Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 189

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дашням, улсын яллагч Б.Энэрэл, шүүгдэгч Б.Банзрагч, түүний сонгон авсан өмгөөлөгч Д.Халзан (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1100) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Загдхорлоо овогт Бат-Эрдэнийн Банзрагчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 2017 2601 0641 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Загдхорлоо овогт Бат-Эрдэнийн Банзрагч, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 7 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, эцэг, эх,  хоёр дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 9-167 тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар: УИ96071630, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллагдагчаар татах тогтоолд тусгаснаар:

Шүүгдэгч Б.Банзрагч нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын задгай тоотод байх Э.Должинсүрэнгийн гэрт амарч байхдаа 2017 оны 3 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Э.Должинсүрэн, Ч.Энхсүх нарыг унтаж байхад I phone-6 plus, Самсунг загварын гар утас, эрэгтэй хүний элгэн гутал, савхин куртик, 50.000 төгрөгийг хулгайлан авч 1.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

1. Шүүгдэгч Б.Банзрагч: Би хуульд заасан эрх, үүргээ ойлгож мэдлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгнө. 2017 оны 3 дугаар сарын 14-ний орой Энхсүх ахын гэрт түүний эхнэрийн хамт гурвуулаа байсан. Тэгээд шөнө дунд Энхсүх ах, Должинсүрэн эгч хоёрыг унтаж байх үед Должинсүрэн эгчийн Ай-фөүн 6 плас (I phone-6 plus) болон Энхсүх ахын Самсунг загварын хоёр ширхэг гар утас, түрийвчнээс нь 50.000 төгрөг, мөн элгэн гутал, савхин хүрэмийг хулгайлж гарсан. Энхсүх ахынхаас гарч яваад өөрийгөө Чинбаа гэж танилцуулсан ахтай танилцаад хамт явсан. Чинбаа ах Ай-фөүн 6 плас утсыг авч яваад зарсан. Бид хоёр мөнгийг нь хамт үрсэн. Би бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг ээж маань төлсөн. Мөн урьд найз Одхүүгийн гар утсыг залилсан хэргийн хохирлыг ээж, нагац ах хоёр төлж барагдуулсан. Би дахиж хэрэг хийхгүй. Миний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримт: (Эрүүгийн 2017 2601 0641 дугаартай хэргээс)

1. Хохирогч Э.Должинсүрэнгийн хэрэг бүртгэлтэд өгсөн: 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нөхөр Энхсүхийн микроавтобусанд кондуктор хийж байсан Банзрагч манай гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг, Тахилтын задгай тоотод хамт байсан. Нөхөр Энхсүх оройн 23 цагийн үед ирсэн. Биднийг унтах гэж байхад Банзрагч нөхрийн утсаар мессеж бичиж байгаа харагдсан. Өглөө нь 05 цагийн үед Энхсүх сэрээд “Банзрагч хаашаа явсан юм бэ” гэж асуухаар нь би “мэдэхгүй, утсаар залга” гэсэн. Гэтэл нөхөр бид хоёрын гар утас байхгүй болчихсон байхаар нь эд зүйлсээ үзсэн чинь нөхрийн элгэн гутал, савхин хүрэм (куртик) хоёрыг бас хулгайлаад явчихсан байсан. Эдгээр эд зүйлээс гадна миний цүнхэнд байсан түрийвчнээс 50.000 төгрөг бэлнээр хулгайлсан байсан. Би 2016 онд Ай-фөүн 6 (I-phone 6) загварын гар утсаа 950.000 төгрөгөөр, нөхрийн Самсунг загварын гар утсыг мөн 2016 онд 50.000 төгрөгөөр тус тус худалдаж авсан. Хулгайд алдсан эрэгтэй элгэн гутлыг 60.000 төгрөгөөр, савхин хүрмийг 50.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Хохирлоо хурдан гаргуулж авмаар байна... гэх мэдүүлэг (хх-ийн 9-10 дугаар хуудас),

2. Гэрч Ц.Оргилын хэрэг бүртгэлтэд өгсөн: 2017 оны 3 дугаар сарын 15-ны үед Ганзолбоо утсаар яриад “21 дүгээр хороололд байна, уулзъя” гэхээр нь яваад очсон. Ганзолбоо Энхсүх ахтай хамт байж байсан. Энхсүх ах “Банзрагч Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах манай гэрээс Ай-фөүн 6 (I phone-6) болон Самсунг загварын хоёр ширхэг гар утас, бэлнээр 50.000 төгрөг хулгайлаад явчихсан байна, чи гэрийг нь мэдэх үү” гэхээр нь би “мэднэ” гээд хамт хорооллын 28 дугаар байрны 1 дүгээр орцны 2 давхрын голын хаалганд амьдардаг аав, ээжийнх нь гэрийг зааж өгөөд очиход хаалгаа тайлж өгөөгүй. Хамгийн сүүлд 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Бөхийн өргөөний автобусны буудал дээр ганцаараа саарал өнгийн нүдэн верна загварын автомашинтай халтууранд явж байсан. Би автомашиных нь дугаарыг харж амжаагүй. Би түүнээс “яагаад хулгай хийсэн юм” гэж асуухад тэрээр “Энхсүх ах цалин өгөхгүй болохоор нь утсыг нь өрөндөө аваад 250.000 төгрөгөөр зарчихсан” гэж хэлж байсан. Банзрагч хааяа хааяа огцом ууртай, ярваганасан зантай, муу зуршил нь тамхи татаж, архи уудаг залуу байгаа юм... гэх мэдүүлэг (хх-ийн 11-12 дугаар хуудас),

3. Гэрч З.Үлмэдэгдэхийн хэрэг бүртгэлтэд өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын эхээр Банзрагчийн найз Одхүү над руу яриад “танай хүү Банзрагчийг би барьчихлаа, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс орж байна” гэж хэлсэн. Манай хүү өмнө нь 2016 оны 11 дүгээр сард Одхүүгийн утсыг аваад алга болчихсон гээд тэр хүүхэд нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргачихсан байсан. Би тэр өдөр Банзрагчийн байцаагчтай очиж уулзаад хохирлыг нь барагдуулж, хэргийг нь хаалгасан. Тэгээд “дахиж гэмт хэрэг хийсэн үү” гээд асуусан чинь “амьдарч байсан айлаасаа утсыг нь авсан” гэж хэлсэн. Тэр хэргийн учир энд ирээд байна. Би түүнийг ямар шалтгаанаар хулгай хийгээд байгааг мэдэхгүй хамгийн сүүлд 2016 оны 9 дүгээр сар хүртэл гэртээ амьдарч байгаад найз охинтой болоод түүнийгээ жирэмсэн болгож асуудал үүсгэж байгаад гэрээсээ хулгай хийж яваад түүнээс хойш гэртээ ирэхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болчихсон. Би түүнийг сэтгэл санаа нь тогтворгүй болоод гэрээсээ явсан байх гэж бодож байна. Банзрагч нь зөрүүд зантай бөгөөд аргадаж харьцвал зүгээр. Тамхи татдаг, найз нөхөдтэйгээ нийлхээрээ архи уучихдаг байсан.... гэх мэдүүлэг (хх-ийн 13-14 дүгээр хуудас),

4. Гэрч Ч.Энхсүхийн хэрэг бүртгэлтэд өгсөн: Би Банзрагчтай микроавтобусаар шугаманд явж байгаад танилцсан. Банзрагч нь 2016 оны 11 дүгээр сараас хойш 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Тахилтын задгай тоотод байрлах манай гэрт эхнэр бид хоёртой цуг амьдарч байсан. Тэрээр эхнэр бид хоёрыг унтаж байх хойгуур бид хоёрын гар утас, миний савхин хүрэм, элгэн гутал, эхнэрийн түрийвчнээс бэлнээр 50.000 төгрөгийг тус тус хулгайлаад явчихсан байсан. Би түүний найз Оргио гэх залуугаас сурагласан чинь “Банзрагч Энхсүх ах цалингаа өгөхгүй болохоор нь утсыг нь авчихсан юм гээд ярьж байсан” гэж надад хэлсэн. Банзрагч 2016 оны 11 дүгээр сард намайг шугаманд явж байтал өвлийн хүйтэнд нимгэн хувцастай “ахынхаа машины моторыг цохиулчихлаа, айгаад очиж чадахгүй байна” гээд зогсож байхаар нь гэртээ авчраад шугаманд хамт явах болсон. Би түүнд “цалин мөнгө өгнө” гэж тохирсон зүйл байхгүй. Банзрагчийг ямар шалтгааны улмаас хулгай хийх болсныг мэдэхгүй байна. Надад Банзрагчид гомдол санал байхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх мэдүүлэг (хх-ийн 15-16 дугаар хуудас),

5. Гэрч З.Баяраахүүгийн хэрэг бүртгэлтэд өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын эхээр дүү Үлмэдэгдэх “хүү Банзрагч Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр гар утасны хэргээр баригдаад ирсэн байна, батлан даалтад авах гэсэн юм, хүрээд ирээч” гэхээр нь би очсон. Тэр үед дүү бид хоёр Банзрагчийн учруулсан хохирлыг төлж барагдуулсан тул хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Гэтэл удалгүй Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгагдаж байгааг мэдээд энд ирсэн. Түүний өмнөх хэрэг нь мөн л гар утасны хулгай байсан. Би ээжийнх нь хамт батлан даалтад авч, хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Банзрагчийг ямар шалтгаанаар хулгай хийгээд байгааг мэдэхгүй байна. Манайд амьдарч байгаагүй, гэртээ амьдарч байгаа үгүйг нь мэдэхгүй байна. Буруу ааш зан байхгүй, цэргийн алба хаасан, ерөнхий боловсролын сургуулиа төгссөн, муу зуршил гээд байх юм байхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 20-21 дүгээр хуудас),

6. Шүүгдэгч Б.Банзрагчийн хэрэг бүртгэлтэд сэжигтэн, яллагдагчаар өгсөн: 2017 оны 3 дугаар сарын 14-ний орой Энхсүх ахын гэрт Энхсүх ахын эхнэрийн хамт гурвуулаа байсан. Тэр орой миний нойр хулжаад байхаар нь үүрээр 04 цагийн үед тэр хоёрт мэдэгдэлгүйгээр гэрээс нь гарахдаа Должинсүрэн эгчийн Ай-фөүн 6 плас (I phone-6 plus), Энхсүх ахын Самсунг загварын хоёр ширхэг гар утас, элгэн гутал, савхин хүрэмийг нь хулгайлж өмсөөд гарсан. Мөн Должинсүрэн эгчийн цүнхэнд байсан түрийвчнээс 50.000 төгрөг хулгайлсан. Тэр үед Должинсүрэн эгч, Энхсүх ах хоёр унтаж байсан. Тэгээд Энхсүх ахынхаас гарч хотын төв ороод, “Гацуурхан” нэртэй паабад сууж байгаад үл таних нэгэн ахтай танилцсан. Өглөө нь 06 цагийн үед тэр паабаас гараад нөгөөх ахтай хамт нэгэн буудалд унтаж байгаад, өдөр нь буудлаас хамт гарсан. Бид хоёр Сансар орж, тэр ах Должинсүрэн эгчийн гар утсыг надаас авч зараад, мөнгийг нь бид хоёр ууж идээд дуусгасан. Харин Самсунг загварын гар утсыг би алга болгочихсон. Хаана явж байгаад алга болгосноо мэдэхгүй байна. Савхин хүрэмийг нь согтуу байхдаа бааранд мартаж гараад алдчихсан, ямар бааранд орсноо санахгүй байна. Элгэн гутал нь гэрт байгаа боловч Энхсүх ах “авахгүй, үнийг нь төл” гээд байгаа. Тухайн үед танилцсан ах өөрийгөө Чинбаа гэж байсан бүтэн нэрийг нь мэдэхгүй. Надад ямар нэгэн шалтгаан байхгүй, зүгээр л гарч дэмий тэнэх гээд эд зүйлсийг нь хулгайлчихсан юм. Энхсүх ах бид хоёрын дунд өр авлага, өс хонзон байхгүй. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо бүрэн барагдуулна... гэх мэдүүлэг (хх-ийн 23-24 дүгээр хуудас),

7. Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт (хх-ийн 40 дүгээр хуудас),

Мөн шүүгдэгч Б.Банзрагчийн хувийн байдалтай холбоотой баримт болох суурь болон бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар (хх-ийн 42-43), сурагчийн хувийн хэргийн хуулбар (хх-ийн 44-47), мэргэжлийн үнэмлэхийн хуулбар (хх-ийн 48-49), нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хх-ийн 50), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хх-ийн 51), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 52), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 53), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорыг төлсөн талаарх баримт (хх-ийн 41) зэрэг нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, эдгээрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн дүгнэлтийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч Б.Банзрагч нь хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2. дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг яллах үндэслэл болголоо.

Гурав. Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Банзрагч нь түр хугацаагаар хамт амьдарч байсан Ч.Энхсүх, Э.Должинсүрэн нарын Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын задгай тоот гэрээс 2017 оны 3 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө дунд буюу гэрийн эздийг унтаж байх үед нь сэм гарахдаа Ай-фөүн 6 плас (I phone-6 plus) болон Самсунг загварын хоёр ширхэг гар утас, эрэгтэй хүний нэг хос элгэн гутал, нэг ширхэг савхин хүрэм, бэлэн 50.000 төгрөгийг тус тус хулгайлж, 1.000.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн Б.Банзрагчийн мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан буюу хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлсийн үнэлгээ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Б.Банзрагч гэрийн эздийн зөвшөөрлөөр тэдний гэрт түр хугацаагаар амьдарч байсан тул түүнийг орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэхгүй. Мөн гэмт хэргийн улмаас бага бус хэмжээтэй хохирол учирсан тул түүнийг “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй үйлдсэн гэж үзнэ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг няцаан үгүйсгэх баримт байхгүй, мөн шүүгдэгчийн зүгээс шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүх Б.Банзрагчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих бүх асуудлыг нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалд тохирсон гэж үзлээ.

Дөрөв. Гэм буруу, ял шийтгэлийн талаар:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1. дэх хэсэгт зааснаар зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэж, шүүхээс тогтоосон үйл баримтаас дүгнэвэл; шүүгдэгч Б.Банзрагчийг “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1. дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх энэ гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг “шүүгдэгч Б.Банзрагчийн гэр бүлийн хүмүүжил, зан төлөвшил, амар хялбар аргаар амьдрах гэсэн шунахай сэдэлт”-тэй холбоотой гэж дүгнэв.

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл судалгаа, технологийн төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй (хх-ийн 53) байх тул шүүгдэгч Б.Банзрагчийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Банзрагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Энэ хэргийн хохирогч Э.Должинсүрэн өөрт учирсан хохирлоо бүрэн авсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Б.Банзрагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1. дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн өмгөөлөл явуулав.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1. дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” хэмээн хуульчилсан нь шүүхэд үүрэг болгосон заалт биш бөгөөд сонгож хэрэглэх бололцоотой альтернатив хэм хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогч хөнгөн гэмт хэрэг үйлдэж, хохирогчтой эвлэрсэн гэм буруутай этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эсэх асуудлыг шүүхийн эрх хэмжээнд үлдээжээ.

Иймд шүүх шүүгдэгч Б.Банзрагчийн бусдад учруулсан хохирлоо өөрөө төлөөгүй нөхцөл байдал, мөн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдлыг харгалзан түүнийг богино хугацаагаар нийгмээс тусгаарлаж, тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан баривчлах нь шүүгдэгчийн хувьд өөртөө дүгнэлт хийх, өөрийгөө засан хүмүүжүүлэхэд илүү үр нөлөөтэй гэж дүгнэлээ.

Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Хохирогч Э.Должинсүрэнд гэмт хэргийн улмаас 1.000.000 (нэг сая) төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.Банзрагчийн эх З.Үлмэдэгдэх учирсан хохирлыг бүрэн барагдуулсан болох нь хавтаст хэргийн 41 дүгээр хуудсанд авагдсан “хохирлын эд хөрөнгө гаргуулан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл”-ээр нотлогдож байх тул шүүгдэгчийг хэрэгт цугларсан нотлох баримтын хувьд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Зургаа. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хохирогч Э.Должинсүрэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тогтоолд дурдлаа.

Шүүгдэгч Б.Банзрагчид баривчлах ял оногдуулсан тул түүнд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэж, оролцогч нарт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлан өгөв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Загдхорлоо овогт Бат-Эрдэнийн Банзрагчийг “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Банзрагчид 1 (нэг) сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Б.Банзрагчид оногдуулсан нэг сарын хугацаагаар баривчлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1. дэх хэсэгт зааснаар тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Банзрагч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хохирогч Э.Должинсүрэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Банзрагчид авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялын хугацааг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Банзрагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                          Б.БАТАА