Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2020/ДШМ/36

 

Б.Батбаяр, У.Адъяасүрэн нарт  холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                               Н.Энхнаран   

Прокурор                                                     Ч.Мөнхзул

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч         Г.Болормаа

Өмгөөлөгч                                                       М.Энхтуяа

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                        З.Нямсүрэн

  Ө.Батболд

  Т.Энхболд

Шүүгдэгч                                                         Б.Батбаяр

  У.Адъяасүрэн нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/225 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.Адъяасүрэн, түүний өмгөөлөгч Т.Энхболд, шүүгдэгч Б.Батбаяр, түүний өмгөөлөгч Ө.Батболд, шүүгдэгч У.Адъяасүрэн, Б.Батбаяр нарын өмгөөлөгч З.Нямсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Батбаяр, У.Адъяасүрэн нарт холбогдох эрүүгийн 1921000000232 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 21ий өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 2000 оны 8 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, Улаалзай хөгдүүд овогт Батзоригийн Батбаяр,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 2002 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, Улаалзай хүгдүүд овогт Урьдбишийн Адъяасүрэн. 

Шүүгдэгч Б.Батбаяр, У.Адъяасүрэн нар нь бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар баг “Ажнай” гэх газарт Х.Анхбаярыг зодож, онц харгис, хэрцгийгээр алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэн шүүгдэгч  Б.Батбаяр, У.Адъяасүрэн нарыг Х.Анхбаярыг бүлэглэж, онц харгис хэрцгийгээр алсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/225 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Улаалзай хөгдүүд овогт Батзоригийн Батбаяр, Улаалзай хүгдүүд овогт Урьдбишийн Адъяасүрэн нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д заасан хүнийг онц харгис хэрцгийгээр бүлэглэж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар шүүгдэгч Батзоригийн Батбаярт 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Урьдбишийн Адъяасүрэнд 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батбаярт оногдуулсан 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч У.Адъяасүрэнд оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батбаярын цагдан хоригдсон 366 /гурван зуун жаран зургаа/ хоногийг, шүүгдэгч У.Адъяасүрэнгийн цагдан хоригдсон 179 /нэг зуун далан ес/ хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож,

- Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч У.Адъяасүрэнгээс замын зардалд 239 698 /хоёр зуун гучин есөн мянга зургаан зуун ерэн найм/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багт оршин суух Лэглүүд хөгдүүд овогт Ганбаатарын Болормаа /РД: ЖВ75100107/ олгохоор тогтоож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Болормаагийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 800 000 /найман зуун мянга/ төгрөг, малчны цалин хөлс 3 600 000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөг, нийт 4 400 000/дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан өнгийн аяганы хагархай, тамхины иш 1 ширхэг, аяган дээрээс бэхжүүлж авсан үс 8 ширхэг, эрээн өнгийн ажлын цамц, улаан өнгийн канттай хар өнгийн өмд, хар өнгийн түрийтэй гутал 2 хос, саарал өнгийн дээл, цэнхэр өнгийн өмд, хар өнгийн оймс, цагаан өнгийн футболка, хар өнгийн дотоож, улбар шар өнгийн куртка зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Батбаяр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Болормаад 10 000 000 /арван сая/ төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.Батбаярын ЖВ00280410 регистрийн дугаартай, шүүгдэгч У.Адъяасүрэнгийн ЖВ02233130 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хүргүүлж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Батбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч У.Адъяасүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч У.Адъяасүрэн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Намайг бусадтай бүлэглэн хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэж шийтгэж байгаад гомдолтой байна.

Хэрэг болсон цаг хугацаанд миний бие насанд хүрээгүй хүүхэд байсан бөгөөд ургийн баяр болсны дараа Батбаяр ах, Анхбаяр ах, Бямбацэцэг гэх эгч нартай архи  уусан нь үнэн. Тухайн үед архиа уугаад дууссан байхад Бямбацэцэг эгч нэмж нэрмэл архи гаргаж улмаар намайг дагуулж явж дахин 2,5 литр савтай нэрмэл архи авчирч бидэнтэй хувааж уусан. Бямбацэцэг гэх эгч нь дахин нэрмэл архи гаргаж, авч уугаагүй бол бид согтохгүй байсан. 1 шил архиа уугаад л явах байсан. Бямбацэцэг эгчийг би тэр айлын хүн гэж ойлгож байсан. Тэднийд ямар нэгэн хэрүүл маргаан, зодоон цохион болоогүй. Миний хувьд Бямбацэцэг эгчийг архи өглөө баярлалаа гээд тэврэх үйлдэл хийсэн нь буруу гэдгээ ойлгосон. Архи уусан айлаас гараад хөдөө очиж Бямбацэцэг эгчийн айлаас авчирсан нэрмэл архийг Батбаяр ах, талийгаач Анхбаяр ах бид 3 хувааж ууж байхад тэр хоёр маргалдаад зодолдсон. Миний хувьд хорьж болиулсан боловч дийлээгүй. Батбаяр ах Анхбаяр ахын толгой, нүүр, бие, цээж рүү нь маш олон удаа цохиж өшиглөсөн. Яагаад намайг бие рүү нь ганц удаа цохисон гэж хэлснийг ойлгохгүй байна. Тухайн үед зодолдоход нь хорьж болиулах гээд гар, хөлтэй нь зууралдаж байсныг тэгж харсан юм уу. Тухайн шөнө харанхуй байсан болохоор хэн хэнийгээ л барьцалдаад байсан. Батбаяр ахыг би хорьж байсан. Яагаад гэвэл хувцсаар нь мэдэж байсан юм. \яг хэрэг болсон үед Батбаяр, Анхбаяр ах хоёрын нүүр гар нь цус болсон нойт оргиод байсан./ Мөн Батбаяр ах мотоциклтой сундалдаж яваад хувцас нь нойтон миний хувцсанд хүрч байсан. Энэ бүгдээс болж миний өмсөж явсан куртик цус болсон байх гэж бодож байна. Намайг гэрч Бямбацэцэг, Баттуяа нарын мэдүүлэг болон миний хувцсанд Анхбаяр ахын цус илэрсэн, мэдүүлгээ тогтвортой өгөөгүй гэж үзэж намайг бусадтай бүлэглэн онц харгис, хэрцгий аргаар Анхбаяр ахыг алсан гэж шийтгэсэнд би үнэхээр гомдолтой байна.

Би анх удаа цагдаад асуугдсан байгаа. Тухайн үед насанд хүрээгүй учраа ч мэдэхгүй юу хэлсэн ярьснаа ч сайн ойлгож ухаарахгүй байсан. Ямар ч байсан би Анхбаяр ахыг зодоогүй, үхэлд хүртэл цохихгүй гэдэг бол үнэн шүү. Би өөрийн зарим үгэндээ ороогдож учир мэдэхгүйгээс салгах оролдлого хийгээгүй, хорьж болиулах гэж салгасан боловч миний үгэнд орохгүй гэж зөрүүтэй хэлсэн байж болно. Зарим үед нь салгах оролдлого хийгээгүй гэдгээ л хэлж байгаа болохоос огт салгах оролдлого хийгээгүй гэсэн санаа биш юм. Би өөрөө үг дуу цөөтэй учир байдлаа гүйцэт хэлээгүйг ойлгож үнэлж дүгнэж үзнэ үү.

Намайг хүн амины хэргийг бусадтай бүлэглэн онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэж хилсээр шийтгэсэнд би үнэхээр их гомдож байна. Иймд хэргийг дахин хянаж хийгээгүй хэргийн төлөө хорих ял оногдуулсныг хүчингүй болгож өгнө үү.

Би үнэхээр талийгаач Анхбаяр ахыг зодоогүй. Үүнийг чин үнэн сэтгэлээсээ хэлж байна. Намайг хийгээгүй хэргээс чөлөөлж өгнө үү. Би 6 сар ганцаараа нэг өрөөнд хоригдож хүнтэй бараг ярьдаггүй байсан. Би ярих ярианы чадвар муу хүн. Намайг ойлгож хилс хэргээс гаргаж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч У.Адъяасүрэнгийн өмгөөлөгч Т.Энхболд 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “... Хоёр. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн үндэслэл, тайлбарын талаар.

2.1. У.Адъяасүрэн нь 2019 оны 7 сард насанд хүрээгүй өсвөр насны хүүхэд байхдаа аав ээж өөрийн ихрийн хамт хөдөө гэртээ мал маллан гэрийнхээ ажилд туслаж байсан бөгөөд үг дуу цөөтэй, төлөв даруу, ажилч хичээнгүй жирийн нэгэн хүү юм. У.Адъяасүрэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй анх удаа хүнд гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж хийгээгүй хэргийн төлөө шүүхээс хорих ялаар шийтгэгдсэн гэж түүний ар гэрийнхэн болон өөрөө маш их гомдолтой байгаа.

2.2. Шүүхээс гэрч Д.Бямбацэцэг, Б.Батбаяр нарын мэдүүлэг, 2019.09.24-ний цогцост хийсэн шүүх эмнэлгийн 201 дүгнэлт, ШШҮХ-ийн шинжээчийн 2019.12.04-ний өдрийн 5480 дүгнэлт, 2019.12.04-ний 5481 дүгнэлт, 2019.12.04-ний 5489 дүгнэлт, 2019.09.13-ны 4343 дүгнэлтүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Болормаа, шинжээч Ж.Жаргалтуяа, Б.Гантуяа нарын гаргасан дүгнэлттэй холбогдуулж өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, зэрэг нотлох баримтуудыг үндэслэн У.Адъяасүрэнд хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Хэргийн нотлох баримтууд дээр үүссэн нөхцөл байдлыг бүх талаас нь дахин хянаж үнэлж дүгнэх нь зүйтэй гэж үзлээ.

2.2.1. Учир нь гэрч Д.Бямбацэцэг нь 2019.07.15-наас 16-нд шилжих шөнө Ажнай гэх газарт талийгаач Анхбаярыг хэн, яаж, ямар байдлаар, хэрхэн зодож цохиж амь насыг хохироосон болохыг “хараагүй, үзээгүй” гэдэг. Харин 2019.07.15-аас 16-нд шилжих шөнө Бямбацэцэг гэгч нь Анхбаяр, Батбаяр, Адъяасүрэн нартай архидан согтуурсан мөн урьд өдөр нь бусад хүмүүстэй архи уусан байдаг бөгөөд тухайн үед гэрт зодоон болоогүйг гэрчилж хэлдэг. Харин түүний дугуйны дотуур хаймар, нэрмэл архи өгсөнд У.Адъяасүрэн баярласнаа илэрхийлж тэврэх үйлдэл хийсэн гэдгээ хэлдэг юм.

2.2.2. 2019.09.24-ний цогцост хийсэн шүүх эмнэлгийн 201 дүгээр дүгнэлтээр амь хохирогчид үүссэн гэмтлүүд тогтоожээ. Б.Батбаяр уг гэмтлүүдийг учруулсан гэдгээ мэдүүлдэг бөгөөд түүний мэдүүлгийг уг дүгнэлт давхар нотолсон байна. Түүнээс биш У.Адъяасүрэн зодсон, цохисон талаарх нотолгоо биш юм.

2.2.3. ШШҮХ-ийн шинжээчийн 2019.12.04-ний өдрийн 5480 дүгнэлтээр тамхины ишнээс эрэгтэй хүний ДНХ тогтоц илэрсэн. Энэ нь У.Адъяасүрэнгийн гэх цусны ДНХ тогтоцтой тохирч байна гэжээ. Тухайн цаг хугацаанд У.Адъяасүрэн нь Батбаяр, Анхбаяр нартай хамт байсан гэдэг нь тогтоогддог бөгөөд тамхины ишнээс цус илрээгүй тамхины ишнээс эрэгтэй хүний ДНХ тогтоц илэрсэн нь У.Адъяасүрэнгээс авсан цусны ДНХ тогтоцтой тохирсныг нотолжээ. Түүнээс биш тамхины ишнээс цус илэрсний нотолгоо биш юм. Энэ дүгнэлтээр У.Адъяасүрэн нь талийгаачийг зодож алсан гэх нотолгоо гэж үзэхгүй байна.

2.2.4. 2019.12.04-ний 5481 дүгнэлтээр: Шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь хүний үс байна. Уутанцар булцуутай 1 ширхэг үс нь ДНХ тогтцоороо эрэгтэй хүний үс байна. ДНХ тогтцоороо Х.Анхбаяр гэх цусны ДНХ тогтоцтой тохирч байна гэдгийг тогтоожээ. Өөрөөр хэлбэл Анхбаяраас шинжилгээнд авсан цусны ДНХ тогтоцтой 1 ширхэг үс нь тохирсныг тогтоожээ. Энэ дүгнэлтээр У.Адъяасүрэнг бусдыг алсан гэж нотлох баримтаар үнэлэх нь учир дутагдалтай юм.

2.2.5. 2019.12.04-ний 5479 тоот дүгнэлтээр: Гурван өнцөгт хэлбэртэй ягаан өнгийн хуванцар дээр цус илэрсэн. Бусад зүйлс дээр цус илрээгүй. Илэрсэн цус нь ДНХ тогтцоороо 1 эрэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ тогтцоороо А.Анхбаярын цусны ДНХ тогтоцтой тохирч байна гэжээ. Шүүх хуралд Б.Батбаяр мэдүүлэхдээ уг хуванцар аягаар талийгаач Анхбаярыг цохисон гэдгээ мэдүүлдэг. Харин уг нотлох баримтаар У.Адъяасүрэнг хүн алсан гэж яллах үндэслэлгүй байна.

2.2.6. 2019.09.13-ны 4343 дүгнэлтээр: У.Адъяасүрэнгийн ногоон эрээн куртикт илэрсэн цус нь ДНХ тогтцоороо талийгаач Анхбаярын цусны ДНХ тогтоцтой тохирч байна гэжээ. Энэ дүгнэлтээр У.Адъяасүрэнг шууд яллах нотлох баримт гэж үзэхгүй байна. Учир нь уг дүгнэлт гарахаас өмнө 2019.08.04-нд У.Адъяасүрэн өөрийн гараар бичиж өгсөн мэдүүлэгтээ талийгаач болон Батбаяр нарыг зодолдож байхад хорьсон, мотоциклтой сундалдаж явахад Батбаяр ахын хувцаснаас миний хувцас цус болсон байж магадгүй гэж мэдүүлдэг юм.

2.2.7 Шинжээч Ж.Жаргалтуяа, Б.Гантуяа нарын гаргасан дүгнэлттэй холбогдуулж өгсөн мэдүүлгүүд нь учирсан гэмтлийн шинж ямар зүйлийн хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоожээ. Уг дүгнэлтээр Б.Батбаяр нь би Анхбаярыг цохисон чинь дээш хараад унасан, дээр нь гарч суугаад, нүүр, шанаа, толгой хэсэг рүү нь нилээд хэдэн удаа цохисон босоод Анхбаярын цээж, гэдэс хэсэг рүү 7-8 удаа өшиглөсөн, мөн толгой хэсэг рүү нь 7-8 удаа өшиглөсөн. Уг хэрэгт У.Адъяасүрэн оролцоогүй бид бүлэглэж зодсон зүйл байхгүй, харин салгаж байсан. Би уг хэргийг ганцаараа хийсэн гэх мэдүүлэг нь давхар нотлогдсон байна. Харин У.Адъяасүрэнг уг дүгнэлтээр ял халдаах үндэслэлгүй юм.

2.2.8. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нь 2019.07.16-нд “Ажнай” гэх газар болсон үйл баримтыг бэхжүүлсэн нотлох баримтууд бөгөөд У.Адъяасүрэнг бусадтай бүлэглэн хүний амь хохироосон гэж шууд яллах баримт гэж үзэхгүй байна.

2.2.9. Гэрчээр Б.Батбаяр өгсөн мэдүүлэгтээ: Анхбаяр ахын биед Адъяасүрэнг ганц хоёр цохисон гэдэг боловч уг мэдүүлгийг үнэн зөв гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд түүний мэдүүлгийг дангаар нь нотлох баримт болгон үнэлэх хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь түүнээс хойш Б.Батбаяр удаа дараа өгсөн мэдүүлэгтээ өмнөх мэдүүлгээ үгүйсгэж амь хохирогчийг Адъяасүрэн зодоогүй гэдгийг хэлдэг, мөн шүүх хурал дээр ч тодорхой ярьсан болно.

Мөрдөгч нь Б.Батбаяраас гэрчийн мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн  хуулийн Арванзургадугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байдаг. Өсвөр насны У.Адъяасүрэнг цагдан хорих шүүхийн хэлэлцүүлэгт түүний хууль ёсны төлөөлөгчийг оролцуулалгүй ЭХХШТХ-ийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн байдаг.

3.Шүүхээс У.Адъяасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг тогтворгүй өөрөөр хэлбэл 2019.07.18-нд “Батбаяр ах Анхбаярыг олон удаа цохиж өшиглөсөн харин би Анхбаяр ахад гар хүрээгүй, би Анхбаяр, Батбаяр нарыг салгах оролдлого хийгээгүй, би тэр хоёрын хажуу талд зүгээр хараад зогсож байсан”, 2019.10.10-нд өгсөн “Анхбаяр надтай муудах шалтгаан байхгүй би цохиогүй”, 2019.12.17-нд “би хэрэг болох үед Батбаяр ах талийгаач хоёрыг зодолдож байхад хорьж болиулах гээд дийлээгүй” 2020.03.26-нд “би тухайн үед тэр хоёрыг салгасан боловч миний үгэнд орохгүй, салахгүй байсан” гэх мэдүүлгүүд үнэн зөв гэдгийг нотлох баримт байхгүй тул түүний мэдүүлгийг дангаар нь нотлох баримт болгон үнэлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Гэвч түүний мэдүүлгийг Б.Батбаяр нотолж ярьдаг. Б.Батбаярын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “Анхбаяр ах бид хоёрт хандаж танай Бат-Эрдэнэ ах чинь арай бацаан байсан, би ахыг чинь байнга зоддог байсан, та хоёр шиг бацаан намайг дийлэхгүй шүү, та хоёрыг зодно гэж агсарч байгаад над руу дайрч намайг нэг удаа цохисон тэгээд би Анхбаяр ахыг зөрүүлж цохисон чинь дээш хараад унасан, тэгээд би дээр нь гарч суугаад нүүр, шанаа, толгой хэсэг рүү нь нэлээн хэдэн удаа цохисон босоод Анхбаяр ахын цээж, гэдэс хэсэг рүү 7-8 удаа өшиглөсөн, мөн толгой хэсэг рүү 7-8 удаа өшиглөсөн” гэх.

Мөн Б.Батбаяр 2020.03 сард өгсөн мэдүүлэгтээ: “Уг хэрэгт У.Адъяасүрэн нь оролцоогүй бид бүлэглэж зодсон зүйл байхгүй, харин салгаж байсан, би уг хэргийг ганцаараа хийсэн” гэдэг. Энэ мэдүүлгийг яагаад үнэлж дүгнэхгүй байна вэ.

У.Адъяасүрэнгийн мэдүүлгээс Б.Батбаяр ах талийгаачийг олон удаа зодсон өшиглөсөн гэх мэдүүлгийг шүүх үнэлж дүгнэж Б.Батбаярт ял оногдуулсан боловч Б.Батбаярын өгсөн “У.Адъяасүрэн биднийг зодолдоход хорьж болиулж байсан талийгаачийг зодоогүй” гэх мэдүүлгийг яагаад үнэлж дүгнэхгүй байна вэ.

Б.Батбаяр, У.Адъяасүрэн нар нь төрөл садангийн хүмүүс бөгөөд нэгнийх нь мэдүүлгийг яллах нотлох баримтаар үнэлж ял оногдуулж болдог харин У.Адъяасүрэнг гэмт хэрэгт оролцоогүй талаарх Б.Батбаярын мэдүүлгийг үнэлж дүгнэхгүй байгаа нь ЭХХШТХ-ийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгах” мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шүүх прокурор мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн заалтыг зөрчжээ.

У.Адъяасүрэн гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байхдаа насанд хүрээгүй байсан бөгөөд болсон асуудлын талаар ярихдаа Батбаярыг талийгаачтай зодолдоход нь зарим үед нь хорьж болиулаагүй салгах оролдлого хийгээгүй байсан, зарим үед нь салгаж хорьж болиулж байснаа хэлж ярьсан гэдэг. Уг мэдүүлгийг тогтворгүй гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Тэгээд ч хорьж болиулж салгаж байсныг Б.Батбаяр удаа дараа тогтвортой мэдүүлдэг юм.

4. ЭХХШТХ-ийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “ЭХХША-ны зорилт нь гэм буруугүй хэнийг ч гэм буруутайд тооцохгүй байхад оршино” гэх мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалтуудыг анхан шатны шүүх хэрэглээгүйд гомдолтой байна.

5. ЭХХШТХ-ийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдааж хэрэглэж болохгүй” гэх заалтыг шүүх анхаарч үзэлгүй У.Адъяасүрэнгийн эрх зүйн байдлыг дордуулан улмаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүх талаас нь бүрэн дүүрэн бодитой үнэлж дүгнэлгүй түүний хийгээгүй хэрэгт нь олон жилийн хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын У.Адъяасүрэнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Б.Батбаярын өмгөөлөгч Ө.Батболд 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэхгүй байгаагаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэсэн суурь зарчмуудыг хөндөж хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлээгүйгээс гадна яллагдагч нарын эрх зүйн байдлыг асар дордуулсан шийдвэрийг гаргажээ.

Хавтаст хэрэгт Б.Батбаяр нь Адъяасүрэнтэй бүлэглэн бусдын амь насыг хохироосон ямар ч үйл баримт нотлогдоогүй байхад бүлэглэн үйлдсэн гэх хууль зүйн үндэслэлээ анхан шатны шүүх дараах байдлаар гаргажээ. Гэрч Д.Бямбацэцэг, Б.Баттуяа, Б.Батбаяр, Г.Бөхчулуун, ШШҮХ-ийн 2019.12.04-ний өдрийн 5480 тоот дүгнэлт, ШШҮХ-ийн 2019.12.04-ний өдрийн 5481, 5489 тоот дүгнэлт, ШШҮХ-ийн 2019.09.13-ны өдрийн 4343 тоот дүгнэлт зэргээр нотлогдсон гэж үзсэн нь буруу юм.

Яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүлэглэсэн үйлдлийг нотолсон ямар ч баримт байхгүй байхад анхан шатны шүүхээс тухайн өдөр хамт архи уусан гэх согтуу гэрч болох Бямбацэцэг, Баттуяа нарын өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлгийг ял халдаах үндэслэл болгосон байна. Гэрч Бямбацэцэгийн өгсөн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэйгээс гадна Бямбацэцэг нь тэр өдөржин архи ууж согтуурсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар буюу нэрмэл архи худалдсан Отгонжаргал, Адъяасүрэн, Батбаяр нарын мэдүүлгээр тогтоогддог. Харин Баттуяагийн хувьд тэр өдөр огт архи уугаагүй эрүүл байснаас гадна хавтаст хэргийн 65 дахь хуудсанд “Бямбацэцэг эгч Адъяасүрэнгийн хацар хэсэг рүү нэг удаа алгадсан, эгчийн дүү эгчийгээ амжихгүй шүү гэж хэлсэн тэгэхэд Адъяасүрэн нь амжихгүй юм байна гэж хэлсэн. Ингээд сууж байхад Адъяасүрэнг Анхбаяр ах гэрээс авч гарсан тэгээд Анхбаяр ах Адъяасүрэнд хандаж ахын дүү ингэж болохгүй гэж сургамжлаад хэлж байгаа нь сонсогдсон. Маргаж муудаж байгаа зүйл мэдэгдээгүй. Мөн Анхбаяр ах гэрт орж ирээд Адъяасүрэнд хандаж ахын дүү ингэж болохгүй гэж юм яриад байсан.” гэх мэдүүлгээр Адъяасүрэн, Анхбаяр нарын дунд ямар ч маргаан болоогүй нь тодорхой харагддаг.

Гэрч Бөхчулууны тухайд маргааш өдөр нь талийгаачийг харсан хүн. Бүлэглэн амь нас хохироосон гэдгийг гэрчлэх гэрч огт биш юм.

ШШҮХ-ийн 2019.12.04-ний өдрийн 5480 тоот дүгнэлт бол тамхины ишин дээрээс илэрсэн ДНХ-ийн тогтоц нь Адъяасүрэнгийн цусны ДНХ тогтоцтой тохирч байна гэсэн. Батбаярыг Адъяасүрэнтэй бүлэглэсэн гэх ямар ч нотлох баримт биш юм. Адъяасүрэнг тэр газар байхдаа тамхи татаж байсан гэдгийг л нотолсон баримт юм.

ШШҮХ-ийн 2019.12.04-ний өдрийн 5481,5489 тоот дүгнэлт бол аяган дээр байгаа үс Анхбаярын үс байна гэдгийг нотолж байгаа баримт. Харин ч Б.Батбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэхдээ намайг цохиод авахаар нь би аягаар цохисон байх гэсэн мэдүүлэгтэй энэ нотлох баримт тохирч байна гэж үзэх үндэслэлтэй юм.

ШШҮХ-ийн 2019.9.13-ны өдрийн 4343 тоот дүгнэлт бол Адъяасүрэнгийн өмсөж байсан гэх ногоон эрээн өнгийн куртик дээр илэрсэн цус ДНХ-ийн тогтцоороо Х.Анхбаярын цусны ДНХ-тай тохирч байна гэсэн нь тухайн үед салгах хориглох, түүнчлэн Батбаяртай хамт мотоциклтой явах зэргийн алинд ч хувцсанд цусны толбо наалдах боломжтой зүйл юм.

Мөн Батбаярын гэрчээр 2019.07.16-ны өдөр өгсөн Анхбаяр ах гэдэргээ унаад өгөхөөр нь би дээр нь гарч байгаад 5-6 удаа цохисон энэ үед Адъяасүрэн Анхбаяр ахын бие хэсэг рүү цохиж байгаа харагдсан гэх мэдүүлгийг яллах үндэслэл болгон зааж зүйлчлэлийг хүндрүүлэн ял халдааж байгаа нь маш том алдаа юм.

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний актын дүгнэлтэд: “Талийгаач Х.Анхбаярын цогцост хамар ясны цөмөрсөн хугарал, хоншоор ясны хугарал, тархины аалзан хальсны доорх цус харвалт, 5 шүдний сулрал, духны гол хэсгээс дээд уруул хүртэл үргэлжилсэн эдийн дутагдал бүхий шарх, зүүн нүдний дээд доод зовхи, баруун чихэнд шарх, хүзүүний эргэн тойрон олон тооны зулгаралт, цус хуралт, цээж хэвлий, баруун сарвуу, зүүн шуу сарвуунд цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.” гэжээ. Үнэхээр Батбаярын өгсөн мэдүүлэг үнэн зөв гэж үзэж байгаа бол бие хэсэг рүү ганц хоёр удаа цохиход дээрх гэмтлүүдийн аль нь ч Адъяасүрэнгийн үйлдлээс болж амь нас хохирох гэмтэл учраад тэр нь үхэлд хүргэх гэмтэл мөн байсан уу? гэдэг нөхцөл байдлыг тогтоосон нэг ч баримт байхгүй.

Мөн Адъяасүрэнгийн өгсөн мэдүүлгийг зөрүүтэй өгсөн байна гэж дүгнээд мэдүүлгийг үнэн зөв өгсөн гэдэгт эргэлзээтэй гэсэн дүгнэлт хийж болохгүй юм.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Батбаяр, У.Адъяасүрэн нарыг амь хохирогч Х.Анхбаярыг зодож алах явцдаа олон тооны шарх гэмтэл учруулж, дээрх шарх гэмтлүүдийн улмаас амь хохирогчид зовж зүдрэхээр байдал бий болж улмаар амь хохирогч нь эдийн дутагдал бүхий гэмтлийн улмаас тодорхой хугацаанд цус алдаж өвтгөн шаналж нас барсан учир онц харгис хэрцгийгээр алсан гэж дүгнэлт хийн ял халдаасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

2020 оны 3 сарын 23-ны өдрийн 4/20 дугаартай хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгийн яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолд “Цогцост хийсэн задлан шинжилгээний дүгнэлтээр талийгаач Анхбаярын үхлийн шалтгаан нь духны гол хэсгээс дээд уруул хүртэл үргэлжилсэн эдийн дутагдал бүхий шарх гэмтлийн улмаас нас барсан” гэж тогтоожээ. Иймд цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, цогцост хийсэн гадна үзлэгийн тэмдэглэл, шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар Б.Батбаяр, У.Адъяасүрэн нар нь талийгаач Х.Анхбаярыг зодож алах явцдаа биед нь хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсны улмаас эдийн дутагдалд орж цус алдаж нас барсан ба дээрх гэмтлүүдийн улмаас талийгаач зовж зүдрэхээр байдалтай болсон, өвтгөж шаналган тарчлаасан нөхцөл байдлууд тогтоогдсон гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 10.1-2.1, 2.11 дэх хэсэгт зааснаар ял сонсгосон байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа прокурорын байгууллагад удаа дараа гомдол гаргаж байсан бөгөөд уг гомдлын хууль зүйн үндэслэлийг хянан үзэлгүй анхан шатны шүүхээс оролцогчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргаж байгаа нь шүүхийн алдаа гэж үзнэ.

Хохирогчийн зүгээс асар их гомдлуудыг гаргадаг. Тэр бүхэнд яллагдагч нарын талаас маш хүлээцтэй хандсан. Хохирогч талаас бүлэглэж алсан гэж гомдол гаргана, мөн онц харгис хэрцгий аргаар алсан гэж гомдол гаргадаг. Уг гомдлыг Улсын ерөнхий Прокурорын газарт хүртэл гаргасан ба уг хүсэлтүүдийг хяналтын прокурор Ч.Мөнхзул, Ц.Лхамсүрэн, аймгийн ерөнхий прокурор Т.Ууганбаатар, Улсын ерөнхий Прокурорын мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Алтангэрэл хүртэл хохирогчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт байгаа.

Хамгийн сүүлд хавтаст хэрэгт Улсын ерөнхий Прокурорын газраас хянагдаад ирэхэд хүртэл прокурор Ц.Лхамсүрэн нь хохирогчийн гаргасан хүсэлтийг 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хэрэгсэхгүй болгосон хирнээ 19 хоногийн дараа буюу өөрийн хяналтанд байх хугацаанд ямар ч мөрдөн шалгах ажиллагаа хийлгүйгээр хохирогчийн хүсэлтэд дурдагдсан асуудлын талаар яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байгааг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

Анхан шатны шүүхээс цус гадагшлах хугацаанд тарчилсан гэсэн онолын үндэслэлгүй дүгнэлт хийж байгаа нь зохимжгүй байна. Онц харгис хэрцгий гэдэг нь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтлийг зориуд сэдэж, хүсэж, түүнээс ханамж таашаал авсан байхыг ойлгох бөгөөд гэмтлийн тоон үзүүлэлт уг асуудалд огтхон ч хамааралгүй ойлголт юм. Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Онц харгис хэрцгийгээр гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж хүсэж санаатайгаар үйлдсэн байдаг.

Хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовоож, шаналгаж үхэлд хүргэн зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх бөгөөд этгээр 2 нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байх ёстой.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг үндэслэн У.Адъяасүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Б.Батбаярт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл /эс үйлдэхүй/ хийсний улмаас хүн нас барсан бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулна. Б.Батбаярын хувьд амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа шударгаар хүлээн зөвшөөрсөн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “учруулсан хохирлыг төлсөн”, 1.4 “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нөхцөл байдлууд байхаас гадна энэ хэрэгт холбогдох үед дөнгөж 18 настай байсан, амьдралд хөл тавьж байсан үе, хавтаст хэрэгт авагдсан хувийн байдлын талаарх нотлох баримтуудыг үндэслэн Б.Батбаярын зүйлчлэлийг 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Б.Батбаяр нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд оногдуулах ял хариуцлагыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан 5 жил 6 сарын хорих ялаар шийтгэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч З.Нямсүрэн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Шийтгэх тогтоол нь хууль ёсны буюу үндэслэлтэй гараагүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийг бүх талаас нь бодит байдлыг зөвөөр үнэлж эргэлзээгүй тогтооно гэж заасан. Нотлох баримтууд хоорондоо зөрүүтэй. Насанд хүрээгүй хүүхдийг анхнаас нь хууль зөрчиж асуусан баримтаар өөрийнх нь мэдүүлгээр яллаж байгаа нь үндэслэлгүй юм. Энэ хэргийн зүйлчлэл буруу, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй. Мөрдөгч Б.Батбаяраас гэрчийн мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байдаг. Өсвөр насны У.Адъяасүрэнг цагдан хорих шүүхийн хэлэлцүүлэгт түүний хууль ёсны төлөөлөгчийг оролцуулалгүй ЭХХШТХ-ийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн байдаг.

У.Адъяасүрэн, Б.Батбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэг нь хэргийн бодит байдалд нийцээгүй, энэ хэрэгт анхнаасаа нэг талыг барьж шүүгдэгч нарын өмгөөлүүлэх эрхийг байнга зөрчсөн хуулийг буруу хэрэглэсэн ноцтой зөрчил гаргасан байдаг. Б.Батбаярт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, У.Адъяасүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

Шүүгдэгч Б.Батбаяр 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Б.Батбаяр би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг дүү Адъяасүрэнтэй бүлэглэж, онц харгис хэрцгийгээр талийгаачийг алсан гэж 15 жилийн хорих ял оноолоо. Би өөрийн үйлдсэн талийгаачийн амь насыг хохироосон хэргийг хүлээн зөвшөөрч байна. Харин би Адъяасүрэнтэй бүлэглэж хохироогоогүй. Мөн харгис хэрцгийгээр түүний амь насыг хөнөөсөн зүйл байхгүй. Тухайн үед миний ах Б.Бат-Эрдэнийг элдвээр доромжилж агсам согтуу тавьж миний уруул руу цохиж талийгаач бид хоёрын дунд зодоон болсон. Бид нар гэрт /манай ахын/ байхад ямар ч байсан Анхбаяр ах Адъяасүрэн нарын дунд маргаан болоогүй. Би Анхбаяр ахын амь насыг хохироосноо хүлээн зөвшөөрч байна. Би энэ хэргийг үйлдсэндээ маш их харамсаж байна. Би тухайн үед ингээд амь нас нь өнгөрчихнө гэж даанч бодоогүй. Зодолдоод салж байна л гэж бодсон. Миний сумын төвд байхдаа Алтангэрэл байцаагчид өгсөн мэдүүлгийг бариад Адъяасүрэнтэй бүлэглэсэн гэж ял шийтгээд байгааг үнэхээр ойлгохгүй байна. Тэр үед надад Алтангэрэл байцаагч тулгаад тэгж бичсэн. Би тэрийг нь анзаараагүй гарын үсэг зурсан байна. Давж заалдах шатны шүүхээс миний хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ял шийтгэлийг минь багасгаж өгнө үү. Би хохирогч Болормаа эгчээс уучлалт гуйж байна. Өөрийн алдсан алдаагаа хэзээ ч давтахгүй. Миний дүү Адъяасүрэн энэ хэрэгт ямарч хамааралгүй гэдгийг дахин дахин хэлмээр байна.” гэжээ.

Хоирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Болормаа 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гаргасан тайлбартаа: “Хохирогчийн төлөөлөгч Болормаа миний бие Адъяасүрэн, Батбаяр тэдний өмгөөлөгч Т.Энхболд, Ө.Батболд, З.Нямсүрэн нарын өргөдөл гомдлыг уншаад үнэхээр бачимдаж, цухал хүрч, ийм хуульчид байх гэж дээ гэж төлөөнөөс нь гутарч, дургүй хүрч байна. Өргөдлүүдийг уншихад ерөөсөө л өмгөөлөгч Энхболдын үгийг алуурчин Адъяасүрэн, Батболдын үгийг Батбаяр давтсан байна. Нямсүрэн нь юу ч гээд байгаа юм ойлгомжгүй юм бичдэг, хэлдэг хүн байна лээ. Мань мэтээс дор л юм ярьдаг хүн байсан.

Яаж хүүг минь хүн таних аргагүй урж тасдан, тамлаж алчихаад ичихгүй харгис хэрцгий хэрэг хийгээгүй гэж хэлж чаддаг байна. Талыг там болтол зодож цусан далай болгож 20-30 удаа өшиглөж дэвсэлж, өөрсдөө ч цусанд будагдчихаад яаж хүрээгүй гэж хэлж чадаж байна. Миний хүүг ямар болгосон яг тэрэн шиг нь болгомоор байна. Би үнэн мөний төлөө явсан, худлаа хэлж гүтгээгүй. Хэргээ шударгаар ярьж, хүлээж чадахгүй байгаад үнэхээр гомдолтой байна. Хамгийн хөнгөн ялаар шийтгэсэн биз дээ. Тэр миний хүүгийн амийг авсан тэдгээр алуурчдад юу юм бэ.

Эхнээсээ л Адъяасүрэнг гаргаж аваад Батбаярт хөнгөн зүйлээр шийтгүүлнэ гэж зүтгэсэн, тэгж ч ярьж хөөцөлдөж байсныг би мэднэ. Эдний гэр бүлийнхэн өмнө нь иймэрхүү хэргийн талаар туршлагатай гэж хэлж болно. Ах дүү нар нэг нэгнийгээ алчихаад гайгүй л салсан гэсэн. Тийм ч учраас хүүг маань эзгүй хээр, чоно нохойны хоол болгох зорилготой орхиод өөрсдөө зугтаж, ууланд гарч цус нөжөө цэвэрлэж хоноод юу ч болоогүй юм шиг маргааш нь гэртээ байцгааж байсан биз дээ. Тэгээд цагдаа иртэл хуйвалдаж яахаа тохиролцож амжсан биз. Тэгээд ч Адъяасүрэн нь туршлагатай өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гээд анхны үгээ хэлээгүй, өмгөөлөгчөөр заалгасны дараа л би зодоогүй хүрээгүй гэж худлаа хэлсэн байсан. Ар гэрийнхэн нь ч бүгдийг л мэдэж байсан. Ядаж Адъяасүрэнг л гайгүй гаргачихмаар байна гээд гуйж байсан шүү дээ. Энэ хүмүүс үр хүүхэд нь эрүүл саруул нүдэнд нь харагдаж ял эдлэх нь хэцүү байгаа бол надад ганц хүүгээ зэрлэгээр алуулсныг харсан эх миний сэтгэл санаа ямар байхыг бодож үзэх сэтгэл байхгүй юу. Адъяасүрэн насанд хүрээгүй ч архи ууна, тамхи татна, хөгшин залуу ялгахгүй садар зантай нь хэргээс харагдаж байгаа биз дээ. Бүх асуудал Адъяасүрэнгээс болж эхэлсэн.

Согтчихоод айлын эмэгтэй эгч хүнийг шээсэн дээр нь дарж унаж алгадуулсан байдаг. Миний хүү сургамжилж л та нар нөхөр, эр хүн нь байхгүй айлыг элэг барьж доромжилж байна болохгүй гэж л хэлсэн байдаг. Үүнээс л болж миний хүүд өширхөж архины халуунд халуурч зодсон нь тодорхой байна. Миний хүү тэдний ахыг зодож байгаа ч үгүй. Тийм хүн зодоод явдаг зангүйг сум даяараа мэднэ. Гэтэл Адъяасүрэн, Батбаяр нар үхсэн хүн үг хэлэхгүй гэж гүтгэж хэрүүл маргааныг өдөөсөн, эхэлж алгадсан гэдэг. Эдний үгийг хэн нотлох юм бэ. Алуурчид үгсэж гүтгэж байгаа нь ойлгомжтой байгаа биз дээ. Яасан ичдэггүй бузар амьтад вэ. Бага залуу юм гэж бодож байсан ч хүүг минь алчихаад үнэнээ хэлж нүглээ наминчилж чадахгүй байгаад нь хорсож байна.

Миний хүүг зүгээр нэг ганц цохиогүй шүү дээ. Дэндүү харгис хэрцгий яргалж, өөрийн ухаан мэдрэлгүй, улангассан алуурчдын үйлдэл харахаас нүд хальтрам байхад үүнийгээ харгис хэрцгийгээр алаагүй гээд байгаа юм уу? Гэрчийн хэлснээр Батбаяр хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байсан гэдэг. Түүнээс үзвэл тэгж их зодсон хүн нь Адъяасүрэн, харин Батбаяр нь өөрийн 2 хөл дээрээ зогсож чадахгүй байсан хүн унаж тусаад хувцас хунар нь илүү цус болсон байх боломжтой. Тэр 2, тэр их цусан дотор гишгээгүй хаагуур нь гарсан хүмүүс юм болдоо. Хоёулангийнх нь гуталнаас цус илрээгүйг юу гэж ойлгохов. Арчиж цэвэрлэсэн л байгаа биз. Адъяасүрэн ойртоогүй, салгах гэж оролдоогүй гэж байснаа хувцаснаас нь цус илрэхээр салгах гээд дийлэхгүй байсан гэдэг. Миний хүүг л тэмцэлдээд салгах гээд дийлэхгүй байсан юм шиг хэлээд байгаа ч анхны мэдүүлгүүдэд нь 1 цохиод л унасан тэгээд л бие рүү нь, нүүр толгой руу нь өшиглөөд босгоогүй юм ярьсан байдаг. Яасан ичдэггүй, тэнгэр бурхны цээрлэлээс айдаггүй амьтад вэ.

Харин ч миний хувьд ял нь хөнгөдсөн гэж үздэг. Алуурчин ах дүүс бие биенээ хамгаалж юу гэж худлаа ярих нь дурны хэрэг биз дээ. Ямар хуулийн өмгөөлөгч нар гэж ийм байдаг юм. Мөнгө аваад өмгөөлж л байвал юу ч хамаагүй хэлдэг юм уу? Тэдэнд хуулийн хүний мэдлэг чадвар, үнэр байдаггүй юм уу?  Би эцсийг нь хүртэл гомдол гаргаж эсэргүүцэж байна.” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Энхтуяа 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гаргасан тайлбартаа: “... Ялтнуудын хувьд өөрийгөө өмгөөлж юу гэж ярих, бичих нь өөрсдийнх нь эрх юм. Гэхдээ шударга үнэн ярьж, гэм буруугаа зөвшөөрвөл өөрсдөд нь ашигтайг ойлгосон байх ёстой. Харин өмгөөлөгч Энхболд, Батболд, Нямсүрэн нарын өргөдөлд хууль зүйн үндэслэл, нотлох баримтыг үгүйсгэж маргасан үндэслэлээ бичсэн байна. Өргөдлүүдэд ялтан Адъяасүрэнг хилсээр гэм буруутайд тооцож ял оногдууллаа гэсэн агуулгаар бичигдсэн. Мөн ялтан Батбаяр нь онц харгис хэрцгийгээр алсан, бүлэглэж үйлдсэн нь үндэслэлгүй учир хэргийн зүйлчлэлийг эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчлүүлэх, урьдчилсан хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хүүхдийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулаагүй нь шүүх хуулийг ноцтой зөрчсөн явдал мөн гэж маргажээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээчийн дүгнэлтүүд нь Адъяасүрэн талийгаачийг зодсон гэдгийг нотолсон баримт биш гэж л нэг бүрийг задалж бичжээ. Тэгвэл шүүх ганц шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгоогүй бөгөөд хэрэгт цугларсан бүх нотлох баримтыг судалж харьцуулж үнэлж, дүгнэсний эцэст хохирогчийн амь насыг хохироож, онц харгис хэрцгийгээр зодож учруулсан гэмтлийнх нь улмаас хохирогч нас барсан. Энэ хэрэгт Адъяасүрэн бүлэглэж оролцсон гэж дүгнэснийг үндэслэл бүхий дүгнэлт болсон гэж үзэж байна.

Хэрэг маргааны эх үүсвэрийг Адъяасүрэн тавьсан. Архидан согтуурхаж, согтуу эмэгтэй бие засаж суухад нь дарж авсан тэгээд алгадуулсан. Үүнээс болж гэрээс хөөгдөцгөөсөн. Хохирогч Анхбаяр маргаан, тэнд үүссэн уур амьсгалыг зохицуулж ингэж дээрэлхэж элэг барьж болохгүй гэж сургамжлаад Адъяасүрэн, Батбаяр нарыг хөөгдөөд гарахад нь айлын эмэгтэйд хандаж “дүү нь ч гэсэн явъя даа, орой болж харъя” гэж хэлээд гарсан байдаг. Ингэж гарсан эрүүл шахам залуу юу гэж согтуурхаж биеэ зөв авч явж чадахгүй болсон бүлэг ах дүү хоёрт юу гэж үг өдөж хэрүүл хийх вэ. Харин ямар ч байсан айлаас өөр газарт очиж тэр хоёртой сууж байгаад зодуулж, эцэст нь амь насаа алдсан үйл баримт маргашгүй үнэн.

Ялтнууд өөрсдийгөө мэдүүлгээрээ нотолж нийлж зодсоноо мэдүүлдэг. Талийгаачийг цохиж унагаснаас хойш тэр хүн босож ноцолдоогүйг бас нотолж мэдүүлдэг. Хөдлөөд явахад нь үхсэн мэт байсныг нотолж мэдүүлсэн. Гэвч эдгээр мэдүүлгээ өөрчилж янз бүрээр ярьдаг.

Айлын эгч эмэгтэйг бие засаж байхад нь дарж алгадуулснаа одоо талархаж тэвэрсэн гэж өөрчилсөн. Адъяасүрэн өшиглөж байсан гэж мэдүүлснийгээ тийм мэдүүлэг өгөөгүй гэдэг. Адъяасүрэн нь 1 цохиод унахад нүүр, толгой, бие рүү нь Батбаяр өшиглөж дэвсэлсэн, Анхбаяр эсэргүүцэл үзүүлж чадаагүйг илэрхийлж байсан бол, босож ирээд зууралдаад ноцолдоод байсан. Би салгах гээд дийлээгүй гэдэг болсон.

Адъяасүрэн анх мэдүүлэхдээ би талийгаачид ойртоогүй, хүрээгүй, салгах, болиулах гэж оролдоогүй гэж байсан бол өмссөн хувцаснаас нь цус илэрсний дараа /шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон/ би салгах гээд дийлэхгүй байсан гэж мэдүүлгээ өөрчилсөн. Анхнаасаа Адъяасүрэн салгах гэж байсан бол анхнаасаа л салгах гэсэн гэх байсан. Адъяасүрэн эхэлж мэдүүлэг өгөөгүй, өмгөөлөгч авч байж мэдүүлэг өгсөн нь ч яаж өгөхөө тохирч заалгаж, зөвлөгөө авч байж л би хүрээгүй, зодоогүй гэж хэлж эхэлсэн. Түүнээс хойш Батбаяр “Адъяасүрэн зодоогүй гэж мэдүүлгээ өөрчилж мэдүүлснийг шүүх анзаарч, анхаарч дүгнэлтээ гаргасан байх.

Тэгтлээ их зодож, тамлаж таних аргагүй болтол зэрлэгээр олон удаагийн үйлдэл үйлчлэлээр гэмтэл учруулан, зэрлэгээр амь насыг хохироосон энэ хэргийг ердийн бүрэлдэхүүнтэй, бүлэглэж алаагүй гэж үзэх ямар ч хууль зүйн үндэслэл, шалтгаан, нотолгоо байхгүй байна.

Иймд давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч У.Адъяасүрэнгийн өмгөөлөгч Т.Энхболд гаргасан тайлбар, саналдаа: ...Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйл, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, нотлох баримтуудыг үнэлэхдээ хууль зөрчсөн байна гэж үзсэн. ...Бямбацэцэгийн хувьд “...2019 оны 07 сарын 15-16-нд шилжих шөнө гэртээ талийгаач Анхбаяр болон Батбаяр, Адъяасүрэн нартай архи уусан. Өмнөх өдөр нь архи уучихсан согтуу байсан. Харин Адъяасүрэн гэдэг хүүхэд намайг тэврэх гээд янз бүр болоод байсан. Түүнээс биш гэрт зодоон цохион, маргаан болоогүй...” гэж мэдүүлсэн байдаг болохоос тухайн үед Адъяасүрэн, Батбаяр нар талийгаачийг зодож байсныг хараагүй байдаг. Иймд Бямбацэцэг бол миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг харсан гэрч биш юм. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2019 оны 09 сарын 24-ний өдрийн дүгнэлтээр амь хохирогчид үүссэн гэмтлийг тогтоосон. Батбаяр эдгээр гэмтлийг учруулсан гэдгээ дээрх дүгнэлтийг гарахаас өмнө өөрөө мэдүүлсэн байдаг. Харин энэ баримт нь Адъяасүрэнг яллах баримт болохгүй гэж үзэж байна. ...2019 оны 12 сарын 04-ний 5479 тоот дүгнэлтээр хуванцар аяган дээрээс цус илэрсэн байдаг бөгөөд Батбаяр талийгаачийг хуванцар аягаар цохиж зодсон гэдгээ нотолдог. Иймд энэ баримт нь Адъяасүрэнг яллах баримт болохгүй. Харин “...Адъяасүрэнгийн ногоон эрээн курта дээрээс цус илэрсэн. Энэ нь ДНК тогтцоороо талийгаач Анхбаярын цус байна...” гэдгээр яллах үндэслэл болсон. Үүнийг Адъяасүрэн тайлбарлахдаа “...би тухайн үед хорьж болиулж байсан. Мөн Батбаяртай мотоциклтой сундалдаж явсан. Тэгэхэд Батбаярын хувцас цус болсон байсан. Үүнээс үүссэн байхыг үгүйсгэхгүй...” гэдэг. ...Эдгээр баримтыг шүүх үнэлж дүгнэлгүй өрөөсгөл хандсан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Түүнчлэн Адъяасүрэнг “...мэдүүлэг нь тогтворгүй, удаа дараа худал яриад байна. Цохиогүй зодоогүй гэж байснаа шинжээчийн дүгнэлт гарсны дараа хорьсон гээд байгаа нь ямар учиртай юм бэ...” гээд байдаг. Энэ талаар Адъяасүрэн өөрөө 2019 оны 08 сарын 13-ны өдөр өөрийн гараар бичсэн тайлбараа Нямсүрэн өмгөөлөгчид өгсөн. ...Адъяасүрэн энэ хэрэгт ямар нэгэн байдлаар оролцоогүй. Энэ гэмт хэргийг үйлдсэн хүн нь өөрөө шударгаар хүлээж мэдүүлсэн. Иймд Адъяасүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч З.Нямсүрэн тайлбараа бичгээр гаргасныг хэргийн материалд хавсаргав.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Батбаярын өмгөөлөгч Ө.Батболд гаргасан тайлбар, саналдаа: ...Бямбацэцэг, Баттуяа нарын мэдүүлгийг амь нас хохирооход бүлэглэн үйлдсэн гэдэгт нотлох баримтын эх сурвалж болгосон. Энэ нь огт боломжгүй зүйл. Бямбацэцэгийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байдаг. ...Шүүх эмнэлгийн цогцост хийсэн задлан шинжилгээний дүгнэлтээр дан Батбаярын үйлдлээс болж энэ хүний амь нас хохирсон нөхцөл байдал байгаа. Иймд бүлэглэж алсан гэдэг үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар няцаагдаж байгаа талаар гомдол дээрээ тодорхой дурдсан байгаа. ...Эдгээр нөхцөл байдлыг үнэлж дүгнээд ... Адъяасүрэнд холбогдох бүлэглэж, онц харгис хэрцгий аргаар алсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Батбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй. Батбаярын хувьд хэрэгт авагдсан түүний хувийн байдлын талаарх баримт, хохирлоо бүрэн төлсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ дөнгөж 19 настай байсан, гэм буруугаа шударгаар хүлээн зөвшөөрч байгаа, энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн “...ах чинь арай бацаан байсан...” гэх зэргээр хэлсэн буруутай, зүй бус байдлаас нөлөөлсөн зэргийг харгалзан зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл болгон өөрчилж, 5,6 жилийн хорих ялаар шийтгэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Батбаяр гаргасан  тайлбартаа: Юуны өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт гуйж байна. Анхан шатны шүүхээс 15 жилийн хорих ял оноосонд гомдолтой байна. Манай дүү энэ хэрэгт хамааралгүй. Манай дүүг цамцан дээрх цусны толбоноос болж шийтгэсэн байгаа. Талийгаач бид хоёрыг салгах гэж дундуур орох үед, бас надтай мотоциклтой сундалдаж явж байхад цамц нь цус болсон байх гэж бодож байна. Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн гэдгээ анхнаасаа хүлээн зөвшөөрсөн. Зүйлчлэлийг өөрчилж, хорих ялыг багасгаж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч У.Адъяасүрэн гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө хэлсэн зүйлүүдийг дэмжиж байна. Би эхлээд Батбаяр ах, талийгаач Анхбаяр ах хоёрыг болиулах гэж хорьж байсан. Хорьж дийлээгүй учир сүүлд хажууд нь зогсож байсан. Тухайн үед айж сандарсан байсан учир хоёр зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Энэ хоёрыг зодолдож байхад ам хамраас нь цус гарсан байсан. Хорьж болиулах гэж дундуур нь орох үед миний хувцас цус болсон байх. Бас би Батбаяр ахын хувцас цус болсон байсныг мэдээгүй, мотоциклтой сундалдаж явсан. Тэгэхэд ч цус болсон байж магадгүй. Хэрэг хийгээгүй хэрнээ 12 жилийн ял авсандаа маш их гомдолтой байна. Намайг энэ хэргээс цагаатгаж өгнө үү гэв.   

 Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Болормаа гаргасан тайлбартаа: Миний хувьд гомдолтой байгаа. Сая энэ хүмүүс тайлбарлахдаа “...Бямбацэцэг согтуу байсан...” гэж байна. Өмнөх өдөр нь “...ууж байна...” гэж сонсогдож байсан. ...Түүнээс биш тухайн өдөр миний хүү тэр хүмүүстэй архидаж байгаагүй. Үхсэн хүн босоод ирэх биш гэсэн шиг дэндүү дураараа чалчиж байх шиг байна. Хүн гэж мэдэгдэх аргагүй болтол урж тасдаж, тамлан хэрцгийгээр алчихаад “...би хэрэг хийгээгүй...” гээд сууж байна. Миний хүүг арай дэндүү болгосон. Адъяасүрэн анх хэргийг үүсгэсэн байсан. Гэтэл янз бүрийн худал зүйл ярьцгаагаад байх юм. Миний хүүг “...алаагүй, хэрэгт оролцоогүй...” гэж байгаа бол яагаад түргэн тусламж дуудаагүй юм. Яагаад миний хүүг хүн харахааргүй хотгор газар орхиж, мотоциклийг нь хол орхисон байсан юм. Намайг 3 хоногийн дараа хэрэг болсон газар дээр очиход миний хүүгийн цус нь газарт нэвчээгүй байсан шүү дээ. ...Би гомдолтой байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Энхтуяа гаргасан тайлбартаа: “...Адъяасүрэн талийгаачийг зодсон гэдэг үг өгүүлбэр алга...” гэж яриад байна. Гэтэл шүүх бүрэлдэхүүн бол энэ хоёр хүний мэдүүлгээс гадна хавтаст хэрэгт цугларсан бусад бүх нотлох баримтыг харьцуулан шинжилж, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт гаргасан. Түүнээс биш шинжээчийн дүгнэлтэд “...Адъяасүрэн цохисон байна...” гэдэг үг, өгүүлбэр ороогүй гэдгийг бүгд л мэдэж байгаа шүү дээ. ...Мөн маргааны эх үүсвэрийг Адъяасүрэн тавьсан мэтээр ярьдаг. Гэтэл гэрийн эзэн нь байхгүй айлд тоглож байсан хүмүүс дээр энэ хоёр хүн согтуу ирж, машин мотоциклоо янзлуулаад, нэмж архи ууцгаагаад, тэр айлын согтуу хүүхнийг дарж унаснаас болж тэр эмэгтэй Адъяасүрэнг алгадсан байдаг. Тэгэхэд нь талийгаач Анхбаяр “...миний дүү ингэж болохгүй, эр хүн нь байхгүй айлын эмэгтэй хүнийг доромжлоод байж болохгүй...” гэж сургамжилж хэлж байсныг гэрч мэдүүлсэн байгаа шүү дээ. Түүнээс биш зодолдсон маргалдсан талаар хэн ч тайлбарлаагүй. ...Ийм байдалтай байсан ах, дүү хоёр залуугийн өөдөөс эрүүл байсан Анхбаяр хэрүүл маргаан үүсгэх ямар ч шалтаг шалтгаан байхгүй. Гэтэл Анхбаярыг хэрүүл маргаан үүсгэсэн мэтээр худал мэдүүлэг өгөөд байгаа нь үндэслэлгүй юм. Ямар ч байсан тухайн айлаас 2 километрийн цаана очоод зодуулж, эцэст нь амиа алдсан үйл баримт хөдөлшгүй тогтоогдсон. ...Танихын аргагүй болтол зодож, амьд үхсэнийг нь ч мэдэхгүй, мотоциклийг нь хол газар аваачиж, эмнэлгийн тусламж авах ямар ч боломжгүй болгож, зориуд үхэлд хүргэх нөхцөл байдалд орхиж явсан. ...Хүнийг зодно зодно гэхэд ингэж там болтол зодно гэж байх уу. Хэрэг болсон газар, нүүр царай, тогтсон цусыг нь харахад тодорхой харагдана. Тэгээд энэ хоёр хүн гутал хувцсаа сольж амжаагүй, хөдөө гарч унтсан байдаг. Гэтэл хэн хэнийх нь гуталнаас цус илрээгүй. Энэ байдлыг тодруулахад “...бензин гэх зэрэг ямар нэгэн химийн бодисын оролцоотой цэвэрлэхэд цус илрэхгүй байх боломжтой байдаг...” гэж тайлбарлаж байсан. Иймд анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мөнхзул гаргасан дүгнэлтдээ:  Анхан шатны шүүхээс шүүгдэгч Батбаяр, Адъяасүрэн нарыг 2019 оны 07 сарын 15-16-нд шилжих шөнө хохирогч Анхбаярыг бүлэглэн зодож, улмаар амь насыг нь хохироосон хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Шүүгдэгч Батбаяр, Адъяасүрэн нар хэдийгээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч тухайн өдрийн үйл баримтуудаас Эрдэнэбадрах буюу Шаглай гэх айлд очиж архи ууж, улмаар Адъяасүрэн нь тухайн айлын эмэгтэй болох Бямбацэцэгтэй маргалдсаныг хохирогч Анхбаяр эсэргүүцэж “...айлын эр хүнийг байхгүйд дээрэлхээд байж болохгүй...” гэсэн байдаг. Энэ талаар гэрч Бямбацэцэг, насанд хүрээгүй гэрч Баттуяа нар мэдүүлдэг. Тухайн айлаас хөөгдөж гараад, хээр очиж үлдсэн архиа уугаад, Анхбаярыг зодож, амь насыг нь хохироогоод “Ажнай” гэх газарт орхиж явсан байдаг. Хохирогч Батбаяр, Адъяасүрэн нарт зодуулсны улмаас олон тооны шарх гэмтэл үүсч, эдгээр шарх гэмтлийн улмаас эдийн дутагдалд орж, цус алдаж нас барсан байдаг. Иймд прокурорын хяналтын шатанд яллагдагчаар татсан тогтоолд зүйлчлэлийн асуудлаар нэмэлт өөрчлөлт оруулсан. ...Анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 17-ны өдрийн 225 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй учир хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Батбаяр түүний өмгөөлөгч Ө.Батболд, шүүгдэгч У.Адъяасүрэн түүний өмгөөлөгч Т.Энхболд, шүүгдэгч Б.Батбаяр, У.Адъяасүрэн нарын өмгөөлөгч З.Нямсүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Б.Батбаяр, У.Адъяасүрэн нар нь бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар баг “Ажнай” гэх газарт Х.Анхбаярыг зодож, онц харгис, хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Батбаяр, У.Адъяасүрэн нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баярмаагийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Д.Бямбацэцэг, Г.Бөхчулуун, Б.Отгонжаргал, насанд хүрээгүй гэрч Б.Баттуяа нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн” 201 тоот, Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5480 тоот, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5481 тоот, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5479 тоот, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 4343 тоот дүгнэлтүүд, гаргасан дүгнэлттэй холбогдуулж өгсөн шинжээч Ж.Жаргалтуяа, Б.Гантуяа нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Батбаяр, У.Адъяасүрэн нарыг бүлэглэн амь хохирогч Х.Анхбаярыг зодож, онц харгис, хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар шүүгдэгч Батзоригийн Батбаярыг 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Харин шүүгдэгч У.Адъяасүрэн нь гэмт хэрэг үйлдэхдээ 18 насанд хүрээгүй байсан боловч хэргийг шүүхээр хянан хэлэлцэх үед 18 насанд хүрсэн байхад шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.”, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэсэн хуулийн заалтуудыг  хэрэглэлгүй орхигдуулсан нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

 Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Б.Батбаяр, У.Адъяасүрэн, тэдний өмгөөлөгч З.Нямсүрэн, Ө.Батболд, Т.Энхболд нарын гаргасан гомдлын тухайд:

Шүүгдэгч Б.Батбаяр нь ...”У.Адъяасүрэнтэй бүлэглэж амь хохирогч Х.Анхбаярыг  алаагүй, мөн онц харгис хэрцгий аргаар үйлдээгүй..” гэж, шүүгдэгч У.Адъяасүрэн нь “...би энэ хэргийг үйлдээгүй...” гэж мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй, мөн тэдний гэмт хэрэг үйлдэж байгааг шууд харсан гэрч байхгүй хэдий ч тэрээр гэмт хэрэг үйлдэгдэхийн өмнө Б.Батбаяр, У.Адъяасүрэн нар нь Эрдэнэбадрах /Шаглай/ гэх айлд Х.Анхбаяр, Д.Бямбацэцэг нартай 0.75 граммын архи болон 2.5 литрийн нэрмэл архи уусан, тухайн үед У.Адъяасүрэн нь Д.Бямбацэцэгтэй таагүй харилцаа үүсгэснээс амь хохирогч Х.Анхбаяр нь У.Адъяасүрэнгийн гаргасан үйлдлийг буруушаан зэмлэсэн, түүний дараа Д.Бямбацэцэг нь тэднийг гэрээсээ явахыг шаардсанаар Б.Батбаяр, У.Адъяасүрэн, Х.Анхбаяр нар мотоциклоо унаад явсан талаар гэрч Д.Бямбацэцэг, Б.Баттуяа нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд,

шүүгдэгч Б.Батбаярын яллагдагчаар өгсөн “Анхбаяр ах Адъяасүрэн бид хоёрт хандаж “Танай Бат-Эрдэнэ ах чинь арай байсан, би ахыг чинь байнга л зоддог байсан, та хоёр шиг бацаан намайг дийлэхгүй, би та хоёрыг зодно” гээд агсарч байгаад Анхбаяр ах над руу дайрч нэг удаа цохисон. Тэгээд би Анхбаяр ахыг зөрүүлээд нүүр рүү нь нэг удаа цохисон чинь Анхбаяр ах арагш дээш хараад унасан. Ингээд би Анхбаяр ахын дээр гарч суугаад нүүр  хэсэг рүү нь гараараа хэд хэдэн удаа цохисон. Нүүр шанаа, толгой хэсэг рүү нилээн хэдэн удаа цохисон, яг хэдэн удаа цохисон гэдгээ мэдэхгүй байна. Ингээд би босож Анхбаяр ахын цээж гэдэс хэсэг рүү 7-8 удаа өшиглөсөн. Мөн толгой хэсэг рүү нь 7-8 удаа өшиглөсөн. Ингээд Адъяасүрэн бид хоёр Анхбаяр ахыг тэнд нь орхиод би Анхбаяр ахын мотоциклийг унаад Адъяасүрэн өөрийнхөө мотоциклийг унаж урагш зам руу явж би Анхбаяр ахын мотоциклийг зам дээр орхиж Адъяасүрэн бид хоёр сундалж сумын төв рүү ороод сумын төвийн урд байдаг “1000-н нарс” гэх нэртэй модонд орж тэндээ унтаж амарсан” гэх мэдүүлэг,

шүүгдэгч У.Адъяасүрэнгийн яллагдагчаар өгсөн “...Ингээд Анхбаяр ах Батбаяр ахтай маргаад “би талийгаач ахыг чинь алах байсан, одоо та хоёрыг ална” гэж агсан тавьсан. Ингээд Батбаяр уурлаад маргаж байтал Анхбаяр ах Батбаяр ахын уруул хэсэгт гараараа 2 удаа цохисон. Ингээд Батбаяр ах Анхбаярын нүүр толгой хэсэг рүү хөл болон гараараа цохиж дэвсэлсэн. Батбаяр ах Анхбаяр ахыг олон удаа цохиж өшиглөсөн, би яг тоог нь хэлж мэдэхгүй байна ...Харин би Анхбаяр ахад гар хүрээгүй. Ингээд би Батбаяр ахыг явъя гээд аваад явсан. Би Батбаяр ахад хандан “Хоёулаа нэг нэг мотоциклтой явъя” гэж хэлсэн. Ингээд Батбаяр ах Анхбаярын мотоциклийг унаад Анхбаяр ахын байсан газраас урагш 400-500 метр зайд явахад мотоцикл нь гэнэт унтраад байхаар нь засмал зам дээр мотоциклийг нь орхиж миний мотоцикл дээр сундалж шууд Баян-Уул сум орж тэндээсээ зүүн урагш зүгт “1000-н нарс” гэх мод руу орж унтаж амарсан...” гэх  мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Батбаярын гэрчээр мэдүүлсэн “...Анхбаяр ах над руу дайраад миний уруул дээр гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд Анхбаяр ахын хацар хавьд нэг удаа цохисон. Тэгээд Анхбаяр ах гэдэргээ унаад өгөхөөр нь би дээр нь гарч байгаад нүүр рүү нь 5-6 удаа цохисон. Энэ үед Адъяасүрэн Анхбаяр ахын бие рүү цохиж байгаа харагдсан. Ингээд Анхбаяр ах чимээгүй болохоор нь сонсоход хөдөлгөөн хийхгүй амьсгалж байхаар нь Анхбаяр ахыг тэр газарт нь орхиод, мотоциклийг нь засмал зам дээр орхиод Адъяасүрэн бид хоёр сундлаад явсан...” гэх мэдүүлэг,

Амь хохирогч Х.Анхбаяр нь ...духны гол хэсгээс дээд уруул хүртэл үргэлжилсэн эдийн дутагдал бүхий шарх гэмтлийн улмаас цус алдаж нас барсан болохыг тогтоосон Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн” 201 тоот дүгнэлт,

 Мөн тухайн үед У.Адъяасүрэнгийн өмсөж байсан гэх ногоон эрээн өнгийн куртка дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо Х.Анхбаярын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байгааг, Б.Батбаярын өмсөж байсан гэх цэнхэр өнгийн футболка, хөх өнгийн жинсэн өмдөн дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо Х.Анхбаярын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байгааг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 4343 тоот дүгнэлт,

мөн гэмт хэрэг үйлдэгдсэний дараа амь хохирогчийн унаж явсан мотоциклийг шүүгдэгч Б.Батбаяр унаж яваад зам дээр орхисон тухай шүүгдэгч Б.Батбаяр, У.Адъяасүрэн нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудыг анхан шатны шүүх харьцуулан судалж, өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар шүүгдэгч Б.Батбаяр, У.Адъяасүрэн нарыг бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 15аас 16-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баян-уул сумын 3 дугаар багийн нутаг “Ажнай” гэх газарт амь хохирогч Х.Анхбаярыг зодож онц харгис хэрцгийгээр алсан хэргийн үйл баримтыг тогтоон шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

Амь хохирогчид учирсан олон тооны гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байгаа боловч түүний үр дагавар болсон цус алдалт нь хохирогчийн өөрийгөө аврах, хамгаалах чадваргүй байдалтай нь давхцаж үхэхэд хүргэсэн бөгөөд шүүгдэгч Б.Батбаяр, У.Адъяасүрэн нарын зодож буй ухамсартай үйлдэл, хүний амь хохирсон үр дагавар хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй байна.

“Хүнийг онц харгис хэрцгийгээр алах” гэмт хэрэг нь гэм буруутай этгээд хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, уг учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдалд хүргэсэн бөгөөд амь хохирогч дээр дурдсан олон тооны гэмтлийг авснаас зовж зүдрэх, шаналах байдалд орсон болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээс харагдаж байна.

Дээрх байдлуудаас дүгнэж үзэхэд шүүгдэгч Б.Батбаярын “...Энэ хэрэгт У.Адъяасүрэн оролцоогүй. Би ганцаараа үйлдсэн...” гэх, шүүгдэгч У.Адъяасүрэнгийн “...Намайг хүн амины хэргийг бусадтай бүлэглэн онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэж хилсээр шийтгэсэнд би үнэхээр их гомдож байна...” гэх, шүүгдэгч Б.Батбаярын өмгөөлөгч Ө.Батболдын “...Б.Батбаярын зүйлчлэлийг 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Б.Батбаяр нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд оногдуулах ял хариуцлагыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан 5 жил 6 сарын хорих ялаар шийтгэж өгнө үү.” гэх, шүүгдэгч У.Адъяасүрэнгийн өмгөөлөгч Т.Энхболдын “...У.Адъяасүрэнгийн эрх зүйн байдлыг дордуулан улмаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүх талаас нь бүрэн дүүрэн бодитой үнэлж дүгнэлгүй түүний хийгээгүй хэрэгт нь олон жилийн хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын У.Адъяасүрэнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх, шүүгдэгч Б.Батбаяр, У.Адъяасүрэн нарын өмгөөлөгч З.Нямсүрэнгийн “...Б.Батбаярт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, У.Адъяасүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгөхийг хүсэж байна.” гэх гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1,  39.9 дүгээр зүйлийн 1.4, мөн зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЗ/225 дугаар шийтгэх тогтоолын 2; 3 дахь заалтын шүүгдэгч У.Адъяасүрэнд холбогдох хэсэгт дараах өөрчлөлтийг оруулсугай. Үүнд:

Шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “...шүүгдэгч У.Адъяасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар оногдуулсан 12 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хоёр дахин багасгаж, түүний эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар тогтоосугай.” гэж,

Шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “...шүүгдэгч У.Адъяасүрэнд оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж” гэсэн өөрчлөлт тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батбаяр, У.Адъяасүрэн нарын 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон тус бүрийн 61 /жаран нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

3. Шүүгдэгч У.Адъяасүрэн нь шийтгэх тогтоол гарсны дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Болормаад 239000 төгрөгийг ХААН банкаар шилжүүлж, 1000 төгрөгийг бэлнээр тус тус төлсөн болохыг дурдсугай.  

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.НАРАНБАЯР

             ШҮҮГЧИД                                                       З.ЭНХЦЭЦЭГ

                                                                 Ж.ДОЛГОРМАА