| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2020/04308/И |
| Дугаар | 184/ШШ2021/03331 |
| Огноо | 2021-12-13 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 184/ШШ2021/03331
|
2021 12 13 |
184/ШШ2021/03331 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: **** ******* овогт *******гийн *******/РД-/-ийн,
Хариуцагч: ******* ******* ******* ******* овогт гийн /РД-/-ад холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний зүйлийн үнэ болох 60.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, мөн оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *****/ШТЭҮ-/ цахимаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, хариуцагчийн өмгөөлөгч ****/ШТЭҮ-/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Галмандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одзаяа нэхэмжлэлийн тодруулсан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С. нь 2017 оны 05 сард надтай холбоо барихдаа цэвэр усны үйлдвэр хамтарч ажиллуулах санал тавьсан. Ингэхдээ үйлдвэр байрлаж байгаа газар нь цахилгааны эх үүсвэргүй учир намайг цахилгаан үүсгүүрийн тоног төхөөрөмж нийлүүлэхийг хүссэн. Би ч хүсэлтийнх нь дагуу ХХК, Ач-ОчирХХК гэх компаниас дизель генератор, түүнийг байрлуулж тээвэрлэх чиргүүл, 10КВ-ын хуурай трансформатор 2 ширхэгийг, тоног төхөөрөмжийг ажиллуулахад шаардлагатай холбогч, түлшний банк, аккумулятор, тосоол шингэн зэргийг өөрийн мөнгөөр худалдан авч усны үйлдвэр байрлаж буй газар болох Тэрэлж рүү УБТ улсын дугаартай тусгай тоноглолын ачааны машинаар хүргүүлж С.ын талд хүлээлгэн өгсөн ба энэ тухай дүрс бичлэг хийж хадгалсан байгаа. Гэтэл С. хамтран ажиллах гэрээг баталгаажуулаагүй бөгөөд улмаар намайг нийлүүлсэн тоног төхөөрөмжийн мөнгийг нэхэхэд өгнө... гэж хариулдаг боловч өгөлгүй өнөөг хүрсэн. Иймд дизель генератор 1 ком, түлшний банк 1 ширхэг, 60 ампертай аккумулятор 2 ширхэг, аккумулятор холбогч 1 ширхэг, тосол 20 литр, шингэн 20 литр, дизель генераторыг байршуулж ашиглахад зориулж тусгайлан хийлгэсэн чиргүүлийн үнэ 28.000.000 төгрөг, 10КВ/киловаттын/ хуурай трансформатор 2 ширхэг 32.000.000 төгрөг, нийт 60.000.000 төгрөгийг С.аас нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү гэжээ. Х.*******аас С.ад цахилгаан үүсгүүрийн тоног төхөөрөмжийн үнийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна. Нийт 60.000.000 төгрөгийн тоног төхөөрөмжийг дагалдах хэрэгслийн үнийн хамт С.ад худалдсаныг баримтын дагуу үнийг нэхэмжилж байна гэжээ. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт Х.******* нь С. тоног төхөөрөмжийн үнэ болох 60.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргадаг. Тус тоног төхөөрөмж болон дагалдах хэрэгслүүдтэй хамт Х.******* нь С.ад 2017 оны 06 дугаар сарын эхээр хүлээлгэж өгсөн бөгөөд С. нь цэвэр усны үйлдвэр ажиллуулах зорилгоор дээрх тоног төхөөрөмжүүдийг авсан болно. С. ямар ч хуурай трансформатор, дизель генератор байхгүй газар үйлдвэр байгуулах гэж байсан тул Х.*******ад хандаж тоног төхөөрөмжүүд авах шаардлагатай байна гэж санал болгосны дагуу Х.******* нь усны үйлдвэр болох Тэрэлжид байрлах газарт өөрийн ажилтан Т.Пүрэвдорж, А.Сугаржав нараар тоног төхөөрөмжүүдийг С.ын үйлдвэрт хүргүүлсэн бөгөөд, Т.Пүрэвдорж, А.Сугаржав нар ийнхүү хүргэж өгснөө баталж бичлэг хийж, тоног төхөөрөмжүүдийг ажиллуулах зааварчилгааг өгсөн байдаг. С.ын хувьд тоног төхөөрөмжүүдийг буцааж өгсөн гэдэг боловч үүнийгээ зөвхөн аман байдлаар тайлбарладаг, баримтаар нотолдоггүй. 2019 оны байдлаар С. нь мөнгө төлнө гэдгээ аман байдлаар утсаар хэлж, ярьдаг байсан. Тухайн үед талуудын хооронд бичгээр хийсэн баримт бичиг байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагын зүйл болох тоног төхөөрөмж болон дагалдах хэрэгслийн үнийг тодорхойлсон зарлагын баримтыг хавсаргадаг тул хуульд заасны дагуу С. худалдах худалдан авах гэрээний үүрэгт 60.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Тухайн үед манай зүгээс Т.Пүрэвдорж, А.Сугаржав гэх хүмүүс тоног төхөөрөмжүүдийг С.ын талд хүлээлгэж өгч байсан үйл баримтыг үзлэгээр тогтоосон байгаа. Гэтэл хариуцагч талаас тоног төхөөрөмжүүдийг Алтаргана хотхон-ы хашаанд буулгаж орхисон бид хүлээж аваагүй гэх тайлбарыг гаргаж байна. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлээд явж байхад хариуцагч талаас тоног төхөөрөмжийг огт хүлээж аваагүй гэх тайлбарыг гаргаж байж байгаад сүүлд авсан гэж тайлбараа өөрчилдөг. Хүний эд хөрөнгийг тодорхой хугацаанд авч, хэрэглэж ашиглаж, шамшигдуулсан тохиолдолд заавал төлбөр төлөх ёстой байхад хариуцагч тал бид хүлээж аваагүй, ашиглаагүй гэх тайлбар гаргаж байгаа явдлыг хариуцлагагүй үйлдэл гэж үзэж байна. Хүний эд хөрөнгийг шинээр нь авч ашиглачихаад 2, 3 жилийн дараа буцааж өгчхөөд түүнийгээ бүрэн бүтнээр нь хүлээлгэж өгсөн гэх хариуцагч талын тайлбарыг үндэслэлгүй, хариуцлагаас зайлсхийж байна гэж үзэж байна гэв.
Хариуцагч С.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, хариуцагч С.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэрэлтуяа шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С. нь Х.*******ийн нэхэмжилсэн 60.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх бодит боломжгүй бөгөөд түүний нэхэмжлэлийн шаардлага болон бодит үндэслэлгүй байна. Иргэн Х.*******ын гаргасан нэхэмжлэлд С. нь иргэн Х.*******ыг цэвэр усны үйлдвэр хамтарч ажиллуулах санал тавихад Х.******* нь зөвшөөрсөн гэх, мөн үйлдвэр байрлаж байгаа газар цахилгааны эх үүсвэргүй тул С. нь цахилгаан үүсгүүрийн тоног төхөөрөмж нийлүүлэхийг Х.*******аас хүссэн гэсэн баримтгүй, үндэслэлгүй зүйлс бичжээ. Мөн X.Цогнойжамц нь нэхэмжлэлийн тайлбартаа би С.ын хүсэлтийн дагуу ХХК, Ач-Очир ХХК гэдэг компаниас дизель генератор, түүнийг байрлуулж тээвэрлэх чиргүүл, 10КВ-ын хуурай трансформатор 2 ширхэгийг, тоног төхөөрөмжийг ажиллуулахад шаардлагатай холбогч, түлшний банк, аккумлятор, тосол, шингэн зэргийг өөрийн мөнгөөр худалдан авч усны үйлдвэр байрлаж буй газар болох Тэрэлж рүү УБТ улсын дугаартай тусгай тоноглолын ачааны машинаар хүргүүлж С.ын талд хүлээлгэн өгсөн мэт баримтгүй зүйлс бичсэн байна. Нэхэмжлэгч нь дээрх тоног төхөөрөмжүүдийн үнийг ямар учраас С.аас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй, нэг ч баримтгүй байна. Түүний нэхэмжлээд буй мөнгөн дүн хэрхэн гарч ирсэн болон ямар үнэлгээтэй, одоо хаана байгаа, хэний өмчлөлд байгаа зэргээ тодруулахгүйгээр учир битүүлгээр хүнээс мөнгө нэхсэн нь ойлгомжгүй байна. Иймд Х.*******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хуулийн болон бодит үндэслэлгүй гэж үзээд бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Хариуцагч С. Тэрэлж гэх газарт усны үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх болсон бөгөөд үүнийг нэхэмжлэгч Х.******* сонсоод хамтран ажиллая гэх саналыг тавиад тухайн тоног төхөөрөмжүүдийг усны үйлдвэр барих гэж буй газар буулгачхаад явсан байдаг. Х.******* нь С.тай хамтран ажиллах эсэх асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад авч ирсэн тул С. нь Х.*******ийн тоног төхөөрөмжүүдийг буцааж хүлээлгэж өгсөн. Ийнхүү хүргэж өгөхдөө Х.*******ийн барьсан Алтаргана хотхон-ы хашаанд очиж харуул, манаачид нь хэлээд тоног төхөөрөмжүүдийг буулгаж өгөөд явсан. Харин талуудын хооронд ямар нэгэн байдлаар худалдах худалдан авах харилцаа, тоног төхөөрөмжүүдийг авах талаар тохиролцсон, өгч авалцсан зүйл байхгүй бөгөөд С. нь тоног төхөөрөмжүүдийг огт ашиглаагүй, элэгдэл хорогдолд оруулахгүйгээр тоо ширхэгийнх нь дагуу буцааж өгсөн. Энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч тал тухайн тоног төхөөрөмжүүдийг өөрсдөө Тэрэлж гэх газарт буулгасан бөгөөд буцаагаад ирээд ав гэх шаардлагыг хүлээж авалгүй, тоног төхөөрөмжүүдийг ирж авахгүй байсан учраас хариуцагч талаас хүргэж өгсөн байдаг. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн ярьж байгаа шиг тоног төхөөрөмжүүдийг ямар нэгэн байдлаар ашигласан зүйл байхгүй бөгөөд тоног төхөөрөмжүүдийг огт ашиглахгүйгээр, ямар ч элэгдэл хорогдолд оруулахгүйгээр буцаан хүргэж өгсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч С.ад холбогдуулан 60.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 60.000.000 төгрөг буюу маргаан бүхий зүйлийн үнийг гаргуулах болгон өөрчилсөн.
Нэхэмжлэгч тал хариуцагч С. 2017 оны 05 сард Тэрэлжид цэвэр усны үйлдвэр байгуулж хамтарч ажиллуулах санал тавьж уг үйлдвэр байрлах газар тог цахилгаангүй учир цахилгаан үүсгүүрийн тоног төхөөрөмж нийлүүлэхийг хүссэний дагуу ХХК, Ач-Очир ХХК гэх компаниудаас 10КВ-ын хуурай трансформатор 2 ширхэгийг нэг бүрийн үнэ 16.000.000 төгрөгөөр, мөн дизель генератор комплексоор нь, тоног төхөөрөмжийг ажиллуулахад шаардлагатай түлшний банк, 60А-ын аккумулятор, аккумулятор холбогч, тосоол, шингэн тэднийг байрлуулж тээвэрлэх чиргүүл зэргийг 28.000.000 төгрөгөөр, нийт 60.000.000 төгрөгийн өөрийн хөрөнгөөр худалдан авч Тэрэлжид усны үйлдвэр байрлаж буй газарт УБТ улсын дугаартай тусгай тоноглолын ачааны автомашинаар Т.Пүрэвдорж, А.Сугаржав нар С.ын талд хүлээлгэн өгснийг дүрс бичлэгээр баталгаажуулсан байгаа, С.тай хамтран ажиллах гэрээг баталгаажуулаагүй боловч нийлүүлсэн тоног төхөөрөмжийн мөнгийг нэхэхэд өгнө гэсээр өнөөг хүрсэн тул 60.000.000 төгрөгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийн үнийг худалдсан баримтын дагуу нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй гэж тайлбар гаргаж байна.
Хариуцагч тал С. нь Х.*******ийн нэхэмжилсэн 60.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх бодит боломжгүй, маргаан бүхий Х.*******ын Тэрэлж гэх газар буулгасан тоног төхөөрөмжүүдийг С. нь түүний барьсан Алтаргана орон сууцны хотхон-ы барилгын бараа материал бүхий хойд талын хашаанд харуул, манаачид нь хэлж буцаан буулгаж хүлээлгэн өгсөн, талуудын хооронд ямар нэгэн байдлаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа, тоног төхөөрөмжүүдийг авах талаар харилцан тохиролцсон, өгч авалцсан зүйл байхгүй, С. нь тоног төхөөрөмжүүдийг ирж ав гэхэд аваагүй тул хариуцагч талаас огт ашиглаагүй, элэгдэл хорогдолд оруулахгүйгээр тоо ширхэгийнх нь дагуу буцааж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэж татгалздаг.
Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээ амаар болон бичгээр байгуулагдсан, хэн аль нь маргааны 8 нэр төрөл бүхий тоног төхөөрөмжийг худалдах худалдан авахаар хүсэл зоригоо илэрхийлж, хүсэл зоргийн илэрхийллийг талууд хүлээж авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч тал нь маргаан бүхий цахилгааны тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийг 60.000.000 төгрөгөөр худалдах, нөгөө тал уг үнийг төлж өмчлөлдөө авахаар хэлэлцэн тохиролцсон гэх тохиролцоо тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгч тал нь худалдах, худалдан авах талаар тохиролцсон гэх байдлыг хавтаст хэргийн 5-6 дугаар талд авагдсан 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн огноотой худалдагч Ач-Очир ХХК болон худалдан авагч С. нарын дунд хийгдсэн гэх 10КВ-ын хуурай трансформатор 2 ширхэг нэг бүрийн үнийг 16.000.000 төгрөгөөр тохиролцон худалдан авсан гэх Зарлагын баримт, мөн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн огноотой худалдагч ХХК болон худалдан авагч Х.******* нарын хооронд хийгдсэн гэх дизель генератор комплексоор нь, тоног төхөөрөмжийг ажиллуулахад шаардлагатай түлшний банк, 60 амперын аккумулятор 2 ширхэг, аккумулятор холбогч, тосоол 20 литр, шингэн 20 литр, тэднийг байрлуулж тээвэрлэх зориулалт бүхий чиргүүл зэргийг нэг бүрийн үнэ тодорхойгүй боловч 7 нэр төрлийн тоног төхөөрөмжийг 28.000.000 төгрөгөөр тохиролцон худалдан авсан гэх Зарлагын баримт-уудад үндэслэн нэхэмжилжээ.
Уг зарлагын баримтуудаас 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28.000.000 төгрөгийн баримт дээр худалдан авагч Х.******* гарын үсэг зурж хүлээн авсан тухай тэмдэглэгдсэн. Нөгөө зарлагын баримт дээр худалдан авагч буюу хүлээн авагч дээр хэн ч гарын үсэг зураагүй буюу С. ч гарын үсэг зураагүй байдаг.
Гэвч уг зарлагын баримтад үндэслэн нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй, худалдагч ХХК болон Ач-Очир ХХК нар зохигч талуудад худалдсан талаар баримтад тусгагдсан түүнчлэн ямар хамааралтай болох нь тодорхойгүй, Х.******* хувиасаа 60.000.000 төгрөг гаргасан, үнийг төлсөн талаар нотлох баримтгүй байна.
Талуудын тайлбар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаас үзвэл талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа бус гүний худаг ухаж ундны усны зориулалтай ус гарган авч цэвэршүүлсэн ундны усны үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагаа явуулж ашиг олох зорилготойгоор хамтран ажиллах гэрээний агуулгатай харилцаа үүссэн гэх үйл баримт тогтоогдов.
Талууд тохиролцооны үндсэн дээр нэхэмжлэгч тал тог цахилгааны үүсгүүртэй холбоотой маргаан бүхий тоног төхөөрөмжөөр хамтран ажиллах гэрээний хураамж төлжээ.
Шүүхээс тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Тэрэлжид байрлах үйлдвэрлэл явагдсан гэх газарт үзлэгийн ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр явуулахад маргаан бүхий төхөөрөмжүүд үзлэгийн газарт байхгүй байсан боловч уг газарт гүний худгийн зориулалтаар өрөмдлөгийн ажил болон тодорхой ажил хийгдэж байсан болох нь тогтоогддог.
Гэвч үзлэг хийх байдлаар тоног төхөөрөмжийн чанар байдал, ашиглалтын байдлыг тогтоох боломжгүй.
Нэхэмжлэгч тал маргаан бүхий тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэл явуулахад ашигласан чанар байдлыг дордуулсан буцааж хүлээлгэн өгөөгүй гэж, хариуцагч тал ашиглаагүй буцааж өгсөн гэж маргадаг, энэ байдлаа нотлуулахаар тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч ороцуулахад гэрч Т.Пүрэвдорж, А.Сугаржав нар маргаан бүхий тоног төхөөрөмжийг Тэрэлжид өөрийн Хино маркийн УБТ улсын дугаартай өргөгч автомашинаар хүргэж өгч контейнерт хадгалуулан хэрэглэх зааварчилгааг өгсөн гэх мэдүүлэг, гэрч А.Сугаржав тоног төхөөрөмжүүд анх өгөхөд шинэ, буцааж авахад өнгө үзэмж алдагдсан, дагалдах тоног төхөөрөмжүүд дутуу, хөдөлгүүрийн шингэнгүй, асахгүй байдалтай ашиглах боломжгүй байсан талаар мэдүүлдэг бол гэрч С.Чимэдгаадан тоног төхөөрөмжийг огт ашиглаагүй, гаднаас хархад шинэ тоног төхөөрөмж байсан, хадгалалтын улмаас тоос шороо их байсан талаар, Тэрэлж дэх үйлдвэрлэлийн газар дээр худаг ухахад ухсан хүмүүс нь өөрсдөө тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэйгээ ирж, ажил гүйцэтгэсэн учраас маргаан бүхий тоног төхөөрөмжийг дагалдах хэрэгслийн хамт байгаа чигээр нь С.Ганбаярын хамт 2018 оны 10 дугаар сарын эхээр Х.*******ын барьсан гэх компанийн Алтангана хотхон-ы ар талын хашаанд буцааж хүлээлгэн өгсөн талаар мэдүүлдэг./Хавтаст хэргийн 118-119, 130-132, 133-135 дугаар тал/
Дээрх гэрчүүдийн мэдүүлгүүдээс гадна 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн нэхэмжлэгч талаас гарган өгсөн гар утасны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар маргаан бүхий тоног төхөөрмжийг Тэрэлжид анх буулгаж, буцаан Алтаргана хотхон-ы арын хашаанд авч ирж буулгасан гэх үйл баримтууд тогтоогдож байна./Хавтаст хэргийн 171-173 дугаар тал/
Харин тус тоног төхөөрөмжийн ашигласан байдал, одоо ямар байдалтай байгааг талууд үзлэг хийлгэх, ашиглах боломжтой эсэх талаар шинжээч томилуулах тухай хүсэлт гаргаагүй тул маргаж буй тоног төхөөрөмжийн ашигласан эсэх талаарх үйл баримтыг гэрч нар зөрүүтэй мэдүүлсэн тул тогтоох боломжгүй.
Нэхэмжлэгч тал хариуцагч талаас хамтран ажиллах гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага бус худалдах худалдан авах гэрээний зүйлийн үнэ төлүүлэх үүргийг хариуцагчаас шаардаж байх ба үнийг төлөхийг шаардаж байсан болох нь тогтоогдохгүй байхын зэрэгцээ, нэхэмжлэгч гэрээний зүйлийг буцаан авсан үйл баримт тогтоогдож байх тул дахин түүний үнэ 60.000.000 төгрөгийг буцаан шаардах үндэслэлгүй. Түүнчлэн талууд хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй.
Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч тал худалдах худалдан авах гэрээний үүрэгт шаардлага гаргах эрхээ нотлоогүй гэж үзэхээр байна.
Талууд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6-д зааснаар худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн биет байдлын доголдолтой гэж үзэж байгаа бол биет болон эрхийн доголдолтой эд хөрөнгөөс үүсэх шаардлага болон гэрээ цуцлах талаар гомдлын болон баталгаат хугацаатай холбоотой шаардлага гаргах эрхээ 6 сарын дотор хэрэгжүүлээгүй байна, түүнчлэн биет байдлын доголдолтой хүлээлгэн өгсөн талаар 2018 оны 10 сард мэдсэн гэж үзэхээр байна.
Иймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.ад холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт гэрээний зүйлийн үнэ 60.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэв.
Харин зохигч талууд болон тэдний байгуулсан компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх байдлаар дахин нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхэд уг шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Х.*******ын хариуцагч С.ад холбогдох худалдах худалдан авах гэрээний зүйлийн үнэ болох 60.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт заасан хугацаа буюу 14-28 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРМАА