийн дүгнэлт /хх113-114/, шүүх хуралдаанд хохирогч талаас шинээр гаргаж өгсөн баримтууд зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалж үзлэг хийв.   
  Шүүгдэгч Ө.Нямдорж нь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг дэвсгэрт 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12 цагийн үед 22-73 УНЭ улсын дугаартай Исузу Элф 0 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а дахь хэсэгт заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн П.Бат-Эрдэнийн жолоодож явсан 20-71 УБЕ улсын дугаартай Киа Гранбирд маркийн хот хоорондын зорчигч тээврийн автобустай мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, иргэн Л.Дашнямын биед хүндэвтэр зэргийн гэмтэл, иргэн О.Дамдинбазарын биед хөнгөн зэргийн гэмтэл, иргэн Ж.Нармандахад 6.178.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 78 дугаартай “... 1. иргэн Ө.Нямдоржийн цусанд 2.3 хувь промиллийн спиртийн зүйл илэрлээ. 2. Дээрхи спиртийн зүйл нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №1 дугаартай шинжээчийн дахин дүгнэлт,  2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 388 дугаартай “...1. Иргэн Дашнямын биед баруун атгаал, баруун, зүүн шаант тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх113-114/, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 387 дугаартай “...1. Иргэн О.Дамдинбазарын биед тархи доргилт, духны баруун, зүүн талд, зүүн доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... ” гэх шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна. 
Шүүгдэгч Ө.Нямдоржид холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүхээс түүнийг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хөнгөн, хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Нямдоржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  хасч,   хорих ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчийн хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа болон учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байдал, шүүгдэгч урьд нь ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, 61 буюу өндөр настай, ослын улмаас хүнд зэргийн гэмтэл авсан эрүүл мэндийн байдал муу байгаа зэрэг хувийн байдлыг нь харгалзан хуульд зааснаар оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ө.Нямдорж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 
   Шүүгдэгч Ө.Нямдорж нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Дашнямын хохиролд 2.200.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Дамдинбазарын хохиролд 460.000 төгрөг, Ж.Нармандахын хохиролд 6.500.000 төгрөгийг төлсөн зэргийг дурьдаж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Дашням болон иргэний нэхэмжлэгч О.Дамдинбазар нар цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх үндэслэлтэй байна. 
    Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Дашням, иргэний нэхэмжлэгч О.Дамдинбазар, Ж.Нармандах нарт хохирол төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Ө.Нямдоржийн эзэмшилд байгаа 22-73 УНЭ улсын дугаартай ISUZU ELF 0 маркийн цагаан өнгийн бага оврын ачааны автомашиныг битүүмжлэлээс чөлөөлөх үндэслэлтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн №0876122 дугаартай татвар төлөгчийн гэрчилгээ, №01292733 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ДЭ56070711 регистрийн дугаартай цахим үнэмлэх зэргийг шийтгэх эзэмшигч нарт нь буцаан олгож, шүүгдэгчийн №66545 дугаартай жолоочийн үнэмлэхийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 
      
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жалайр овогт Өөдөсийн Нямдоржийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Нямдоржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ө.Нямдоржид ногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Ө.Нямдоржид ногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 3 сарын  хугацаагаар хянан харгалзаж засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь  Цагдаагийн газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5 дахь хэсгүүдэд зааснаар ялтан Ө.Нямдорж нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулах, мөн захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс ялтан нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ө.Нямдоржийн эзэмшилд байгаа 22-73 УНЭ улсын дугаартай “ISUZU ELF 0” маркийн цагаан өнгийн бага оврын ачааны автомашиныг битүүмжлэлээс чөлөөлсүгэй. 
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн №0876122 дугаартай татвар төлөгчийн гэрчилгээ, №01292733 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ДЭ56070711 регистрийн дугаартай цахим үнэмлэх зэргийг шийтгэх эзэмшигч нарт нь буцаан олгож, шүүгдэгчийн №66545 дугаартай жолоочийн үнэмлэхийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлөгдсөн, ялтан цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
10. Ялтан Ө.Нямдорж нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Дашнямын хохиролд 2.200.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Дамдинбазарын хохиролд 460.000 төгрөг, Ж.Нармандахын хохиролд 6.500.000 төгрөгийг төлсөн зэргийг дурьдаж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Дашням болон иргэний нэхэмжлэгч О.Дамдинбазар нар цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай. 
11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Нямдоржид  авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.МӨНХТУЛГА