Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/550

 

 

 

 

 

       2024        05           29                                        2024/ШЦТ/550

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

улсын яллагч Н.Булганчимэг,

хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч,

шүүгдэгч Х.Н нарыг оролцуулан эрүүгийн 2409000000587 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

           

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

          Х.Н нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс “С” ХХК-нд худалдааны зөвлөх борлуулалтын ажилтнаар ажилд томилогдон ажиллаж байхдаа _________________ төвийн салбарт 2023 оны 05 дугаар сар хүртэл ажиллах хугацаанд итгэмжлэн хариуцуулсан бараанаас 26.596.583 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Х.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Х.Н нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс “С” ХХК- нд худалдааны зөвлөх борлуулалтын ажилтнаар ажилд томилогдон ажиллаж байхдаа _____________________ төвийн салбарт 2023 оны 05 дугаар сар хүртэл ажиллах хугацаанд итгэмжлэн хариуцуулсан бараанаас 26,596,583 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Н-ын дээрх бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйл баримт нь:

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Х.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тооллого хийх үед 23-24 сая төгрөгийн хохирол учруулсан үүнээс би 5 сая төгрөгийг барагдуулсан байгаа. Одоо хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /xx-ийн 10/,

 

хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Худалдааны зөвлөх нь тухайн салбарын бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, худалдан борлуулсан хөрөнгийн үнийг байгууллага данс эсхүл бэлнээр хадгалах үүрэг хүлээдэг. Дээрх байдал болон хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, шүүгдэгчийн гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлээгээс үзэхэд шүүгдэгч нь манай байгууллагын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө буюу 41 төрлийн бараа бүтээгдэхүүн түүний худалдан борлуулсан мөнгийг өөрийн дансанд авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 11-т заасан Хөрөнгө завших гэмт хэргийг бага хэмжээнээс дээш буюу 26,596,583 төгрөгийн хохирол учруулан үйлдсэн, гэм буруутай байна гэж үзэж байна. Хохирлоо төлөхгүй алга болсон байгаа. Мөн хохирлоо нэн даруй төлүүлэх шаардлагатай байгаа. Шүүгдэгчийн буруутай үйлдлээс болоод манай компанид өр үүсээд яваад байгаа...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай “Н” ХХК нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Манай байгууллагад Б гэх нэртэй иргэн нь 2022 оны 02 дугаар сараас 2022 оны 10 дугаар сар хүртэл ажиллаж байгаад хувийн зохион байгуулалт муу гэдэг шалтгаанаар ажлаас халагдсан. Ажиллаж байх хугацаанд нь манай байгууллагаас Б-д ажилдаа ашиглахад нь зориулж С 360,15,6 гэх загварын зөөврийн компьютерыг 4,609,000 төгрөгөөр П  худалдааны төвөөс худалдан авч өгч байсан. Гэтэл Б нь ажлаас гарч явахдаа дээрх зөөврийн компьютерыг буцааж хүлээлгэж өгөхгүйгээр явсан. Буцааж хүлээлгэж өгөх талаар нь өөрт нь тайлбарлан сануулж хэлэхэд удаахгүй буцааж өгнө, байгаа байгаа гээд л яваад байсан. Тэгээд бүр сүүлдээ буцааж өгөхгүй байсан учраас манай байгууллагаас цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргаж байгаа талаараа хэлэхэд цагдаагийн байгууллагад өгөхгүй юу даа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....Манай "С" ХХК / / нь Электрон барааны худалдаа явуулах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Х.Н нь 2022 оны 01 сарын 01-ний өдөр манай компанитай Хөдөлмөрийн гэрээ байгуулж манай компани ______________салбарт худалдааны зөвлөхөөр ажилласан. Гэвч Х.Н нь тус Ш-н Электрон барааны салбар дэлгүүр ажиллаж байх хугацаанд тус салбарын бараа бүтээгдэхүүнээс тооллогоор 20,684,432 төгрөгийн 41 ширхэг бараа бүтээгдэхүүн дутсан нь илэрсэн. Байгууллагын зүгээс хяналт шалгалт явуулсны үндсэн дээр Х.Н нь худалдаалсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг өөрийн дансанд авах, бэлэн мөнгөөр худалдаалсан бүтээгдэхүүний төлбөрийг өөрт авч байсан нөхцөл байдал тогтоогдсон. 2023 оны 05 сард тооллого хийх үед 41 төрлийн бараа бүтээгдэхүүн дутсан. Дутсаны дараагаар Намжил нь өөрөө би бараа бүтээгдэхүүн зараад дансаар бол өөрийн дансаар бэлэн бол бэлнээр авч өөрөө ашигласан талаараа хэлсэн тэгээд манайхаас тухайн оныхоо 05 сараас эхэлж цалингаас нь суутгалыг 2023 оны 12 сарын 31-ний өдрийн хүртэл цалингаас суутгаж нийт байгууллагын бараанаас өөртөө авсан мөнгө болох 26,596,583 төгрөгөөс 5,912,150 төгрөгийг суутгаад авсан. Гэвч өөрөө 2024 оны 01 сараас эхэлж ажилдаа ирэхгүй алга болсон ба утсаар нь холбогдож ярих үед үлдсэн мөнгөө өгөхөө илэрхийлж байсан. Тэгээд манай компаниас 2024 оны 02 сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирлын тушаал гаргасан. Мөн Н нь өөрийн өр завшсан мөнгийг буцааж төлөхөө илэрхийлэхдээ Б аймагт ээж рүү явчхаад мөнгөтэй болж ирээд хохирлыг нь барагдуулна гэсэн боловч одоо болохоор утсаа авахгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

 

  “С” ХХК-ийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч томилсон албан бичиг /13-15/,

“С ” ХХК-ийн тооллого хийсэн баримт /хх-ийн 16-18/,

2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Х.Н-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 19-23/,

2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн гүйцэтгэх захирал Д.Б-ын Х.Н-тай  байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал /хх-ийн 24-28/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Х.Н нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс “С ” ХХК-нд худалдааны зөвлөх борлуулалтын ажилтнаар ажилд томилогдон ажиллаж байхдаа __________________ төвийн салбарт 2023 оны 05 дугаар сар хүртэл ажиллах хугацаанд итгэмжлэн хариуцуулсан бараанаас 26.596.583 төгрөгийг хувьдаа завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Х.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлын дийлэнх хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Х.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Х.Н-ын дээрх үйлдлийн улмаас хохирогч “С ” ХХК-д 26.596.583 төгрөгийг хохирол учирсан бөгөөд Х.Н нь мөрдөн шалгах ажиллагааны үед 5.912.150 төгрөгийг хохирол төлсөн байна.

Шүүх шүүгдэгч Х.Н-аас 20.684.432 төгрөгийг гаргуулж, хохирогч “С ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн боловч шүүгдэгч Х.Н нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар завсарлага авсан бөгөөд тэрээр завсарлага авсан хугацаанд хохирогч “С ” ХХК-д 9.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна.

Иймд шүүгдэгч Х.Н-аас 11.684.432 төгрөг гаргуулж хохирогч “С ” ХХК-д олохоор шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д овогт Х. Н Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Н-ыг 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын ажлын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тайлбарласугай.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-аас 11.684.432 төгрөг гаргуулж хохирогч “С ” ХХК-д олгосугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР