| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2024/0071/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/662 |
| Огноо | 2024-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/662
2024 07 01 2024/ШЦТ/662
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Н.Булганчимэг,
шүүгдэгч Э.Ө нарыг оролцуулан эрүүгийн 2309025372242 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Э.Ө нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр _______________хажууд хохирогч Д.Г ийг үл ялих зүйлээр шалтаглан цохиж 2 шүдний булгарал, 2 шүдний сулрал, уруулын язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Э.Ө үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Д.Г ийн мэдүүлэг, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 10333 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Э.Ө сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Э.Ө нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ___________________эмнэлгийн хажууд хохирогч Д.Г ийг үл ялих зүйлээр шалтаглан цохиж 2 шүдний булгарал, 2 шүдний сулрал, уруулын язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Ө нь хохирогч Д.Г ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
шүүгдэгч Э.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр 100 айл хавьцаа хүүхдийн 2 дугаар эмнэлгийн ойролцоо 2-3 хүнтэй архи ууж байсан. Тэгээд нэлээн согтчихсон байж байгаад нэг сэргэхэд хажууд нэг залуу ирчихсэн архи бариад сууж байсан. Тэгээд тэр залууд хандан “би чамайг хаана харлаа” гэсэн чинь уурлаад хэл амаар доромжлоод байх шиг болохоор нь 2 удаа нүүр рүү нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 6/,
хохирогч Д.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 19 цагийн орчимд __________ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан эхнэрийг эргэчхээд гараад явж байсан чинь гараад явж байсан чинь хүүхдийн ___________ хажууд 50-60 орчим насны 3 эрэгтэй, 1 эмэгтэй архи ууж байсан. Тухайн үед цагаан подволк, хар өмдтэй, 50-55 орчим насны таягтай эрэгтэй хүн намайг дуудаад тамхи байна уу гэхээр нь би бүгдэд нь тамхи өгсөн. Тэрний дараа нөгөө эрэгтэй хүн надад архи хийж өгөөд уучих гэхээр нь би уухгүй бариад сууж байсан. Тэгсэн тэр цагаан подволктой эрэгтэй хүн "Би чамайг хаана харлаа хоёулаа шоронд гал хам бай луу" гэж асуусан тэгэхээр нь би архинаас нэг аяга уугаад "Би шоронд байгаагүй чи битгий хуцаад бай" гэсэн чинь тэр цагаан подволктой эрэгтэй хүн баруун гараараа миний ам руу 3 удаа цохисон. Тэр хүмүүс бие биеэ могой гэж дуудаад байсан. Би цагдаа дуудсан чинь цагаан подволктой таягтай эрэгтэй нь босоорой явцгаая гээд тэр хүмүүс 100 айл руу алхаад явчихсан би араас нь явсан боловч олоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 10333 дугаартай дүгнэлт “...Д.Г - н биед 2 шүдний булгарал, 2 шүдний сулрал, уруулын язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид 2 шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10%-р тогтонги алдагдуулна...” гэх дүгнэлт /хх-ийн 17-18/,
Хохирогчид 500.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 23/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Э.Ө нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ____________________ эмнэлгийн хажууд хохирогч Д.Г ийг үл ялих зүйлээр шалтаглан цохиж 2 шүдний булгарал, 2 шүдний сулрал, уруулын язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Э.Ө дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин шүүх шүүгдэгч Э.Ө-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Ө нь энэ хэрэгт 26 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, 390.000 төгрөгийг нийт эдлэх торгох ялаас хасаж, түүний эдлэх торгох ялыг 60.000 /жаран мянган/ төгрөгөөр тогтоов.
Шүүхээс шүүгдэгч Э.Ө-д 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Э.Ө нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.Г ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Э.Ө нь хохирол төлбөрт 500.000 төгрөг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д овогт Э.Ө-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Ө-ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Э.Ө цагдан хоригдсон 26 /хорин зургаа/ хоногийн нэг хоногийг торгох ялын 15.000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож, 390.000 төгрөгийг хасаж, түүнийг эдлэх торгох ялыг 60.000 /жаран мянган/ төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө нь энэ тогтоолоор оногдуулсан 60 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 60.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Э.Ө нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
6.Шүүгдэгч Э.Ө нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Э.Ө-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР