| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
| Хэргийн индекс | 131/2023/01000/И |
| Дугаар | 001/ХТ2025/00061 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2025/00061
Х.Д-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 131/ШШ2024/00856 дугаар шийдвэр,
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 213/МА2025/00001 дүгээр магадлалтай,
Х.Д-ын нэхэмжлэлтэй
Г.Б, Б.Б нарт холбогдох
21 тооны үхрийн үнэ 14,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Г.Б, Б.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.У, хариуцагч Б.Б, хариуцагч Г.Б-ын итгэмжлэгдэн төлөөлөгч П.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.Д нь хариуцагч Г.Б, Б.Б нарт холбогдуулан 21 тооны үхрийн үнэ 14,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
2.Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 131/ШШ2024/00856 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Д-ын хариуцагч Г.Б, Б.Б нарт холбогдох 24 тооны үхрийн үнэ 14,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Д-ын хариуцагч Г.Б, Б.Б нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3.Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 213/МА2025/00001 дүгээр магадлалаар: Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 131/ШШ2024/00856 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Б, Б.Б нараас 12,300,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Боо, Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамж 211,750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Д-д олгосугай” гэж тус тус өөрчилж , шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4.Хариуцагч Г.Б, Б.Б нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг үндэслэн хэргийг шийдсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ. Хариуцагч нар нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг үндэслэн маргасан, нэхэмжлэгч нь маргаан бүхий малын эзэн биш учир эзэнтэй гэрээ хийнэ, өвөл онд орж чадахгүй үхэж үрэгдвэл хэн хариуцах, мөн өвс тэжээлийн талаар ч ярилцана. Нэхэмжпэгч Х.Д малын жинхэнэ эзэн биш тул хэлцэл хийх эрхгүй гэж шүүх хурал дээр тайлбарлаж маргасан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар Х.Д нь хэлцэл хийх эрхгүй этгээд бөгөөд шаардлагаа тавьсан, малын жинхэнэ эзнийг дагуулан ирж гэрээгээ хийгээрэй гэж хэлсэн. Иймд хариуцагч нар хариуцлага хүлээхгүй талаар тайлбарлаж маргаад байхад шүүх нь хуулийг буруу тайлбарлахаас гадна хариуцагчийн татгалзалыг авч үзээгүй. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй юм. Үүнээс үзэхэд шүүх нь гэм хорын нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэж байгаа бөгөөд нэхэмжпэлийн шаардлагын хүрээнд хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй гэрээний үүргийг үндэслэж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэхээр байна.
4.1.Нэхэмжпэгч нь хариуцагч нарыг эрүүгийн шугамаар шалгуулж, улмаар хариуцагч нар гэм буруугүй болох нь нотлогдсон прокурорын тогтоол гарсан болохыг хэргийн материалд хавсаргаж өгсөн байдаг. Үнэхээр хариуцагч нар гэм буруутай бол эрүүгийн шугамаар тогтоож гэм буруугийн асуудлыг шийдэх байсан. Гэм хорын нэхэмжлэл нь шалтгаант холбоогүй бөгөөд хариуцагч нар нь хариуцлага хүлээх үндэслэлгүй.
4.2.Нэхэмжлэгч нь хэргийн материалд тухайн маргаан бүхий мал өөрийнх нь мал болохыг нотлож чадаагүй, хариуцагч нь давж заалдах шатны шүүх хурал дээр нэхэмжлэлийн үндэслэл болсон нотлох баримт буюу “Э” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь үндэслэлгүй, ямар баримт дээр үндэслэж дүгнэлт гаргасан талаарх баримт хэргийн материалд хавсаргаж өгөөгүй талаар маргасан. Давж заалдах шатны шүүх магадлалаа гаргахдаа нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэх, хуулиар үүсэх шаардлага уу, гэрээгээр үүссэн шаардлага уу, тус хэлцэл хийгдсэн гэж үзэж байгаа бол хүчин төгөлдөр гэрээний шаардлага хангасан уу эсэх дээр хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Магадлал нь ИХШХШТХ-ын 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т заасан “шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, “шүүх шийдвэрээ гаргахдаа нотлох баримт дээр үндэслэж гаргана” гэсэн хуулийн тусгай шаардлагуудыг зөрчсөн” гэжээ.
5.Хариуцагч Г.Б, Б.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.03.06-ны өдрийн 001/ШХТ2025/00238 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6.Хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.
7.Нэхэмжлэгч Х.Д хариуцагч Г.Б, Б.Б нарт холбогдуулан 14,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...2020 оны 10 сард Б.Б, Г.Б нарт 21 тооны үхрээ маллуулахаар болж 2020.10.23-нд дүү н.С-ээр туулгаж хүргүүлсэн. Г.Б-оос сарын хөлс хэд вэ гэхэд тэр яах вэ болох байх гэж хэлсэн тул хавар малаа авахад нэг мөсөн хөлс авах юм байна гэж бодсон. Цагаан сарын дараа Б.Б“танай нэлээн хэдэн үхэр үхсэн гэхээр нь хэлэхгүй яасан юм бэ өвс явуулах байсан юм, ...зургийг харж л баталгаажуулна шүү” гэж хэлсэн. Түүнээс хойш 4 сард Б.Б Ө-с нүүж орж ирээд танайхаас 4-5 үхэр үлдсэн гэхээр нь зургийг нь харъя гэсэн чинь хоёр үхрийн зураг үзүүлсэн түүнээс хойш бидний дунд маргаан үүссэн. Тус сумын иргэн М.С гэх хүн 2021 оны 10 сард манай нөхөртэй таараад “Б.Б, Г.Б нарыг А аймаг руу тууж гаргасан үхрүүд дотор танай үхэр байсан” утгатай юм ярьсан байсан тул 2021 оны 12 сард цагдаагийн байгууллагад гомдол гаргахад хэргийг хоёр жил шахам шалгаад “хэрэг бүртгэлтийн хэргийг хаах” тухай тогтоолыг надад хүргүүлсэн.
Иймд Г.Б, Б.Б нарт хүлээлгэн өгсөн 24 тооны үхрээс 1 үхрийг идшинд хэрэглэсэн, 2 үхрийг буцаан авсан тул үлдэгдэл 21 тооны үхрийн үнэ 14,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
9.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь гэрээний болон гэрээний бус үүргийн харилцаагаар хариуцагчаас 21 тооны үхрийн үнэ буюу хохирол гаргуулахаар шаардах эрх үүсээгүй. Тухайлбал, хариуцагч нар үхрийг завшсан гэх үндэслэл тогтоогдоогүйгээс гэм хорын дагуу хохирол шаардах үндэслэлгүйгээс гадна зохигчийн хооронд эрх, үүрэг хариуцлага хүлээж тохиролцсон гэрээ байгуулагдаагүй. Харин хуулиар хамгаалагдах эрх зүйн харилцаа бус туслалцааны шинжтэй харилцаа үүссэн ба иймээс нэхэмжлэгч өөрийн өмчийн зүйлд учирсан эрсдэлийг өөрөө хариуцна” гэж дүгнэсэн.
10.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “... хариуцагч нь нэхэмжлэгчийн малыг маллаж онд оруулах, нэхэмжлэгч нь хөлсийг хожим төлөхөөр харилцан тохиролцож хүсэл зоригоо илэрхийлсэн нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан гэрээний харилцаа үүссэн. Хүлээлгэн өгсөн 24 үхрээс 2 үхрийг нэхэмжлэгч буцаан авсан, 1 үхэр идшинд хэрэглэсэн, 2 үхэр зуданд үхсэн бөгөөд хариуцагч нь 19 тооны үхэр өөрсдийн буруугаас бус, зуднаар үхсэн гэх татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй, иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар үнийг төлөх үүрэгтэй. Үнэлгээний тайланг үндэслэн нийт 12,300,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй “ гэжээ.
11.Дээрх байдлаар хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг өөрөөр үнэлж, улмаар анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаан нь гэрээний болон гэрээний бус үүргийн аль алины шинжийг агуулаагүй, хуулиар хамгаалагдах эрх зүйн харилцаа бус итгэлцэлд суурилсан туслалцааны шинжтэй харилцаа үүссэн гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд харилцан үүрэг үүсгэсэн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээний зүйл болсон 24 үхрээс 19 үхэр нь устаж үрэгдсэн, хариуцагч гэм буруугүй болохоо нотлоогүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэгтэй гэж үзэж, эрх зүйн зөрүүтэй дүгнэлт хийж, шийдвэр гаргасан нь хэргийг хариуцагч нарын гаргасан гомдлын дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасны дагуу хянан үзэх үндэслэл болсон.
12.Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2020.10.23-ны өдөр 24 тооны үхрийг маллуулахаар хариуцагч нарт хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогджээ.
13.Энэхүү зохигчийн хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан үйлчилгээ үзүүлэх харилцаа буюу ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээх хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Учир нь зохигчийн тайлбараас үзвэл, нэхэмжлэгч нь анх хариуцагчаас үхрээ маллуулах айл хайж асууж сурагласан, энэ үед хариуцагч Б.Б манайд үхрээ тавьж болно, гэхдээ ааваасаа асууя гэсэн, аав нь зөвшөөрч ингэснээр үхрийг тууж авчирч хүлээлгэн өгсөн, үхрийг хүлээлгэн өгсний дараа нэхэмжлэгч хөлс төлөхөө илэрхийлсэн, үүнийг хариуцагч татгалзаагүй энэ үйл баримт нь хариуцагч нар нь тодорхой хугацаанд малыг маллах, үүний хариуд нэхэмжлэгч хөлс төлөх тохиролцоо байсан, өөрөөр хэлбэл, зохигчийн хэн алины хүсэл зориг нэгдэж гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.
Анхан шатны шүүх зохигчийн хооронд гэрээний харилцаа бус, туслалцааны шинжтэй харилцаа үүссэн гэж үзэхдээ, Х.Д, Г.Б, Б.Б нар нь худ ургийн холбоотойгоос гадна хөлс төлөх болон гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг харилцан тохиролцоогүй, зуд болсон тохиолдолд хэрхэх, өвс тэжээлээр хангах талаар тодорхой үүрэг хүлээсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй гэсэн боловч хэргийн баримтаар хоёр талын хүсэл зориг нь туслалцааны шинжтэй гэхээс илүүтэйгээр эрх зүйн үр дагавар үүсгэсэн гэрээний харилцаа гэж үзэх нөхцөл нотлогдсон бөгөөд харин хөлсний хэмжээг тодорхой тогтоогоогүй нь гэрээ байгуулагдсаныг үгүйсгэх үндэслэл болохгүй.
Гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэлгүй ба иймээс зохигчийн хэн аль нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх шаардлага үүснэ.
14.Гэрээний зүйл болсон 24 тооны үхэр нь эцэг, эхээс өвлөгдөж ирсэн эд хөрөнгө болохыг нэхэмжлэгч шүүх хуралдаанд тодорхой тайлбарласан байх бөгөөд энэ тайлбар хэргийн баримтаар үгүйсгэгдээгүй тул нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйл биш гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна. Нийт 24 тооны үхрээс нэхэмжлэгч нь 1 үхрийг 2020 оны 12 сард идшиндээ авч хэрэглэсэн, 2 үхрийг 2022.06.15-ны өдөр буцаан авсан талаар зохигч маргаагүй байна.
Харин үлдэх 21 үхрийн тухайд хариуцагч нар нэхэмжлэгчийн шаардлагаар буцаан өгөх боломжгүй буюу үхэр үрэгдэж үгүй болсон байдал байх бөгөөд гагцхүү энэ байдлыг нэхэмжлэгч Х.Д нь “...зуданд үхсэн нэрийдлээр хариуцагч нар завшсан байж болзошгүй” гээд, энэ тайлбараа иргэн М.С-ийн “... 2021 оны 10 сард хариуцагч нар А руу үхэр тууж гаргасан, тэрэн дотор танай үхэр байсан” гэж хэлсэнд үндэслэснээс гадна “...зуданд үхсэн бол энэ талаар тухайн цаг хугацаанд мэдэгдэх, баримтжуулах боломжтой байтал энэ талаар баримт гаргаагүй” гэсэн байна.
Хариуцагч нар дээрх тайлбарыг үгүйсгэж “...А аймаг руу үхэр зарж борлуулсан зүйл байхгүй, Х.Д М.С гэдэг хүнд архи өгч худалд мэдүүлэг өгүүлж эд зүйл амалсан нь цагдаагийн газар шалгахад нотлогдсон, үхэр зуданд үхсэн, энэ талаар мэдэгдсэн ч нэхэмжлэгч арга хэмжээ аваагүй, тэр болгон баримтжуулах боломжгүй байдаг ...” гэх тайлбарыг гарган зохигч маргажээ.
15.Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа гэм хорын эрх зүйгээс үүссэн хохирол, хариуцлага гэсэн, харин хариуцагч нар нь давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэлээр гэрээний зүйл үрэгдэж үгүй болсон гэсэн агуулгаар тус тус тодорхойлжээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгчид гэм хорын эрх зүйгээр шаардах эрх үүсэхгүй гэж үзсэн нь үндэслэл бүхий байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын ...эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн зүйлийн 497.2-т “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхийг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасан байна.
Зохигчийн хооронд туслалцааны шинжтэй харилцаа, эсхүл гэрээний харилцаа аль нь ч байсан, хариуцагч нар хүлээн авсан 21 тооны үхрийг завшсан буюу хууль бус, гэм буруутай үйлдэл гаргасан, уг үйлдлийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан бөгөөд үйлдэл, гэм хорын хооронд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.
Өөрөөр хэлбэл, “21 тооны үхрийг зуданд үхсэн нэрийдлээр завшсан” гэх үндэслэл нотлогдоогүй, тухайлбал, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж, зохих ажиллагаа хийж, прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн ажиллагааг хаасан, энэ ажиллагааны явцад М.С гэрчийн мэдүүлэг өгсөн байна.
Түүнчлэн иргэний хэргийг хянан хэлэлцэх ажиллагаанд ч хариуцагч нарын хууль бус санаатай эсхүл болгоомжгүй гэм буруутай үйлдлээс гэрээний зүйл байхгүй болсон гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Иймээс нэхэмжлэгч Х.Д нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасны дагуу эд хөрөнгөд учруулсан гэм хор гэж хариуцагч нараас үхрийн үнэ шаардах эрх үүсэхгүй юм.
16.Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн боловч “хариуцагч нар үхэр зуданд үрэгдсэнийг нотлоогүй, иймээс тэд мал маллах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан нь гэм хор учруулсны төлбөрийг төлөх үндэслэл болно, хариуцагч нарын гэм хор учруулсан эс үйлдэхүй, хохирлын хооронд шалтгаант холбоотой “ гэсэн нь учир дутагдалтай байна.
Тухайлбал, тус шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн атлаа хариуцагч нар мал маллах үүргээ биелүүлээгүй нь гэм хор учруулснаас үүсэх үүрэг гэсэн нь ойлгомжгүй, хууль хэрэглээний хувьд алдаатай байна. Зохигчийн хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, иймээс мал маллах үүрэг уг хэлцлээс үүсэлтэй ба үүрэг зөрчигдвөл гэрээний үүргийн зөрчилд тооцогдоно.
17.Иймд зохигчийн хооронд гэрээний харилцаанаас маргаан үүссэн, нэхэмжлэгчийн шаардах эрх нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан “үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэсэн зохицуулалтад үндэслэгдсэн гэж үзнэ.
Хариуцагч нар гэрээний дагуу үүрэг хүлээж 24 тооны үхрийг хүлээж авахдаа өөрсдийн мал маллах туршлагад тулгуурлан малыг маллаж, тарга тэвээрэг авахуулах, тоо толгойг бүрэн бүтэн байлгах өөрөөс шалтгаалах арга хэмжээг авч, гэрээний үүргээ зохих ёсоор шударгаар биелүүлэх үүрэгтэй.
18.Хөлсөөр ажиллах гэрээгээр тохирсон ажил үйлчилгээний онцлогоос шалтгаалж тухайн ажил үйлчилгээ явуулахтай холбоотой эд хөрөнгө, түүний бүрэн бүтэн байдлыг ажиллагч хангаж, улмаар ажиллуулагчид буцаан өгөх нэмэлт үүрэг буюу хадгалалтын үүрэг үүсч болдог.
Зохигчийн хооронд үүссэн хөлсөөр ажиллах гэрээг энэ төрлийн шинжийг агуулсан гэж үзэх ба гэрээ дуусгавар болсон тохиолдолд гэрээний зүйлийг буцаан өгөх тухайн эд хөрөнгө ажиллагчийн буруугаас үрэгдэж үгүй болсон бол нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй.
Нөгөө талаар, мал маллуулах, хөлс төлөх энэхүү гэрээний онцлогоос шалтгаалж, мал маллахад малчны тодорхой хөдөлмөр, мал маллах арга ухаан, ажиллагаанаас гадна тэр тусмаа өвөл цас ихтэй нөхцөлд зайлшгүй нэмэлт зардал, өвс тэжээл шаардлагатай бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс шаардлагатай зүйлээр буюу өвс тэжээлээр тусалсан гэх үйл баримт тогтоогдоогүй.
19.Хэргийн баримтаар зохигчийн амьдарч байгаа Б аймгийн Г суманд зун нь ган болж мал бүрэн тарга тэвээрэг аваагүй, үүнээс шалтгаалж хариуцагч нар Ө гэх газар руу отроор явсан, өвөл цас их орж зуд болсон, үүнээс шалтгаалж мал их үхсэн буюу байгалийн давагдашгүй хүчний нөлөө байсан гэх хариуцагчийн тайлбар, зудын эрсдэлийн тойм судалгааны үр дүн, зүй бусаар хорогдсон малын сэг зэм устгалын ажлын тайлан, гэрч Х.С-ийн мэдүүлэг, 2 үхэр зуданд үхсэнийг зургаар баримтжуулсныг үзүүлсэн гэх зохигчийн тайлбараар тогтоогдсон, эдгээр нотлох баримтыг няцаах баримт байхгүйг хоёр шатны шүүх анхаараагүй байна.
20.Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т зааснаар гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх нөхцөл гэж үзэн хариуцлагаас чөлөөлөх ерөнхий зарчим байдаг.
Давагдашгүй хүчин зүйлийг байгалийн гамшигт үзэгдэлтэй холбоотой буюу ган, зуд, үер, гал түймэр, газар хөдлөлт зэрэг болон нийгмийн амьдралын зарим нөхцөл байдал буюу халдварт өвчин, дайны ажиллагаа зэргийг ойлгоно.
Өөрөөр хэлбэл, давагдашгүй хүчин зүйл нь хүний хүсэл зоригоос гадуурх, урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал үүсэхийг хэлнэ.
21.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.7-д зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол гэнэтийн давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас өмчлөлийн зүйл, түүний үр төл, үр шим устсан, гэмтсэний эрсдэлийг өмчлөгч хариуцахаар байна.
Зохигч гэрээгээр эрсдэлийг хуваарилаагүй ба зуд нь давагдашгүй хүчин зүйл байж болох ч гэнэтийн биш сэргийлэх боломжтой. Иймд дан ганц өмчлөгчид бүтэн хариуцлага ногдуулахгүй.
Энэ хэргийн хувьд зуд болох магадлалтай байсныг нэхэмжлэгч болон хариуцагч хэн аль нь мэдэх боломжтой, үүнээс зохих хэмжээгээр урьдчилан сэргийлэх буюу малаа өвс тэжээлээр бүрэн хангах, онд мэнд оруулах бүхий л талын арга хэмжээ авах үүргийг гэрээний талууд аль аль нь хүлээхээр байна.
22.Иймээс зуд болсны улмаас 21 тооны үхэр үрэгдэж, улмаар нэхэмжлэгчид хохирол учирсанд давагдашгүй хүчний зэрэгцээ гэрээний талуудын хэн алины илтэд хайнга хариуцлагагүй байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагчаас хохирлын зарим хэсгийг гаргуулах нь хуульд нийцнэ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа малыг үнэлсэн үнэлгээний тайланг үндэслэн хохирлын хэмжээг тодорхойлсныг хариуцагч эсэргүүцэж өөр баримт гаргаагүй байна.
23.Дээрх үндэслэлээр хариуцагч Г.Б, Б.Б нараас давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан хохирлын хэмжээ буюу 12,300,000 төгрөгийн тал хувиар хохирлыг тооцож, нийт 6,150,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасантай нийцэх тул энэ үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 213/МА2025/00001 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 131/ШШ2024/00856 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Г.Б, Б.Б нараас нийт 6,150,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Д-д олгож, үлдэх 7,950,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “211,750 төгрөг” гэснийг “113,350” төгрөг гэж, тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Г.Б-ын 2025.02.07-ны өдөр төлсөн 211,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
Х.ЭРДЭНЭСУВД