Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 117

 

Б.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00522/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.ЭнхЖ- нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1046 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймгийн Орхон сумын 8 дугаар сургуульд холбогдох

“Дархан-Уул аймгийн Орхон сумын 8 дугаар сургуулийн захирлын 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн  Б/06 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдын давж заалдсан гомдлыг үндэслэн

          Шүүгч С.ЭнхЖ-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, хариуцагчийн төлөөлөгч О.Ч-, хариуцагчийн өмгөөлөгч П.БатЖ-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч Б.Т- түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд нараас:

Миний бие 1996 онд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг Багш, дасгалжуулагч мэргэжлээр төгсөөд тус ондоо Дархан-Уул аймгийн Орхон сумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургуульд Биеийн тамирын багшаар томилогдон ажиллах болсон. Тус сургуульд тасралтгүй 22 жил ажилласан.

           Миний бие ажиллаж байх хугацаандаа хамт олонтойгоо эв зүйтэй, ажлын үр дүнгээ дээшлүүлж, алдаа дутагдал гаргаагүй  ажиллаж байсан.

           Гэтэл сургуулийн захирал О.Ч- 2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн Б/06 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж намайг тус сургуулийн Биеийн тамирын багшийн ажлаас ямар ч үндэслэл шалтгаан заахгүйгээр чөлөөлөөд байна.

 Тус тушаал гарсан тухай надад 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр ажилдаа очиход захирлын өрөөнд дуудагдахдаа мэдэгдсэн бөгөөд захирал надад хандаж чамайг ажлаас халсан ажлаа хүлээлгэж өг гэсэн зүйл хэлсэн.

Ингээд миний бие яг ямар шалтгаанаар халагдаад байгаагаа сайн ойлгоогүй боловч сургалтын менежер Б.Ж-, нярав Д.З- нарт би ажлаа хүлээлгэж өгөөд нягтлан М-ээс нийгмийн даатгалын дэвтрээ авах үедээ буюу 2018 оны 04 дүгээр сарын 09-ний Б/06 дугаар тушаалыг гардан авч танилцсан.

Тушаалтай танилцахад учиргүй олон хуулийн заалт, дүрэм, журмын заалт барьсан боловч бичвэр хэсгийн 1 дэх заалтаар яг ямар зөрчил хэрхэн гаргасан болох, тус зөрчил нь тогтоогдсон эсэх зүйлийн талаар огт дурдаагүй Б.Т-ыг 2018 оны 04 дүгээр сарын 05-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсүгэй гэсэн ямар ч ойлгомжгүй зүйл бичсэн байсан.

Ингээд миний бие ажлаа хүлээлгэж өгөөд, тушаал шийдвэрээ авчаад яг ямар үндэслэлээр халагдсан болохоо мэдэхээр сургуулийн захирал, хамтарсан баг гээд байгаа зүйлийг толгойлдог сумын Засаг дарга Б.А-тай уулзахад засаг дарга танай сургуулийн захирал О.Ч-, Орос хэлний багш Ц-, Б.Т- чамтай холбоотой гомдол ирсэн, тэр гомдлын дагуу хуралдсан гэсэн зүйл ярьсан. Яг хэнд хандаж, хэний талаар, ямар асуудлаар өргөдөл гомдол ирснийг би тодорхой зүйл хэлээгүй.

Миний хувьд биеийн тамирын багш хүн, мөн олон сурагчдыг тэмцээн уралдаанд хол ойр авч явдгийн хувьд тэднийг сахилга баттай байлгах, элдэв эрсдэл аюулаас хол байлгах зорилгоор шавь нартай хандаж чанга дуугаар сануулах, буруу зөрүүг нь хэлэх, буруу зүйл хийхэд нь загнах тохиолдол байдгийг үгүйсгэхгүй энэ бүхэн бол миний ажлын онцлогтой холбоотой. Гэхдээ миний бие ямар нэг байдлаар ажлаас халагдах хэмжээнд зөрчил болохоор сурагчдын болон шавь нарынхаа эрх чөлөө, эрүүл мэндэд халдсан, мөн багшийн ёс зүйд харшлах үйлдэл огт гаргаагүй, гаргаж ч байгаагүй юм.

 Иймд миний бие О.Ч- захирлын Б/06 дугаартай Ажлаас халах тухай тушаалыг огт хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлгүй тушаал гэж үзэж байна. Миний бие тус сургуульд 22 жил тогтвор суурьшилтай ажиллаж ирсний хувьд амьдрал ахуй минь тус сургуультай салшгүй холбоотой билээ. Нийгэм эдийн засаг, иргэдийн амьдрал хэцүү энэ үед эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг жирийн нэгэн багш, төрийн албан хаагч намайг ажлаас үндэслэлгүй халсан захирал О.Ч-д маш их гомдолтой байна. Иргэн миний Үндсэн хуулиар хамгаалагдаж, Хөдөлмөрийн тухай хуулиар баталгаажсан үндсэн эрх болох хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авч бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймаг, Орхон сумын 8 дугаар сургуулийн захирал О.Ч-гээс:

Дархан-Уул аймаг, Орхон сумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн Захирал О.Ч- миний бие нэхэмжлэгч Б.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг шүүхэд гаргаж байна.

2018 оны 03 дугаар сарын 14-ны орой ажил тараад 18 цаг өнгөрч байх үед манай сургуулийн 9а ангийн сурагч М.Б-гийн ээж Ж.О-  багш Б.Т- сургууль дээр согтуу ирж миний охиныг гөлөг, шээс, эмэгтэй гэлтгүй шаана шүү гэх зэргээр хэл амаар доромжилж, бүр цохих гээд байсан гэж байна. Урьд өмнө нь машинаар тэмцээнд хүүхдүүд авч явахдаа миний охиныг матаач гэж загнасан байсан гэж ярьсан.

Тухайн өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан О.Чинбат руу утсаар залгаж ... наана чинь юу болоод байна, эцэг эхээс гомдол ирээд байна спорт зааланд ороод үзээдэх гэхэд бөхийн хүүхдүүд бэлтгэлээ хийж байна. Б.Т- багш согтуу ирсэн, зааланд матраасан дээр унтаж байна гэж хэлэхээр нь сургуулиас гаргаж явуул гэдэг үүрэг даалгавар өгсөн.

 Маргааш буюу 3 дугаар сарын 15-ны өдөр манай сургууль дээр аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтнүүд, эрүүл мэндийн газрынхан ажлаар ирсэн тул миний бие ажил ихтэй, сургууль ч хөл хөдөлгөөн их байсан. Тэр дундуур Б.Т- багшийг дуудаж уулзан ажлын байран дээр согтуу ирж сурагч Б-г хэл амаар доромжилсон талаар ээж Ж.О-гээс нь гомдол ирсэн талаар амаар мэдэгдэж, болсон асуудлыг асуухад надад ямар нэгэн тайлбар хэлээгүй.

2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 9а ангийн эцэг эхчүүд цугларч хүүхдийнхээ болон сургууль дээр болсон асуудлын талаар уулзалт ярилцлага хийхэд Ж.О- Б.Т- багшийгаа дууд гэсэн.

Нийгмийн ажилтан Б.Э- утас руу нь залгахад Дарханд машинаа засуулж байна, очих боломжгүй байна гэсэн байсан.

М.Б-гийн ээж Ж.О- нь 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр болсон асуудлын талаар багш Б.Т-т холбогдуулан надад буюу 8-р сургуулийн захиргаанд гомдол гаргасан байсны зэрэгцээгээр Дархан-Уул аймгийн Орхон сумын Хүүхэд, гэр бүл хамгааллын хамтарсан багт өргөдөл гомдол гаргаж, Монгол Улсын хэмжээний Хүүхдийн тусламжийн утас 108-д дуудлага мэдээлэл өгсөн байсан.

Багш Б.Т- нь 2016 онд ажлын байранд архи уусан зөрчил гаргаж ажлаас халагдаж байсан.

2017 оны 11 дүгээр сард мөн согтуугаар тус сургуулийн сурагч Б.Билгүүний өшиглөж цавь хэсгийг нь хөхрүүлсэн зөрчил гаргасан тул сургуулийн нийгмийн, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/43 дугаартай Захирлын тушаалаар багш Б.Т-т Хөдөлмөрийн тухай хуульд заасан сануулах сахилгын арга хэмжээ авсан.

Ажлын байран дээр согтуу ирдэг, согтуугаар сурагчаа зоддог, гар хүрдэг, хэл амаар доромжилдог үйлдлээ таслан зогсоохгүй, өөртөө дүгнэлт өгдөггүй, багшийн ёс зүйг баримталдаггүй багш Б.Т-ын хууль бус үйлдэл хэрээс хэтэрч зөрчил дахин давтагдах болсон.

Иймд багш Б.Т- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, мөн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул энэ хууль болон Сургуулийн дотоод журам, дүрэм, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хууль, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 41 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Багшийн ёс зүйн дүрэм зэрэг хууль тогтоомжийг тус тус баримтлан хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, 2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн Б/06 дугаартай захирлын тушаалаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв гэжээ.

 Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1046 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т-ын хариуцагч Дархан-Уул аймгийн Орхон сумын 8 дугаар сургуульд холбогдуулан гаргасан Дархан-Уул аймгийн Орхон сумын 8 дугаар сургуулийн захирлын 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/06 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

НЭГ. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбар зэргийг эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь бүрэн дүүрэн үнэлэлт дүгнэлт өгч чадаагүйн. Учир нь маргааны зүйл болж шүүхийн хяналтад ирсэн Дархан-Уул аймгийн Орхон сумын 8 дугаар сургуулийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дагуу хянахдаа хууль хэрэглээний болон маргааны зүйлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүйн улмаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн үндэслэлгүй шийдвэрийн улмаас нэхэмжлэгч Б.Т-ын үндсэн хуулиар хамгаалагдаж, Хөдөлмөрийн хуулиар баталгаажсан үндсэн эрх болох хөдөлмөрлөх эрх ноцтой зөрчигдөөд байна.

...... бодит байдал дээр захирлын 2018.04.04-ны өдрийн Б/06 дугаар тушаалд Б.Т- ямар хэлбэрийн ноцтой зөрчил гаргасан болох, тэрхүү зөрчлийг нь хэрхэн шалгасан тухай, зөрчил гаргасан нь тогтоогдсон эсэх талаар 1 ширхэг үсэг, үг, өгүүлбэр байдаггүй. Ноцтой зөрчлийг тогтоосон тухай нотлох баримт ч мөн хавтаст хэрэгт байдаггүй. Энэ байдал нь тус Орхон сумын 8 дугаар сургуулийн захирлын 2018.04.04-ны өдрийн Б/06 дугаар тушаал Архивын Ерөнхий газрын даргын 2009.07.07-ны өдөр батлагдсан, 2016.09.27-ны өдрийн А/89 дугаар тушаалаар өөрчлөлт орсон “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ын холбогдох заалтыг зөрчсөн материаллаг болон формаль эрх зүйн шаардлагыг бүхэлд нь хангаагүй эрх зүйн үр дагаваргүй тушаал гэдгийг нотолж байна. Уг зааврын 2.4.1-дэх хэсэгт тавигдсан шаардлагыг хангаагүй тушаалыг шүүх үндэслэлтэй гэж дүгнэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

ХОЁР. Ажил олгогч ажилтан нарын хоорондын харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан байдаг. Ажил олгогч санаачилга гаргаж ажилтныг ажлаас халах тохиолдол тус бүрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1- 40.1.7 дахь хэсгүүдэд зааж өгсөн байдаг. Хуулийн дээрх заалтыг ажил олгогч хэрэглэхдээ хууль хэрэглээний хэд хэдэн буюу 1 ба түүнээс дээш урьдчилсан нөхцөлийг бүрдсэн тохиолдолд хуулийн заалтыг хэрэглэх тухай заалт тус бүр дээр хуульчилсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөл бүрдсэн эсэх асуудал дээр анхан шатны шүүх хяналт тавьж хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэх замаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх учиртай байсан. Гэвч анхан шатны шүүх дээрх ажиллагааг хийгээгүйн улмаас хариуцагчийн тайлбарт хөтлөгдөж, хуулийн заалт болон хууль зүйн фактын талаар төөрөгдөж үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Дархан-Уул аймаг, Орхон сумын 8 дугаар сургуулийн захирал О.Ч- давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

..... Б.Т- ёс зүйгүй зүй бус үйлдлээ шаардлага тавьсан мэтээр ярьж байна. Хүүхдүүдийг олны өмнө доромжилж сэтгэл санааны хүнд дарамтад оруулж байгаа үлгэргүй байдал гаргаж удаа дараагийн үйлдэл гаргасан.  Боловсролын үйлчилгээ авч байгаа хүүхдүүдэд сэтгэл зүйн айдасгүй амар тайван орчинд суралцах эрхтэй. Гэтэл зөрчлийн хэргийн хуралдааны тэмдэглэлд сурагч Б-гаас өгсөн “согтуу байхад багшаасаа айдаг” гэсэн хариулт нь энэ хүнийг удаа дараа архи уудаг гэдгийг нотолж байгаа. Мөн хүүхдүүдийн өгсөн мэдүүлэгт 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр багш гуйвсан, нүүр нь улайсан, архи үнэртсэн гэж хэлж байгаа нь согтуу байсныг нь нотолдог. Олон хүүхэд архи ууж танхайрсан үйлдлийг нь хуулийн байгууллагад мэдүүлсэн байгаа нь хөдөлшгүй нотлох баримт болж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдол хуулийн үндэслэлтэй байх тул хангах нь зүйтэй.

            Нэхэмжлэгч Б.Т- нь Дархан-Уул аймгийн Орхон сумын 8 дугаар сургуулийн захирлын 2018 оны  04 дүгээр сарын 04-ний өдрийн  Б\06 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин  гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх  нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг  зөвшөөрөөгүй байна.

            Шүүх Б.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Б.Т- хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр \хэргийн 48 дугаар хуудасны ар тал\ Дархан-Уул аймгийн Орхон сумын 8 дугаар сургуульд биеийн тамирын багшаар  ажиллаж байсан, тус сургуулийн захирлын  2018 оны 04 дүгээр сарын 04-ний Б\06  тоот тушаалаар түүнийг  үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

            Шүүх зөвхөн Б.Т-ын гаргасан сахилгын зөрчлийн талаар дүгнэлтийг  хийсэн харин эрх зүйн актыг хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийгээгүйгээс шийдвэр  үндэслэл бүхий байх  хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

            Хэргийн үйл баримтаас үзэхэд багш Б.Т- 2018 оны 03 дугаар сарын  14-ны орой 17 цагийн үед сургуулийн биеийн тамирын зааланд согтуу  ирж  сурагчидтай  зүй бусаар харьцаж, аашилж загнасан зөрчил гаргасан, өмнө нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр А\43 тоот тушаалаар хөдөлмөрийн дотоод журам зөрчиж сануулах арга хэмжээ авагдаж байжээ.

            Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, багшийн ёс зүйн дүрэм зөрчсөн  эсэх талаар талууд маргаагүй болно.

            Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан нь хөдөлмөрийн харилцааны   дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний төлөө сахилгын хариуцлага хүлээдэг.

            Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагыг,  ажилтан Б.Т-ыг ажлаас халах  тушаалд ямар зөрчил гаргасны улмаас гэдэг үндэслэлийг тодорхой бичээгүй,  зөрчлийг  шалгасан талаар материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбарыг  аваагүй  учир  тушаал хуульд нийцээгүй, хуулийн шаардлага хангаагүй гэж маргасан.

            Хариуцагч нь ажилтны гаргасан дээрх зөрчилтэй холбоотой  нотлох баримтаар хүүхдийн тусламжийн утас 108-д хандсан  дуудлага тэмдэглэл \хэргийн 26 дугаар тал\, иргэн Ж.О-гийн сургуулийн захиргаанд гаргасан өргөдөл \хэргийн  34 дүгээр тал\, Г.Батзориг, н.Амарбаяр, Б.Орхон-Эрдэнэ, Г.Удвалцэцэг \хэргийн 49-52 дугаар тал\ нарын  бичгийг ирүүлсэн байна.

Харин Орхон сумын Хүүхэд гэр бүл хамгааллын гишүүд, сурагч С.Б-тай  уулзсан тухай 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн тэмдэглэл \хэргийн 21 дүгээр тал\, Зөрчлийн хэрэг бүртгэх материал \хэргийн 116-131 дүгээр тал\ болон бусад  нотлох баримтуудыг  шүүхээр  бүрдүүлүүлжээ.

Үүнээс үзэхэд ажил олгогч нь ажилтан Б.Т-ын гаргасан сахилгын зөрчлийг бүрэн шалгаагүй байхдаа түүнийг ажлаас халсан гэж үзэх үндэслэлтэй байна.

            Ажилтныг ажилд авсан болон халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд   баримталсан хуулийн зохицуулалт нь, хөдөлмөрийн гэрээг цуцлах хуульд заасан үндэслэлтэй  тохирч байх ёстой.

             2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн Б\06 тоот тушаалд “Монгол Улсын Засаг захиргаа , нутаг дэвсгэрийн нэгж,  түүний удирдлагын  тухай хуулийн  33 дугаар зүйлийн 33.5 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1 дэх заалт,   Хөдөлмөрийн тухай хуулийн  38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт,  Боловсролын тухай хуулийн  44 дүгээр зүйлийн 44.2.1, 44.4  дэх заалт, Бага, дунд боловсролын тухай хуулийн  22 дугаар зүйлийн 22.1.1 дэх заалт,  Хөдөлмөрийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.4  дэх заалт,  Багшийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.3, 2.1.6 дахь заалт,  Зөрчлийн тухай хуулийн 9.1.1 дэх заалт, Монгол Улсын засгийн газрын  2017 оны 01 дугаар албан даалгавар, сургуулийн дотоод журмын  9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалтыг тус тус үндэслэн Биеийн тамирын багш Б.Т-ыг 2018 оны  04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн  үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй.” гэж  хуулийн заалт бичсэн боловч үндэслэлийн талаар дурдаагүй байна.

            Эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа байгууллагын захиргаанаас гарч байгаа эрхийн актын хувьд захирлын тушаал нь утгатай, үндэслэлтэй, \бичвэр\  байх ёстой юм.

            Өөрөөр хэлбэл хэзээ, хаана, ямар  сахилгын зөрчил гаргасан байдлыг, ямар баримт материалд \хурлын тэмдэглэл\ үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж байгааг тушаалд дурдах ёстой.

            Гэтэл ажил олгогчийн тушаалд хуулийн заалтууд баримтлаад  ажлаас чөлөөлсөн нь ойлгомжгүй болжээ.

            Нэхэмжлэгч ажил олгогчийн дээрх тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Энэ тохиолдолд шүүх ажилтны гаргасан зөрчлийн талаар хариуцагчийн хүсэлтээр цуглуулсан нотлох баримтууд болон хариуцагч талын шүүхэд гаргасан  баримтуудыг үнэлж үзээд энэ тушаалын үндэслэлд нийцэж болохоор зөрчил гаргасан байна гэж дүгнэж тушаалыг үндэслэлгүйд тооцох боломжгүй юм. 

            Ийнхүү үндэслэлгүй тушаал хүчингүй болсноор хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох эрх зүйн үр дагавар байхгүй болж, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны  олговор олгох үр дагавар бий болж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Орхон сумын 8 дугаар сургуулийн захирлын  Б\06 тоот  тушаалыг хүчингүй болгож, Б.Т-ыг эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан  хугацаанд  авах ёстой байсан цалин 5.135.724 төгрөг гаргаж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.                       

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1046 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.2-т  заасныг баримтлан  Дархан-Уул аймгийн Орхон сумын 8 дугаар сургуулийн  захирлын  2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн Б\06 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Т-ыг биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 5.135.724 төгрөгийг хариуцагч Дархан-Уул аймгийн Орхон сумын 8 дугаар сургуулиас гаргаж, Б.Т-т олгож, ажилтны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийхийг даалгасугай.” ,

Тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид  97.122 төгрөг гаргуулж ,төрийн сангийн  орлогод оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. Гэж тус тус өөрчлөлт оруулж,  шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж  төлөөгүй болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

                                   

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.НАРАНГЭРЭЛ

                                                                 ШҮҮГЧИД                                     С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                                       С.ЭНХЖАРГАЛ